Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2013/09018/И |
Дугаар | 001/ХТ2016/00681 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2016/00681
М.Энхүүний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01542 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 691 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч М.Энхүүний нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест” ББСБ ХХК
Үнэлгээ болон албадан дуудлага худалдаа хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 257 дугаар захирамжаар М.Энхүүнээс 152 400 000 төгрөгийг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч М.Энхүүн нь өөрийн өмчлөлийн Ү-2206029498 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3\26 дугаар байрны 5-2 тоот 95.57 м.кв талбайтай 3 өрөө байраа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг орон сууцыг хэт бага үнээр буюу 87 373 650 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 3/31720 тоот албан бичгийг хүлээн авч мэдээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ийнхүү гомдол гаргаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг М.Энхүүнтэй хэлэлцэн тохиролцолгүйгээр зах зээлийн ханшаас хэт доогуур буюу 174 747 300 төгрөгөөр үнэлсэн байгаа бөгөөд уг үнэлгээг болон хоёр ч удаагийн дуудлага худалдаанд түүнд хэлэлгүйгээр оруулсан байгаа юм. Харин М.Энхүүний 3 өрөө орон сууц 2014 оны 05 дугаар сард мкв-ыг 1 500 ам.доллар буюу нийт 290 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэхээр байгаа. Одоо ч тухайн орон сууцыг борлуулж буй “MCS Property” ХХК ийм үнээр орон сууцнуудаа худалдаж байгаа.Түүнчлэн М.Энхүүн орон сууцандаа засвар хийж, өргөтгөл хийн бодитоороо 122.52 мкв талбайтай болгосон бөгөөд одоогийн ханшаар 1 мкв нь 3 000 000 төгрөг бөгөөд нийт үнэ нь 367 560 000 төгрөг болсон байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, М.Энхүүний орон сууцыг төлбөрт шилжүүлэх гээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Харин төлбөр төлөгч М.Энхүүн нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцаа зах зээлийн ханшаар буюу 367 560 000 төгрөгөөр иргэн, хуулийн этгээдэд худалдаж, “Ориент инвест” ББСБ-д төлөх ёстой төлбөрөө бүрэн барагдуулж төлөх боломжтой байгаа юм. Уг орон сууц ч өргөтгөл засвар зэргээрээ ийм үнэ хангалттай хүрнэ.Иймд энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206029498 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/26 дугаар байрны 5-2 тоот 122.52 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хууль бус үнэлгээ болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг үнэлгээгээр явуулсан хууль бус албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 257 дугаар захирамжаар М.Энхүүнээс 152 400 000 төгрөгийг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгч М.Энхүүнд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан.Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/26 байрны 5-2 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч М.Энхүүнээс 285 000 000 төгрөгөөр, төлбөр авагч “Ориент инвест” ББСБ хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан болно.Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол 3/26 байрны 5-2 тоот 3 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг хийлгэхэд 174 747 300 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч М.Энхүүнд 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3/23417 тоот мэдэгдлээр баталгаат шуудангаар хүргүүлсэн.Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 174 747 300 төгрөгийн 70 хувь болох 122 323 110 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй.Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 87 373 650 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлэхэд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т заасан хугацааны дотор гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааг хэтрүүлсэн.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй. Шүүхээс томилогдсон шинжээчийн үнэлгээ нь хэт өндөр гарсан. 20.5 м.кв мансард нь 59 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдсэн. 2 дүгнэлтийн дунджаар үнэлгээ тогтоож албадан дуудлага худалдаанд оруулахад татгалзахгүй гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01542 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээ болон уг үнэлгээнд үндэслэн явагдсан анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн М.Энхүүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 691 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/01542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...37 дугаар зүйлийн 37.3-т…” гэснийг “...34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Энхүүн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Хөрөнгийн үнэлгээний тайлан гэж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” тодорхойлсон.Дээрх хууль бус үнэлгээний тайланг би шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гардан авч танилцаагүй, ШШГ газраас ч надад явуулаагүй. Хэдийгээр 2015 оны 06 дугаар сарын 23, 2015 оны 06 дугаар сарын 29, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд албан тоотуудаар мэдэгдсэн гэдэг боловч эдгээр албан тоотуудад хөрөнгийн үнэлгээний тайлан түүний хуулбар хувь нь ч байгаагүй.Ийнхүү Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцаагүй учраас барьцаа хөрөнгийг маань хууль, тогтоомжид нийцүүлэн үнэлсэн эсэхийг мэдээгүй. Харин дараа нь ШШГГ-аас шүүхэд гаргаж өгсөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлантай хавтаст хэргээс танилцахад тайлангийн 2 дахь хэсэгт обьектын төлөв байдал “95,57 м.кв талбайтай 3 өрөө мансарт хийж тохижуулсан, уг 26-р байр нь дотроосоо өөр хийцээр баригдсан олонх нь шалнаас тааз хүртэл 4 м өндөр таазтай байна” гэжээ. Гэсэн атлаа үнэлгээг гаргахдаа Орон сууцны барилгын доторх сууцны талбай бодох аргачлал MNS 6058:2009 стандартын 7-р зүйлийн 7.1, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4-р зүйлийн 4.1, 8-р зүйлийн 8.1 гэсэн хууль, тогтоомжуудыг зөрчсөнийг нь ойлгохгүй байна.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчид 2015 оны 06 дугаар сарын 23, 2015 оны 06 дугаар сарын 29, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд албан тоотуудаар мэдэгдсэн, нэхэмжлэгч уг үнэлгээний талаар гомдлоо хуулийн хугацаанд гаргаагүй тул үнэлгээ, дуудлага хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн. Шүүхийн дээрх дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.3-т заасан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.Учир нь би хууль, тогтоомж зөрчсөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай шүүхэд гомдол гаргасныхаа дараа танилцсан. Дээрх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.3 дахь хэсгийн заалтыг “...тайлантай танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо” гаргах эрхтэй гэж ойлгож хэрэглэх ба энэ хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.Ийнхүү “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үндэслэн явагдсан дуудлага худалдаагаар бол нэхэмжлэгч би төлбөр авагч “Ориент инвест” ХХК-д гүйцэтгэх ёстой 152 400 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлээс хууль бус дуудлага худалдааны доод үнэ болох 87 373 650 төгрөгөөр барьцаа хөрөнгөөр хангуулах аваас үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн зээлийн үүргээ ч бүрэн биелүүлэх боломжгүй болоод байна.Хөрөнгийн үнэлгээний байгууллага, шийдвэр гүйцэтгэх газрууд хувийн өмчийг үнэгүйдүүлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-г дахин шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр мансард дангаараа 20.3 м.кв болж, 2 үнэлгээний хоорондын зөрүү 59 273 000 төгрөг болсон.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч М.Энхүүн нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болдог байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.-т төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгөд өгсөн шинжээчийн үнэлгээний талаархи 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3\23417 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар \хх-ийн 53, 54 дүгээр тал\, албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар болон дуудлага худалдаа хэзээ, хаана явагдах талаархи 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3\24185 дугаар мэдэгдлийг мөн баталгаат шуудангаар нэхэмжлэгч М.Энхүүний гэрийн хаягаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах доод үнэ, дуудлага худалдаа хэзээ, хаана явагдах тухай 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3\25838 дугаар мэдэгдлийг М.Энхүүн гардан авсан болох нь мэдэгдэл дээр тусгагдсан байна \хх-ийн 62 дугаар тал\.
Албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанд оролцох тухай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 3\31720 дугаар мэдэгдлээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдааны талаар анх удаа мэдсэн гэх нэхэмжлэгч М.Энхүүний тайлбар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар няцаагдаж байна.
Нэхэмжлэгч М.Энхүүн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч М.Энхүүн нь орон сууцны үнэлгээ болон дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба гомдлын уг хоёр шаардлагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан зохицуулалтын аль алин нь хамааралтай байхад анхан шатны шүүх зөвхөн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан, давж заалдах шатны шүүх зөвхөн 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасан зохицуулалтыг тус тус баримталсан нь учир дутагдалтай болсон боловч шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гаргаж буй гомдол гэх ерөнхий агуулгыг удирдлага болгон магадлалд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэв.
Монголд Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 691 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН