Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 375

 

Г.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлалтай, 21137271 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Дарьганга овогт Г.А нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Г.А-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Г.А-ийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар Г.А-т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хойшлуулсан хугацааг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-ийн эдлэх 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-ээс нийт 42.599.500 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 229 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Г.А-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... Г.А-ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч Б.Оюунсүрэн, Х.Оюундэлгэр, О.Хатанбаатар нарын гаргасан давж заалдах гомдлоос “...Г.А-т оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү...” гэснийг хүлээн авч, гомдлын бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А гаргасан гомдолдоо: “...Шүүх хавтаст хэргийг бүхэлд нь авч хэлэлцсэнгүй. Хэргийн холбогдогч Б.Номинцэцэгийн 2 үйлдлийг шийтгэх тогтоолд дурдаж, миний эрх зүйн байдлыг дордуулж, хохирогч болон хохирлын тоог нэмэгдүүлсэн. Түрээслэгч нарт учруулсан хохирлын дүн, тухайн он бүрийн цалингийн доод хэмжээг нарийвчлан тогтоогоогүйн улмаас миний эрх зүйн байдал дордсонд гомдолтой байна. Анхаатай бүлэглэсэн үйлдэлд намайг ганцаарчлан төлөх шийдвэр гаргасан. Яагаад Анхаа гэгчтэй хувааж төлүүлэхгүй байгааг ойлгохгүй байна. Цаашид учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй учир хохирлын тооцоог үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс миний ялыг нэмж өөрчлөхдөө хүн тус бүрт учруулсан хохирлын хэмжээг авч хэлэлцээгүй, тухайн оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг судалж тооцоогүй байна. Түрээслэгч нар зарын дагуу өөрсдөө ярьж, сонгосон байрандаа бүгд орсон байдаг. Байрны эздэд би түрээсийн төлбөрийг тодорхой хугацаагаар төлдөг байсан. Би түрээслэгчээс түрээсийн мөнгө аваад байрны эзэнд өгдөг байсан. Ийм л нөхцлөөр давхар түрээсийн үйл ажиллагаа явуулсан. Байрны эзэнтэй хийсэн түрээсийн гэрээнд давхар түрээслэж болохгүй гэсэн ямар ч заалт байхгүй. Давж заалдах шатны шүүх надад оногдуулсан 3 жил хорих ялыг 5 жил хорих ялаар өөрчлөхдөө урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шийтгэх тогтоол хойшлуулсан гэсэн үндэслэл гарган 5 жил хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Хуулийн байгууллагууд хэт нэг талыг барьж, намайг яллаж хүнд ял шийтгэл оногдуулж байгаад туйлын гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүйгээс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд тохироогүй байгаа нь харагдаж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн нотолбол зохих байдлыг заавал бодитой тогтоох зарчим алдагдсан нь процесийн хуулийг зөрчих үндэслэл болсон байна. Г.А-т ял оногдуулсан Эрүүгийн хуулийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохироогүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.А нь залилах гэмт хэргийн улмаас бусдад 42.599.500 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосон байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зүйлчлэл нь залилах гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд хэрэглэгдэх заалт юм. Гэтэл их хэмжээний хохирол гэдгийг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т зааснаар 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ гэж тодорхойлсон байна. Иймд Г.А нь залилах гэмт хэргийн улмаас бусдад 42.599.500 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Давж заалдах шатны шүүх ял оногдуулахдаа 2009 онд залилах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал гэх хийсвэр үндэслэлээр хорих ялыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ийг 18 удаагийн үйлдлээр 29 иргэнээс 57.777.000 төгрөг залилсан үйл баримтыг хангалттай нотлогдсон гэж дүгнэсэн. Харин яллах дүгнэлтэд бусдад төлөх хохирлын тооцоог алдаатай дүгнэсэн гэж үзээд 42.599.500 төгрөг болгосон. Залилан мэхлэх гэмт хэргийг тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийн үнийн дүнгээр зүйлчлэх учраас өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хохирол төлөөгүй байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд оногдуулсан хорих ялыг өөрчилж шийдвэрлэсэн тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.А-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.А нь хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны 296 тоот 4 өрөө байрыг иргэн Ч.Наранцэцэгээс 2009 оны 7 дугаар сарын эхээр 3 сараар түрээслээд, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр Г.Болдбаатар, Г.Золбаяр нарт өөрийн эзэмшлийн байр мэт ойлгуулж, итгэл төрүүлэх замаар давхар түрээслэн Г.Болдбаатараас 770.000 төгрөг, Г.Золбаяраас 269.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 71 тоот байрыг иргэн С.Цэцэгмаагаас 10 сарын хугацаатай нэг сарын 300.000 төгрөгөөр түрээслэнэ гэж 2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр түрээслээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, М.Мөнхзаяа, М.Мөнх-Эрдэнэ нарт давхар түрээслэн М.Мөнхзаяагаас 120.000 төгрөг, М.Мөнх-Эрдэнээс 240.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34б байрны 173 тоот 3 өрөө байрыг иргэн Л.Баасандоржоос 2010 оны 11 дүгээр сарын 10-ны үед 4 сарын хугацаатай сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж итгэл төрүүлэн, түлхүүрийг хүлээн аваад эзнийх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж итгэл төрүүлэн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лхагва-Очир, Д.Хишигдэлгэр, Б.Пүрэвбаяр, У.Дуулим нарт давхар түрээслэн У.Дуулимаас 310.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 53 тоот байрыг 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдөр П.Ренцэнхандаас 3 сарын хугацаатай нэг сарын 350.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулаад эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Э.Баасанхүүд давхар түрээслэж, Э.Баасанхүүгээс 340.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 9 дүгээр байрны 392 тоот байрыг түрээслэх хугацаандаа өөрийн эзэмшлийнх гэж 2011 оны 5 сарын эхээр Б.Ууганбаярт итгэл төрүүлэн давхар түрээслэн 150.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2012 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 6.000.000 төгрөг зээлж, хажуу өрөөндөө зээлсэн мөнгөний хүүнд үнэгүй суулгана гэж Л.Адъяасүрэнд итгэл түрүүлэн 5.200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар байрны 125 тоот байрыг 10 сарын хугацаатай Г.Оюунчимэгээс 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр түрээслээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн, 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Энхбаатар, Г.Алтанлхам, Б.Бадамжав, Э.Гарьдимин, Ц.Жавзандулам нарт давхар түрээслэн Л.Энхбаатараас 440.000 төгрөг, Г.Алтанлхам, Б.Бадамжав нараас 630.000 төгрөг, Э.Гарьдиминээс 660.000 төгрөг, Н.Энхдэмбэрэл, Ц.Жавзандулам нараас 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 73 тоот байрыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Цэдэвт нэг сарын 750.000 төгрөг, 6 сарын хугацаатай түрээслүүлнэ гэж итгэл төрүүлэн түрээслэж, 4.500.000 төгрөг залилан мэхлэж авсан,

Х.Оюундэлгэрээс банкны зээл чөлөөлөх ажилд хамтарч ажиллаж ашиг олъё гэж итгэл төрүүлэн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хас банкнаас 5.500.000 төгрөгийн зээл авахуулан 5.038.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Нарантуяа гэх бичиг баримт ашиглан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 дүгээр байрны 1 тоотын 2 өрөө байрыг иргэн Д.Болормаагаас түрээслэх гэрээ байгуулан, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр М.Болорцэцэгт өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн 1.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Анхаа гэгчтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 тоотод Д.Даваасүрэнгийн эзэмшлийн орон сууцыг Батзоригоор дамжуулан түрээслэхээр итгэл төрүүлээд эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр О.Хатанбаатарт 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр “мөнгө зээлсэн хүнд хүүнд нь үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн О.Хатанбаатараас 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар байрны 31 тоот 2 өрөө байрыг иргэн А.Оргилсайханаас 6 сарын 350.000 төгрөгөөр түрээслэнэ гэж эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өөрсдийн эзэмшлийнх гэж итгэл төрүүлэн давхар түрээслэн залилан мэхлэж, Г.Ариунаагаас 280.000 төгрөг, Н.Энхжаргалаас 240.000 төгрөг, Б.Чинзоригоос 205.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 37 тоот байрыг итгэн А.Цагаанхүүгээс 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрээслэн авч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн орон сууц гэж итгэл төрүүлэн Б.Нандинтулгаас “зээлсэн мөнгөний хүүнд байрандаа үнэгүй суулгана” гэж итгэл төрүүлэн 3.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Б.Номинцэцэгтэй бүлэглэн Ц.Баярмаагийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 284 тоот 3 өрөө байрыг түрээслэж байхдаа эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрсдийн эзэмшлийн орон сууц гэж 2009 оны 8 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд түрээслэн Б.Батжаргал, Б.Баярбилэг, Ц.Буяннэмэх нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Б.Батжаргалаас 270.000 төгрөг, Б.Баярбилэгээс 390.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 292 тоот орон сууцыг иргэн Д.Цэвэлмаагаас 4 сарын хугацаатай түрээслэнэ гэж итгэл төрүүлээд эзнийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн байр гэж 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Б.Өлзийбуян, Д.Цолмон нарт итгэл төрүүлэн давхар түрээслэн Д.Цолмонгоос 300.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 12 а байрны 36 тоотын 3 өрөө орон сууцыг Мөнхбатаас түрээслэхээр итгэл төрүүлээд Б.Түмэнжаргал, Лувсмаа, Нэрсмаа, Даваадэмбэрэл нарт давхар түрээслэн Б.Түмэнжаргалаас 225.000 төгрөг, Ц.Даваадэмбэрэлээс 200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Э.Энхтуяатай бүлэглэн өөрийгөө Нарантуяа гэж нэрийдэн 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 49 б байрны 53 тоот бүрэн тавилгатай байрыг иргэн Д.Наранбаатар, С.Отгонцэцэг нараас түрээслэн өөрийн эзэмшлийн орон сууц гэж БНСУ-ын иргэн Рүтэёнд итгүүлэн давхар түрээслэн Рүтэёноос 5.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Ц.Мөнхцэцэгтэй бүлэглэн 2013 оны 1 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45а байрны 109 тоот байрыг иргэн Д.Энхсоёлоос Цэцэгмаа гэх нэрийдлээр түрээслэх гэрээ байгуулан Оюунсүрэнд давхар түрээслэн, 17.000.000 төгрөгийг залилан мэхлэж аван, нийт 18 удаагийн үйлдлээр 29 иргэнд 57.777.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуульд шинээр хуульчлагдсан тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт энэхүү шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилж болохгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-ийг 18 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхлэж, нэр бүхий 29 иргэнд 57.777.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэнийг харгалзан Г.А-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлсэн зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохироогүй байна гэж дүгнэн түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил хорих ялыг 5 жил болгож хүндрүүлэн өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Залилан мэхлэх гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хүндрүүлэн өөрчилж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэл болон шүүхээс оногдуулсан ялыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэ хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн цаашид шийтгэх тогтоол бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тавигдах шаардлагад нийцүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг заавал бичиж байх, энэхүү алдааг дахин давтахгүй байхыг зориуд анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 229 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 529 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН