Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/938

 

 

 

 

 

 

     2021           11            02                                          2021/ДШМ/938                          

 

 

Х.П-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Анармөнх,

шүүгдэгч Х.П,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Пын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2111005640634 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржин овгийн Хишигтогтохын П, 1981 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 474 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтаан биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаартай зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

Шүүгдэгч Х.П нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван билэг” барилгын дэлгүүрийн гадаа байрлуулсан Портер маркийн 70-39 УАР улсын дугаартай автомашинаас иргэн Н.А-ийн гар утас, жолооны үнэмлэх, нүүрсний карт, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 427.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Х.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржин овгийн Хишигтогтохын Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Под 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Под оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Х.Пыг цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Под авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.П бичсэн давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие буруутай үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Миний бие бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Г.Анармөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэг, нийгмийн аюулын шинж чанар учирсан хохирол зэрэгт тохирсон гэж үзэж байна. Г.Анармөнх нь хулгайлсан эд зүйлээ биет байдлаар нь хохирогчид буцааж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Х.П нь 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван билэг” барилгын дэлгүүрийн гадна байрлуулсан Портер маркийн 70-39 УАР улсын дугаартай автомашинаас иргэн Н.Алтаншагайгийн гар утас, жолооны үнэмлэх, нүүрсний карт, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 427.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Алтаншагайгийн “...би 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван билэг” барилгын дэлгүүрт үйлчлүүлээд гарч ирэх үед миний 70-39 УАР улсын дугаартай портер загварын машин дотор байсан Хуавэй /Huawei/ загварын гар утас, жолооны үнэмлэх, нүүрсний карт, Хаан банкны картаа алдсан.” /хх 11-12/,

гэрч П.Ундармаагийн “...би 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ажил дээрээ байж байх үед манай энэ хавьд байнга архи уудаг мөн манайхаас зээл авдаг Цогоо гэх залуу орж ирээд гар утас барьцаанд тавиад хүнсний зүйл болон 2 шил архи авсан. Тэгээд гараад явсан. Маргааш нь цагдаа ирээд гар утсыг хулгайн утас байна гээд би өөртөө байлгаж байсан утсыг  хураан авсан.  ...” /хх 17/,

шүүгдэгч Х.Пын яллагдагчаар өгсөн “...би замаа дагаад алхаж явтал замын байруун талд байрлах “Буянхишиг” нэртэй барилгын дэлгүүрийн гадна цагаан өнгийн “Бонго-3” маркийн автомашин зогсож байсан юм. Тэгсэн автомашины жолооч байхгүй, жолооч талын хаалга нь онгорхой байсан ба суудал дээр нь Хуавэй Ви-6 загварын гар утас байхаар нь авсан юм. Тэгээд тэндээсээ яваад “Шанд” нэртэй дэлгүүр ороод уг дэлгүүрт 0.75 литрийн хэмжээтэй “Монгол стандарт” нэртэй 2 шил архи болон 1 ундаа, тамхи аваад түүний барьцаанд гар утсыг үлдээсэн юм. ...” /хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-32/, Дамно ХХК-ийн №ЧД2-21-362 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 22-23, 26-27/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Х.Пын иргэн Н.Алтаншагайгийн гар утас, жолооны үнэмлэх, нүүрсний карт, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 427.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Х.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Под  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Х.Пын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Х.Пын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Пын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” заалтад хамаарч байгаа боловч тэрээр өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн ялаас өршөөн суллагдаж байсан тул дахин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ