Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1318

 

2025         12           18                                          2025/ШЦТ/1318

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваадорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,    

улсын яллагч Ж.Б******* /цахимаар/, 

шүүгдэгч Б.О******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О*******д холбогдох, эрүүгийн 2508028612152 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” ХХК-нд жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ******** дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт Б******* О******* /РД:********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ********** хохирогч О.А*******ийн эзэмшлийн ******* УАО улсын дугаартай, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийн хойд хаалганы шилийг санаатайгаар хагалж, мөн хаалга руу нь өшиглөж улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол, 230,000 төгрөгийн хор уршиг, нийт 650,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Үүнд:

1. Шүүгдэгч Б.О*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2508028612152 дугаартай хэргээс:

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудас/,

4. Хохирогч О.А*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

5. Гэрч Б.Г******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

6. Гэрч Ж.О********ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

7. “Тэнүүн үнэлгээ” ХХК-ийн Авто техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/,

8. Шүүгдэгч Б.О*******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

9. Шүүгдэгч Б.О*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шүүхээр ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 44-54 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 56-64 дүгээр хуудас/,

11. Хохирогч О.А*******ийн “хохирлоо бүрэн авсан тул гомдол, саналгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэдгээ илэрхийлсэн гар бичмэл /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Түүнчлэн шүүгдэгч Б.О******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэж, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гурав. Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “гэмт этгээд бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн” үйлдэлтэй, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирлын хувьд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг ба “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулдаг.

   “Эд хөрөнгө устгасан” гэдэг нь тухай эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй буюу анхны ашигтай нөхцөл байдалд дахин сэргээгдэхгүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээсэн” гэж тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараа анхны байдлаар дахин ашиглаж, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгодог.

Тодруулбал, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмч, хөрөнгийг устгаж, гэмтээж болохгүй гэдгийг мэдсээр байж, хууль бус аргаар устгаж, гэмтээж бусдад хохирол учруулдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.О*******ийн хувьд “тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дүгээр хороо, ********* хохирогч О.А*******ийн эзэмшлийн ******* УАО улсын дугаартай, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгслийн хойд хаалганы шилийг санаатайгаар хагалж, мөн хаалга руу нь өшиглөж улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол, 230,000 төгрөгийн хор уршиг, нийт 650,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсанүйл баримт бий болжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Б.О*******ийн үйлдлийн улмаас хохирогч О.А*******ийн эзэмшлийн ******* УАО улсын дугаартай, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл гэмтсэн бөгөөд улмаар тухайн тээврийн хэрэгслийг засварласнаар анхны хэлбэр дүрсдээ орж, ашиглах боломжтой болох тул шүүгдэгчийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэж үзэхээр байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Б.О******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Б.О*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч Б.О*******ийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.О*******ийн зүгээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд, шүүгдэгч Б.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.

Шүүгдэгч Б.О*******ийн үйлдлийн улмаас хохирогч О.А*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэмтэж, улмаар 420,000 төгрөгийн хохирол, эд анги засварлахад зарцуулах ажлын хөлсний 230,000 төгрөгийн хор уршиг учирсан болох нь “Тэнүүн үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.О******* нь хохирогч О.А*******д учирсан дээрх хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн гар бичмэл бүхий тайлбараар тогтоогддог, мөн хохирогчийн зүгээс “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.О******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэг хариуцах чадвартай, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд тус тус нийцүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч Б.О******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулав.

Энэ хэрэгт Б.О******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                  

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Б******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б******* О*******д 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.О*******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Энэ хэрэгт Б.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

   6. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ДАВААДОРЖ