Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2015/00057

 

2015,01,12              57

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 135/2014/00443/И

         Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
       
         Нэхэмжлэгч: Дархан Уул аймгийн Дархан сумын 13 дугаар  баг 28 дугаар байрны 44 тоотод оршин суух иргэн Боржигон овгийн Мангалын Цэцэгмаа /ТД72031106/-ийн    нэхэмжлэлтэй,
         Хариуцагч: Дархан сумын 3 дугаар баг Хараагийн гудамж 03-41 тоотод оршин суух Гөрөөчин овгийн Ганбаатарын Хандсүрэн /НХ79092901/, 
         Хариуцагч: Дархан сум 1 дүгээр баг Барилгачдын 3-16 тоотод оршин суух Найрстийхан овгийн Дарьнямын Долгорсүрэн /ПЕ74053106/,
         Хариуцагч. Дархан сум 1 дүгээр баг Цэнгэлдэхийн 4-38 тоотод оршин суух Цороч овгийн Үхэрчийн Уранчимэг /МО80110202/,
         Хариуцагч: Дархан сум 8 дугаар баг 07 дугаар байрны 33 тоотод оршин суух Монгол овгийн Батмөнхийн Норовсүрэн /ТЗ77021905/,
         Хариуцагч: Дархан сум 7 дугаар баг Алтангадасын 8-86 тоотод оршин суух Боржигон овгийн Түвшингийн Мөнхжаргал /ТД72070700/,
         Хариуцагч: Дархан сум, 7 дугаар баг, Алтангадасын 03-17 тоотод оршин суух, Боржигин овгийн Цэрэндоржийн Дуламсүрэн /ВЮ76021760/ нарт холбогдох зээлийн төлбөр бүгд 51 сая төгрөг гаргуулах  тухай хэргийг 2014 оны 10 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв 
         
         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэцэгмаа түүний  өмгөөлөгч Н.Баттунсаг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уянга шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Тогтох   нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ
  
         Нэхэмжлэгч М.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Хандсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1,500.000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг,   Б.Норовсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 4,000,000 төгрөг, Т.Мөнхжаргал нь 2014 оны 4 дүгээр  сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, Ц.Дуламсүрэн нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг, Ү.Уранчимэг нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, Д.Долгорсүрэн нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг тус тус сарын 15 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай зээлдэн авч сар бүр хүүгээ төлж байхаар тохирсон боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул Г.Хандсүрэнгээс 4,175,000 төгрөгийн хүү авсныг хасч тооцон 19,175,000 төгрөгийг, Ц.Дуламсүрэнгээс 900,000 төгрөгийн хүү авсныг хасч тооцон 6,150,000 төгрөгийг, Т.Мөнхжаргалаас 595,000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 5,700,000 төгрөгийг, Д.Долгорсүрэнгээс 1075000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 3.250.000 төгрөгийг, Б.Норовсүрэнгээс 1,900,000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 8,100,000 төгрөгийг, Ү.Уранчимэгээс 2.325.000 төгрөгийн хүү өгснийг хасч тооцон 8,575,000 төгрөгийг тус гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Энэ хүмүүс өөрсдийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулж надаас дээрх зээлийг авсан тул миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.
        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь өөрсдийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээ байгуулж зээл авсан тул гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй ба гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа бол гэрээгээр халхавчлан залилсан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул М.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүрэн хангах үндэслэлтэй байна гэв. 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай төлөөлүүлэгч нар нь М.Цэцэгмаагаас зээлийн гэрээ байгуулж сарын 15 хувийн хүүтэйгээр  мөнгө зээлдэж авсан нь үнэн. Энэ хүмүүс эхний саруудад авсан зээлийн хүүг сар сард нь төлж байсан боловч цаашид төлөх төлбөрийн чадваргүйгээс зээлийн хүүг төлөөгүй нь банк болон,банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүнээс хэт  өндөр хүү тогтоож зээлдэгч нарыг хохироосон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг багасгаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 
                                                           
ҮНДЭСЛЭХ  НЬ;
      
         Нэхэмжлэгч М.Цэцэгмаа нь байгуулсан  зээлийн гэрээний дагуу хүү, алданги тооцож зээлдэгч Г.Хандсүрэн, Ц.Дуламсүрэн, Т.Мөнхжаргал, Д.Долгорсүрэн, Б.Норвсүрэн Ү.Уранчимэг  нараас бүгд 51,000,000 төгрөг гаргуулахыг  хүссэн, нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар  Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нэг тал нь бусдын өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, нөгөө тал нь авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. 
        Гэвч хариуцагч М.Цэцэгмаа нь зээлийн гэрээгээр зээлдэгч нарт сарын 15 хувийн хүүтэй зээл олгож хүүг энэ хэмжээгээр нэхэмжилж байгаа нь банк болон банк бус санхүүгийн байгууллагын сард иргэдэд олгодог зээлийн хүүнээс хэт өндөр тогтоосон байна гэж үзэхээр байна. 
       Зохигчдын хооронд байгуулсан  зээлийн гэрээний хүү нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282,2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул хариуцагч нарын хүсэлтээр зээлийн хүүг багасган сарын 5 хувийн хүүтэйгээр тооцох нь зүйтэй байна. 
        Шүүх М.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлдэгч нарт олгосон зээлийг тус бүрд нь сарын 5 хувиар тооцож хүүд өгсөн мөнгийг харьцуулан хасч тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох нь зүйтэй байна.   
        Г.Хандсүрэнгийн 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр зээлсэн 5,000.000 төгрөгийн зээлийн 1 сарын хүү 250,000 төгрөгийг  9 сар 23 хоногоор тооцон  2.441.666 төгрөг, 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлсэн 1,500,000 төгрөгийн 6 сар 15 хоногийн хүү 1.624.995 төгрөг, 5,000,000 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 6 сарын хугацаатай зээлсний  хүү 1,500,000 төгрөг, бүгд хүү 5,566,661 төгрөг, үндсэн зээл 11,500,000 төгрөг, нийт зээлийн төлбөрт 17,066,661 төгрөгийг Г.Хандсүрэнгээс гаргуулж М.Цэцэгмаад олгохоос Г.Хандсүрэнгийн хүүд төлсөн 4,175,000 төгрөгийг хасч тооцон  анхны 19,175,000 төгрөгийн нэхэмжлэлээс 2.108.339 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон 12.891.661 төгрөгийг гаргуулж М.Цэцэгмаад олгох,  
        Д.Долгорсүрэнгээс 2,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай ашигласны хүүд 700,000 төгрөг, 500,000 төгрөгийг 6 сар 15 хоногийн хугацаатай ашигласны хүүд 162.499 төгрөг бүгд 862.499 төгрөг үндсэн зээлд  2,500,000 төгрөг бүгд 3.362.499 төгрөгийг Д.Долгорсүрэнгээс гаргуулж М.Цэцэгмаад олгохоос Д.Долгорсүрэнгийн хүүд төлсөн 1.075.000 төгрөгийг хасч тооцон  2.287.495 төгрөгийг гаргуулах,  

        Ү.Уранчимэгээс 2,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай ашигласны зээлийн хүүд 900,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай ашигласны зээлийн хүүд 600,000 төгрөг, 1,500,000 төгрөгийг 4 сарын хугацаатай зээлсний хүүд 300,000 бүгд  5,800,000 төгрөг төлөхөөс 2,325,000 төгрөг төлж одоо Ү.Уранчимэгээс 3.475.000 төгрөгийг гаргуулж М.Цэцэгмаад олгож 2.775,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, 

         Б.Норовсүрэнгээс 4 сая төгрөгийг 9 сар 23 хоногийн хугацаанд ашигласны зээлийн хүүд 1.953,333 төгрөг бүгд 5.953,333 төгрөг төлөхөөс хүүд 1.900,000 төгрөг төлснийг хасч  тооцон 4,053,333 төгрөгийг гаргуулж М.Цэцэгмаад олгож анхны нэхэмжлэлээс 2,146,667 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох,

        Т.Мөнхжаргалаас 500,000 төгрөгийг 9 сар 04 хоногийн хугацаанд ашигласны хүүд 228.332 төгрөг, 1,500,000 төгрөгийг 6 сар 14 хоног ашигласны хүүд 485,000 төгрөг 1,500,000 төгрөгийг 6 сар ашигласны хүүд 450,000 төгрөг  бүгд 4.163.332 төгрөг төлөхөөс хүүд 595,000 төгрөг төлснийг хасч тооцон 3.568.332 төгрөгийг гаргуулж М.Цэцэгмаад олгож анхны нэхэмжлэлээс 1.536.668 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, 

        Ц.Дуламсүрэнгээс 3,000,000 төгрөгийг 9 сар 04 хоног ашигласны хүүд 1,370,000 төгрөг бүгд 4,370,000 төгрөг төлөхөөс хүүд төлсөн 900,000 төгрөгийг хасч тооцон 3.470.000 төгрөгийг гаргуулж М.Цэцэгмаад олгож анхны нэхэмжлэлээс 1,730.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
      
         Монгол Улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:
  
        1. Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 281.4 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Г.Хандсүрэнгээс 12,891,661 төгрөгийг, Д.Долгорсүрэнгээс 2,287,495 төгрөгийг, Ү.Уранчимэгээс 3,475,000 төгрөгийг Б.Норовсүрэнгээс 4,053,333 төгрөгийг Т.Мөнхжаргалаас 3,568,332 төгрөгийг Ц.Дуламсүрэнгээс 3,470,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Цэцэгмаад олгосугай. 

        2. Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн хүүг 15 хувиар тооцож нэхэмжилж байсныг багасган 5 хувь болгож хариуцагч  Г.Хандсүрэнгээс 2,108,339 төгрөгийн, Ү.Уранчимэгээс 2,775,000 төгрөгийн Б.Норовсүрэнгээс 2,146,667 төгрөгийн Т.Мөнхжаргалаас 1,536,668  төгрөгийн Ц.Дуламсүрэнгээс 1,730.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 
         
        3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар М.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412.950 төгрөгийг  төрийн сангийн орлогот хэвээр үлдээж хариуцагч  Г.Хандсүрэнгээс 151540 төгрөгийг, Д.Долгорсүрэнгээс  29857 төгрөгийг, Ү.Уранчимэгээс 51500 төгрөгийг, Б.Норовсүрэнгээс  52862 төгрөгийг, Т.Мөнхжаргалаас 36968 төгрөгийг Ц.Дуламсүрэнгээс 38803 төгрөгийг тус тус гаргуулж  М.Цэцэгмаад  олгосугай.

        4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь  энэ шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.  

        5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.БАТТУЛГА