Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0257/З |
Дугаар | 221/MA2017/0570 |
Огноо | 2017-08-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 221/MA2017/0570
2017 оны 8 сарын 10 өдөр Дугаар 221/МА2017/0570 Улаанбаатар хот
“*******” ХХК, “******* *******” ХХК,
“******* *******” ХХК-уудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* *******” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.8, 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “******* интернэшнл” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн БОДЬ ГРУПП-№10252, ******* GROUP-№10153, БОДЬ ЦАМХАГ-№10160, ******* *******-№10161, БОДЬ ДААТГАЛ-№10163, ******* *******-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “*******” ХХК (1996 оноос), “******* *******” ХХК (1996 оноос), “******* *******” ХХК (2002 оноос) нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа хуулийн этгээдүүд билээ. Эдгээр компаниуд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тус тусын нэр дээр үйл ажиллагаагаа явуулж, тус тусын нэрээрээ олон нийтэд танигдаж, бизнесийн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.
Гэтэл “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* *******” ХХК-тай холбоогүй, тус компаниудад хувьцаа эзэмшдэггүй “******* интернэшнл” ХХК нь дээрх компаниудын нэр бүхий барааны тэмдэгтүүдийг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд “******* интернэшнл” ХХК-ийн эзэмшиж буй барааны тэмдэгтүүдийг хүчингүй болгуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Маргаан таслах комисст гомдол гаргасан боловч тус газраас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10/741 тоот албан бичгээр “гомдлоо шүүхэд хандана уу” гэсний дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн билээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч бидний зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас гаргасан, “******* интернэшнл” ХХК-д барааны тэмдэгт олгосон шийдвэр, гэрчилгээ буюу захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасаар байтал энэ маргааныг “иргэний шүүхээр шийдвэрлүүлэх” дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
2. “******* интернэшнл” ХХК нь БОДЬ ГРУПП-№10252, ******* GROUP-№10153, БОДЬ ЦАМХАГ-№10160, ******* *******-№10161, БОДЬ ДААТГАЛ-№10163, ******* *******-№10162 тоот барааны тэмдгийн гэрчилгээг эзэмшиж байгаа үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5-т “Бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй”, 5.2.8-т “Бараа үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах” гэх заалтуудыг зөрчиж байгаа юм. Энэ талаар шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүртэл “******* интернэшнл” ХХК нь өөрт хамааралгүй БОДЬ ГРУПП-№10252, ******* GROUP-№10153, БОДЬ ЦАМХАГ-№10160, ******* *******-№10161, БОДЬ ДААТГАЛ-№10163, ******* *******-№10162 toot барааны тэмдэгтүүдийг эзэмшиж, ашиглах нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл мөн болохыг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Тодруулбал, нэхэмжлэгч компаниуд өнөөдрийг хүртэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн “*******”, “******* *******”, “******* *******” гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Гэтэл эдгээр компанид хамааралгүй, хувьцаа эзэмшдэггүй өөр компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнд “*******”, “******* *******”, “******* *******” гэсэн барааны тэмдэгтүүдийг ашиглах нь хэрэглэгчийг илтэд төөрөгдөлд оруулсан, бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд яах аргагүй хэрэглэгч төөрөлдөхөөр байгаа юм.
3. Түүнчлэн шүүгч “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* *******” ХХК-ийн нэр нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болох Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 8 дугаар зүйлд “...аж ахуйн нэгжийн нэрийг барааны тэмдгийн бүрдэлд орсон эсэхээс үл хамааран түүнийг мэдүүлэг гаргахыг шаардахгүйгээр эсхүл бүртгэлгүйгээр хамгаална” гэж заасны дагуу “*******” ХХК-ийн хувьд 1996 оноос, “******* *******” ХХК-ийн хувьд 1996 оноос, “******* *******” ХХК-ийн хувьд 2002 оноос анх барааны тэмдгийн хамгаалалтанд орсон байгаа бөгөөд шүүгч үүнд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
|
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* *******” ХХК-уудаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “******* интернэшнл” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн БОДЬ ГРУПП-№10252, ******* GROUP-№10153, БОДЬ ЦАМХАГ-№10160, ******* *******-№10161, БОДЬ ДААТГАЛ-№10163, ******* *******-№10162 гэсэн барааны тэмдгүүдийг хүчингүй болгуулах, дээрх барааны тэмдгүүдийг нэхэмжлэгч компаниудын нэр дээр барааны тэмдэгтийн эрхийн хамгаалалт хийж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг гаргаж, “... “******* интернэшнл” ХХК нь нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй атлаа дээрх барааны тэмдгүүдийг эзэмших нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасантай нийцэхгүй, нэхэмжлэгч компаниудын үйл ажиллагаатай ижил төстэй гэж хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах нөхцөл байдал үүсээд байна” гэж маргажээ.
Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 18, Оюуны өмчийн газрын даргын 2012 оны 109 дүгээр тушаалаар маргаан бүхий барааны тэмдгүүдийн эзэмшигчээр гуравдагч этгээд “******* интернэшнл” ХХК-ийг бүртгэж, барааны тэмдгийн 10252, 10153, 10160, 10161, 10163, 10162 дугаар гэрчилгээнүүдийг олгосон байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2013 онд “******* интернэшнл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Болд нь өөрийн эзэмшдэг 33 хувийн хувьцааг худалдаж, төлбөрт нь “******* *******” ХХК-ийн нийт хувьцааны 85 хувийг, “******* *******” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг тус тус шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хувьцаагаа худалдаж, “*******” ХХК, “******* *******” ХХК, “******* *******” ХХК-иуд нь “******* интернэшнл” ХХК-тай хамааралгүй болжээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар барааны тэмдгийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 /бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй/, 5.2.8 /бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар/-д заасныг тус тус зөрчиж бүртгэсэн тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгохоор байна.
Гэтэл маргаан бүхий барааны тэмдгүүдийн эзэмшигчээр гуравдагч этгээд “******* интернэшнл” ХХК-ийг бүртгэх үед Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан бүртгэж болохгүй нөхцөл байдал байгаагүй, тухайн үед нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хуулийн этгээдүүд нь хамаарал бүхий этгээдүүд байсан, хариуцагч захиргааны байгууллага дээрх хуулийн заалтыг зөрчиж бүртгэсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий барааны тэмдгүүдийг бүртгэсэн Оюуны өмчийн газрын /хуучин нэрээр/ 2012 оны үйл ажиллагааг 2013 онд өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбогдуулан буруутгаж, холбогдох бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж зааснаар барааны тэмдгийн гэрчилгээ, түүнийг эзэмших эрх нь хуулийн этгээдийн эдийн бус хөрөнгөд хамаарах тул барааны тэмдгийн эзэмших эрхийн талаарх маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин шүүхийн шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтыг алдаатай, буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...5.1.5, 5.1.8...” гэснийг “...5.2.5, 5.2.8...” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН