Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/958

 

 

 

 

 

      2021           11             09                                         2021/ДШМ/958       

                                                                           

Ч.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,                            

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяа, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Н.Баасанбат, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/971 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяагийн өмгөөлөгч Л.Бурмаа, шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран, өмгөөлөгч Ч.Содончимэг дангаар гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Эт холбогдох 2006000002820 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            У овгийн Ч-ын Э, 1961 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “...” харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ... дугаар хэсэг, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

            Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

           

            Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Мамба дацан” нийтийн байрны 1б-ын 55 тоотод хамт архи уусан Д.Баатартай маргалдаж улмаар толгой, болон биед нь олон тооны шарх, цус хуралтууд учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт,

мөн Г.Баатарсүхийг Д.Баатарыг өмөөрлөө гэж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Угтаал овогтой Чулуунбаатарын Эыг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ч.Эт оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Ч.Эын цагдан хоригдсон 302 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Эаас 7.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяад олгож, хохирогч Д.Баатарсүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяа нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяагийн өмгөөлөгч Л.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Э нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй , ар гэрээс нь ганц удаа уучлалт гуйгаагүй, оршуулгын зардал төлөөгүй байхад ялын доод хэмжээгээр ял оногдуулж байгаад гомдолтой байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяа нь оршуулгын зардал болох 16.068.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх 7.500.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Үлдэгдэл болох 8.586.000 төгрөгийг нотлох баримтгүй учраас тогтоолын хүрээнд хангах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нотлох баримттай гэж үзэж байгаа 7.500.000 төгрөг нь зөвхөн “Буян” ХХК-иас цогцсыг шатаах, хөшөөний чулуу босгох л үйлчилгээ авсны зардал бөгөөд үлдэгдэл нь зан үйл , буяны цайллагын зардал байсан. Тухайн үед амь хохирогчийн бүх зүйлийг хайрцаганд нь хийн шатааж, устгах эртний зан үйл хийх шаардлагатай байсан тул баримтуудыг гараар жагсааж бичсэн болно. Оршуулгын зан үйл, цайллаганд тодорхой зардал мөнгө гардаг гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Жагсааж бичсэн баримтаас харахад хэрээс хэтэрсэн зардал нэхэмжлээгүй бодит амьдралд нийцсэн зардал байхад хангаагүйд гомдолтой байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяагийн нэхэмжилсэн нийт 16.068.000 төгрөгөөс 7.500.000 төгрөгийг хангаж өгсөн бөгөөд үлдэгдэл 8.586.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би маш их гомдолтой байна. Миний аав нас бараад 1 жил 3 хоног болж байна. Энэ хугацаанд шүүгдэгч Ч.Э ар гэрээс нь нэг ч удаа уучлалт гуйж холбоо барьж эмгэнэл илэрхийлээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содномчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хавтаст хэргийн цугларсан нотлох баримт нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байгаа бөгөөд гомдол гаргагч талаас доорхи үндэслэлүүдийг гаргаж байна.

1. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2346 дугаартай дүгнэлтийн задлан шинжилгээний оношоор гавал тархины битүү гэмтэл, их бага тархины аалзан хальсан доорх тархмал болон голомтлог цус хуралт, зүрх судасны хурц дутагдал, тархи уушигны хаван хэмээн оношлосон байдаг.

Ялтны өмгөөлөх талаас ... зүрх судасны хурц дутагдал ... гэж оношлогдсон байгаа нь шинжээчийн дүгнэлтийн гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх дүгнэлтэнд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд зүрх судасны хурц дутагдал гэдэг нь өөрөө үхэлд хүргэх хэмжээний аюултай өвчин юм.

Амь хохирогч нь зүрхний эмгэг өвчтэй байсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй ба зүрхний архаг дутагдалтай байсан эсэх талаар тодруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Шинжээч эмчээс энэ талаар тодруулаагүй байдаг.

2. Хохирогч Г.Баатарсүх, гэрч Л.Цолмон, Х.Чулуунхүү нар нь Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн \Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх\ 2 дахь хэсэгт зааснаар... хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үед орхиж явах гэсэн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гаргасан байдаг.

Хэрвээ дээрхи хохирогч,  гэрчүүд амь хохирогч Д.Баатарыг гэрт нь ганцааранг нь орхиж явахгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн бол магадгүй хүний амь хохирохгүй байх боломжтой байжээ гэж үзэхээр байна.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг маш олон тооны ил шархтай байсныг тогтоосон ба хамт архи хувааж ууж байсан хүмүүс нь хохирогчийн биед үүссэн шархыг харахгүй байх боломжгүй юм. Яагаад гэвэл Ч.Эыг орж ирээд зодолдсоны дараа нэлээн хугацааны дараа цувраад явсан байдаг. Дээрхи гэрчүүдийг шүүх хуралд оруулах гээд хэд хэдэн удаагийн шүүх хурал хойшилж байсан. Иймд дээрхи хүмүүст хохирогчийг аюултай байдалд орхиж явсан талаархи гэмт хэргийн шинжтэй байсан талаархи мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байдаг юм.

3. Мөн хавтас хэргийн 32 дугаарт хохирогч Б.Баттуяагийн ...өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 18 цаг 21 минутанд талийгаач аавын минь төрсөн дүү Оюунчимэг над руу залгаад нөхөр болох Баатарсүх нь уржигдар буюу 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр манай эцэг болох Баатартай хамт Мамба дацангийн 1-ийн 55 тоотод хамт архи ууж байтал тухайн нийтийн байрны эзэн гэх өндөр залуу орж ирээд талийгаач Баатар болон Баатарсүх ах хоёрыг байрны төлбөр төлдөггүй гээд зодсон байна гэж надад хэлсэн.Тэгээд шөнө гэртээ хамар нь хугарсан цус нөж болсон орж ирсэн гэж Оюунчимэг эгч надад утсаар хэлсэн” гэсэн мэдүүлэг байдаг.

Ийм нэг эргэлзээ төрүүлэхээр мэдүүлэг авагдсан байдаг. Он сар андуурсан байж болох талтай ч Ч.Э нь байрны эзэн нь биш 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр тухайн айлд ороогүй байдаг юм.

Ч.Э болон өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байгаа болно” гэв.

 

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Ч.Содончимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хэсэгт дурьдахдаа: “...Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэжээ.

Мөн шүүх: “...Шүүгдэгч Ч.Э нь зодохдоо хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч ... ” гэснээс үзвэл Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу /1.1/ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний эрүүл мэндийн хувьд зүрх судасны өвчтэй, даралт тогтворгүй, насны хувьд хөгширсөн байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх нөхцөлийг авч үзэхийг хүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр, ял шийтгүүлсэн этгээд гомдол бичсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ гэснээр хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчид холбогдох хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хянаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Д.Баатарын амь насыг хохироосон гэж үзсэн. Үүнийг нь би хийгээгүй гэж үздэг. Шинжээчийн дүгнэлтээр зүрх судасны дутагдал гэсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Би 8 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Түүнээс хойш би дахин ороогүй. Би өглөө 7 цагаас ус хүргэдэг ажилдаа явсан. Байрны эзэн гэх Моломжамц надтай хамт ус хүргэлтэд явж байгаад замдаа үлдсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж үнэн зөвийг нь тогтоож өгнө үү” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2346 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.Баатарын биед маш олон тооны гэмтэл учирсан. Гэхдээ учирсан гэмтлээс Д.Баатарын амь насанд хохирол учирсан гэмтэл нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан. Зүрх судасны өвчний улмаас нас барсан гэх дүгнэлт гараагүй. Иймд нас барсан шинжээчийн дүгнэлтэд ямар нэг эргэлзээ байхгүй. Олон тооны гэмтэл авсан, гэхдээ Д.Баатарын үхэлд хүргэсэн шалтгаан нь тархины хүнд гэмтлийн улмаас болсон гэх дүгнэлт гарсан. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлага байхгүй. Хохирогч Г.Баатарсүх, гэрч Л.Цолмон, Х.Чулуунхүү нар гэх хүмүүсийг хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үед орхиж явах гэсэн гэмт хэргээр зүйлчлээгүй гэж байгаа боловч хэрэг гарах үед Г.Баатарсүх нь хохирогчийг өмөөрч өөрөө зодуулсан. Г.Баатарсүх нь зодуулаад гараад явсан. Д.Баатард ямар хэмжээний гэмтэл учирсан талаар мэдээгүй. Гэрч Л.Цолмон, Х.Чулуунхүү нар “Зодоон болсны дараа Д.Баатар ах орон дээр хэвтэж байсан. Би гарлаа гээд хэлээд гараад явсан” гэж мэдүүлдэг. Хохирогч тэр шөнө нас барсан. Харагдах байдлын хувьд хөлнөөс болон хамраас нь цус гарсан байдалтай байсан боловч үхэлд хүргэх хэмжээний хохирол учирсан байсан эсэхийг гаднаас хараад мэдэх боломжгүй байсан. Иймд эдгээр хүмүүсийг заавал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд зааснаар шалгах шаардлагагүй. Мөн хавтас хэргийн 32 дугаар талд авагдсан мэдүүлэгтээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяа шүүхийн шатанд алдаа, зөрүүтэй хэлсэн байх гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүх гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг гаргасан. Бусад зардлыг гаргах гэсэн боловч холбогдох баримт байгаагүй тул хэдэн төгрөг гэдгийг тодорхойлох боломжгүй байсан тул шүүх 8.586.000 төгрөгийг гаргуулахад эргэлзээ төрсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын байр суурь нь нэг байвал зүгээр байдаг. Гэтэл нэг өмгөөлөгч нь мөрдөн байцаалтад буцаах, нөгөө нь хөнгөрүүлэх саналтай гэж байна. Мөрдөн байцаалтад буцаах гомдлын тухайд хэрэгт хангалттай нотлох баримтыг тогтоож бүрдүүлсэн байх тул хэргийг прокурор буцаах шаардлагагүй гэж үзэж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх гомдлын тухайд хэрэг гараад 1 жил өнгөрсөн байхад хохирогчид ямар нэг байдлаар хохирол төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд мөрдөн байцаалтад буцаах болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Мамба дацан” нийтийн байрны 1б-ын 55 тоотод Д.Баатартай маргалдаж улмаар толгой, болон биед нь олон тооны шарх, цус хуралтууд учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг,

 

мөн хохирогч Г.Баатарсүхийг Д.Баатарыг өмөөрлөө гэж хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Баттуяагийн “...такси бариад аавын амьдарч байсан өрөөнд яваад ортол орон дээрээ хөдөлгөөнгүй байсан. Тэгээд би аав аав гэж дуудахад сэрэхгүй байхаар нь  102-т залгаж дуудлага өгсөн...” /1хх 32/,

хохирогч Г.Баатарсүхийн “...гэнэт л гаднаас хаалга хүчтэй түлхээд нэг өндөр бараан царайтай эрэгтэй хүн орж ирсэн. Д.Баатар ахыг орноос татаж унагаагаад өшиглөхөөр нь би “наад хүнээ яаж байна аа” гэж хэлтэл тэр хүн намайг хөлнөөс татахаар нь би орны толгойноос зуурсан ба намайг өшиглөөд байхаар нь хөл гараа хамгаалсан. Хөлөөрөө миний гар хөл, биеийн хэсэг рүү өшиглөж байсан ба гараараа нүүр хэсэг рүү цохиж гэмтээсэн. Д.Баатар ах бид хоёрыг тэр хүн зодож байхад Чука, Цолмон хоёр хажууд байж байсан...” /1хх 38-40/,

    гэрч Д.Удвалцэцэгийн “...2020 оны 11 дүгээр сарын 6-ны өглөө 11 цагийн орчимд Д.Баатарын өрөөний хаалга хагас онгорхой байхаар нь шагайтал Д.Баатар гэх хүн орон дээрээ царай нь эвгүй болчихсон, нүд ам нь хөхөрчихсөн, хөл нь цус болсон байхаар нь буцаж гарч ирээд утсаа цэнэглэж байгаад Д.Баатарын охин руу утсаар мэдэгдсэн...” /1хх 44-46/,

    гэрч С.Моломжамцын “...18 цаг өнгөрч байхад Ч.Э нь манайхаас гарсан. Гараад удаагүй 2-5 минутын дараа л байх гэж бодож байна коридорт хүмүүсийн чанга дуугарах чимээ гарахаар нь би араас нь гараад хартал амь хохирогч Д.Баатарын байж байсан өрөөний хаалга онгорхой Ч.Э дотор ороод зогсчихсон байхаар нь би яваад ортол Ч.Э нь Д.Баатар гэх хүнийг цохиод унагаж байгаа бололтой байсан. Ч.Эын толгой хэсэгт хагарсан цус гарсан байдалтай байсан. Д.Баатар дотоожтой бусад хэсгээрээ хувцас өмсөөгүй байсан, Ч.Э нь намайг харж байхад шууд Д.Баатарын нүүр толгой хэсэг рүү хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Би ороод “болохгүй” гээд салгаад аваад гарсан. Д.Баатарын гэр дотор эмх замбараагүй болсон архины шил хагарсан зодоон цохион болсон шинжтэй байсан. Д.Баатарын гэрийн цоож эвдэрсэн, мултарсан байдалтай надад харагдсан...” /1хх 50-52/,

     гэрч Л.Цолмонгийн “...Миний бие согтсон байсан ба 18 цаг өнгөрч байхад гаднаас нэг өндөр бараан царайтай ах орж ирсэн. Орж ирэхдээ хаалгыг гаднаас нь хүчтэй татаад ороод ирсэн. Орж ирэхдээ согтуу байсан ба бид нарын архинаас хамт хувааж уусан. Тэгж байхдаа талийгаач Д.Баатар ахтай маргалдаж эхэлсэн. Маргалдсан шалтгааныг нь бол санахгүй байна. Мөнгө төгрөг нэхсэн үү, архи дарс нэхсэн үү мэдэхгүй байна. Тэгээд тэр хүн Г.Баатарсүх ах руу дайраад толгой, нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж цохиж эхэлсэн. Тэр үед Д.Баатар ах Г.Баатарсүх ахыг өмөөрөөд тэр хүнтэй зодолдсон. Тэгэхэд нөгөө өндөр хар царайтай танихгүй ах Д.Баатарыг цохиж түлхэж унагааж байсан. “Та нар гадны новшнууд манай байранд томрохгүй шүү” гэж хэлээд л Д.Баатар ахыг цохиж байсан. Тэгж зодож цохих үед Д.Баатар ах төмөр орны толгой руу мөргөх, хана мөргөж унаж байсан. Тэр үед Г.Баатарсүх ах зугтаагаад гараад явчихсан...”  /1хх 56-58/,

 

       гэрч Х.Чулуунхүүгийн “...Би ууж байгаад согтоод унтсан байсан ба 19 цагийн орчим гаднаас нэг танихгүй өндөр бараан царайтай эрэгтэй хүн орж ирээд Д.Баатар руу “чи муу энд хүмүүс цуглуулж архи уулаа, чамайг хөөж гаргана” гэх зэргээр талийгаачийг дээрэлхэж эхэлсэн. Тэгээд шууд Д.Баатарын толгой хэсэг рүү цохиж байсан. Гэтэл Д.Баатар шилээр нөгөө хүний толгой хэсэг рүү цохиулж хагалсан. Тэр хүн зөрүүлээд Д.Баатарын толгой, цээж биен дээр нь олон удаа хөлөөрөө дэвсэж байсан. Тэгээд Д.Баатарын хүргэн нь өмөөртөл түүнийг бас гар хөлөөрөө цохиж байсан. Араас нь байрны эзэн нь гэсэн байхаа нэг эрэгтэй орж ирээд нөгөө хүнийг аваад гарсан...” /1хх 60-62/,

   шинжээч эмч С.Одончимэгийн “...дээрхи гэмтлүүд нь амьд сэрүүн байх үед нь үүссэн гэмтлүүд. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зодох, өшиглөх, дэвсэх мэт хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлүүд байна. Хүчтэй өвдөлттэй байдаг. Тухайн үхэлд хүргэсэн хүнд гэмтлийг аваад удахгүй нас байсан байх ёстой...” /1хх 125/ гэх мэдүүлгүүд,   

   “Д.Баатарын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Д.Баатар нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Д.Баатарын биед үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдохгүй байна. Олон хавирганы хугарал болон өвчүүний хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна...” /1хх 73-83/ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2346 дугаартай дүгнэлт /1хх 73-83/,

 

  “Г.Баатарсүхийн биед зүүн зулайн хуйх, хамарт няцарсан шарх, цээж, баруун мөр, бугалга, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12972 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 103-104/,

 

    гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 79-83/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-24/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-28/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Ч.Эын Д.Баатартай маргалдаж улмаар толгой, болон биед нь олон тооны шарх, цус хуралтууд учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,

мөн Г.Баатарсүхийн Д.Баатарыг өмөөрлөө гэж хөлөөрөө өшиглөж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2346 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ч.Э нь амь хохирогч Д.Баатарын толгой болон биед нь олон тооны шарх, цус хуралтууд учруулан онц харгис хэрцгийгээр хүнийг алсан болох нь тогтоогдож байх бөгөөд Ч.Эаас өөр хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь толгой болон биед нь олон тооны шарх, цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүгдэгч Ч.Э нь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.  

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Ч.Содончимэг дангаар гаргасан “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу /1.1/ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчид холбогдох хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хянаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ”, 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заажээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь субъект урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн, гадна объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг хэлнэ.

Шүүгдэгч Ч.Эт холбогдох хэргийг хянан үзэхэд, түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяагийн өмгөөлөгч Л.Бурмаагийн  “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяагийн нэхэмжилсэн нийт 16.068.000 төгрөгөөс 7.500.000 төгрөгийг хангаж өгсөн бөгөөд үлдэгдэл 8.586.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна. Учир нь,

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд, амь хохирогч Д.Баатарын оршуулгын зардалд нийт 16.068.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд үүнээс 7.500.000 төгрөгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяа нь “зан заншлын дагуу хохирлын баримтыг ажил явдлын үед шатаасан” талаарх мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзээд, түүний нэхэмжлэлээс 49 хоногт зарцуулсан гэх 1,480,000 төгрөгийг хасаж, ажил явдлын үед зарцуулсан нийт 14,588,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Эаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяад олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.            

Гэхдээ анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар Ч.Эын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заажээ. 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчилж эхэлснээс хойш хэргийг шүүхээр шийдвэрлэж байгаа тул шүүгдэгч Ч.Эт холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж,  бусад хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяагийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран, өмгөөлөгч Ч.Содончимэг дангаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эын цагдан хоригдсон 366 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/971 дугаартай шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж,

- тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Эаас 14.588.000 /арван дөрвөн сая таван зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттуяад олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баттуяагийн өмгөөлөгч Л.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар хамтран, өмгөөлөгч Ч.Содончимэг дангаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эын цагдан хоригдсон 366 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ