Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1076

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:171/2012/1215/И

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 
    Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг Дархан сум **  баг  ** дугаар хороолол ** дугаар байр ** тоотод оршин суух Б*** овгийн Х.О*** /РД: ****, утас: **** / -ийн нэхэмжлэлтэй 
 Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дүгээр баг ТМСургуулийн задгайд оршин суух Х*** овгийн Б.М*** /РД: ****, утас: ****/ -д холбогдох    
 2 175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлага  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Анх 2 500 000 төгрөг зээлдүүлсэн. Авсан бичиг нь байгаа. Н*** гэдэг хүнийг танихгүй. Би Н*** мөнгө зээлдүүлээгүй. Хүний хөгжилийн сангийн мөнгийг сар тутам,  1 000 000 төррөгийг авсан боловч 330 000 төгрөгийг буцаан өгсөн. Би мөнгөө өөрөө авч, тэгээд буцааж өгье гэж байсан. Иймд үлдэгдэл 1 550 000 төгрөг, хүү 625 000 төгрөг нийт 2 175 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулна гэжээ. 

Хариуцагч   шүүхэд  гаргасан тайлбартаа: 
Энэ мөнгийг би аваагүй, өөрсдөө мөнгө зээлэх хүн байна уу гэхээр Н***г уулзуулсан.  Тухайн үедээ Н*** гэдэг хүнд өгч байгаа гэдгээ эд нар мэдэж байсан. Миний өгсөн итгэмжлэлээр  хүний хөгжлийн сангийн 21 000 төгрөг, төрөөс олгосон 1 000 000 төгрөгийг авсан. Одоо надад төлөх төлбөр байхгүй .Намайг олон удаа дарамтлаад, манай охинд ээжийг чинь бөөд хэлж нүдгүй болгоно гээд байхаар нь би 1 498 000 төгрөг өгсөн. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

       Нэхэмжлэгч Х.О*** Б.М***аас 2 175 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.О*** нь Б.М***ид 2 500 000 төгрөгийг 13 хоногт 25 хувийн хүүтэй зээлдүүлсэнээс үлдэгдэл 1 550 000 төгрөг хүү 625 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа болно. 
Нэхэмжлэгч Х.О***ийн шаардах үндэслэл болж байгаа / хэргийн 2 дугаар хуудас / 2 500 000 төгрөгийг хэн Б.М***ид хүлээлгэн өгсөн эсэх  мөн  2 талын хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх нь тодорохойгүй байна. 
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т ... зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно, гэрээг бичгээр хийнэ ... гэж хуульчилсан бөгөөд Б.М*** гэсэн гарын үсэг бүхий баримтыг 2 талын гэрээ үзэх боломжгүй байна.

Талуудын хүсэлтээр бүрдүүлсэн Капитал банкнаас гаргуулсан нотлох баримтыг үндэслэн хүний хөгжил сангийн сар тутмын 21 000 төгрөг 13 сараар, эх орны хишиг гэж олгосон 1 000 000 төгрөг  нийт хүлээн авсан төгрөг нь  1 273 000  байна. 
Иймд Б.М***1 327 000 төгрөг гаргуулан Х.О***т олгон 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 
Хариуцагч Б.М*** нь 2010 оны 1 сард 200 000 төгрөг, 7 сард 25 000 төгрөг өгсөн гэж хариу тайлбарт дурьдсан боловч энэ талаархи нотлох баримтыг ирүүлээгүй болно. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
 
1.Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1-д зааснаар Б.М***аас 1 327 000  төгрөг гаргуулан Х.О***т олгон, 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.О*** 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ХХ банк төрийн сан салбар 190 000 941 тоот дансанд тушаасан 49 750  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М***аас 36 182 төгрөг гаргуулан Х.О***т  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.


           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ОЮУНДАРЬ