Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01036

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/01036

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, . хороо, А гудамж өөрийн байранд оршин байгаа, Н ХХК /рд:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . хороо, Б гудамж , Х төвийн ард, . тоот хаягт оршин байгаа, М ХХК /рд:5070562/-д холбогдох,

 

53,545,649 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баасангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь М ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүдэд зээлийн тооцоогоор бараа нийлүүлэн, борлогдсон барааны төлбөр тооцоог тухай бүр хийж ажилласан. 2015 оны 10 сараас барааны төлбөр тооцоог хугацаанд нь хийхгүй байсан тул үлдэгдэл барааг 2015 оны 11 сард буцаан татаж, үлдэгдэл тооцоог 1 сарын дотор барагдуулахаар 2016 оны 01 сарын 11-ний өдөр нийт 57,867,345 төгрөгийг тооцооны акт хийсэн. 2016 оны 5 сарын 06-ны өдөр бараа солилцоогоор М ХХК-ийн импортлон оруулж ирдэг бараанаас 4,299,696 төгрөгийн барааг авч тооцоог бууруулсан. Гэвч өнөөдрийн байдлаар 53,545,649 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул нийт 53,545,649 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 53,545,649 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М ХХК-д нэхэмжлэлийн хувийг 2016 оны 7 сарын 22-ны өдөр гардуулж, 2016 оны 8 сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай хариу тайлбараа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн боловч М ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. /хх-29х/

Мөн хариуцагч талд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй хэдий ч хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актууд, нэхэмжлэгч талын тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба Н ХХК-иас бараа нийлүүлдэг, М ХХК барааг хүлээн авдаг, хүлээн авсан барааны тооцоог нийлдэг, тооцоо нийлсний дараа төлбөрийг гүйцэтгэдэг байсан гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан үйл баримт нотлогдож байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч Н ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа нийлүүлэх, худалдан авагч М ХХК нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч Н ХХК нь 53,545,649 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох зорилгоор 2016 оны 5 сарын 24-ний өдөр тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг баримтад нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын нягтлан бодогчид гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-13х/

Хариуцагч М ХХК нь дээр дурдсан бичгийн нотлох баримтанд дурдагдсан тооцоог үгүйсгээгүй, мөн өмнө дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар шүүхэд аливаа тайлбар гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, 53,545,649 төгрөгийг гаргуулах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 53,545,649 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 425,678 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас тэмдэгтийн хураамжид 425,678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР