Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 142

 

“БК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Х.Батсүрэн

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Дүүрэнжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “БК” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-013... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0828 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0081 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0828 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “БК” ХХК-ийн эзэмшлийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших ХҮ-013... дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0081 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0828 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 21 дүгээр зүйлийн 21.1.3” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн байна” гэжээ.

4. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр ХВ-014... тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс тооцон 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасныг кадастрын мэдээллийн санд бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн болно. Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул XҮ-013.... тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь хуанлийн хоног, өдрөөр тоологдох бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “БК” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуулийн хугацаандаа гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусаж, тусгай зөвшөөрөл дуусгавар болсон гэсэн үг юм. Харин “БК” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал албажиж гаралгүй удааширсан явдлыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргахдаа Кадастрын хэлтэст мэдэгдэх боломжтой байсан.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тул ХҮ-013... тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд, шийдвэр, магадлалыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хамааралтай нотлох баримтуудыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ маргаантай харилцаанд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг хэрэглэснийг зөвтгөж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т нийцжээ.

7. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Нэхэмжлэгч “БК” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг “Хөх дэл” нэртэй газрын 221 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 13.... тусгай зөвшөөрлийг 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн эзэмшиж, тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 3 дугаар сарын 24, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2 удаа сунгуулсан, уг тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн улсын нөөцөд бүртгэх шийдвэр албажиж хараахан гараагүй байгаа...”-г дурдаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн, хариуцагч Кадастрын хэлтсээс “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр өргөдлийг нь хүлээн авч, шийдвэрлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” давуу эрхтэй ба ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д зааснаар “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр”-ийг хавсаргаж өгөхөөр заажээ.

10. Нэхэмжлэгч нь хайгуулын талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайландаа шинжээч томилуулах хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасны дагуу Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХХ-2016/... дугаар шийдвэрээр шинжээчийг томилсон, шинжээч Д.Оюунцэцэгийн гаргасан дүгнэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж ХХ-03-02 дугаар дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Н/20 дугаар тушаалаар “нөөцийг хүлээн авч, бүртгэсэн” зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

11. Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 4 сар гаруйн өмнө /боломжит хугацааны дотор/ “шинжээч томилуулах” хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ...хайгуулын үр дүнгийн тайланг ...боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэсэн зохицуулалтын “хугацаа”-г хэтрүүлээгүй бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө гаргаагүй нь тус өргөдлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй буюу тухайн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас гаргах ёстой бичиг баримт дутуу байсантай холбоотой, нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэхээр шалтгаан үүссэн байна.

12. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 24 зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан нь хайгуулын ажилд зардал гаргаж, нөөц илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарцуулсан хөрөнгө болон хөрөнгийн эрхийг хангах агуулгатай байхад уг заалтыг “хангахгүй байна” гэх үндэслэлээр “БК” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзнэ.

13. Иймд, хариуцагчийн хяналтын журмаар “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хуулийн хугацаандаа гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэх агуулгатай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2018/0081 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ