Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө.А-д холбогдох эрүүгийн 1720000420025 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, Б овогт Ө.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ө.А нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах ШТС-ын түгээгчээр ажиллаж байсан Н.И-г ялимгүй зүйлээр шалтаглан зодож улмаар түүний зүүн гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ө.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: 2017 оны 07 сарын 29-ний өдөр гэртээ архи уучихсан согтуу байсан. Гэрээс гараад зам дээр зогсож байтал найз Р-н машин явж байсан бөгөөд машиныг нь найз Л жолоодоод явж байсан. ...Р-н гэрийн гадна очоод түүнийг гарч ирэхэд нь Л машинд нь бензин хийж өгье гэж хэлсэн ингээд бид гурав клонк дээр очоод бензин авах гэж зогсож хэсэг хүлээсэн хүн нь гарч ирэхгүй болохоор машинаа сигналдаад бензин авъя гэж орилоход эсрэг талд клонкын гадна сууж байсан хэдэн залуучууд бензин өгөхгүй гээд байгаа юм биш үү гэсэн, тэгээд бид гурав машинтай тэр гурван залуу дээр очсон. Р түрүүлж машинаас буугаад тэдгээр залуучууд дээр очиж уулзсан. Би Р-г тэр залуучуудтай маргалдаж байна гэж бодоод араас нь бууж очиход тэр гурван залуу дунд миний зүс таних Н сууж байсан. Би тэр гурвыг Р-тай маргалдаж байна гэж уурлаад Н-г заамдсан тэгэхэд Р намайг боль гэж хэлсэн. Мөн нэг залуу нь та болиоч гээд миний гарнаас зуурахаар нь тэр залууг гарнаас нь бариад түлхэхэд тэр газар уначихсан. Тэр босч ирээд зүүн гараа бариад гар эвгүй болчихлоо гээд байсан. ...И гэх залуу гарнаас зуураад байхаар нь тавиулах гэж байгаад л биед нь гэмтэл учруулсан гэжээ. /хх-ийн 36-37/  

-Хохирогч Н.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 сарын 29-ний өдрийн 08 цагаас 30-ны өдрийн 08 цаг хүртэл клонкын шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллах ажлын хувиартай ажиллаж байсан юм. Шөнө 01 цагийн орчим найз Н над руу утсаар залгаад хаана байгаа талаар асуусан, би түүнд ажил дээрээ байна гэхэд Ганзам дэлгүүрийн урд хүрээд ир гэсэн. Би ган зам дэлгүүрийн урд очиход Н дүү Б-н хамт явж байсан. Бид 3 Уужим хүнсний дэлгүүрээс 0,5 л 2 лааз пиво аваад манай ажлын гадна зүүн талд пивоо уугаад юм яриад байж байтал зэргэлдээ байх клонк дээр бараан өнгийн корвн маркийн суудлын машин бензин авах гэж зогсоод түгээгчийг дуудаж нилээн удаа сигнаалдсан. Тэгэхэд түгээгч нь гарч ирэхгүй байсан. Би тэр залуучуудад хандаж наана чинь бензин байхгүй, согтуу хүмүүст үйлчлэхгүй гэж хэлээд сууж байсан газраасаа орилж хэлэхэд тэр залуучууд бидний хажууд машинтайгаа хүрч ирсэн. Машин дотороос өндөр, намхан хоёр залуу бууж ирээд намхан залуу нь Н-д хандаж чи юм хэлсэн үү, юу гээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхэд өндөр залуу нь Н-г таниад чи Н мөн үү гэсэн. Тэгэхэд Н намхан залууг нь нүүрлүү нь гараараа цохилуу эсхүл толгойгоороо мөргөх шиг болсон. Тэгэхэд өндөр залуу нь чи манай найзыг цохилоо гээд Н-г замадаад хоолойг нь боосон. Н-н хоолой нь боогдоод ухаан алдах гээд байсан болохоор нь би тэр өндөр залууд яаж байгаа юм бэ наадах чинь ухаан алдах гээд байна ш дээ болиоч гэж хэлээд гарыг нь тавиулах гэж оролдсон. Тэгэхэд тэр өндөр залуу над руу дайрч миний зүүн гарын бугуйны гадна талаас хоёр гараараа барьж дотор тал руу нь мушигсан. Миний гар хөшигдөж тохойны үе орчмоор их өвдсөн энэ үед гар мушигсан залуу миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохисон. Гар маш их өвдөж байсан болохоор ухаан балартаж газар унсан. Тэгэхэд тэр хоёр залуу Н-г машин руугаа суулгах гээд байсан. ...А-с учирсан хохирлоо нөхөн төлүүлж авсан, хэргийн талаар ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  /хх-ийн 8-10, 44/

- Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...03 цагийн орчим хар өнгийн кровн маркийн машин ирж зогсоод сигнаалдаад байхаар нь И бид хоёрын хэн нэг нь бензин дууссан гэж хэлэхэд машинтайгаа хажууд хүрч ирсэн. Тэгэхэд машинаас Р цагдаа бууж ирэхэд жолоочийн эсрэг талын суудлаас танил А ах бууж ирээд миний нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохиход би түүнийг яагаад байгаа юм бэ гэхэд тэр намайг заамдаад фудболкны захаар боосон би түүнд ухаан алдах гээд байна ш дээ тавьчихлдаа гэж хэлэхэд намайг машин руугаа чирээд байсан. Тэгэхээд И А-н гарнаас нь барьчихсан ахаа та тавьчихлдаа наадах чинь ухаан алдах гээд байна ш дээ  гэсэн. Тэгээд би юу болсоныг санахгүй байна, нэг ухаан ороход эмнэлэгийн гадаа машин дотор сэрсэн. Машин барьж байсан залуу намайг эмнэлэг рүү орж үзүүл гээд явсан гэжээ. /хх-ийн 21-23/

-Гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...клонк дээр очоод сигнаалдахад түүгээгч нь гарч ирэхгүй байсан. Тэгтэл нөгөө талын клонкоос нь хэдэн согтуу залуучууд орилоод байсан. Бензин өгөхгүй гэлүү бензин дуусчихсан гээд байх шиг байсан. Би сайн сонсоогүй. Тэгээд бид нар машинтайгаа тэр залуучуудын сууж байсан клонк дээр очсон. Р машинаас эхлэж буугаад тэр залуучуудтай уулзсан. А миний таньдаг дүү байна гээд араас нь буугаад тэр гурван залуу дээр очоод маргалдаж А нэг залууг нь нүүрлүү нь цохиод заамдсан. Хажууд нь байсан залуу болон Р нар А-г тэр залуугаас салгах гэж оролдсон. Тэгэхэд А салгах гэж оролдсон залууг нүүрлүү нь цохиход тэр газар унасан энэ үед нөгөө талын клонкоос нэг эмэгтэй ажилтан ирж та нар больцгоо гэсэн гэжээ.   /хх-ийн 26-27/

-Гэрч Х.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Тэнд 10 гаруй минут зогссон байх сигналдаад хүн гарч ирээгүй. Тэндээсээ хөдлөөд баруун талд байдаг ШТС дээр очоод зогссон чинь клонкын ард хүмүүс шуугилдаад байх шиг байсан би машинаас буугаад очтол манай найз А.С хуурай дүү Н гараад ирсэн. Би бензин өгч байна уу гэтэл А бууж ирээд шууд Н-г чи манай найзыг яагаад байгаа юм бэ гээд заамдаад нэг, хоёр цохиод авсан. Би голоор нь орж салгах гэж байгаад Н-н тохойгоор нь хамарлуугаа цохиулаад хамараас цус гараад тогтохгүй байхаар нь би буцаад машин руугаа ороод 00 цаас аваад цусаа тогтоох гээд жаахан удсан. ...Дараа нь харин А би цохичихсон чинь нэг эвгүй унасан тэгэхдээ хугарсан байх гэж ярьж байсан гэжээ. /хх-ийн 28-29/

-Шинжээчийн дүгнэлт: 1.Н.И-н биед зүүн атгаал ясны доод булууны үен доторх бяцарсан далд хугарал, баруун нүдний ухархайн ясны дотор хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 38/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 39/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 43/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 45-46/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч Ө.А нь 2017 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах ШТС-ын түгээгчээр ажиллаж байсан Н.И-г ялимгүй зүйлээр шалтаглан зодож улмаар түүний зүүн атгаал ясны доод булууны үен доторх бяцарсан далд хугарал, баруун нүдний ухархайн ясны дотор хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.И-н “...Тэгэхэд тэр өндөр залуу над руу дайрч миний зүүн гарын бугуйны гадна талаас хоёр гараараа барьж дотор тал руу нь мушигсан. Миний гар хөшигдөж тохойны үе орчмоор их өвдсөн энэ үед гар мушигсан залуу миний баруун нүдрүү гараараа нэг удаа цохисон. Гар маш их өвдөж байсан болохоор ухаан балартаж газар унсан.” гэх мэдүүлэг, гэрч С.Л-н “...Хажууд нь байсан залуу болон Р нар А-г тэр залуугаас салгах гэж оролдсон. Тэгэхэд А салгах гэж оролдсон залууг нүүрлүү нь цохиход тэр газар унасан” гэх мэдүүлэг, гэрч Х.Р-н “...Дараа нь харин А би цохичихсон чинь нэг эвгүй унасан тэгэхдээ хугарсан байх гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар гэм буруутай нь тогтоогдсон.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ө.А-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.А нь оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Э.БОЛОРМАА