Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00874

 

Б.М, Б.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00671 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.М, Б.Н нарын хариуцагч “ИӨ” ХХК-д холбогдуулан гаргасан 19 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхон 5 дугаар байр, 20 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071753 дугаартай 56 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүр, нэгж талбарын 18645312833036 дугаартай 56 м.кв талбай бүхий 000546794 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан. 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээг “ИӨ” ХХК-тай байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр хөрөнгө оруулалт хийн хамтран ажилласан. “ИӨ” ХХК-тай байгуулсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээнд заасны дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр хөрөнгө оруулалт хийж, 30.5 м.кв, 27.11 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах, төсөл хэрэгжүүлэх хугацаанд үйл ажиллагааны нөхөн олговорт 19 200 000 төгрөгийг авахаар тохиролцсон болно. Гэвч “ИӨ” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Нийслэлийн засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 дугаартай захирамжаар “ИӨ” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул өнөөдрийг хүртэл ажлын байргүй, орлогогүй байгаа тул 19 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 19 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Н нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 253 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр болохыг мэдэж байсан ба эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл намайг оролцуулаагүй нь талуудын тэгш байх, мэтгэлцэх нотлох баримт гаргах боломжоор хангаагүй. Хариуцагчтай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2 талт гэрээ байгуулаагүй ба өөр ямар нэгэн гэрээний харилцаа байхгүй. Гэтэл уг гэрээг үнэлж, нотлох баримт гаргах боломж олгоогүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нар нь улсын газар дахин бичиг баримт авсан талаар гэрч мэдүүлсэн байхад үнэлээгүй, хуурамч баримтаар нөхөн олговор нэхэмжилсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.М, Б.Н нар нь хариуцагч “ИӨ” ХХК-д холбогдуулан 19 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт 148 дугаартай гэрээ байгуулагдаж, Б.М, Б.Н, төсөл хэрэгжүүлэгчийг төлөөлж А.О-д нар гарын үсэг зуржээ./хх5-6/ Уг гэрээнд гарын үсэг зурсан А.О-д нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь хэрэгт авагдсан “ИӨ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иймд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдох асуудлаар тус компани нь иргэдтэй 2014 онд гэрээ байгуулсан, харин 2016 онд гэрээ хийгдээгүй гэх хариуцагч талын татгалзал тайлбар үндэслэл муутай байна.  

Уг гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхоны 5 дугаар гудамж 20 тоотод байрлах ахуйн зориулалттай 56 м.кв газар, 56 ам.метр хүнсний дэлгүүрийг Сансар хотхоны одоо байгаа байршилд 3 дугаар блок, 1 давхарын 10 тоот 30.05 м.кв, тус давхарт 11 тоотын 27.11 м.кв талбайтай шинэ орон сууцаар сольж, “ИӨ” ХХК нь үйлчилгээний газар ажиллуулж байсан байрны үйл ажиллагааны нөхөн олговорт 19 200 000 төгрөгийг Б.М, Хаан банкны дансанд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний агуулгаас үзвэл тодорхой хөрөнгийг хөрөнгөөр сольж, харилцан өмчлөлд шилжүүлэх агуулгатай арилжааны гэрээ байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх гэрээний 2.4 дэх заалтад 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн газар чөлөөлснийг, мөн нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг хариуцсаныг талууд баталгаажуулжээ. Иймд Б.М,, Б.Н нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Харин “ИӨ” ХХК нь үйлчилгээний газар ажиллуулж байсан үйл ажиллагааны нөхөн олговорт төлөх 19 200 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хариуцагч нь үгүйсгээгүй байх тул шүүх 19 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3, 261 дүгээр зүйлийн 261.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Мөн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хариуцагч “ИӨ” ХХК-ийн эрхийг 2018 онд цуцалсан нь /хх24,38/ үйл ажиллагааны нөхөн олговорт 19 200 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Хариуцагч “ИӨ” ХХК нь 3 талт гэрээ байгуулагдаагүй тул гэрээний 1.5-д зааснаар үүргийг шаардах эрхгүй гэснийг хүлээн авахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Учир нь 3 талт гэрээ байгуулаагүй гэдгээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүйгээс гадна нэгэнт иргэн газраа чөлөөлж, үйлчилгээний газраа нүүлгэн шилжүүлсэн нөхцөлд үйл ажиллагааны зардлыг нөхөн төлөх гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох, нотлох баримт гаргах боломжоор хангаж 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хойшлуулж, тов мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 76 дугаар зүйлд зааснаар явуулсан байна./хх76/

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт ирүүлсэн эмнэлгийн магадлагаа аль эмнэлгийнх болох нь тодорхойгүй байх бөгөөд эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй. Иймд шүүх хариуцагч талын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/00671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 253 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН  

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ