Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2023/0060

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 108 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн иргэн Онход ван Эрдэнэхуягийн Мөнхзул /регистрийн дугаар РТ90072903/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргадхолбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, нэхэмжлэгч Э.Мөнхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч Э.Мөнхзул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгах шаардлага гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 8 177 695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгах болгон өөрчилсөн.

Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

3.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Эрдэнэхуягийн Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчиж албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан байх тул сахилгын арга хэмжээ авч төрийн албанаас халжээ.

Процессийн түүх:

4.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн хэлтсийн дарга Л.Юмжирдулам нэхэмжлэгч Э.Мөнхзулд түүнийг ажлаас халсан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг гардуулаагүй.

5.Э.Мөнхзул өөрийг нь ажлаас халсан тушаалыг 2022 оны 3 дугаар сард олж мэдэн Нийгмийн даатгалын ерөнхий газарт урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж, улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/1287 тоот албан бичгийг хүлээн аваад 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч Э.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

6.Нэхэмжлэгч миний бие Э.Мөнхзул нь 2018 оны 09 дүгээр сарын 26-наас эхлэн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ.

7.Намайг огт мэдээгүй байхад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаал гаргаж ажлаас халсан байсан ба энэ тухай би намайг хилсээр холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэгтэй танилцах явцдаа олж мэдсэн.

8.Тушаалын үндэслэлд намайг нийгмийн даатгалын байгууллагын нийтлэг чиг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн, хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй, шалтгаангүйгээр ажил тасалсан гэж тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул намайг үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас халсан байна гэж үзсэн учраас уг тушаалыг хүчингүй болгуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан юм. Нийгмийн даатгалын ерөнхий газраас миний гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэн 2022 оны 07 дугаар сарын 05-нд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд захиргааны актыг хүчингүй болгох тухай 01/1287 дугаартай албан тоотыг ирүүлсэн боловч өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

9.Нийгмийн даатгалын ерөнхий газраас албан тоот ирсний дараа миний зүгээс цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх талаарх өргөдлөө 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн боловч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилд буцааж авахаас үндэслэлгүйгээр татгалзсан хариуг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээж авлаа.

10.Түүнчлэн миний бие 2021 оны 06 сараас хойш цалин аваагүй байж байгаад үндэслэлгүйгээр халагдсан ба Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам нь дээд удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, өөрийн гаргасан алдаагаа засаж залруулах талаар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийхгүй намайг хохирсон дээр минь үргэлжлүүлэн хохироосоор байгаа тул ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахад хүрлээ.

11.Би өөрийнхөө авч байсан сарын дундаж цалинг 816343 /найман зуун арван зургаан мянга гурван зуун дөчин гурав/ төгрөг гэж үзэж байгаа бөгөөд 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг дуусталх 16 сарын цалин буюу 13061488 /арван гурван сая жаран нэгэн мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг нэхэмжилж байна.

12.Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоох, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг тус тус Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шаардлагыг өөрчилсөн тайлбартаа ... захиргааны актыг үндэслэлгүй болохыг тогтоолгох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасаар байтал тогтоож өгөөгүй тул Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

14.Ажлаас халах тушаалд бичсэн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Эрдэнэхуягийн Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдийг зөрчиж албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан гэх үндэслэлүүд нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, намайг ажлаас халах үндэслэл болохгүй юм.

15.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс намайг хилсээр гэмт хэрэгт гүтгэн хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа боловч миний гэм буруутай эсэх нь шүүхээс тогтоогдоогүй байхад хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэснийг зөрчсөн.

16.Түүнчлэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам нь захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг ноцтой зөрчиж хуурамч бичиг баримт үйлдсэнээс гадна ажил олгогчийн санаачлагаар намайг ажлаас халах үндэслэл байхгүй байхад тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн нь түүний 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан Б/52 дугаар тушаал нь үндэслэлгүй илт хууль бус болохыг давхар нотолж байгаа гэж үзэж байна.

17.Миний бие ажилгүй байсан хугацаандаа авч чадаагүй байсан цалин, ажилдаа орох хүсэлт гаргаснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинд тооцож нэхэмжилсэн 13 061 488 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8 177 695 төгрөг болгон бууруулж байна. Энэ үнийн дүнд 2021 оны 06 сарын 21-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх, ажилд орох хүсэлт гаргаснаас хойш буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд авах ёстой байсан цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс авч чадаагүй тэтгэмжийн үлдэгдэл багтаж байгаа болно.

18.Иймд намайг үндэслэлгүйгээр халсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, тэтгэмжинд 8 177 695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

19.Хөвсгөл аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам нь хариу тайлбартаа Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзул нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, 2014 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм ийг тус тус зөрчиж, тэтгэвэр авагч иргэд нийгмийн даатгалын санд хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж бичжээ. Энэ бол илт ташаа тайлбар бөгөөд өнөөдөр ч гэсэн түүний хууль зөрчсөн эсэхийг шүүхээр тогтоогоогүй байна.

20.Тухайн үед Э.Мөнхзул нь актуудыг хүлээн зөвшөөрөөгүй байсан хэдий ч байцаагч П.Майнбаяр нь энэ зөрчлүүд бол чамд хамааралгүй гэж хэлээд хуурч мэхлэх замаар актууд дээр гарын үсэг зуруулсан байдаг. Түүнийг тэтгэврийн эрх үүсээгүй хүмүүст тэтгэвэр олгосон, бусдад илүү тэтгэвэр олгосон, тэтгэвэр тогтоолгох баримтын шаардлага хангаагүйн улмаас хяналтын байцаагч нараас буцаагдсан нэр бүхий хүнд тэтгэвэр олгосон, хүмүүст дутуу тэтгэвэр олгосон гэж буруутгасан нь Э.Мөнхзул нь тэтгэвэр тогтоох, тэтгэврийн эрх олгох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий албан тушаалтан биш учраас үндэслэлгүй юм.

21.Гэм буруутай эсэх нь эрх бүхий байгууллагаар шалгагдаж тогтоогдоогүй байхад түүнийг хууль зөрчсөн гэм буруутайд тооцон ажлаас үндэслэлгүйгээр халсан байгаа нь Үндсэн хуулийн хүний эрхтэй холбоотой суурь зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

22.Нийгмийн даатгалын ерөнхий газраас Э.Мөнхзулын 2022 оны 04 дүгээр сард гаргасан гомдлыг хянаад Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй, захиргааны хувийн хэрэг, дагалдах хуудсыг хөтлөөгүй болохыг тогтоосон. Э.Мөнхзул нь сахилгын шийтгэл авч, ажлаас халагдсан тушаалаа өнөөдөр хүртэл гардаж аваагүй байгаа нь Нийгмийн даатгалын хэлтсийн дээрх тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байна.

23.Э.Мөнхзул нь төрөхөөс 2 сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 17-нд жирэмсний амралтаа авах ёстой байсан хэдий ч 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр жирэмсний амралтаа авсан эмнэлгийн магадлагаагаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл оногдуулсан гээд байгаа 2021 оны 11 дүгээр сарын 22, халагдах тушаал гаргасан гээд байгаа 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд албан ёсны жирэмсний амралттай буюу төр төлөөлөх эрхгүй байсан байна. Мөн тухай захиргааны акт гаргах, гардуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/1287 дугаартай албан тоот, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

24.Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд түүний ажлыг Г.Баясгалан гэдэг хүнд шилжүүлсэн гэж байгаа боловч Г.Баясгаланг Э.Мөнхзулын оронд томилсон гэх тушаал байхгүй байгаа ба үүнийг төрийн байгууллагын удирдах албан тушаалтан удирдлагадаа байгаа албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөхийг хуулиар хориглосон байтал гэм буруу нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр үүрэгт ажлыг нь бусдад шилжүүлж, ажлын байргүй болгосон нь хуульд нийцээгүй үйлдэл юм. Дээрх үйлдлийг төрийн байгууллагын удирдах албан тушаалтан удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг, даалгавар өгөхгүй байх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

25.Нэхэмжлэгч Э.Мөнхзул нь үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийгээд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын 62 иргэнд хууль зөрчин олгосон тэтгэврийг авсан хүмүүсээр нь эргүүлэн төлүүлж, нийгмийн даатгалын санд хөрөнгийг буцаан төвлөрүүлэх боломж бүрэн байсаар байтал тухайн арга хэмжээг авалгүйгээр ажлыг нь үндэслэлгүйгээр бусдад шилжүүлснийг огт ойлгохгүй байгаа ба үүний цаана өөрсдийнхөө гаргасан алдааг нуун дарагдуулах санаа байсныг үгүйсгэх аргагүй юм.

25.Түүнийг 9, 10, 11 дүгээр саруудад ажил тасалсан гэж үзэж байгаа боловч тухайн суманд урьд өмнө нь ажилласан цагийн баланс ирүүлэх талаар Нийгмийн даатгалын хэлтсээс очсон нэг ч албан бичиг байхгүй, цагийн бүртгэл хийгдэж байгаагүй байхад сумын удирдлагад Э.Мөнхзулын балансыг хоосноор бүртгэж ирүүл гэсэн үүргийг өгч, сумын бичиг хэргийн ажилтнаар хуурамч цагийн баланс хийлгэж авсныгаа Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс түүнийг ажил тасалсан гэж үзэж байгаа нь буруу юм. Хэрэгт тухайн үед хөтлөгдөж байсан ажиллагсдын цагийн балансын бүртгэлийн дэвтэр, цахим бүртгэл хийгдэж байсан талаарх нотлох баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгч Э.Мөнхзулыг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй болохыг харуулж байна.

26.Э.Мөнхзул нь эрүүгийн хэргээс өөрийг нь ажлаас халсан тушаалыг олж үзсэн даруйдаа буюу 2022 оны 04 дүгээр сард Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй болохыг тогтоолгохоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан ба тус газраас тухайн захиргааны актыг хууль бус болохыг тогтоосон боловч хүчингүй болгох талаар арга хэмжээ аваагүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгон хуульд нийцүүлэх үүргийг өгсөн байдаг.

28.Нэхэмжлэгчийн зүгээс дээд шатны байгууллагаас хууль бус захиргааны актаа хүчингүй болгохыг даалгасан байхад хариуцагч тал биелүүлээгүй, нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар өөрийнх нь эрхэнд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад тухайн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлээгүй гэж үзсэн учраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгохоор дахин гомдол гаргасан билээ.

29.Гэвч тухайн асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газар шийдвэрлэж өгөөгүй болно. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гомдлын дагуу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/26 дугаартай албан тоотоор өгсөн хариундаа "... Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Иймд уг асуудлыг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Үүнийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийх ёстой ажлаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгээгүй гэж үзэж байна.

30.Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/52 дугаар тушаалыг гаргаж Чандмань-Өндөр суманд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч Э.Мөнхзулын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас түүнийг ажлаас халсан тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

31.Нэгэнт захиргааны акт нь илт хууль бус байх тул нэхэмжлэлийн үйл баримттай холбоотой бусад маргаан үргэлжлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Э.Мөнхзулын хууль ёсны эрх, ашиг сонирхол нь үндэслэлгүйгээр зөрчигдсөн тул нэхэмжлэлийн үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг хуульд нийцүүлэн үнэн зөв хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү, нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд оролцож байна.

32.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэнд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаал нь хамаарч байх тул илт хууль болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

33.Эрдэнэхуягийн Мөнхзул нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилласан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/52 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан. Э.Мөнхзул нь Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа дараах алдаа, зөрчлийг гаргасан тул дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

34.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайланг гаргах явцад Чандмань-Өндөр сумын тэтгэвэр олголтод зөрүү үүсч, тайлан гаргах боломжгүй болсон тул хэлтсийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 10 тоот Хяналт шалгалт хийх тухай удирдамж баталж, мөн өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмаржав, хяналт шалгалтын байцаагч П.Майнбаяр, Б.Номин нар Чандмань-Өндөр сумын 2020, 2021 оны тэтгэвэр олголтод дотоод хяналт шалгалт хийсэн.

35.Тус хяналт шалгалтын хүрээнд Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзул нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, 2014 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм-ийг тус тус зөрчиж, тэтгэвэр авагч иргэд болон нийгмийн даатгалын санд хохирол учруулсан болох нь тогтоогдож, дараах актуудыг тавьсан байдаг.

36.2020 оны 7-12 дугаар сард нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн эрх үүсээгүй нэр бүхий 14 иргэнд 14.733.629 төгрөг, 2021 оны 1-5 дугаар сард нэр бүхий 41 иргэнд 44.831.502 төгрөг, нийт давхардсан тоогоор 41 иргэнд 59.565.131 төгрөг олгосон зөрчилд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14/45 тоот Төлбөр төлүүлэх тухай акт,

37.2020 онд тэтгэвэр авагч нэр бүхий 17 иргэнд 6.933.502 төгрөг, 2021 онд тэтгэвэр авагч нэр бүхий 20 хүнд 9.072.798 төгрөг, нийт давхардсан тоогоор 34 хүнд 16.006.300 төгрөг илүү олгосон зөрчилд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/46 тоот Төлбөр төлүүлэх тухай акт,

38.Тэтгэвэр тогтоолгох баримтын шаардлага хангаагүйн улмаас тэтгэвэр тогтоолт, хяналтын байцаагч нараас буцаагдсан нэр бүхий 5 иргэнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлэн 2020 оны 9-12 дугаар сард 5.980.106 төгрөг, 2021 оны 1-5 дугаар сард 6.300.000 төгрөг, нийт 12.280.106 төгрөгийг олгосон зөрчилд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/47 тоот Төлбөр төлүүлэх тухай акт,

39.2020 онд нэр бүхий 7 тэтгэвэр авагчид 724.644 төгрөг, 2021 онд нэр бүхий 3 тэтгэвэр авагчид 109.032 төгрөг, нийт 10 тэтгэвэр авагчид 833.676 төгрөг дутуу олгосон зөрчилд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/48 тоот Дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай акт.

40.Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа Э.Мөнхзул эдгээр актуудыг бүрэн хүлээн зөвшөөрч, акт тус бүрт гарын үсгээ зурсан.

41.Түүний гаргасан дээрх зөрчлүүд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байсан тул 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасныг цагдаагийн байгууллагаас шалган, эрүүгийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг ба одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

42.Э.Мөнхзулын албаны эрх мэдлээ хэтрүүлж, иргэд, нийгмийн даатгалын санд ноцтой хохирол учруулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.12 төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, 37.1.13 албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.16 Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах зэрэг төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл-ийн 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх заалтыг зөрчсөн үйлдэл юм.

43.Тухайн үед байцаагч Э.Мөнхзул жирэмсэн байсан тул түүнийг ажлаас халахгүйгээр үндсэн ажлыг нь өөр хүнд шилжүүлж, хяналт шалгалтаар баримт бичгийн бүрдэлгүйн улмаас тэтгэвэр нь зогссон иргэдийн асуудлыг шийдвэрлэх үүргийг өгч Чандмань-Өндөр суманд ажиллуулж, 2021 оны 6, 7, 8 дугаар сарын цалин хөлсийг бүрэн гүйцэт тооцож олгосон.

44.Гэтэл 2021 оны 9 дүгээр сард нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзул ажилдаа ирээгүй тул түүнтэй биечлэн уулзаж, сонсох ажиллагаа зохион байгуулж, улмаар Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021.09.30-ны өдрийн Б/39 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн түүнийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллуулахаар удаа дараа дуудсан боловч ирээгүйн дээр Чандмань-Өндөр суманд ч ажлаа огт хийгээгүй, 2021 оны 10, 11 дүгээр саруудад ажил тасалсан. Энэ хугацаанд байгууллагатай огт холбоо бариагүй, байгууллагаас холбоо барьсан утасны дуудлагыг ч авдаггүй байсан.

45.Э.Мөнхзул 2021 оны 9, 10, 11 дүгээр сард ажилласан хоног байхгүй тул түүнд цалин олгогдоогүй. Түүний уг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.2-д заасан үүргээ зөрчсөн үйлдэл юм.

46.Тиймээс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан, Төрийн албаны тухай хууль зөрчсөн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авах сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Э.Мөнхзулд утсаар мэдэгдсэн ч сонсох ажиллагаанд биечлэн ирээгүй. Тиймээс сонсох ажиллагааг мөн утсаар зохион байгуулахад Э.Мөнхзул аан за за гэсэн хариуг өгсөн байдаг. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 тоот тушаалаар Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзулд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Тус тушаалыг гардуулахаар удаа дараа холбогдоход утсаа аваагүй тул Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч руу явуулсан бичиг баримтын хамт явуулсан.

47.Мөн Э.Мөнхзул нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын нийгмийн даатгал төлөгчөөр гэрээ байгуулж, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн байсан.Түүнчлэн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020.11.09-ний өдрийн 17/130 тоот актаар Э.Мөнхзулд 3.642.520 төгрөгийн төлбөр тавигдсаныг Э.Мөнхзулын 2021.06.17-ны өргөдлийн дагуу цалингаас, 2022.02.24-ний өдрийн өргөдлийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс суутгаж төрүүлсэн байдаг.

48.Э.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... намайг огт мэдээгүй байхад ... ажлаас халсан байсан ..., ... түүнчлэн миний бие 2021 оны 6 сараас хойш цалин аваагүй байж байгаад үндэслэлгүйгээр халагдсан ... гэж бичсэн нь үндэслэлгүй болохыг дээрх тайлбаруудаас харж болно.

49.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар: Э.Мөнхзул 2021 оны Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас Э.Мөнхзулыг яагаад халсны тайлбараа ирүүл гэсний дагуу товч тайлбарыг хүргүүлээд зарим нэг материалыг хүргүүлснээр хийх ажлын цар хүрээ, шалгалтын агуулга, шалгалтанд хамруулах хугацаа зэргийг тооцсоноор төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжаа ирүүлж шалгалт хийх юм байна гэж ойлгож байтал 2022.07.05-ны өдрийн 01/1287 тоот Захиргааны актыг хүчингүй болгох тухай албан бичгийг надад ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2022.07.06-ны өдрийн 211 тоот албан бичгээр Тодруулга авах тухай хүсэлтийг явуулсан. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

50.2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э.Мөнхзул ажилдаа орох тухай хүсэлт өгснийг хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 214 тоот албан бичгээр ... Уг албан тоотоор захиргааны актыг хүчингүй болгож болох эсэх талаар тодруулга авахаар НДЕГ-ын даргад албан тоот хүргүүлсэн бөгөөд хариу зөвлөмж ирсний дараа таны асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээр байна гэсэн хариуг өгсөн боловч хариу албан бичгийг түүний нөхөр нь 2022 оны 9 дүгээр сард ирж авсан.

51.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01/1287 тоот албан бичгийн дагуу би Э.Мөнхзулыг шууд ажилд нь эргүүлж авах боломжгүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Миний гаргасан 2021 оны Б/52 тоот тушаалд холбогдох урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газар бус Төрийн албаны зөвлөл шийдвэрлэх ёстой байна. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрийн харьяаллын бус маргааны талаар дүгнэлт гаргасан, хуульд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацаа өнгөрсөн байхад Э.Мөнхзулын гомдлыг хүлээж авсан, гомдол хянан шийдвэрлэхдээ ТХШТХуульд заасанчлан удирдамж ирүүлээгүй учир тус албан тоотын дагуу өөрийн гаргасан 2021 оны Б/52 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн.

52.Тиймээс нэхэмжлэгч Э.Мөнхзулын Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоох, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг тус тус Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгасан шийдвэрийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

53.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тушаал байсан. Тус тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзулд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Уг шийтгэлийг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байсан талаар хариуцагч тайлбарласан.

54.Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.12, 37.1.13 дахь хэсэг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4 дэх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дахь хэсгийг тус тус зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, нийгмийн даатгалын санд 80,000,000 гаран төгрөгийн хохирол учруулсан нь нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтаар тогтоогдсон. Тус актуудыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Эдгээр актууд нь одоо болтол хүчин төгөлдөр байгаа.

55.Тэтгэвэр, тэтгэмж тогтооход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам, мөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын хамтарсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/123 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад заасан процессоороо явагддаг. Эдгээр процессыг бүхэлд нь зөрчиж, өөрөө сумандаа дур мэдэн тэтгэвэр авах эрх нь үүсээгүй иргэдэд тэтгэврийг олгосон. Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учирсан.

56.Эдгээр тогтоогдсон актуудтай Э.Мөнхзул өөрөө маргахгүй, хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөний улмаас төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болж байна.

57.Э.Мөнхзул нь 2021 оны 9 дүгээр сараас хэлтэс дээр ирж ажиллах ёстой байсан боловч ажилдаа ирээгүй ба Чандмань-Өндөр суманд ч ажил үүргээ гүйцэтгээгүй учраас хэлтсийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/39 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан хэдий ч 2021 оны 10, 11 дүгээр саруудад мөн ажилдаа ирээгүй. Ажил олгогчтойгоо огт холбогдоогүй. Өвчтэй, чөлөөтэй байгаа тухайгаа мэдэгдээгүй. Мөн хууль ёсоор жирэмсэн, амаржсаны амралтаа ч аваагүй. Э.Мөнхзул өөрөө төрийн жинхэнэ албан хаагч хүн. Төрийн жинхэнэ албан хаагч хүний хувьд Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн албаны ёс зүйн дүрмээ баримтлан ажилдаа ирэхгүй байгаа бол тэр тухайгаа байгууллагадаа мэдэгдэж ёс зүйгээ баримталж, хариуцлагатай ажиллах ёстой байсан. Гэтэл ямар хэл, чимээгүй 62 хоног ажлаа тасалсан. Энэ нь хавтаст хэргийн 51-53 дугаар хуудсанд авагдсан цагийн балансаар нотлогдож байгаа.

58.Түүний ажил тасалж байгаа үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16 дугаар зүйл, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 7.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Эдгээр ноцтой зөрчлийг гаргасан учраас Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

59.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарт няцаалт өгье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаа гэж өөрчилсөн.

60.Э.Мөнзул төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан учраас түүнийг Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл оногдуулах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж заасан.

61.Тэгэхээр нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 36 дугаартай тушаалаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1 дэх хэсэгт албан хаагч сахилгын шийтгэл удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.

62.Нэхэмжлэгч тухайн жилдээ 1 удаа сахилгын шийтгэл авсан байсан. Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлийг зөрчсөн учраас 6.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь бүрдэж байгаа. Сахилгын шийтгэл ногдуулах журамд заасан процесс зөрчигдөөгүй.

63.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.

64.Э.Мөнхзулыг ажил томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь Л.Юмжирдулам дарга мөн учраас энэ журам зөрчигдөөгүй. Сахилгын зөрчлийн биелүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрснөөс хойш сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн зохицуулалт байгаа.

65.Хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг нь 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тогтоосон. Ажил тасалсан зөрчлөө мөн оны 9, 10, 11 дүгээр саруудад гаргасан. Тушаал 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан учраас хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй.

66.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хамаарахгүй.

67.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1287 дугаартай албан бичгийг үндэслэн болгон актыг хүчингүй болгохоор заасан гэсэн тайлбар хэлж байна. Гэтэл энэ маргаан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан асуудал байгаа.

68.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан асуудлыг Төрийн албаны зөвлөл, шүүх шийдвэрлэхээр зааснаас биш Нийгмийн даатгалын ерөнхий газар гэж заагаагүй. Гэтэл хуулиар харьяалуулснаас өөр газрын бичиг авчраад түүнийгээ ярьж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Нийгмийн даатгалын тухай хуулиар Нийгмийн даатгалын ерөнхий газар төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх чиг үүрэггүй.

69.Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасан байдаг. Энэ хуулиар хараад үзсэн ч гэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газар гомдлыг шийдвэрлэхгүй, Төрийн албаны зөвлөл шийдвэрлэхээр байгаа.

70.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар ч тэр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсантай холбогдох маргааныг Нийгмийн даатгалын ерөнхий газар шийдвэрлэх эрхгүй. Өөрт хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 1287 дугаартай бичиг нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзэж байна.

71.2021 оны 6 дугаар сараас хойш цалин, хөлс аваагүй талаар няцаалт өгье гээд Э.Мөнхзулд 2020 онд 3 удаа, 2021 онд 1 удаа актаар төлбөр тавигдсан байдаг. Энэ талаар 2021 оны 6, 7, 8 дугаар саруудын цалингаас төлбөрүүдээ төлж барагдуулна гэж өөрөө хүсэлт өгсөн. Энэ талаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудаснуудад авагдсан байгаа. Иймд 2021 оны 6, 7, 8 дугаар саруудын цалин болон жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

72.Нэхэмжлэгчийн ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан. Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьсан. 2021 онд үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд ажил олгогч, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан. Энэ нь жирэмсэн эмэгтэйг ямар тохиолдолд ажлаас халж болохгүй гэсэн хатуу зохицуулалттай хуулийн заалт биш. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5 дахь хэсэг нь тухайн ажилтан нь ноцтой алдаа, зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг нь цуцалж болохоор зохицуулсан байдаг. Үүний нэгэн адил Э.Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж, нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулсан.

73.Э.Мөнхзул нь төрийн албан хаагчийнхаа тухайд өөрийнхөө эрх, ашиг сонирхлыг алхмыг хийж чадаагүй байсан. Ялангуяа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн хүн дахин алдаа гаргахгүй байх ажлын байраа хадгалж үлдэх талаар санал, санаачилгаа гаргаад төрийн албан хаагчийн хуульд заасан үүргээ биелүүлээд явах ёстой байхад ажлаа хийж жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах ямар ч санал, санаачилга гаргаагүй.

74.Нөхцөл байдлыг дүгнээд үзэхэд Нийгмийн даатгалын хэлтэс Э.Мөнхзулыг ажлаас халахаас өмнө буюу 2021 оны 9 дүгээр сараас эхлэн ажлаа хаяж явсан байдаг. Өөрийнх нь удаа дараа гаргаж байгаа үйлдлүүд буюу 2021 оны 9 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураараа төлж байгаа, нийгмийн даатгалын тушаалаар цалин хөлс олгохгүй байгаа, ямар нэгэн байдлаар гомдол гаргахгүй байгаа зэргээс нь өөрөө ажлаа хаячихсан харагдаж байна.

75.Э.Мөнхзул ажилдаа эргэж орох хүсэл, сонирхол байсан эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 4 дүгээр сард мэдсэн гэж тайлбарласан боловч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэгдэж, түүнтэй танилцсан байсан. Түүнээс хойш 3 сарын хугацаанд ажилдаа эргэж орох талаар ямар нэгэн санал, санаачилга гаргаагүй.

76.2021 оны 4 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаад 7 дугаар сард нь хариугаа авсан ч гэсэн Нийгмийн даатгалын хэлтэст хариугаа өгчхөөд дахин хариугаа ирж авдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан байгаа Нийгмийн даатгалын хэлтэс 7 дугаар сард хариуг нь өгөх гээд бэлдчихсэн байхад хариугаа ирж авахгүй байж байж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 30-ны үеэр ирж авчхаад 10 дугаар сард шүүхэд хандсан.

77.Э.Мөнхзулыг ажлаас халсан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Сонсох ажиллагааг хуульд заасан арга хэлбэрээр хийсэн. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хугацааг зөрчөөгүй, хууль ёсны тушаал байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

78.Нэхэмжлэгч Э.Мөнхзулын Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 8 177 695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

79.Нэхэмжлэгч захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, ... илт хууль бус болох, ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасан.

80.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар Сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халах тухай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ... бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр ...-г ойлгоно гэж заасанчлан захиргааны актын бүх шинжийг агуулж байна.

81.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй.

82.Илт хууль бус захиргааны акт гэдэг нь эрх зүйт төрийн зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх бөгөөд тухайн захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй байдаг.[1] Үүнийг хууль тогтоогчоос Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тухайлан нэрлэн заасан.

83.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ гэжээ.

84.Харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж өөрчлөн найруулсан байна.

85.Нэхэмжлэлийн зүйл болж буй Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг өөрчлөн найруулахаас өмнө гарсан тул хуулийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн өмнөх агуулгад дүгнэлт хийлээ.

86.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн алдаанууд хамаарна гэж доктор П.Одгэрэл Захиргааны эрх зүй ерөнхий анги гэсэн номынхоо 215 дугаар талд бичжээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх гэж заасан.

87.Хуульд үндэслэх зарчмын агуулга нь захиргаа хуулиар эрх олгогдсон тохиолдолд л үйл ажиллагаа явуулж болно гэсэн санааг илэрхийлдэг. Хуульд үндэслэх зарчим гэдэгт захиргааны тодорхой үйл ажиллагаанд шаардагдах эрх мэдлийг эрх зүйн хэм хэмжээнд тусгаж өгсөн байхыг ойлгоно.[2]

88.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3.1, 1.3.2, 1.3.3, 1.5.3 дахь заалтууд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.2 дахь заалтыг тус тус үндэслэн Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Эрдэнэхуягийн Мөнхзул нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчиж албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, мөн шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан хэмээн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

89.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагчийг томилох, чөлөөлөх, түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан мөн эсэхтэй хэргийн оролцогчид маргаагүй.

90.Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: ...48.1.3.төрийн албанаас халах /хуулийн энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өөрчлөн найруулахаас өмнө/, 48.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна /хуулийн энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өөрчлөн найруулахаас өмнө/ гэжээ.

91.Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт /хуулийн энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өөрчлөн найруулахаас өмнө/ зааснаар төрийн жинхэнэ албан хаагч буюу нийгмийн даатгалын байцаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар олгожээ.

92.Энэхүү хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

93.Дээрх байдлаар Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон хэдий ч хэргийн оролцогчдын маргаж буй зарим асуудалд товч хариулт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

94.Нэхэмжлэгч Э.Мөнхзул жирэмсний амралтаа авсан тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасан тул жирэмсэн эмэгтэй төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулахаар байна.

95.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: ... 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэжээ.

96.Төрийн жинхэнэ албан хаагч жирэмсэн эмэгтэйг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэх бөгөөд хууль бол бүхэллэг чанартай гэх эрх зүйн онолын үүднээс хуулийг тайлбарлан хэрэглэвэл мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол түүнийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохоор байна.

97.Цаашилбал Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/45 тоот Төлбөр төлүүлэх тухай актаар ... 2020 оны 7-12 дугаар сард нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн эрх үүсээгүй нэр бүхий 14 иргэнд 14733629 төгрөг, 2021 оны 1-5 дугаар сард нэр бүхий 41 иргэнд 44831502 төгрөг, нийт 41 иргэнд (давхардсан тоогоор) 59565131 төгрөг олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж,

98.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/46 тоот Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай актаар ... 2020 онд тэтгэвэр авагч нэр бүхий 17 хүнд 6933502 төгрөг, 2021 онд тэтгэвэр авагч нэр бүхий 20 хүнд 9072798 төгрөг, нийт 34 хүнд (давхардсан тоогоор) 16006300 төгрөг илүү олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж,

99.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/47 тоот Төлбөр төлүүлэх тухай актаар ... тэтгэвэр тогтоолгох баримтын шаардлага хангагдаагүйн улмаас тэтгэвэр тогтоолт, хяналтын байцаагч нараас буцаагдсан нэр бүхий 5 иргэнд Чандмань-Өндөр сумын нийгмийн даатгалын байцаагч Э.Мөнхзул нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа хэтрүүлэн 2020 оны 9-12 дугаар сард 5980106 төгрөг, 2021 оны 1-5 дугаар сард 6300000 төгрөг, нийт 12280106 төгрөгийг олгосон нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж,

100.Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17/48 тоот Дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6, 10 дугаар зүйл, Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм-ийн 2.1.4, 2.1.5, 2.4.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж 2020 онд нэр бүхий 7 тэтгэвэр авагчид 724644 төгрөг, 2021 онд нэр бүхий 3 тэтгэвэр авагчид 109032 төгрөг, нийт 10 тэтгэвэр авагчид 833676 төгрөг дутуу олгосон гэж тус тус үзэн актыг биелэлтийг хангахыг нэхэмжлэгч Э.Мөнхзулд даалгаж шийдвэрлэжээ.

101.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар дээрх дөрвөн акт хүчин төгөлдөр болсон, актын талаар маргаагүй гэж тайлбарласан тул Э.Мөнхзул нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө холбоотой зөрчил гаргасан, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч Э.Мөнхзул шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан болох нь гэрч Б.Азжаргалын мэдүүлгээр нотлогдсон. Захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан байна.

102.Төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглох зүйлийг зөрчсөн нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин ажил тасалсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь сахилгын зөрчлийн шинжийг агуулж байвал энэ хүрээнд шийдвэр гаргах эрх нь эрх бүхий албан тушаалтанд байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг, сахилгын шийтгэл ногдуулах зөрчил хоёр ялгаатай.

103.Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлүүдийн аль хэсэгт заасан зөрчлийг төрийн албан хаагч гаргасан нь тодорхойгүй байгаа ч энэ нь захиргааны акт илт хууль бус болох алдаанд хамаарахгүй.

104.Шүүх захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгахын тулд маргаан бүхий акт нь ЗЕХ-ийн 47.1.1-47.1.7-д заасан алдааг /аль нэгийг нь юм уу хэд хэдийг нь/ агуулж байгаа эсэхийг л шалгана. Өөрөөр хэлбэл захиргааны актын хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэлт байдлыг шалгадаг шиг захиргааны акт нь формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй[3]. Иймд хэргийн оролцогчдын маргаж буй бусад асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

105.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул хуулийн дагуу буцаан гаргуулж, түүнд олгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн /2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнө/ 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Мөнхзулын Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 8177695 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдуламд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 257 /хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун тавин долоон/ төгрөгөөс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 153 057 /нэг зуун тавин гурван мянга тавин долоон/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Э.Мөнхзулд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Гочоогийн Банзрагч. Захиргааны процессийн эрх зүй. Улаанбаатар 2019. 204 дүгээр тал

[2] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. Улаанбаатар 2016 он. 81, 83 дугаар тал

[3] Гочоогийн Банзрагч. Захиргааны процессийн эрх зүй. Улаанбаатар 2019. 205 дугаар тал