Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Г- холбогдох эрүүгийн 1720000930034 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б овогт У.Г,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч У.Г нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Ж-тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч У.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гадуур явж байгаад 20:00-21:00 цагийн хооронд гэртээ иртэл манай байшингийн бүх цонхыг хагалчихсан байхаар нь зүүн айлын нэрийг нь мэдэхгүй өвгөнөөс манай гэрийн цонхыг хагалсан хүнийг харав уу гэхэд согтуу залуу ирээд хашигчиж байгаад цонхыг чинь хагалчихаад явчихсан гэж байсан тэгэхээр нь би Ж-г гэж мэдээд гэрт нь очтол хашаанаасаа эхнэрээ үсдээд чирээд гараад ирэхээр нь би чи яаж байгаа юм хүн аллаа шүү дээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ цаашаа зайл гээд эргэж хараад миний зүүн эгэм хавьд гараараа цохиод зүүн чихнээс хазчихаар нь цааш нь түлхээд газар унахаар нь дээр нь гараад суучихсан ална гээд агсараад дийлдэхгүй байхаар нь нэг удаа нүүрэнд нь баруун хөмсөг хавьд нь нэг удаа цохисон өөр гар хүрч зодсон зүйл байхгүй. Ж нь манай эхнэрийн дүүгийн нөхөр байгаа юм бид хоёр нэг айлын хүргэцүүл, Ж нь намайг эхнэртэйгээ хардаад манай гэрийн цонхыг хагалсан түүнээс болж бид хоёр маргалдаж муудалцсан. Бид хоёрыг маргалдаж муудах үед бид хоёроос өөр хүн байгаагүй, Ж-н эхнэр Н нь бид хоёрыг зууралдаж байх хооронд зугтаагаад явчихсан, тухайн үед зууралдаж байгаад салаад ярилцаж байхад чи миний араас төмөрөөр цохичихлоо ш дээ нүд юм харахгүй байна гэсэн хэрнээ зүгээр алхаад байсан, би эмнэлэг цагдаа дуудах юм уу гэхэд юм хэлээгүй чи ямар учраас гэрийн цонх хагалж байгаа юм гэхэд би хагалаагүй гэсэн Ж гутлын мөр яг таарч байсан өөр манай гэрийн цонхыг хагалах хүн байхгүй. Тэгж байтал С гээд хамаатан хүүхэн ирээд цагдаа дуудсан байх С-г ирэхэд бид хоёр маргалдаад сууж байж байсан юм тэгээд цагдаа дуудсан байх намайг цагдаа аваад явсан Ж-г С эмнэлэг аваад явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тухайн үед эрүүл байсан Ж архи уух нь уусан байсан, ухаан алдчихаагүй юм ярьж хэлж байснаа мэдэж байсан, Ж нь намайг элдэв үгээр хэлсэн чамд байгаа болгоноос чинь салгана, амьдралгүй болгоно гээд занаад байсан, Ж хөмсөгнөөс цус гарсан байсан. Миний биед зүүн эгэм хөдөлж болохгүй болсон, зүүн чих хазуулсан, нүүр самардуулсан өөр гэмтэл байхгүй. Урьд өмнө нь бид хоёр хоорондоо маргаж муудаж байсан зүйл байхгүй, өс хонзон байхгүй, өчигдөр л анх удаагаа эхнэртэйгээ намайг хардаж ийм асуудал болсон хаанаас юу сонссоныг нь мэдэхгүй, Ж нь намайг ор үндэсгүй эхнэртэйгээ хардаж сэрдэж миний эд хөрөнгө болон сэтгэл санаа биед гэмтэл учруулсанд гомдолтой байна гэжээ./хх-ийн 21-22/

-Хохирогч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр намайг гэртээ амарч байтал манай эхнэр Н-н төрсөн эгч С орж ирээд “Г, Н хоёр хоорондоо явалдаад мессеж бичээд байна” гэхээр нь би Н руу утсаар яриад болсон зүйлийн талаар асуухад “тийм юм байхгүй ээ, чи битгий хүн доромжилоод байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би өөртэй итгэхгүй С-н гар утсан дээр байгаа мессежүүдийг нь уншихад манай эхнэр Г хоёр их дотно байдлаар бие биенийгээ хайраа гэж дуудаад, хоорондоо зураг зургаа явуулаад янз бүрийн юм бичээд харилцсан байсан, ингээд би Н-н утас руу залгаад “надтай ирээд уулзаадах” гэхэд тэр өдрөө гэртээ ирж хонолгүй гадуур хоноод маргааш өдөр нь өөрөө над руу утсаар яриад “хоёулхнаа гэртээ уулзъя” гэж хэлсэн. Энэ явдлаас өмнө би С-с дээрхи зүйлийн талаар сонсчихоод гэртээ ганцаараа байж байтал орой 21 цагийн Г утсаар надруу залгаад “чи манай эхнэрт янз бүрийн юм ярьсан байна, чамаас болж миний гэр бүл салж сарниллаа” гэхээр нь “надаас болсон зүйл байхгүй ээ, харин би танай эхнэрээс ийм зүйл сонслоо” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Г бага зэргийн халамцуу, уйлчихсан байдалтай манай гэрт ганцаараа орж ирээд, “би танай эхнэртэй 1 жил гарангын хугацаанд нууцаар явалдсан нь үнэн, манай төрсөн ах манай эхнэртэй явалдахаар нь төрсөн дүүтэй явалдаж, эхнэрээсээ өшөө авъя гэж бодсон юм аа” гэхээр нь согтуу хүнтэй юу ярьдаг юм гэж бодоод гэрээсээ гараад явсан. Удалгүй Г-г манай гэрээс гараад явахаар нь би гэртээ ирж хоноод маргааш өдрийн 20-21 цагийн үед эхнэртэйгээ уулзаад Нарантуяад өөрийнхөө нүдээр харсан бүх зүйлээ хэлэхэд “худлаа” гээд өөдөөс зөрүүлээд байхаар нь 2 удаа хацар руу нь алгадсан, тэгээд өөрийг нь дагуулж эгчийнх нь гар утсан дээр байгаа зүйлсийг үзүүлэх гээд гэрээс чирж гаргаад баруун талын зам дээрээс такси барих гээд явж байтал араас нэг хүн миний толгой руу нэг юмаар цохисон, тэгэхээр нь би эргээд хартал Г гартаа метрийн хэмжээтэй, зэвтэй турба барьчихсан /аль гартаа байсныг нь анзаараагүй/ тэр турбагаараа миний хөмсөг хавьцаа нэг удаа цохисон. Тухайн үед би турбагаар толгой руугаа цохиулаад ухаан санаа орж гараад байсан бөгөөд нэг мэдсэн чинь Г-г гарнаас турбаг нь булаагаад авчихсан түүн рүү дайрч байсан. Тэгсэн Г надаас зайгаа бариад “нааш ир, нааш ир хоёулаа үзэлцье” гэхээр нь турбагаа бариад Г руу ойртсон чинь бутанд бүдэрч яваад нүд харанхуйлаад газар унасан, намайг газар унасны дараа Г миний дээр гарчихсан нүүр ам руу цохиод байсан ба би Г-д “миний нүд юм харахгүй байна” гэж хэлэхэд тоосон шинжгүй үргэлжлүүлэн толгой руу гараараа цохисон. Тэгээд би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас хүн ирчихсэн мэдүүлэг авна гэхээр нь болсон зүйлийн талаар бүгдийг хэлсэн гэжээ. /хх-ийн 8-9/

- Гэрч Л.С-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой гэртээ байхад манай нөхөр Ц өөрийн дугаараасаа залгаад Г, Ж нар хоорондоо зодолдоод байна, цагдаа дуудаарай гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би зодолдсон гэх Үүдийн гудамжны баруун талд бутан дотор очиход Ж газар суусан, нүүрний зүүн тал нь хавдаж, цус болсон, мөн толгойноос нь цус гарч байсан ба Ж суучихаад 2 нүд юм харахгүй гэж хэлж байсан. Г Ж-ны хажууд зогсож байсан ба гар, хөл бие хаа нь цус болсон гэж харагдаагүй. Би Г-г гартаа ямар нэг зүйл барьсан байсан эсэхийг анзаараагүй. Би Ж-г эмнэлэг рүү аваад явсны дараа араас нь очиж ойр зуурын эм тариа дөхүүлж өгсөн ба намайг эмнэлэг дээр очиход Ж хөмсгөө оёулсан байсан. Тухайн үед аль хөмсөг гэдгийг нь санахгүй. Үзлэг хийсэн эмч нь Ж-г тархиндаа гэмтэл авсан байж магадгүй стор нээгээд хэвтүүлэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Тэгээд стор нээгээд байж байхад Г гаднаас ирээд би бас үзүүлэх шаардлагатай, зодуулсан юм шиг байна гэсэн. Г руу харахад нүүрэн хэсэгтээ жоохон шалбарсан шарх харагдсан ба өөр ил харагдах гэмтэл болон цус харагдаагүй. Би тэр хоёрыг муудаж байхыг харж байгаагүй. Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, даруухан зантай , хүнтэй эвсэг, найрсаг, харьцдаг. Г нь их ууртай, шартай, архи нээх уугаад байдаггүй байх. Эхнэртэйгээ хааяа муудаж сайндсан гэж сонссоноос биш яг өөрийн нүдээр харж байгаагүй гэжээ. /хх-ийн 26/

-Гэрч Ж.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ....Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой манай ах болох Б залгаад Ж, Г нар хоорондоо муудаад байна Ж-н гэрийн гадаа хүрээд ир гэхэд гэрт нь очиход тэр 2 байхгүй байсан ба гэрээсээ баруун тийш гудамжны үзүүрт бутан дунд хоорондоо зодолдсон байдалтай байсан. Тухайн үед манай ах түрүүлээд ирсэн байсан ба намайг очиход Г гартаа 60см орчим урттай турба барьсан байсан ба ахыг анх ирэхэд Г турба барьж надруу дайрсан гэж ах хэлсэн. Тэгээд би гартаа барьсан байсан турбаг нь булаан авч хаясан. Тухайн үед Ж газар доошоо тонгойгоод суучихсан намайг Г толгой дундуур турбаагаар цохисон миний 2 нүд юм харахгүй байна гээд сууж байсан. Тэгээд би эхнэрлүүгээ залгаад цагдаа дууд гэж хэлчихээд тэр хоёрыг хооронд нь муудуулахгүй гээд хориод байж байсан. Удаагүй байж байтал цагдаа ирээд Г, Ж 2-ыг эмнэлэг рүү аваад явсан.  Тэгээд би эхнэрийнхээ хамт араас нь эмнэлэг рүү очиход Ж-д оёдол тавьсан байдалтай байсан ба үзлэг хийсэн эмч нь Ж тархиндаа гэмтэлтэй байж магадгүй гээд зураг авна гээд дээшээ аваад явсан гэжээ. /хх-ийн 28/

-Гэрч Ж.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай нөхөр над руу утсаар залгаад “чи хаана байна, чиний гар утаснаас Г-н гар утас руу мессежүүд ирсэн байна, хаана байна чамайг ална” гээд утасны цаанаас хашгираад байхаар нь “чи учрыг нь ойлгоогүй байж юу гээд хуцаад байгаа юм” гээд утсаа тасалсан. Ингээд би тэр өдрөө гэртээ очиж хонолгүй, найзынхаа гэрт очиж хоноод маргааш өдөр нь гэртээ очиход манай нөхөр гэртээ байхгүй, гэрийн хаалга цоожтой байсан, тэгэхээр нь би утсаар залгаад нөхрийгөө хаана байгаа юм гээд асуусан чинь “гэртээ байна” гэхээр нь яваад очсон. Тэгсэн манай нөхөр намайг Г-тай хардаад хувцаснаас татаж чангаагаад газар түлхэж унагаагаад үснээс чирээд хашаанаас гаргах гээд байхаар нь хашаанаас гарахгүй гээд доошоо суугаад эсэргүүцээд байсан чинь гарнаас бариад чирээд байсан, тэгээд нэг мэдсэн миний гарнаас тавихаар нь би зүүн тийшээ гарч зугтаагаад дүүгийнхээ гэрт очиж хоносон. Тухайн үед манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан бөгөөд миний гар утаснаас Г-н таньдаг эмэгтэй түүн рүү хайртай, дуртай гэсэн утгатай мессежүүд бичсэн байсаныг Г-н эхнэр, миний төрсөн эгч С олж уншаад манай нөхөрт энэ зүйлийн талаар хэлсэн юм шиг байсан, үүнээс болоод манай нөхөр намайг Г-тай хардаад хэрүүл маргаан хийсэн, тэрнээс би Г-тай ямар нэг харилцаа холбоо байхгүй, зөвхөн ах дүү хамаатан садны харилцаа холбоотой. Би Ж-тай гэр бүл болоод 10-н жил болж байна, энэ хугацаанд 7 насны нэг охинтой болсон, нөхөр маань Эрээн-Замын-Үүд хооронд суудлын автомашин тээвэрт явдаг бөгөөд миний хувьд тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байна гэжээ. /хх-ийн 30-31/

-Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Манай нөхөр Г нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр шинээр гар утас худалдаж аваад хуучин гар утсаа гэрт үлдээчихсэн байсан, тэгэхээр нь би гар утсыг нь сонирхоод Фасебүүк хаягаар нь түүнтэй харилцсан хүмүүсийн мессежүүдийг нь уншиж үзэхэд манай төрсөн дүү Н-тай харилцсан мессежүүд байсан. Тэгээд би хоорондоо бичсэн зүйлүүдийг нь уншиж үзсэн чинь “миний хайраа хаана явж байна, би каргон дээр явж байна” гэсэн утгатай зүйлс бичсэн байхаар нь би нөхөртэй мессежүүдийг нь уншуулсан чинь “миний утаснаас нараа руу өөр хүн бичсэн байна, би бичээгүй” гээд зөрөөд байхаар нь хоорондоо бага зэрэг үл ойлголцсон, тэгсэн Г уурлаад гэрээс гараад явахаар нь би Ж-ны гэрт очоод бичсэн мессежүүдийг нь үзүүлсэн чинь Ж эхнэр рүүгээ утсаар яриад “чи хаана байна, гэртээ ир” гэж хэлсэн, үүний дараа би Г-н бичсэн мессежүүдийг нь бодоод дотроо уур хүрээд 3 хүүхдээ аваад төрсөн аав ээжийнхээ гэрт очиж хоносон. Энэ явдлаас хойш өнөөдрийг хүртэл гэртээ очоогүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр Г нь Н-н нөхөр манай баз хүргэн Ж-тай муудалцаад хоорондоо зодолдоод цагдаа дээр байна гэдгийг төрсөн ах Т-с нь мэдсэн, ингээд би өөрийн биеэр цагдаа дээр очиж үзэхэд Г нь Ж-тай зодолдсон гээд хүлээлгийн танхимд зогсож байсан ба Ж нь эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход Б.Ж-ны хөмсөг нь задраад оёдол хийлгүүлж байсан бөгөөд юу болсон талаар тодруулж асуухад “У.Г намайг ингээд цохьчих лоо” гэж хэлснээс өөр зүйл ярихгүй байсан. Миний мэдэхийн урьдны өш хонзон, өр авлагын асуудалтай байгаагүй, миний үзүүлсэн мессежнээс болоод тэр хоёр хоорондоо муудалцсан юм болов уу гэж ойлгосон. Ажил хөдөлмөрийн хувьд 2004 оноос өнөөдрийг хүртэл Эрээн Замын-Үүд хооронд суудлын автомашинаар тээвэр хийж ирсэн, хувийн зан байдлын хувьд бага зэрэг зөрүүд ааштай, түргэн ууртай болохоос бусдаараа сайн хүн байгаа юм аа, өөр хэлж ярихаар зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 33-34/

-Шинжээчийн 301 тоот дүгнэлт: 1.У.Г-н биед зүүн чихний дэлбэнгийн дээд хэсэгт зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгээр зулгаралт, цус хуралт, баруун эгэмний урд дунд талд зулгаралт, баруун бугалганы гадна дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоодлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 39/

-Шинжээчийн 303 тоот дүгнэлт: 1.Б.Ж-ны биед толгойн баруун чамархай орчмын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 42/

-Шинжээчийн нэмэлт 991 тоот дүгнэлт: 1.Б.Ж-ны биед баруун чамархайд язарсан шарх, баруун нүдний алимны доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь дан, дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4.2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Гавал тархины КТГ-д: ...Баруун талны нүдний ухархайн дотор хана 1,7 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,8 см гүн  хэмжээтэй цөмөрч бороожсон хуучин хугаралтай гэсэн байх ба дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг  хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. /хх-ийн 44-45/     

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

-Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримт /хх-ийн 11-16/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 66-67/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 76/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч У.Г нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Ж-тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж баруун чамархайд язарсан шарх, баруун нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Л.С-н “...Г, Ж нар хоорондоо зодолдоод байна, цагдаа дуудаарай гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би зодолдсон гэх Үүдийн гудамжны баруун талд бутан дотор очиход Ж газар суусан, нүүрний зүүн тал нь хавдаж, цус болсон, мөн толгойноос нь цус гарч байсан ба Ж суучихаад 2 нүд юм харахгүй байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ц-н “...Г гартаа 60 см орчим урттай турба барьсан байсан ба ахыг анх ирэхэд Г турба барьж надруу дайрсан гэж ах хэлсэн. Тэгээд би гартаа барьсан байсан турбаг нь булаан авч хаясан. Тухайн үед Ж газар доошоо тонгойгоод суучихсан намайг толгой дундуур турбаагаар цохисон миний 2 нүд юм харахгүй байна гээд сууж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Н-н “...манай нөхөр над руу утсаар залгаад “чи хаана байна, чиний гар утаснаас Г-н гар утас руу мессежүүд ирсэн байна, хаана байна чамайг ална” гээд утасны цаанаас хашгираад байхаар нь “чи учрыг нь ойлгоогүй байж юу гээд хуцаад байгаа юм” гээд утсаа тасалсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.С-н “...би эмнэлэг дээр очиход Б.Ж-ны хөмсөг нь задраад оёдол хийлгүүлж байсан бөгөөд юу болсон талаар тодруулж асуухад “У.Г намайг ингээд цохьчих лоо” гэж хэлснээс өөр зүйл ярихгүй байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 991 тоот нэмэлт дүгнэлт зэргээр гэм буруутай нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч У.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирол болох эмчилгээний зардлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Хохирогч Б.Ж нь ажилгүй байсан хугацааны хохирол 900.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтаа ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт У.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Г нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Э.БОЛОРМАА