Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 806

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/00487

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж,

 Нэхэмжлэгч: *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух И.Б-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух А.Б-д холбогдох

 "20 250 000 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Б , хариуцагч А.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би А.Б гийн танил ******гийн гуйснаар өдрөөр хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 13 500 000 төгрөг А.Б д зээлж авч өгөн, өөрөө авч өгсөн тул зээлийн гэрээ хйиж өгсөн. Тухайн үедээ сарын хугацаатай гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй болно. Надад мөнгөө өгсөн хүмүүс өдрөөр мөнгөнийхөө хүүг бодоод 40 000 000 төгрөг орчим болгож надаас нэхэмжилж байгаа. Би өөрөө ажил эрхэлдэг тул ажлын байранд ирж дарамт үүсгэж, ажлаа хийх аргагүй байхад энэ хүмүүс огт төлөлт хийхгүй байгаад гомдолтой байна. Иймд үндсэн зээл 13 500 000 төгрөг, гэрээнд зааснаар алдангид 6 750 000 төгрөг нийт 20 250 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. А.Б ******-д өөрийн гэсэн хашаа байшинтай дэлгүүр ажиллуулдаг орлоготой атлаа энэ мөнгийг төлөхгүй байгаа нь хүн чанаргүй үйлдэл гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 13 500 000 төгрөгийг төлнө. Би өөрөө санхүүгийн орлогогүй, саяхан ажилд орсон цалингийн зээл авахаар өндөр зээл авч чадахгүй тул алдангийг төлөх боломжгүй. Энэ мөнгийг авахдаа миний танил ****** эгчийг байлцуулан авсан. Мөнгийг хэсэгчилэн төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Б  нь хариуцагч А.Б гээс 20 250 000 төгрөг гаргуулахаар нэхэжмлэлийн шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх учир хариуцагч хүлээн авсан мөнгөний дүнгээр хариуцлага хүлэх бөгөөд гэрээгээр болон хуулиар гэрээний зүйл болсон мөнгийг буцааж төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч И.Б  ... 13 500 000 төгрөгийг таньдаг хүнээс өдрийн хүүтэйгээр зээлэн авч, гэрээний дагуу өгсөн, эргэж төлөлт хийгдээгүй гэж, хариуцагч А.Б  ... 10 000 000 төгрөгийг авсан хүүд 3 500 000 төгрөг төлөхөөр болсон, эргэж төлөлт хийгдээгүй ... маргаж байгаа болно.

Талууд 13 500 000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцогдон, хариуцагч А.Б  нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой байна.

Хариуцагч А.Б 10 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авсан гэж маргаж байгаа энэ талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөнгө хүлээлгэн өгсөн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсний дагуу хүү төлөх талаар тохирсон, энэ талаар маргаангүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хуульд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой анзыг талууд гэрээний 2,3-т бичгээр тохирсон тул нэхэмжлэгч И.Б алданги шаардах эрхтэй байна.

Гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,1 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд хариуцагч А.Б гийн гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүрэг 13 500 000, гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 15-н өдөр бөгөөд өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй тул 13 500 000 төгрөгийн алданги 6 750 000 төгрөг болно.

Иймд хариуцагч А.Б гээс 20 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.1116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч А.Б гээс 20 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Б т олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч И.Б ээс 201оны 02 дугаар сарын 24ий өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 275 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Б гээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 20 250 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 275 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Б т олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ