| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2017/0117/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-03-21 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Ч.Барамсай,
хохирогч, шүүгдэгч Б.Батсуурь, тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0518),
хохирогч, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Төлөөгүүд овогт Чулууны Барамсай, Төлөөгүүд овогт Барамсайн Батсуурь нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, Бөө овогт Ганбаатарын Бат-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010281 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Төлөөгүүд овогт Чулууны Барамсай, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тариалан суманд 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс хотон, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, бэр, ачийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 9 дүгээр гудамж 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОИ67101516.
2. Төлөөгүүд овогт Барамсайн Батсуурь, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс хотон, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн баян уулын 9 дүгээр гудамж 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УП95110619.
3. Бөө нар овогт Ганбаатарын Бат-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Сонгино суманд 1983 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 7 дугаар гудамж 7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИЭ83041615.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Яллагдагч Ч.Барамсай, Б.Батсуурь нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны автобусны буудлын зүүн талд иргэн Г.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл хааж зогслоо гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
яллагдагч Г.Бат-Эрдэнэ нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны автобусны буудлын зүүн талд Ч.Барамсайг тээврийн хэрэгсэлийн хаалга чанга хаалаа гэж маргалдах явцдаа түүний хүү Б.Батсуурийг аавыгаа өмөөрч хэл амаар доромжиллоо гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Батсуурийн нүүрэн тус газарт цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч, шүүгдэгч Ч.Барамсай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хохирогч, шүүгдэгч Б.Батсуурь нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хохирогч, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг өнгөрч байхад...өөрийн эзэмшлийн 78-66 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо...Баянхошууны шинэ эцсийн автобусны буудалын зүүн талын авто зогсоолд...32-47 УБР улсын дугаартай...тээврийн хэрэгслийн хажууд зогссон. Тэгэхэд уг тээврийн хэрэгсэл дотроос Барамсай гэх хүн бууж ирээд хаалга онгойлгосоноо би гарах гэж байхад чи юугаа хийгээд зогсчихов оо гээд байсан. Тэгэхээр нь би өө би мэдсэнгүй, түрүүн гарч байхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Барамсай гэх хүн намайг чи ер нь хэн юм пизда минь гэж хэлээд миний машины жолооч талын хаалгыг хүчтэй хаасан. ...Ингээд би Барамсай гэх хүнтэй маргалдсан, тэр хүн намайг заамдаж аваад байхаар нь би цаашаа түлхсэн... Намайг маргалдаад байж байсан чинь хажуунаас Батсуурь гэх залуу намайг хувцаснаас заамдаад авсан. Батсуурь, Барамсай гэх хоёр хүн заамдаж авсанаа Барамсай нь миний хөмсөг хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгсэн чинь хажуунаас Батсуурь миний шанаа хэсэг рүү гараараа цохиод авсан. Би...тэр хоёрт нүүрэндээ цохиулаад манараад доошоо болсон чинь Батсуурь гэх залуу нь үснээс зулгаагаад дарж байгаад хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
2. Хохирогч Б.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 15 цагийн орчимд аав Барамсайн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо...Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлын зүүн талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 32-47 УБР улсын дугаартай...тээврийн хэрэгсэлтэй ирж зогссон. Би тээврийн хэрэгсэлдээ сэлбэг авахаар...дэлгүүр орсон чинь хаалттай байсан. Тэгэхлээр нь буцаад тээврийн хэрэгсэл дээрээ...ирэхэд 78-66 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийг хаагаад зогссон байсан. Тэгэхэд аав Барамсай миний тээврийн хэрэгслээс буугаад хааж зогссон тээврийн хэрэгслийн жолоочид хэлээд холдуулаадахий гээд буусан. Намайг тээврийн хэрэгсэл дотроосоо харж байхад аав Бат-Эрдэнэ гэх залуутай маргалдаад...Бат-Эрдэнэ аавын шанаа хэсэгт нь гараараа цохиод газар унагаасан. Тэгэхлээр нь би очоод чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд Бат-Эрдэнэ миний хоолойноос боогоод хувцаснаас заамдахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. ...Бат-Эрдэнэ...миний зүүн нүд хэсэг рүү цохиод авсан. Намайг цохиод авахаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь цохисон. Бат-Эрдэнэ бид хоёрыг маргалдаж байхад аав салгах гээд хажууд зогсож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
3. Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо...Баянхошууны шинэ эцсийн буудлын ойролцоо такси үйлчилгээнд явах гэж байсан чинь Барамсай, Батсуурь гэх хүмүүс верна маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсоол дээрээс хөдлөх гэтэл ар талд нь Бат-Эрдэнэ гэх залуу тээврийн хэрэгсэлтэйгээ хаагаад зогсчихсон байсан. Барамсай гэх хүн верна маркийн...тээврийн хэрэгсэл дотороос бууж ирээд Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэлийн хаалгыг онгойлгож байгаад маргалдаад байсан. Барамсай гэх хүн Бат-Эрдэнийн тээврийн хэрэгслийн хаалгыг хаасан чинь Бат-Эрдэнэ машин дотроосоо бууж ирээд Барамсайтай заамдалцаж аваад нүүрэн тус газар нь гараараа цохиод авахад цаанаас Батсуурь гэх залуу машин дотроосоо бууж ирээд Бат-Эрдэнэтэй заамдалцаад нэгнийхээ нүүрэн тус газар цохиод зодолдоод байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
4. Гэрч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны шинэ эцэст такси үйлчилгээнд явах гээд зогсоол дээр зогсож байсан чинь ар талд Барамсай, түүний хүүхэд хоёр тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Батсуурийн тээврийн хэрэгсэлийн ар талд Бат-Эрдэнэ гэх залуу тээврийн хэрэгсэлтэйгээ хаагаад зогсчихсон байсан. Тэгсэн чинь Барамсай тээврийн хэрэгсэлээсээ бууж ирээд Бат-Эрдэнэ гэх залуугийн тээврийн хэрэгсэлийнх нь хаалгыг онгойлгож байгаад Би автомашинаа гаргамаар байна, чи холдоод өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гэх залуу би зогсоол дээрээ байна, холдохгүй гэж хэлсэн. Барамсай Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэлийнх нь хаалгыг хүчтэй хаачихсан чинь Бат-Эрдэнэ гэх залуу автомашинаасаа бууж ирээд чи яахаараа миний автомашины хаалгыг хүчтэй хаадаг юм гэж хэлээд Барамсайг заамдаж аваад гараараа нэг удаа цохисон. Барамсай, Бат-Эрдэнэ нар маргалдаад нэгнийхээ хувцаснаас заамдалцаад зогсож байсан чинь Батсуурь тээврийн хэрэгсэлээсээ бууж ирээд Бат-Эрдэнэ гэх залууг цохиод байсан. Тэгсэн чинь Бат-Эрдэнэ зөрүүлээд Батсуурийн нүүрэнд нь гараараа цохисон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
5. Гэрч А.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр...Баянхошууны шинэ эцсийн буудлын ойролцоо нүүрсний үнэ асуугаад явж байсан чинь Барамсай гэх хүнийг Бат-Эрдэнэ гэх залуу тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд нүүрэн тус газар нь цохиод унагасан. Тэр хоёрыг хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаад байж байхад Батсуурь гэх залуу тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд Бат-Эрдэнэтэй маргалдаад заамдалцаад авсан. Батсуурь, Бат-Эрдэнэ хоёр маргалдаад байж байснаа нэг нэгнийхээ нүүрэнд цохиод зодолдоод эхэлсэн. Би очоод салгах гээд дундуур нь ороод байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2055 дугаар актад:
...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний алиманд цус хурсан. Баруун хөмсөгний дотор буланд 0.8Ч0.4 см хүрэн, баруун нүдний доод зовхинд 0.5Ч0.5 см, 0.4Ч0.4 см хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ:
1. Г.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь тал),
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2124 дугаар актад:
...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны дунд хэсэгт 2.5Ч2.5 см хүрэн ягаан өнгийн зах хэсгээрээ бүдэг шаргал туяа бүхий цус хуралттай, тэмтрэхэд зүүн хажуу хэсгээр өвчин эмзэглэлтэй. Зүүн нүдний доод зовхинд 0.3Ч0.2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай... ДҮГНЭЛТ:
1. Б.Батсуурийн биед хамрын ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35 дахь тал),
8. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр...Баянхошууны шинэ эцсийн буудлын ойролцоо байрлах автомашины зогсоол дээр...32-47 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй зогссон. 32-47 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Барамсай гэх хүн бууж ирээд хаалга онгойлгоод тээврийн хэрэгслээ гаргах гэж байхад яагаад хаагаад зогсчихов оо гэж хэлсэн. Тэгэхлээр нь би за за одоо би гарлаа, сая гарахгүй яасан юм бэ гэж хэлтэл Барамсай гэх хүн намайг хэл амаар доромжлоод...машины хаалгыг саваад хүчтэй хаасан. ...миний тээврийн хэрэгсэлийн хаалгыг хүчтэй хаагаад байхаар нь би автомашинаасаа буусан чинь Барамсай гэх хүн намайг хэл амаар доромжлоод хоолойноос боогоод заамдаад авсан. Тэгэхээр нь би та одоо яагаад байгаа юм бэ гэж хэлээд Барамсай гэх хүнийг гараараа бие рүү нь түлхээд газар унагасан...чинь цаанаас Батсуурь гэх залуу ирээд чи муу яах гээд байгаа пизда вэ гэж хэлээд намайг заамдаад авсан. ...Барамсай намайг боож байснаа хөмсөг хэсэг рүү гараараа цохиод, Батсуурь нь бас миний нүүрэн тус газар руу гараараа цохиод авсан. ...Намайг үсдээд доошоо дарж байгаад Батсуурь хөлөөрөө миний элэг хэсэг рүү өшиглөсөн. Намайг зодоод байхаар нь өөрөөсөө холдуулах гээд Батсуурь гэх залууг гараараа саваад цохисон. ...Барамсай гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин Батсуурь бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),
9. Шүүгдэгч Б.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр...аав Барамсай бид хоёр сэлбэг авахаар 16 цагийн орчимд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо байрлах Авто сэлбэгийн дэлгүүр орсон. ...зогсоол дээр байрлуулаад...буцаад тээврийн хэрэгсэл дээрээ очсон...тээврийн хэрэгсэлийн ар талд хаагаад 87-66 УНГ улсын дугаартай Раван маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...аав Барамсай би буугаад автомашинаа холдуул гээд хэлчихье гээд...буугаад...Бат-Эрдэнэтэй маргалдаад байсан. Аав Барамсай тэр Бат-Эрдэнэ гэх залуугийн тээврийн хэрэгсэлийнх нь хаалгыг хүчтэй хаасан чинь Бат-Эрдэнэ гэх залуу уурлаад тээврийн хэрэгсэл дотроосоо гарч ирээд...аав Барамсайтай маргалдаад заамдалцаж аваад нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. ...би өөрийнхөө тээврийн хэрэгсэлээс буугаад Бат-Эрдэнэтэй маргалдсан. Бат-Эрдэнэ намайг очсон чинь миний нүүрэн тус газар руу цохисон. Бат-Эрдэнэ надтай заамдалцаад дахиад нүүрэнд цохиод байхаар нь би Бат-Эрдэнийн элэг хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
10. Шүүгдэгч Ч.Барамсайн мөрдөн байцаалтөд өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ 200 гр архи ганцаараа уусан юм. Тухайн өдөр Баянхошууны автобусны ойролцоо байх автомашины сэлбэгийн дэлгүүрийн ойролцоо хүү Батсуурийн машиныг байршуулан зогсоосон байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа Бат-Эрдэнэ гэх залуу өөрийнхөө машиныг манай машины ар талд хаагаад зогсчихсон байсан. Би Бат-Эрдэнийн машины хаалгыг онгойлгоод Бид нар машинаа гаргах гэсэн юм, холдчих гэтэл тэр залуу би зогсоол дээрээ зогсож байна гээд байхаар нь машины хаалгыг нь хүчтэй хаачихсан юм. Гэтэл Бат-Эрдэнэ уурлаад чи миний машины хаалгыг хүчтэй хаадаг хэн бэ гээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаад авсан чинь миний нүүрэн тус газар цохисон. Энэ үед манай хүү Батсуурь ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад бие биенээ заамдалцаад нэг нэгийгээ цохиод байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 4), хэргийн газрын үзлэгийг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12), мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (7-9)
- Шүүгдэгч, хохирогч нарын иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 84, 83, 85), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 72, 75, 74), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71, 70, 80), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 82, 81), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 73), шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 87-99, 118), цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 100-115) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:
Нэг. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Барамсайг Б.Батсуурьтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны автобусны буудлын зүүн талд иргэн Г.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл хааж зогслоо гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, дараах үндэслэлээр шүүгдэгч Ч.Батсуурь танхайрах гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож байна. Үүнд мөрдөн байцаалтад:
1. Хохирогч Б.Батсуурийн өгсөн ...аав Барамсай миний тээврийн хэрэгслээс буугаад хааж зогссон тээврийн хэрэгслийн жолоочид хэлээд холдуулаадахий гээд буусан. Намайг тээврийн хэрэгсэл дотроосоо харж байхад аав Бат-Эрдэнэ гэх залуутай маргалдаад...Бат-Эрдэнэ аавын шанаа хэсэгт нь гараараа цохиод газар унагаасан. ...Бат-Эрдэнэ бид хоёрыг маргалдаж байхад аав салгах гээд хажууд зогсож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17, 18),
2. Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: ...Барамсай гэх хүн Бат-Эрдэнийн тээврийн хэрэгслийн хаалгыг хаасан чинь Бат-Эрдэнэ машин дотроосоо бууж ирээд Барамсайтай заамдалцаж аваад нүүрэн тус газар нь гараараа цохиод авахад цаанаас Батсуурь гэх залуу машин дотроосоо бууж ирээд Бат-Эрдэнэтэй заамдалцаад нэгнийхээ нүүрэн тус газар цохиод зодолдоод байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
3. Гэрч Б.Даваадоржийн өгсөн: ...Барамсай тээврийн хэрэгслээсээ бууж ирээд Бат-Эрдэнэ гэх залуугийн тээврийн хэрэгсэлийнх нь хаалгыг онгойлгож байгаад Би автомашинаа гаргамаар байна, чи холдоод өг гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ гэх залуу би зогсоол дээрээ байна, холдохгүй гэж хэлсэн. Барамсай Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэлийнх нь хаалгыг хүчтэй хаачихсан чинь Бат-Эрдэнэ гэх залуу автомашинаасаа бууж ирээд чи яахаараа миний автомашины хаалгыг хүчтэй хаадаг юм гэж хэлээд Барамсайг заамдаж аваад гараараа нэг удаа цохисон. Барамсай, Бат-Эрдэнэ нар маргалдаад нэгнийхээ хувцаснаас заамдалцаад зогсож байсан чинь Батсуурь тээврийн хэрэгслээсээ бууж ирээд Бат-Эрдэнэ гэх залууг цохиод байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
4. Гэрч А.Гантулгын өгсөн: ...Барамсай гэх хүнийг Бат-Эрдэнэ гэх залуу тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд нүүрэн тус газар нь цохиод унагасан. Тэр хоёрыг хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ заамдаад байж байхад Батсуурь гэх залуу тээврийн хэрэгсэл дотроосоо бууж ирээд Бат-Эрдэнэтэй маргалдаад заамдалцаад авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),
5. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн өгсөн: ...би та одоо яагаад байгаа юм бэ гэж хэлээд Барамсай гэх хүнийг гараараа бие рүү нь түлхээд газар унагасан...чинь цаанаас Батсуурь гэх залуу ирээд чи муу яах гээд байгаа пизда вэ гэж хэлээд намайг заамдаад авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал) зэргээс үзэхэд тухайн өдөр шүүгдэгч Ч.Барамсай нь өөрийн хүү Б.Батсуурийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн замыг чөлөөлүүлэхээр хааж зогссон машины эзэн иргэн Г.Бат-Эрдэнэ дээр очиж шаардлага тавихад Г.Бат-Эрдэнэ тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, машинаасаа бууж ирж машины хаалга хүчтэй хаалаа гэх шалтгаанаар Ч.Барамсайг заамдах, түлхэж унагах зэргээр түүний эрх чөлөөнд халдсан байна. Энэ үед шүүгдэгч Ч.Барамсайн хүү Б.Батсуурь нь эцгийгээ өмөөрч машинаасаа бууж ирж Г.Бат-Эрдэнэтэй маргалдсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ч.Барамсай нь Б.Батсуурьтай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчсөн, хохирогч Г.Бат-Эрдэнийг айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн буюу нүүрэн тус газарт нь цохисон, түүнд гэмтэл учруулах зэрэг бие махбодийн идэвхитэй үйлдэл хийгээгүй буюу догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн хохирогч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад ...Барамсай нь миний хөмсөг хэсэг рүү гараараа цохиод авсан... гэж мэдүүлсэн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр ...Ч.Барамсай гэх хүн намайг цохиогүй... гэж зөрүүтэй мэдүүлэг гаргасан бөгөөд хохирогч Г.Бат-Эрдэнэ мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадахгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Барамсайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хоёр. Шүүгдэгч Б.Батсуурийг Ч.Барамсайтай бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны автобусны буудлын зүүн талд иргэн Г.Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл хааж зогслоо гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газар цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн Ч.Барамсайд холбогдох хэргийг шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Б.Батсуурийг бүлэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөл, шалтгаант холбоо зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасны баримтлан шүүгдэгч Б.Батсуурьт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.
Учир нь тухайн гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ Б.Батсуурийн эцэг Барамсайг заамдан авч улмаар нүүрэн тус газар нь цохин, түлхэж унагасаныг харсан Б.Батсуурь эцгээ өмөөрч Бат-Эрдэнэтэй заамдалцан хувийн таарамжгүй харьцаа үүсгэн бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Гурав. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны автобусны буудлын зүүн талд Ч.Барамсайг тээврийн хэрэгсэлийн хаалга чанга хаалаа гэж маргалдах явцдаа түүний хүү Б.Батсуурийг аавыгаа өмөөрч хэл амаар доромжиллоо гэх үл ялих зүйлээр шалтаглан Б.Батсуурийн нүүрэн тус газарт цохиж зодон бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Ч.Барамсай, Г.Бат-Эрдэнэ хоёрын хооронд үүссэн үл ойлголцлын улмаас Б.Батсуурь нь эцэг Ч.Барамсайг өмөөрч Г.Бат-Эрдэнэтэй тухайн үед хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар тэд заамдалцан харилцан цохилцсоноос Г.Бат-Эрдэнэ нь Б.Батсуурийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учуулсан байх тул түүнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дөрөв. Шүүдэгч, хохирогч Г.Бат-Эрдэнэ, Б.Батсуурь нар нь хэн аль нь гомдол саналгүй, сайн дураараа эвлэрсэн, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарт холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70-71, 80)-р тогтоогдож байна.
Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 201726010281 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.