Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00875

 

 “ЮБМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00594 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ЮБМ” ХХК-ийн хариуцагч “ББТ” ХХК холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 836 466 547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, өмгөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд гаргасан тайлбартаа: “ЮБМ” ХХК нь “ББТ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1707/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг өдрийн 0.01 хувийн хүүтэйгээр 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл зээл олгосон боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч зээлийг эргүүлэн төлөөгүй байна. Зээлийн 1707/01 тоот дугаартай гэрээний 5 дугаар зүйлд зааснаар үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0.1 хувийн торгуулийн хүү төлөхөөр заасан. Иймээс үндсэн зээл 50 000 000 төгрөг, үндсэн хүү нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 983 429.91 төгрөг, торгууль 6 534 298,96 төгрөг болж байна. Мөн манай компани “ББТ” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1705/02 дугаартай зээлийн гэрээгээр 269 749,34 ам.долларыг өдрийн 0.01 хувийн хүүтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлсэн. Уг зээлийг тухайн өдөрт нь зээлдэгчийн хүссэн данс буюу гаалийн татварт нь зориулж шилжүүлэн өгсөн. Мөн гэрээний 5.2-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн торгуулийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр заасан байсан. Энэ зээлийн гэрээний үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 244,68 ам.доллар, торгууль нь 45 991,91 ам.доллар болж байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “ББТ” ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн 1707/01 дугаартай гэрээний үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүүнд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 983 429,91 төгрөг, торгуулийн хүү нь 6 534 298,96 төгрөг, нийт 57 517 729 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1705/02 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 269 749,34 ам.доллар, хүү нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 6 244,68 ам.доллар, торгуулийн хүү нь 45 991,91 ам.доллар, нийт 320 365 ам.доллар буюу Монгол банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ам.долларын ханш /1 ам.долларыг 2 431,51 төгрөг/-аар тооцоход 778 948 818 төгрөг, нийт 836 466 547 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд тухайн үеийн нягтлан бодогч Ч.Намуунбайгаль буюу компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурж гэрээ байгуулсан, арынх нь гарын үсэг Ж.Соронзонболдынх гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учраас зээлийн гэрээг “ББТ” ХХК-д хамааруулж болохгүй. Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийг гүйцэтгэх захирал төлөөлдөг, төлөөлөх эрх бүхий этгээдэд энэ талаар мэдэгдээгүй тул зээлийн гэрээ байгуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан тул хуулийн шаардлага хангахгүй хэлцэл гэж үзнэ. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйлийг өгснөөр тооцдог. Гэвч бичгээр байгуулагдсан атлаа бодитоор олгоогүй, хүлээн авсан гэдгийг нэхэмжлэгч гэрчээр нотолсон боловч, гэрч би зөвхөн баримтад гарын үсэг зурсан бэлнээр аваагүй гэж тайлбарлаж байгаа нь зээлийг авсан гэдгийг нотлохгүй. Иймд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ нь хэлбэрийн шаардлага болон бодитоор олгосон гэдгийг нотлохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын гаалийн дансанд мөнгө шилжүүлсэн гэх боловч Улаанбаатар хотын гаалиас ирсэн мэдэгдэлд “ББТ” ХХК-иас гаалийн төлбөр төлж барагдуулахыг шаардсан байдаг нь зээлийн гэрээний зорилго болох гаалийн татвар төлөгдсөн эсэх, ББТ компанийн өмнөөс төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байна. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн зорилго гээд тоот нэхэмжлэлүүдийг заасан баримтыг Гааль болон Хасбанкинд хүсэлт явуулж шалгуулахад төлөгдсөн гэх хариу ирдэг боловч ББТ ХХК-ийн гаалийн татвар, бараанд төлөгдсөн үнийн дүн мөн эсэх нь эргэлзээтэй. Тэгсэн атлаа гаалиас татвараа төл гэсэн албан тоот ирсэн нь “ББТ” ХХК-ийн гааль дахь татвар төлөгдсөн гэж үзэх боломжгүй. Гэрээний 4 дүгээр зүйлд 0.01 хувь гэж заасан, торгуулийн хүү болох 45 000 орчим ам.доллар нэхэмжилж байгаа нь хүүгээс хүү бодох, хэтрүүлсэн хугацаанд хүү бодсон байна. Аж ахуйн нэгж, байгууллагын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа хэтэрсэн хүү тооцох боломжгүй. Гэрээний 5.2-д хүснэгтэд торгуулийн хүү гэдгийг мэргэшлийн хувьд үзвэл алданги гэж тооцох боломжгүй. Гэрээний утга, тайлбарыг тайлбарлахдаа Иргэний хуульд зааснаар үндсэн, шууд утгыг харгалзана гэж заасан. Торгуулийн хүү гэх хууль зүйн ойлголт байхгүй, нэхэмжлэгчийн хувьд хугацаа хэтэрснээс хойш мөнгөн дүнд хүү тооцсон гэх зүйл байна. Мөн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний сүүлийн хуудсанд зээлдэгчийн мэдээлэл буюу дансны дугаар байгаа. Энэ дансыг зааж бичсэн нь зээлийг энэ данс руу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлээгүй, зээлийн гэрээ бодитоор хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 836 466 547 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 4 340 283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 340 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох 57 517 729 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 1707/01 дугаар зээлийн гэрээний төлбөрт нэхэмжилсэн. Гэвч дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч “ББТ” ХХК нь мөнгө хүлээн аваагүй. Нэхэмжлэгчээс бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг гаргадаг боловч уг баримтын дагуу бодитоор 50 000 000 төгрөгийг өгөөгүй болохыг баримтад гарын үсэг зурсан тухайн үед ажиллаж байсан этгээд болох гэрч Ч.Намуунбайгаль нь тодорхой мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, баримтад гарын үсэг зурсан этгээд нь мөнгө хүлээн аваагүй болохыг шүүхэд мэдүүлсээр байтал “...түүний энэ тайлбар мөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг няцааж чадахгүй байх тул... хариуцагч нь татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзэв” хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй. Түүнчлэн бичгээр байгуулсан гэх гэрээ нь гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангахгүй байхад шүүх үл тоомсорлож энэ талаар дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь учир дутагдалтай болсон. Тодруулбал, “ББТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр М.Чингүнийг томилсон байдаг. Улмаар нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үедээ “ББТ” ХХК-ийн захирал нь М.Чингүн гэдгийг мэдэж байсан атлаа Ж.Соронзонболд гэдэг хүнээр гарын үсэг зуруулж гэрээг байгуулсан гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид тайлбарласан. Энэ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн”, 56.1.8-д “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-д хамаарч байгаа болно. Дээрх бүх үйл баримтыг үгүйсгэж буй үндэслэлээ анхан шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4 дэх талд “хариуцагчийн төлөөлөгч М. Чингүн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ЮБМ” ХХК болон манай компани аливаа асуудлаа эвийн журмаар шийдвэрлэх санал тавьж байна гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар хариуцагчийг маргаагүй гэж дүгнэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийжээ. Талуудын хооронд бодитоор үүссэн харилцаа бол нэхэмжлэгч компаниас “ББТ” ХХК белаз худалдан авахаар болсон бөгөөд уг белазны үнэд гаалийн татварыг оруулан тооцохоор байсан. Гэтэл нэхэмжлэгч “ЮБМ” ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн белазаа буцаан авсан бөгөөд одоо “ББТ” ХХК-д ямар ч белаз байхгүй. Гэтэл белазны үнэд төлсөн гэх гаалийн татварыг мөн дахин хариуцуулж буй нь худалдан авагчид шударга бус юм. Тиймээс талууд уг маргаантай холбоотой асуудлаа нэг мөр шийдвэрлэхтэй холбоотой тайлбарыг нь 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг зөвшөөрч буй мэтээр авч үзэх нь үндэслэлгүй. Иймд 50 000 000 төгрөгийн зээл болон түүний хүү, торгуулийн хүү гэх төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв нэхэмжлэгч нь өмнө нь захирлаар ажиллаж байсан гэх Ж.Соронзонболд болон н.Батдорж нарт өгсөн бол тухайн этгээдээс шаардах нь зүйтэй. Дээр дурдсанаар уг гэрээний дагуу шилжүүлсэн гаалийн төлбөр нь “ЮБМ” ХХК-аас авсан белазны төлбөрт тооцогдох ёстой. Гэвч бодит байдал дээр гаалийн татварын данс руу шилжүүлсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь гаалийн татвар төлсөн гэх боловч Гаалийн Ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 01/2/805 албан тоотоор татварыг 2018 оны 3 дугаар сарын 10-ны дотор барагдуулахыг шаардсан. Түүнчлэн нэхэмжлэгчээс Улаанбаатар хот дахь Гаалийн газраас ирүүлсэн гэх нэхэмжлэхийн дагуу төлбөр хийсэн гэж үзвэл уг Улаанбаатар хот дахь Гаалийн газраас ирүүлсэн лавлагаа болон Хас банкны шилжүүлгийн баримт нь 352 813 249,98 төгрөгөөр, 295 219 069,80 төгрөгөөр хоёр хувааж хийсэн гэж харагдахаар байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх эргэлзээтэй үйл баримтыг үнэлэхдээ шилжүүлсэн төлбөрийг нь ам.доллар гэж үзэн үндсэн төлбөр, хүү, торгуулийн хүүг хүртэл ам.доллароор бодсон нь буруу. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд, Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх дээрх тооцооллоос гадна Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэрээний 5-д “0.1 хувийн торгуулийн хүү” гэж заасныг алданги тохирсон байна гэж үзэж иргэд болон аж ахуйн нэгж хоорондын байгуулсан гэрээний заалтыг шүүх өөрийн дураар тайлбарлан хууль нийцүүлэхээр оролдож буй нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус заасантай нийцэхгүй байх бөгөөд иргэний эрх зүйн үндсэн зарчмыг алдагдуулж байна. Харин нэхэмжлэгч гэрээний хугацаа өнгөрснөөс хойш өдөр бүр дахин хүү тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж заасныг зөрчиж нэхэмжлэх эрхгүй болно. Шүүх өөрөө захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулсан атлаа хуульд заасан эрхийг нь зөрчиж шүүх хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч байгууллага нь хугацаатай үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд уг хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д “үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан”-аар тухайн хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болох ба Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг хүлээх иргэний эрх зүйн чадвар бүхий этгээд мөн болохыг тодруулах шаардлагатай байсан. Шүүгчийн захирамжид заасан нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Тодруулбал, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03086 дугаар шүүгчийн захирамжаар “... татвар төлөгдсөн барааны гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийг” Гаалийн Ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад Гаалийн Ерөнхий газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01-3/1336 дугаар албан тоотоор "ЮБМ” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийсэн эсэх талаарх мэдээллийг ирүүлжээ. Энэ алдааг залруулж хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа юм. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 04521 дугаар шүүгчийн захирамжийн 2 дахь заалтаар “ЮБМ” ХХК-аас “ББТ” ХХК-аас ирүүлсэн гэх №0220170531/00001, №0220170531/00002 дугаартай нэхэмжлэхийг ирүүлэхийг шаардсан байна. Гэвч тус компаниас шүүгчийн захирамжаар даалгасан нотлох баримтыг ирүүлээгүй. Зээлийн гэрээний төлбөрт 57 517 729 төгрөг болон 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1705/02 дугаар зээлийн гэрээний төлбөрөөс 127 028 318 төгрөгийг буюу нийт 184 546 047 төгрөгийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч “ЮБМ” ХХК нь хариуцагч “ББТ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд нийт 836 466 547 төгрөг гаргуулахаар шаардаж,  үндэслэлээ 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээн авсан 50 000 000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээн авсан 269 749,34 ам.долларыг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зээлдэгч “ББТ” ХХК биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, мөн 50 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан нь нотлогдоогүй гэж, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ам.долларын зээлийн гэрээний дагуу Гаалийн ерөнхий газар руу 2 удаагийн шилжүүлгээр мөнгийг шилжүүлсэн гэх боловч татвар төлөгдөөгүй нэхэгдсэн гэж татгалзал гаргасан байна.

Зохигчид 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1707/01 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, өдрийн 0.01 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч зээлийг хүүгийн хамт хугацаанд нь буцаан төлөх үүргийг хүлээж, зээлдэгчийг төлөөлж Ч.Намуунбайгаль, Ж.Соронзонболд нар гарын үсэг зурж, компанийн тамгаар баталгаажуулсан байна.

Ж.Соронзонболд нь 2017 оны 2 дугаар сараас 3 дугаар сарыг хүртэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан нь улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байхаас гадна түүнийг үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж, өдөр тутмын ажлыг хариуцдаг байсан, хоёр захирал хоорондоо зөвшилцөлгүйгээр гэрээ хийдэггүй байсан гэж тухайн үед компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Ч.Намуунбайгаль мэдүүлжээ. /хх-146/

Түүнчлэн, “ЮБМ” ХХК-аас 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зарлагын баримтаар гарсан 50 000 000 төгрөгийг “ББТ” ХХК-ийн мөн өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар Ч.Намуунбайгаль хүлээн авч гарын үсгээр баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ. /хх-19,20/

Дээрхээс үзвэл Ж.Соронзонболд нь компанийн хүсэл зоригоос гадуур хэлцэл хийсэн гэх, эрх бүхий этгээд нь зээлийн гэрээ байгуулагдаж байгаа талаар мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шаардах үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх эрхтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бүрдүүлсний улмаас төлөөлөн хэлцэл хийсэн этгээдийг төлөөлөх эрхгүй байсныг төлөөлүүлсэн этгээд ашиглах эрхгүй.

Иймд зохигч компаниудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар  бичгээр байгуулагдсанд тооцох бөгөөд зээлдүүлэгчээс зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул үүргээ биелүүлэхийг шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн. Иймд шүүх 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардсан төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Мөн талууд гэрээний 5 дахь заалтаар “төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлдэгч нь зээлдүүлэгчид хугацаа хоцорсон өдөр бүрийн үнийн дүнгийн 0,1 хувиар торгуулийн хүү төлнө” гэж тохиролцсон нь үгийн шууд утгын хувьд ойлгомжгүй байгааг шүүх гэрээний бусад нөхцөл байдалтай харьцуулж агуулгын хувьд тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт нийцсэн тул алданги гаргуулан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Харин шүүх 50 000 000 төгрөгийн 0,01 хувийн хүүг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай. Тодруулбал, 50 000 000 төгрөгийн хүү 305 000 /5000 нэг өдрийн хүү * 61 өдөр/ төгрөг буюу нийт 50 305 000 төгрөг үндсэн үүргийн дүнгээс хоног тутам 0,1 хувийн алдангийг 138 өдрөөр тооцоход 6 942 090 төгрөг болно. Иймд нийт 57 247 090 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй бөгөөд 50 000 000 төгрөгийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул хангахгүй орхив.

Зохигчид 2017 оны 5 дугаар арын 31-ний өдөр 1704/02 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 269 749,34 ам.долларыг 2 сарын хугацаатай, өдрийн 0,01 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч зээлийг хүүгийн хамт хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн, мөн гэрээний үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд “зээлдэгч нь зээлдүүлэгчид хугацаа хоцорсон өдөр бүрийн үнийн дүнгийн 0,1 хувиар торгуулийн хүү төлнө” гэж тохиролцсон, талууд гэрээ байгуулагдсан эсэхээр маргаагүй.

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “ЮБМ” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2 удаагийн шилжүүлгээр 352 813 249,98 төгрөг, 295 219 069,80 төгрөгийг тус тус ББТ ХХК-ийн төлбөрт төлсөн нь Хас банкны төлбөрийн баримтууд болон Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01/333 тоот албан бичгээр тогтоогдсон байх бөгөөд зээлдүүлэгч 269 749,34 ам.долларыг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлжээ.

Дурдсан төлбөрийн баримтад “ББТ” ХХК-ийн регистрийн болон дансны дугаар, нэхэмжлэхийн дугаар тодорхой тусгагдсан байх тул зээлийн мөнгийг шилжүүлсэн нь эргэлзээтэй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд зээлийн хөрөнгийг хүлээн авсан зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны алдангийг гэрээнд зааснаар төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэг болон 232 дугаар зүйлийн 232  дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн хүлээн авсан 269 749,34 ам.долларын зээлийн дүнгээс 0,01 хувиар тооцвол 1645 /нэг хоногийн хүү нь 26,974 ам.доллар*61 өдөр/ ам.долларын хүү, үндсэн зээлийн хамт 271 394,5 ам.долларын төлбөрийн үүрэг зээлдэгчид үүсчээ. Уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул хууль болон гэрээнд зааснаар 0,1 хувиар алдангийг шаардах эрхтэй, 46 680 ам.долларын алданги /271 394,5*0,1%*172 хоног/ төлөх үүрэгтэй, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн агуулгаар гэрээнд тусгасан, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул алдангийг зөвшөөрөхгүй талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрхийг нэгтгэвэл нийт 318 062 ам.долларын үүрэг тус гэрээгээр үүссэнийг нэхэмжлэл гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2 431,51 төгрөгөөр тооцвол нийт 773 403 272 төгрөгөөр нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй, шүүхийн шийдвэрт тооцооллын алдаа гарсныг зөвтгөж өөрчлөх боломжтой байна.

Талуудын хоорондын гэрээнд америк долларыг зээлийн гэрээний зүйл байгаа талаар тодорхой заасан байх бөгөөд төлбөр тооцооны үйл ажиллагааг явуулах шинжтэй гэрээ биш тул Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэлийг хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг 830 650 362 /57 247 090+773 403 272/ төгрөгөөр хангаж, үлдэх 5 816 185 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “836 466 547 төгрөг” гэснийг “830 650 362 төгрөг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 5 816 185  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагчаас 4 340 283 төгрөгийг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 4 311 201 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн  шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 080 680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ