Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/875

 

 

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл, Д.Энхтунгалаг, Т.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан, мөн шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч А.Зүмбэрэл, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б-д холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Ц.Б, -, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, /-/;

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд хохирогч Ч.Д-тай маргалдан улмаар хүзүү хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 9 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 9 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-н урьд цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-с 20.540.411 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б овогт А.П-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хөвөн бамбар бүхий арчдас, бор өнгийн бариул бүхий хутга 1 ширхэг, хар цагаан өнгийн бариул бүхий хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, “Redmi” гэсэн бичиглэл бүхий гар утас, амь хохирогчийн өмсөж байсан улаан судалтай хар өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн нимгэн дотуур өмд, саарал өнгийн, саарал судалтай дотоож, оймс 1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П-д олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан бичгийн болон бусад баримтуудаар Ц.Б нь 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор торгох ял шийтгэгдсэн байтал шүүхээс түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Улмаар шүүгдэгч Ц.Б 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны аль ч үед хүлээн зөвшөөрөөгүй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг ашигласан зэрэг нөхцөл байдлуудыг үнэлээгүй, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй байна. Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэв. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Учир нь, прокурорын бичсэн эсэргүүцэлтэй санал нэг ойролцоо гомдол гаргасан байгаа тул дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П-н өмгөөлөгч Ө.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй шүүгдэгчийг хохирогчтой маргалдан хүзүү хэсэгт нь хутгалж алсан хэмээн сэдэлтийн үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь, гэрч Т.Б мэдүүлэгтээ “Ц.Б-н эхнэр Н.Мтэй хохирогч Ч.Дын дүү А.П 2005 онд уулзаж учирдаг байсан. Энэ талаар Б мэддэг байсан бөгөөд тухайн үед Ц.Б надад хэлэхдээ “манай эхнэр хүнтэй яваад байх шиг байна, хоёулаа очиж уулзъя” гээд очиход Мөнхцэцэг, П, Пгийн ээж нар байсан. Тэр утгаараа би бодохдоо Б Дын гэрт очоод Дын ээжийн зургийг хараад Пгийн ах гэдгийг мэдсэн байж магадгүй. Тэгээд ийм язүйл хийсэн ч байж магадгүй гэж бодож байна.” гэж, Б.Т-н Ц.Б-н эхнэр Н.М-тэй утсаар ярьсан ярианы талаар гэрчийн мэдүүлэг өгсөн, гэрчийн мэдүүлэгт “сая надтай ярихдаа чамаас болж зодоон цохион хийсэн гэж хэллээ” гэж нөхөр Ц.Б нь хэрэг гарах үед эхнэр рүүгээ ярьсан талаар мэдүүлжээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь Ч.Д-н дүү А.П-н урьдын явдалд өс хонзон санаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Мөн шүүгдэгч Ц.Б-н биед үзлэг хийсэн 2020 өдрийн 12 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд биед ил харагдах шархгүй, Талийгаач Ч.Д-н биед хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. ...”, Т.Б-н  мэдүүлэгт “...Бид гурав маргалдаж муудсан зүйл байхгүй, намайг 00 орсон хойно хэрэлдэж маргалдаж байгаа зүйл мэдэгдээгүй, хэрэв хэрэлдэж маргалдсан бол Д хүнд амархан дийлдэхгүй. ...” гэх зэргээс дүгнэхэд маргалдсан, тэмцэлдсэн зүйлгүй, өс санаж байсан болохоор хохирогчийг мэдээгүй байхад нь гэнэдүүлэн амин эрхтэн рүү хутгалсан шинжтэй байхад анхан шатны шүүх үүнийг дүгнэн үзээгүй байна.

Хүндрүүлэх нөхцөл байдал байхад түүнийг дүгнээгүй. Анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь, гэрч Ч.Б, Д.Б болон шүүгдэгч Ц.Б-н мэдүүлэгт хохирогч Ч.Д ихээхэн хэмжээний архи уусан, согтсон талаар мэдүүлсэн,. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлсэн. Хохирогчийн биед шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригуунтөгсийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Талийгаачийн цусанд 1.7 промилли, ходоодны шингэнд 6.0 промилли, шээсэнд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн. ...” гэсэн шинжилгээний хариу гарсан. Тодруулбал, хохирогч гэмт хэрэг гарах тухайн мөчид тэнцвэр алдагдсан, өөрийгөө хамгаалах чадваргүй хэмжээний согтолттой байсан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолын 5.16-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ. “Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна.” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж хүнийг алсан бол хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэн авч үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэхгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэхүү нөхцөл байдал нь хэргийг зүйлчлэл хийгээд оногдуулах хариуцлагын хэмжээнд нөлөөлөх юм.

Хууль бусаар шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ЕШЗ/1085 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарыг томилсон шийдвэрийг албажуулж шийдвэрлэсэн. Гэтэл анхан шатны шүүхийн хуралдаан болсон 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хэргийг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан болсон өдөр тус шүүх бүрэлдэхүүнийг өөрчилсөн Ерөнхий шүүгчийн захирамж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол байгаагүй. Хэрэв давж заалдах хуралдаанд Ерөнхий шүүгчийн захирамж авагдсан байгаа бол түүнийг нөхөж хийсэн болно. Өмгөөлөгч би шүүхийн шийдвэрийг гардан авсан 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцахад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ЕШЗ/1093 дугаартай шүүх бүрэлдэхүүн Ерөнхий шүүгчийн захирамжийн төсөл хэрэгт хавсаргагдсан байсан бөгөөд энэхүү захирамжийн төсөлд Ерөнхий шүүгч Н.Одонтуул нь шүүх хуралдаан давхацсан байх тул шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх үндэслэлтэй талаар дурдан шүүх бүрэлдэхүүнийг Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Э. Чингис, М. Түмэннаст болгон хуульд заагаагүй үндэслэлээр хуралдаан даргалагчийг өөрчилсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “хуульд өөрөө заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” хэмээн Ерөнхий шүүгчийн эрх хэмжээг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хуралдаан даргалагчийг Ерөнхий шүүгчийн захирамжаар өөрчлөх эрхгүй болно. Тиймээс шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хөнгөрүүлэх үндэслэл бүрдээгүй байхад оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлсэн. Анхан шатны шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн оногдуулах ялыг хөнгөрүүлэн үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Ц.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудсаар тодорхой харагддаг. Тиймээс үндэслэлгүйгээр оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлсэн нь хууль бус бөгөөд эрүүгийн хариуцлагын хэмжээнд илтэд нөлөөлсөн.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирлын талаар бүрэн дүүрэн үнэлж чадаагүй. Шүүгдэгч Ц.Б нь болсон хэргийн талаарх гэрчийн мэдүүлэг, нотлох баримт нөхцөл байдал илэрхий байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөх нь битгий хэл хохирогч өөрөө өөрийгөө хутгалсан, өөр рүү нь дайрсан, давшилсан мэтээр худал тайлбар хэлэн зогсож байгаа нь хийсэн үйлдэлдээ гэмших сэтгэл төрөхгүй байгааг илэрхийлж байна. Тодруулбал 1 дүгээр хавтас хэргийн 14 дүгээр хуудасны ар талд байх хэргийн зургаас харахад хохирогчийн зүүн гарт хутга сул атгагдсан, хутганы ир өөр рүү нь харсан байгаа болно. Ийнхүү атгагдсан хутгыг шүүгдэгчийн хэлснээр өөр дээрээ хүзүү хэсэгт гарыг нугалан үзэхэд хутганы доош харсан байхаар байна. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригуунтөгсийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан зураг, шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд хутганы ир дээш харсан чиглэлтэй байгаа болно. Тодруулбал, хутга ийнхүү хохирогчийн гарт атгагдсан байдлаар хүзүүнд гэмтэл учруулах боломжгүй хутганы ир үүссэн шарх зөрөх юм. Шинжээчээс “нас барсны дараа хутгыг атгуулбал яах вэ” гэж асуухад “сул атгана” гэж хариулсан бөгөөд 1 дүгээр хавтас хэргийн 7 дугаар хуудаст байх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “гарын сарвуу хагас атгасан байна” гэж тэмдэглэгдсэн. Түүнчлэн, 1 дүгээр хавтас хэргийн 14 дүгээр хуудаст байгаа гэрэл зургийг харахаар гарын сарвууны салаагаар нь цус урссан байна. Өөрөөр хэлбэл, хутгалуулсны дараагаар шархаа энэ гараараа дарсан байгаа юм. Ингэснээр гарын салаагаар нь цус урсана. Ингэж бохирлогдсон гарт нь шүүгдэгч хутгыг атгуулахдаа ирийг нь буруу харуулсан нь дээр дурдсан баримтуудаар нотлогдож байна. Тиймээс шүүгдэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд хэлсэн хутга бариад дайрах үед нь гарыг нь түлхсэн гэдэг нь үгүйсгэгдэж байх бөгөөд илэрхий байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, нийгмийн хоёр аюултай үйлдэл, гэмт үйлдэлдээ гэмшихгүй, хохирол зардлыг ч төлөх бодолгүй байхад анхан шатны шүүх хөнгөн ял оногдуулж, нээлттэй хорих ангид хорихоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг дүгнэн үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/845 дугаар тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 сарын 23-ны өдөр хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж ямар нэгэн нотлох баримтгүйгээр хүнийг шууд тулган шийдвэрлэж яллаж байна. Иймд сайн нягтлан хянан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаа дуусгаад хамт ажилладаг Б.Э-нд оройн хоол идээд амарч байх үед миний багын найз гэх Б үл таних залуугийн хамт гаднаас согтуу орж ирээд өврөөсөө нэг шил архи гарган дөрвүүлээ хувааж уусан. /Энэ хугацаанд амь хохирогчтой танилцсан. Миний юу хийдэг тухай асууж, хаана ажилладаг тухай асууж шалгааж байсан. Шөнө өөрийгөө шоронд 2-3 удаа орж байсан гээд жаахан дээрэнгүй зантай, харьцаа муу, ааш авир ихтэй хүн байсан/ надад түүнтэй дотносох, яриа өдөх ямар ч сонирхол байгаагүй. Тэр хоёр буюу Б-н машиныг амь хохирогч зарж өгөх санаатай байгаа. Одоо мөнгөний хэрэгтэй байгаа талаар ярьж байсан. Ингээд архиа дуусгаад гэр гэртээ харихаар гарцгаасан тэгээд төв зам хүртэл алхаад такси бариад харих гэхэд “цугтаа хамт явъя яриа байна, удахгүй” гээд таксинд түлхэж суулгаад хамт явцгаасан. Тэгээд Ахмадын хороо буюу амь хохирогчийнд очсон. Тэнд ороод ширээнд сууцгаасан. Ширээн дээр урьд нь уусан архины шил 1 ширхэг, задлаагүй 2 ширхэг архи байсан, хиам зүсэж тавиад ширээнд сууцгаасан. Энэ үед найз гэх Б хажууханд сууж утсаараа оролдож байгаад 00 өрөөнд орсон, үүний дараа удахгүй амь хохирогч надаас мөнгө өгөх талаар асууж дарамталж эхэлсэн. Би ч өөдөөс нь “юун мөнгө өгөх, би чамд өр шир байхгүй, өгөх мөнгө ч алга” гэх зэргээр хэрэлдэж эхэлсэн. Гэтэл амь хохирогч гурван рункенд шар өнгөтэй Тайга архинаас хийж хундагалаад миний урд ирж зогсоод “тулгаж уугаадах, чам байтугай чамаас цаадах нь наранд ч нарсанд ч дарж явлаа, муу лалар минь, чамд одоо өөрийгөө хэн гэдэг ээ харуулна” гээд уурласан. Би амь хохирогчийн өмнө очоод зогссон надад наадахаа уучих гэсэн би өгсөн архийг нь уруулдаа хүргээд ширээн дээр тавьсан. Намайг яагаад хүний өгсөн юм уухгүй байна гэсэн. Ингээд л “чи яадаг лалрын хулгайч вэ? Эзнийг нь голоод, идээг нь голдог” гээд л би “явлаа” гээд эргэх гэтэл “чамайг ална” гээд зүүн гартаа хутга атгаад далайгаад суудлаасаа өндийгөөд босох үед би хутгатай гарыг нь харахад намайг хутгалчих болов уу гэж айж өөрийгөө хамгаалах зорилгоор хутгатай гарыг нь атгаад өндийх агшинд доош дарж түлхэж сандал руу нь суулгасан. Энэ үед хохирогчид хутга орсныг огт мэдээгүй. Би үүд рүү явах үед амь хохирогч мөн зүүн гартаа хутга барьж “ална” гээд босож зогсоод урагш нэг алхаад доош өвдөг дээрээ сөхөрч хоёр гараараа шалан дээр тулаад доош унасан. Энэ явдал маш хоромхон зуур болж өнгөрсөн ба энэ агшинд Б жорлонгоос гарч ирж “юу болчихвоо” гээд амь хохирогчийн хажууд очоод хүзүү хэсэгт гараараа дарахад “чи хүн алчихлаа шүү дээ” гээд байсан. Би цус хараад маш их айж сандраад цочролд ороод их хямарсан энэ үед эхнэр маань залгаад “чи яасан бэ? шөнө болчихлоо, ирж амраач” гэсэн би тэр үед эхнэртээ “би хүн алчихлаа” гэж хэлсэн. Эхнэртээ “эмч, цагдаа дууд” гэж хэлсэн. Гэвч би хаана байгаа хаягаа хэлж мэдэхгүй байсан. Б дуудлага өгөөд удаагүй байтал цагдаа, эмч нар ирж үзлэг хийгээд намайг дүүрэгт аваачиж эрүүлжүүлэхэд цагдан хорьж эхэлсэн. Болсон явдал ердөө л энэ бөгөөд богинохон хугацаанд болж өнгөрсөн байдаг. Амь хохирогч болон миний гаргасан үйлдлээс ийм харамсалтай хэрэг гарчихлаа. Би маш ихээр харамсаж байна. Би тухайн хэргийн үед хүн үхчихээд байхад эхнэртээ хүн алчихлаа гэхгүй өөр юу гэж хэлэх байсан юм бэ? Хүн өөдөөс хутгатай гараараа далайхад өөрийгөө хамгаалах зорилгоор хутгатай гарыг нь өөрөөсөө зайлуулан доош дарж, түлхэж суулгасан үйлдэл нь өөрийгөө хамгаалсан гэх үү, хүнийг алсан гэх үү, санамсар болгоомжгүй гэх үү? Үүнийг хуулийн өмнө юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Би амь хохирогчийг урд нь огт танихгүй бөгөөд анх удаа уулзаж танилцаж байгаа. Иймд надад амь хохирогчийг алах нь байтугай гэмтээх хүсэл сонирхол, шалтаг шалтгаан байхгүй байсан. Гэрч Б-с хүчээр тулган миний эсрэг худал мэдүүлэг авч бүрдүүлсэн гэж өөрөө шүүх хуралд мэдүүлсэн. Мөн амь хохирогчийн төлөөлөгч П нь миний эсрэг хэлэх үгийг нь зааж өгч байсан гэх /цоожны нүхээр хутгалж байхыг нь харсан/ худал хуурмаг үгээр айлган сүрдүүлэн тулгаж байсан гэх мэдүүлэг. Гэрчийн хамгаалалт хүссэн хүсэлт зэргийг шүүхийн тогтоолд тусгаагүй байна. Би амь хохирогчийн ар гэрийнхэнд бодит үнэн зөвийг мэдүүлэн гүнээ харамсаж байгаагаа хэлэн уучлалт гуйж, хүн ёсны хүнлэг чанар гарган оршуулгын бодит зардал болох 13 сая төгрөг төлж барагдуулсан. Иймд хэргийн бодит байдлын үнэн зөвийг хянан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн үнийн дүнгээс 13 сая төгрөгийг шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч бодит хохирлын төлбөрийг төлсөн. Хоёрдугаар хавтаст хэргийн 75 дугаар талд Оршуулгын зардлын тооцоог гаргасан байна. Дээрх зардлаас алтан хайрцаг нээлгэх- 300.000, газар хөндөхөд лам 100.000, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 10.100.000, будаалга 2.559.997 төгрөг нийт 13.059.997 төгрөгийн бодит хохирол гэж үзсэн. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 1.340.000 төгрөгийн “зэд” гэж 2 удаа бичсэн тооцоог хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс тодруулах гэсэн боловч “зэд” гэх төлбөрийг хохирлын тооцоонд оруулаагүй болно. Зан үйлийн болон хүүхдэд бэлэг тараасан үйл баримт нь сүсэг бишрэлтэй нь холбоотой зан үйл байх тул оршуулгын зардалд тооцох боломжгүй юм. Хэдийгээр хүний алтан амь үрэгдэж хохирол, хор уршгийг бүрэн арилгах боломжгүй ч гэсэн оршуулгын зардлын тооцоо нь бодитой байх ёстой. Анхан шатны шүүх оршуулгын зардал буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлын төлбөрийн тооцоог бодитоор тооцож шийдээгүй.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Тухайн үйл явдал болох үед шүүгдэгч Ц.Б, амь хохирогч, гэрч Т.Б 3 байсан бөгөөд гэрч С.Б-н мэдүүлэгт /хэргийн 88 хуудас/ “...Бид гурав гурвуулаа нилээн согтуу байсан. Бид 3 маргалдаж муудалцсан зүйл байхгүй, намайг 00 орсон хойгуур хэрэлдэж маргалдаж байгаа зүйл мэдэгдээгүй, хэрэв хэрэлдэж маргалдсан бол Д хүнд амархан дийлдэхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн маргаан чимээ гараагүй талаар мэдүүлсэн. Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий заналхийлэл хийгдсэн үед үүсэх бөгөөд тухайн нөхцөл байдалд хүч хэрэглэсэн довтолгоон, заналхийлэл хийгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-н эсрэг илэрхий хүч хэрэглэсэн довтолгоон, заналхийлэл хийгдсэн байдал байхгүй байна.” гэжээ. Анхан шатны шүүх аргагүй хамгаалалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгч Ц.Б-н биеэ хамгаалж довтолгооныг зогсоосон гэх мэдүүлгийг няцаасан, үгүйсгэсэн баримт хавтас хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлтэд “...илэрхий хүч хэрэглэсэн довтолгоон, заналхийлэл хийгдсэн байдал байхгүй байна.” гэсэн байгаа нь хүмүүс хоорондын харилцаанд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, бусдын амь нас эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл бөгөөд халдагч этгээдийн нийгэмд аюултай, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хариу довтолгоон, эсрэг дайралт хийхийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, тухайн довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах, идэвхгүй хамгаалалт хийх зэрэг боломж нөхцөлөөс үл хамааран хамгаалалт хийх эрхийг хуульчлан тогтоосон. Түүнчлэн халдлагын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй болно. /УДШ-ийн 2019.09.25-ны №436 тогтоол/ гэж тайлбарласан тайлбартай зөрчилдөж байна. Заналхийлэл нь заавал орилсон, хашхирсан, хэрэлдсэн, маргалдсан байхыг шаардахгүй. Заналхийлэх гэдэг нь Монгол хэлний тайлбар тольд “өөр бусад хүнийг хамаа зүггүй дарамталж зүрх зоригийг мохоох”, “элдвээр айлган сүрдүүлэх” гэж тайлбарласан байна. Амь хохирогчоос заналхийлсэн үйлдэл нь “...Анх танилцсан цагаасаа эхлээд шорон, атаман ярьсан” гэж мэдүүлсэн гэрч Д.Б-н мэдүүлгээр нотлогдоно. Харин ч эсрэгээрээ амь хохирогч Ч.Д Ц.Б-г заналхийлээгүй гэдэг нотлох баримт хавтас хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүдэд огт байхгүй байхад довтолгоон, заналхийлэл хийгдсэн байдал байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоолд бичсэн агуулга нь Ц.Б амь хохирогчийг шууд хүзүүн тус газар нь хутгалаад алсан мэтээр бичсэн байна. Амь хохирогч хутга барьж босч ирсэн үйлдэл нь Ц.Б-н Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан амьд явах эрхэнд шууд халдаж байгаа үйлдэл юм. Заналхийлэл бодитой байсан байна. Харин амь хохирогч довтолгооныг эхлүүлсэн гэдэг шүүгдэгч Ц.Б-н мэдүүлгийг анхан шатны шүүх ямар нэгэн нотлох баримтаар няцааж чадаагүй тул шийтгэх тогтоолын дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт: “...Шүүгдэгч Ц.Б “амь хохирогчийг хутга далайлгаад босч ирэхэд нь хутгатай гаран дээр нь дараад суулгасан, өөрөө хутга сугалж босч ирээд алхаад өвдөглөөд унасан” гэж мэдүүлж байх бөгөөд хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн мөрний дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч, гол судас гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...” гэх зэргээс дүгнэхэд өөрийн солгой буюу зүүн гараар барьсан хутгатай гарыг буцааж дарахад шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй.” гэсэн байна. Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “...Гар хүрэх газраасаа сугалж авах боломжтой, нас барсны дараа хөдөлгөхөд тэр байдалд орохгүй, нас барах үедээ ямар байсан яг тэр байдлаараа хөшдөг, цусаар их бохирлогдсон гарыг угаавал хумсан завсраас цусны мөр илрэх боломжтой.” гэх мэдүүлгийг өгсөн /2021 оны 07 дугаар сарын 23 өдрийн №845 тоот шүүх хуралдааны тэмдэглэл. 34-35 тал/. Мөн шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Амь хохирогч баруун гараараа архи хундагалж өгсөн.” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэлт хийвэл амь хохирогч баруун гараараа архи хундагалж өгсөн. Зүүн гартаа юу барьж байсныг тухайн үед анзаарч хараагүй. Хэргийн газрын үзлэгт огурцы, помидор хэрчиж байсан хутга ширээн дээр байсан байна. Тэгвэл амь хохирогчийн гарт байгаа хутгыг хэн, хэзээ, хаанаас гаргаж ирсэн бэ? гэдэг асуудлыг тодруулж чадаагүй. Тодруулах боломж ч байхгүй, эргэлзээтэй асуудал байна. Тэгэхээр шүүгдэгч Ц.Б-г амь хохирогчтой маргалдан хутга гаргаж ирээд алсан гэж шууд дүгнэх, ял халдаах боломжгүй. Амь хохирогчийн гарт байгаа 2 дахь хутгыг Ц.Б биедээ авч яваагүй, хутга хаана байсан, хаанаас амь хохирогч авсныг мэдэхгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх дүгнэж чадсангүй. Хэрэв Ц.Б хутга бариад дөхөж очсон бол тэр том биетэй залуу зүгээр сууж байгаад хутгалуулахгүй гэдгийг гэрчүүд нотолдог. Маргаан үүсгээд дөхөж очих ч боломж байхгүй. Хэдийгээр шүүгдэгч хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч шүүгдэгчийн шүүхэд өгсөн мэдүүлгийг нэг бүрчлэн нягталж үзэх хэрэгтэй. Яагаад амь хохирогчид дөхөж очих болов, амь хохирогч баруун биш зүүн гартаа яагаад хутгатай байв, хутгыг хэн биедээ авч явах боломжтой байв, хэн нь довтолгоо эхлүүлэх боломжтой /гадаадаас ирсэн материал болон хувийн байдал/ байсан зэргийг дүгнэж байж шийдвэр гарах ёстой байлаа. Шүүхийн хэлэлцүүлгээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох боломжгүй байдал үүссэн. Хавтаст хэрэгт цугласан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж анхан шатны шүүх шийдвэрээ гаргах ёстой байлаа. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 845 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон шүүгдэгч Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч А.Зүмбэрэл, Д.Энхтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2-т заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. Анхан шатны шүүхээс “Ц.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд - Ч.Д-тай маргалдан, улмаар хүзүү хэсэгт нь хутгалж байсан болох нь тусгай дугаарын 102 утсаар өгсөн ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Н.М, Х.Т, П.Т, Т.Б, Э.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ц.Б-г гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэжээ. Гэтэл энэхүү дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байхаас гадна шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох зөрүүтэй байна. Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 440 дугаартай магадлалд “Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтыг эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.” гэсний дагуу болсон шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.М, Х.Т, Т.Б нарын мэдүүлэг, шинжлэн судалсан гэрч Э.Б, П.Т нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 30 дугаартай дүгнэлт, тусгай дугаарын 102 дугаарт өгсөн тэмдэглэл зэргээр Ц.Б-г гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болох үед хохирогч, шүүгдэгч хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд гэрч Т.Б үйл явдал болоод дууссан даруй гарч ирсэн, бусад гэрч нар байгаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэдгээр, гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Ц.Б-н хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгдгөөс гадна тухайн үед ч “намайг ална гэхээр нь хутгалчихлаа /гэрч Э.Б 1-93/” гэж тодорхой мэдүүлсэн. Мөн Ц.Б нь өөрийгөө хамгаалах зорилгоор бусдын гарт байгаа хутгыг буцааж дарахдаа тэрхүү хутга нь хохирогчийн эгэмний нүхээр нэвтэрч гол судас гэмтээж, цочмогоор цус алдан үхэх боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, тооцоогүй үйлдэл хийснийхээ дараа хохирогчийг босч ирэхэд нь цустай хутга хараад хүн хутгалчихлаа гэдгээ мэджээ. Энэ үед эхнэр Н.М утсаар залгахад нь “би хүн хутгалчихлаа” гэж хэлснийг хүнийг санаатай алах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх нотлох баримт болгосон нь ойлгомжгүй байна. Нэгэнт Ц.Б-н дээрээс түлхэх үйлдлийн улмаас хүн хутгалуулсан бол “намайг ална гэхээр нь би хүн хутгалчихлаа” гэж үнэнээр нь хэлэхээс бус хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, худал мэдүүлэг өгөөгүй байна. Мөн бусад гэрч нарын Н.Мээс сонссон үгээр шүүгдэгчийн ямар санаагаар тэгж хэлснийг тайлбарлах боломжгүйгээс гадна Ц.Б-н үйлдлээс шалтгаалан хохирогч амь үрэгдсэн талаар үгүйсгээгүй байхад тэр үйлдлийг хараагүй хүмүүсийн “хутгалчихлаа” гэж хэлсэн мэдүүлэг нь ач холбогдолгүй юм. Харин ямар зорилго, санаатай энэ үйлдлийг хийсэн бэ гэдгийг шүүгдэгчийн бусад баримттай нийцсэн тайлбар, тухайн хэргийн газрын нөхцөл байдал л харуулахаас бус тухайн үед хамт байгаагүй, үйл явдлыг хараагүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй. Түүнчлэн, хэрэгт онцгой ач холбогдол бүхий гэрч Т.Б өгсөн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлгийг авахдаа анх өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна. Гэрч Т. Б нь хэрэг учрал болох үед хамт байгаагүй ч тэр даруй гарч ирсэн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анх өгсөн мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Б-н мэдүүлэг өгсний дараа 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг нь эрс өөрчлөгдсөн. Түүний 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хоёр дахь мэдүүлэгт “талийгаачтай хамт 21 цагийн орчим гэрээс нь гараад замаараа 0.75 литрийн шилтэй 2 архи аваад Б.Э-нд 22 цагийн үед орсон байх” гэсэн боловч анхны мэдүүлэгтээ талийгаачийн гэрээс 1 шил Сархад аваад гарсан талаар мэдүүлснээс зөрсөн. Хохирогчийн гэрт Т.Б болон хохирогч нарын уусан Сархад архины хоосон шил байснаас гадна гэрч Б, шүүгдэгч Б нар 1 шилтэй архитай ирсэн талаар тодорхой мэдүүлдэг. Мөн хэргийн газрын үзлэгээр өөр Сархад архи байхгүй байхад үлдсэн 1 шил Сархад нэртэй архийг хувааж уух гээд хохирогчийн гэр рүү явсан мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Мөн гэрч Х.Т-н /1-83хх ар тал/ “...23 цаг 30 минутын орчим Б манай хүргэн Т-н утас /утасны билл 23:33/ руу залгахаар нь би утсыг нь аваад ярихад “Т-г гэр рүү нь оруулаарай, аав нь ганцаараа байгаа шүү” гэж хэлсэн мэдүүлэг /1-67 хх/, Ч.Д-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, ... 23 цаг 45 минутад 5000 төгрөгийн зарлагын гүйлгээний утга, такси баримтаас харахад 12 минутын хугацаанд Болд-Эрдэнийхээс гараад хохирогчийнд такси барьж очсон. Энэ хугацаанд зохиож ярьсан 1 шил архийг уух боломжгүй байна. Улмаар гэрч Т.Б нь “Ц.Б-н алхаж явсан” гээд дутуу өгсөн байсан мэдүүлгийг давтаж, урьд юу ч санахгүй байсан хүн алхаж яваад, Д-н гэр рүү ороход ширээ засаж хиам зүсэж байсан гэж худал мэдүүлсэн. Гэрч Б болон хохирогчийн гэрийн хооронд явганаар 12 минутын хугацаанд явах боломжгүй байхад Ц.Б-с дутуу дулимаг авсан мэдүүлгийг хэн гэрчид хэлж, худал мэдүүлэг өгүүлсэн гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой болсон байхад анхан шатны шүүх анхаарахгүйгээр худал мэдүүлгийг нь үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнээс гадна ... талийгаач ширээний хажууд газар унаад, дээшээ харсан байрлалтай, Б гартаа /аль гарыг нь санахгүй байна/ цустай хутга бариад зогсож байсан гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургуудаас харахад хохирогч нь гартаа хутга чанга атгасан, доошоо харсан байрлалтай /1-3 хх/, шинжээчийн дүгнэлт, үзлэг ба шинжилгээ хэсэг /1-212 хх/-ээр хохирогчийн өмсөж явсан хувцас энгэр хэсгээрээ бохирдолтой гэснээс үзэхэд амь хохирогч дээшээ харсан байрлалтай байгаагүй байна. Харин цустай хутга барьсан зогсож байсан талаар гэрч анхны мэдүүлэгтээ дурдаагүй байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт хутга бариагүй байсан талаар тодорхой мэдүүлдэг. Энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчээс шүүх хуралдааны явцад тодруулахад “дээрх гэмтэл авсан хүн тэр дороо үхнэ, тэр тохиолдолд булчин сулардаг тул гарт нь хутга атгуулах боломжгүй, харин атгаж байсан хутгаа бол атгасан чигтээ булчин хөшнө” гэж тодорхой мэдүүлсэн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Б яагаад мэдүүлгээ өөрчлөх болсноо тодорхой тайлбарласан бөгөөд мөрдөгч, хохирогч нар юу гэж хэлүүлсэн, өөрийг нь хэрэгт татахаар сүрдүүлсэн, хохирогч П хутгалж байхыг нь цоожны нүхээр харж байсан гээд хэлчих гэх мэтээр нөлөөлж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тодорхой мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзэхгүй, хэрэгт авагдсан баримттай нийцээгүй, худал мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлж байгаа нь үндэслэл муутай байхаас гадна яагаад энэ мэдүүлэг нь үнэн эсэхийг дүгнээгүй, үндэслэл нь тодорхойгүй байна.

            Шүүхээс дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох зарим нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Бы өгсөн “Б нас барагчийг хутгалж байхыг хараагүй, Б нас барагчийн гарт хутга бариулж байхыг хараагүй, Б нас барагчийн биеийг хөдөлж байхыг хараагүй, Батсуурийг нас барагчтай хамт үлдээгээгүй, Б өөрөө гарч яваагүй, Б талийгаач хоёр ... байсан, миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг /1-30 хх/, Ц.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-121 хх/, Ц.Б-н биед гэмтэл үүссэн эсэх шинжээч томилсон тогтоол /122 хх/, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-142 хх/ 2020 оны 12 дугаар сарын 23-ны 65 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг хутганаас гарын мөрийн илрээгүй /1-21 хх/, 10 см гүн хатгагдсан /1-143 хх/, нийт 26.5 см урттай, цус мэт зүйлээр бохирлогдсон 15 см урттай ажлын хэсэгтэй /2-2 хх/, 2012 оны 01 дүгээр сарын 29-ний 128 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Д-н зүүн гарын 1 ширхэг хумс, Б-н зүүн гарын 2 ширхэг хумсанд цус илэрсэн, Д-н бусад хумснууд Батсуурийн баруун болон зүүн гарын 10 ширхэг хумсанд цус илрээгүй. ...” гэх зэрэг баримтаар Ц.Б цустай хутга бариагүй, цустай хутгыг цустай гарт атгуулаагүй, түүний хумс болон биед цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй, хутганд түүний хурууны хээ илрээгүй, тэрээр гэрчийн хажууд гарч, ороогүй байсан тул хохирогчийн гарт байгаа хутгаар өөрийг нь алаад гарт нь хутгыг бариулсан гэж таамаглалд үндэслэж болохгүй юм. Анхан шатны шүүхээс “...Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үед үүсэх бөгөөд тухайн нөхцөл байдал хүч хэрэглэсэн довтолгоон, заналхийлэл хийгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн зүгээс шүүгдэгч Ц.Б-н эсрэг илэрхий хүч хэрэглэсэн довтолгоон, заналхийлэл хийгдсэн байдал тогтоогдохгүй байна.” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасны зөрчсөн байна. Ц.Б-н “... 2020 оны 12 дугаар сарын 18-ны шөнийн 00:00 цагийн үед талийгаач гартаа хутга барьчихсан, чамайг дуусгана аа гээд өндийхөд нь хутгатай гарыг нь дарж суулгаад холдоход дахин босч ирэхдээ цус болсон хутга барьж босч ирээд өвдөглөөд дөрвөн хөллөж мөлхөөд унасан” гэсэн мэдүүлгээс харахад Ц.Б нь аргагүй хамгаалалт хийхээс аргагүй нөхцөл байдалд байсан байна. Аргагүй хамгаалалт хийх эрх нь хүн бүрийн заяамал эрх бөгөөд аргагүй хамгаалалт нь Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан амьд явах эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл юм. Аргагүй хамгаалалт хийхэд довтлогчийн бяр чадалтай, хүнд амархан дийлдэхгүй нь ач холбогдолгүй бөгөөд хэрэгт авагдсан үйл баримт нь тухайн нөхцөл байдлыг тодорхойлох юм. Хүн өөрөө амьд явах, амьдрахын төлөө тэмцэх эрхтэйн адил Ц.Б ч хутга барьсан, алах талаар хүсэл зоригоо илэрхийлж заналхийлсэн хүнээс өөрийнхөө амь насыг хамгаалах эрхтэй. Энэ нь аргагүй хамгаалалтын халдлагад хамаарах нэг дэх нөхцөл буюу нийгэмд аюултай байх явдал юм. Аргагүй хамгаалалт хийхийг шаардсан, өөрөөр хэлбэл, амь биед аюултай хүч хэрэглэсэн гэдэг нь хамгаалагчийн амь насыг хохироох зорилгоор хутга барьж дайрсан, амь насыг нь хороох талаар заналхийлж, хутга далайн өндийсөн нэн аюултай, хууль зөрчсөн, ил, нэн даруй хохирол учруулах шинжтэй үйл ажиллагаа юм. Аргагүй хамгаалалтын хууль ёсны шинжийг тодорхойлох халдлагад хамаарах хоёр дахь нөхцөл бол халдлага бодитой, өөрөөр хэлбэл, эхэлсэн, дуусаагүй байх явдал юм. Аргагүй хамгаалалт хийх эрх нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолгоон болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд Ц.Б-н үйлдэл тохирч байна. Талийгаач нь өөрийн хийх үйлдлийг урьдчилан хэлж, хутгалах талаар заналхийлсэн төдийгүй дээрх хүсэл зоригоо гүйцэлдүүлэхээр Ц.Б-г “чамайг дуусганаа” гээд хутгатай өндийж байгаа нь гэмт халдлага нэгэнт эхэлсэн, эсхүл довтлох аюул занал бодитой байгаа, хамгаалалтыг хойшлуулж болохгүй аргагүйдсэн байдлыг харуулж байна. Түүнчлэн Ц.Б-н үйлдэл нь зөвхөн өөрийн амь насыг хамгаалах зорилго, сэдэлттэй байсан нь ямар нэгэн илүү үйлдэл хийгээгүй байдлаар харагдаж байгаагаас гадна 16 см ажлын хэсэгтэй хутга угтаа тулаагүй 10 см хэсэг хохирогчийн бие рүү орсон байна. Мөн Ц.Б-н үйлдэл нь зөвхөн довтолгооныг л зогсоосноос бус довтолгоон дууссаны дараа эсхүл эхлэхээс өмнө хийгдсэн үйлдэл биш байна. Ц.Б-н үйлдэл бол цаг үеээ олсон. Өөрөөр хэлбэл, нэгэнт эхэлсэн, үргэлжилж байгаа, хараахан төгсөөгүй халдлагын эсрэг хийгдсэн аргагүйдсэн үйлдэл байна. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн ална гээд хутга далайгаад өндийж байгаа үйлдлийг Ц.Б-н эсрэг илэрхий хүч хэрэглэсэн довтолгоон, заналхийлэл хийгдсэн байдал байхгүй байна гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, чи намайг эхлээд хутгалчих, дараа нь би аргагүй хамгаалалт хийе гэсэнтэй адил дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүхээс “...шинжээч М.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ... талийгаач баруун гараараа эд зүйлс хийдэг байсан талаарх хариулт, цогцост хийсэн гадна үзлэг зэргээс дүгнэхэд өөрийн солгой буюу зүүн гараар барьсан хутгатай гарыг буцааж дарахад шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй байна.” гээд дахин таамаглалд үндэслэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчээс өмгөөлөгчийн асуусан “Хохирогч хагас суугаа байдал буюу дөнгөж өндийх агшиндаа гартаа хутга далайхад урд нь зогсож байгаа хүн тэр хутгатай гарыг нь дараад суулгахад дээрх гэмтэл үүсэх боломжтой.” талаар тодорхой мэдүүлсэн /тэмдэглэлийн 34 тал/ байхад энэхүү мэдүүлгийг үгүйсгээгүй, яагаад үнэлээгүй шалтгааныг заагаагүй байж хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй асуултад хариулсан өмнөх мэдүүлгийг үнэлсэн нь буруу юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой юу гэсэн агуулгаар асуусан асуултад шинжээч “дээрх гэмтлийг сурмаг, дадмаг хөдөлгөөнөөр богино хугацаанд үүсгэхэд маш хэцүү бэрхшээлтэй, өөрөө өөртөө учруулахад бэрхшээлтэй” гэж хариулсныг бусдын үйлдлийн улмаас учирсан гэмтэлтэй адилтгах боломжгүй юм. Хэрэгт авагдсан нөхцөл байдлаас харахад хэн аль нь хохирогч өөрөө өөрийгөө хутгалсан талаар мэдүүлээгүй, тийм нөхцөл байдал тогтоогдоогүй байхад энэ талаар мөрдөгч шинжээчээр асууж, түүнийг нь прокурор, шүүх яллах талын нотлох баримт болгосон нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч баруун гараар юм хийдэг байсан нь зүүн гараараа хутга барихгүй гэсэн үг биш бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээч дээрх гэмтэл тухайн үед үүсэх боломжтой талаар тодорхой мэдүүлсэн байхад шүүх туршилт хийлгүйгээр таамаглалд үндэслэн шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтэл учрах боломжгүй гэсэн дүгнэлт хийжээ. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц. Батсуурийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” Гэж тодорхой зохицуулсан байхад хохирогч, түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхдээ хүнд ял оногдуулах” агуулгаар гаргасан гомдол нь Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг зөрчсөн байхаас гадна Үндсэн хуулийн зөрчилтэй магадлал гаргахыг шүүхээс хүсжээ.

            Гэрч Т.Б, гэрч Б.Тунгалаг нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь Ч.Д-н дүү А.П-н урьдын явдалд өс санаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” зааснаар гэрч Т.Б зөвхөн өөрийн бодлыг таамаглан хэлсэн байгаа нь түүний үзсэн, харсан зүйлтэй адилтгах нотлох баримт биш байхаас гадна таамаглан хэлсэн зүйл нь хэрэгт авагдсан баримттай нь нийцэхгүй байна. Тухайлбал, энэ талаар баримт хэрэгт байдаггүй бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зураг байгаа талаар дурдагдаагүй юм. Мөн гэрч Б.Т-н “...сая надтай ярихдаа чамаас болж зодоон цохион хийсэн гэж хэллээ. ...” гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ “Мөнхцэцэг над руу утсаар яриад чи гэртээ эрт харихгүй яасан юм бэ, чамаас болоод энэ асуудал үүслээ” гэж хэлсэн. /тэмдэглэл 28 тал/ гэж тодорхой мэдүүлжээ. Гэрч Б.Т дээрх мэдүүлгийг өгөхдөө Н.М-с сонссон зүйлээ л ярьсан тул гэрч Н.М тухайн үед хохирогчийг Ч.Д гэдгийг мэдээгүй байсан байна. Гэрч Т.Б, Д.Б, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “тухайн өдөр танилцсан” гэсэн мэдүүлгээс харахад хохирогч болон Ц.Б нар бие биенээ таньдаггүй байна. Гэтэл тухайн шөнө Н.М мэдүүлэхдээ “Дыг Ц.Б бид хоёр эртнээс сайн мэднэ” гэж мэдүүлэхдээ Ц.Б, Т.Б нарын гэр бүлийн найз Д-тай андуурсан байгаа нь харагдаж байгаа тул хохирогчийг хэн гэдгийг мэдээгүй байхдаа надаас болоод зодоон цохион хийсэн гэж хэлэх боломжгүй юм. Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад зодоон, цохион болсон зүйл байхгүй байна. Түүнчлэн, шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэхээс бус хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “өс хонзон санаж байсан болохоор хохирогчийг мэдээгүй байхад нь гэнэдүүлэн амин эрхтэн рүү хутгалсан шинжтэй байна” гэсэн хэрэгт авагдаагүй, тогтоогдоогүй хийсвэр таамаглалд үндэслэхгүй юм. Бусдын гэрт байгаа хутгаар өөрийг нь гэнэдүүлэн хутгалах боломжгүй байхаас гадна алах зорилготой байсан бол хутгыг тултал нь дарахаас бус гол судсыг нь тасдах хүртэл хатгаад буцааж авах бодит боломж байхгүй байна. Харин ч энэ үед хутганаас хохирогч барьж байсан тул хутганы ажлын хэсэг бүрэн ороогүй байна гэж үзэхээр байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт зааснаар хохирогчийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан бол хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэн авч үзэх ёстой гэсэн тухайд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй “хохирогч бие хамгаалж чадахгүй байсан” гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүх гомдлыг хянадаггүй юм. Мөн хохирогчийн ямар хэмжээний согтолттой байсан нь түүний бие хамгаалах чадварыг тодорхойлохгүй байхаас гадна таксинд тооцоо хийсэн, хиам зүсэж байсан зэргээс харахад дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

            Хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн тухайд, Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч орсон тохиолдолд шүүх хуралдааныг даргалж оролцдог бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж томилсон шийдвэрийг албажуулдаг. Гэтэл хохирогчийн өмгөөлөгчөөс хэрэг хуваарилагдсан шүүгчийг өөрчилсөн мэтээр гомдлын үндэслэлээ тайлбарласан нь ойлгомжгүй байна.

            Урьд нь ял шийтгэгдэж байсан нь хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэсэн тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд ял халдаахдаа тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл байхгүй байна. Түүнчлэн, анх удаа гэмт хэрэг үйлдэх гэдэгт өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй этгээд гэмт хэрэг үйлдсэнийг болон өмнө нь гэмт хэрэг үйлдсэн боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний улмаас ялгүй болсон этгээд гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар урьд нь ял шийтгүүлсэн бол насан туршдаа тэрхүү байдлаас хамааралтай байхыг зөвшөөрөөгүй болно.

            Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирлын талаар бүрэн дүүрэн үнэлээгүй гэсэн тухайд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчээс өмгөөлөгчийн асуусан “Хохирогч хагас суугаа байдал буюу дөнгөж өндийх агшиндаа гартаа хутга далайхад урд нь зогсож байгаа хүн тэр хутгатай гарыг нь дараад суулгахад дээрх гэмтэл үүсэх боломжтой эсэх? асуултад тусгай мэдлэг бүхий шинжээч “дээрх гэмтэл үүсэх боломжтой” талаар тодорхой мэдүүлсэн /тэмдэглэлийн 34 тал/ байхад энэ мэдүүлгийн үгүйсгэхгүйгээр таамаглалд үндэслэж болохгүй юм. Шүүгдэгчийн өгсөн “хохирогч цустай хутга сугалж босч ирээд өвдөглөөд, дөрвөн хөллөж мөлхөөд доошоо хараад унасан” мэдүүлгээс харахад хутгатай гараараа газар тулах үед хутганы ир эргэх боломжтой байхаас гадна хутгыг барьсан байгаагаар нь эргүүлээд дарахад дээрх гэмтэл үүсч болохоор байна. Харин хавтас хэргийн 14 дүгээр хуудасны ар талд авагдсан гэрэл зургаас харахад хохирогчийн зүүн гарт хутга сул атгагдсан гэж үзэхгүй. Гэрэл зурагт авагдсан байгаагаар баруун гарын алга хэсэгт бохирлогдсон байгаа тул тэр гараараа ч дарсан байхыг үгүйсгэхгүй юм. Нэгдүгээр хавтасны 7 дугаар хуудаст байх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хутгыг сул атгасан гэсэн тэмдэглэл байхгүй байгааг анхаарах хэрэгтэй бөгөөд 7 дугаар хуудасны ард “... сарвууны дотор хэсэгт ил харагдах боломжгүй улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байна. ...” гэсэн нь 14 дүгээр хуудаст харуулсан байдалтай нийцсэн, хутгыг чангаар атгасан байдлыг харуулж байна. Иймд хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол нь нөхцөл байдлыг буруугаар ойлгосон, бүхэлдээ таамаглалд үндэслэсэн гомдол гаргажээ. Түүнчлэн, хохирол төлбөр төлөөгүй байхад ял халдаахдаа хөнгөрүүлсэн гэсэн нь үндэслэл муутай байна. Анхан шатны шүүх болон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхой тогтоож чадаагүй байна. Хохирогч 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөгчид ирүүлсэн баримтаа 32.531.281 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн баримтаа 3 009 130 төгрөг, нийт 35 540 411 төгрөг нэхэмжилжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтаас Гандантэгчлэн хийдэд ном уншуулахад 127.000 төгрөг, Бүрэнхаан дэлгүүрт 88.000 төгрөг, Дархан-Уул, Гэцогдаржайлин хийд 300.000, Газар хөндөхөд ламд 100.000 төгрөг, Цахим айлтгал 49 000 төгрөг, Бэтүб төв хийд 583.000 төгрөг, Зэд 1.340.000, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн 10.100.000 төгрөг, Будаалга 2.559.000 төгрөг, хүнс 232.000 төгрөг, Хараагийн Дарь эхийн ламын Гэцогдаржаалин хийд 300.000 төгрөг, нийт 15.778.000 төгрөг нь талийгаачийг оршуулахтай холбоотой зардал, шашны зан үйл, хүлээн авалт, хүнс зэрэг зардал нь санхүүгийн анхан шатны баримттай болон баримтгүйгээр авагджээ. Харин бусад зардлын баримт нь санхүүгийн анхан шатны баримтаар авагдаагүй байхаас гадна талийгаачийг оршуулах, зан үйлийн зардалтай хамааралгүй, хэргийн цаг хугацаанд хамааралгүй /2021.01.31-ний баримт/, хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарахгүй хүнс, чихэр, боовны баримт авагджээ. Тухайлбал, үсний тэжээлийн тос, биеийн шингэн саван, шал цэвэрлэгч, алчуур, өмгөөлөгчийн зардал гэх мэт зүйл нь хор уршигтай хэрхэн хамаарах нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Ц.Б-н хувьд хүний ёсны үүднээс оршуулгын бодит гарсан зардлыг төлөхөө илэрхийлж, 15.000.000 төгрөгийг хохирогчид өгсөн байгаа тул түүний хохирогчид төлөх төлбөртэй гэсэн агуулгаар гаргасан гомдол үндэслэл муутай болжээ. Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна. ...” гэв.

            Hохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг гал тогооны өрөөнд болсон бөгөөд ариун цэврийн өрөө хэрэг болсон гэх газар хооронд гурван алхмын зайтай. Тиймээс хэрүүл маргаан болсон эсэхийг хамт байсан Б гэх гэрч мэдэх ёстой. Гэтэл Б “энэ хоёр хоорондоо ямар ч хэрүүл маргаан болоогүй, би ариун цэврийн өрөөнд бие засаж байгаад гарч ирэхэд талийгаач уначихсан байсан” гэж мэдүүлсэн. Ц.Б-н мэдүүлдэг шиг маргалдсан бол бүх зүйл сонсогдох байсан. Иймд мэдүүлгийг зөрүүтэй байхад 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хутгыг зүүн гарт нь атгуулсан байсан. Хэрвээ хүн зүүн гартаа хутга барьсан бол зүүн талын эгэмд босоо чиглэлтэй хутга орно гэж байхгүй. Миний ах 120 кг орчим жинтэй, Ц.Б-с биеэр илүү байхад Ц.Б хутгыг буцааж эргүүлээд дээш нь чиглэлтэй байна гэдэг нь амьдралд нийцэхгүй. Иймд түүнд оногдуулсан ял хөнгөдсөн, шударга бус гэж үзэж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохоор заажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, мөн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийн нотлох баримтын агуулгыг тусгана гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх улсын яллагчийн гаргасан ялын санал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн сэдэл санаанд зэрэгт бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд огт дүгнэлт өгөөгүй шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх хуралдаанд авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй байх ба уг маргаан хэдийд болсон, маргаан болсон буюу хохирогч хэрхэн гэмтэл авсан, шүүгдэгч ямар буруутай үйлдэл хийсэн эсэх зэрэг үйл баримт тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн харилцааны шинж, тэдний биеэ авч явсан байдал, үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоох шаардлагатай.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.23 дугаар зүйлд туршилт хийх талаар хуульчилсан бөгөөд амь хохирогчийг босоо эсвэл суусан ямар байрлалаас хутгалсан эсэх, хутганы ирний байрлал зэрэгт шинжээч нарыг оролцуулан мөрдөн байцаалтын туршилт хийж, бусад нотлох баримтуудтай харьцуулан хууль зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын хэмжээний талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, гэмт хэргийн улмаас хэдэн төгрөгийн хохирол учирсныг, хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас аль баримтыг нь шүүх үнэлсэн нь тодорхойгүй, мөн хохирлын талаарх баримтаас аль баримтыг яагаад үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 13.000.000 төгрөгийг хэрхэн 20.000.000 төгрөг болж өөрчлөгдсөн талаар шүүх огт дүгнэлт өгөлгүйгээр шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх юм.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан бусад асуудалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Ц.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ