Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2015/00764

 

2015.07.28                №764

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:135/2015/00625/И
 
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******од оршин суух *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******-нд холбогдох   
мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 7,134,804 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ миний бие талийгаач *******той 40 гаруй жил хамтран амьдарч үр хүүхдээ өсгөн бойжуулж, улсад үнэнч шударгаар хөдөлмөрлөж байсан билээ. Талийгаач ******* нь 1970 оноос эхлэн Шарын голын уурхайд нүүрс болон хөрсний хэсэгт экскаваторын машинчаар ажиллаж байгаад 2001 оноос эхлэн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаа хийж чадахгүйд хүрч амьсгалын дутагдал, уушгины тоосжилт өвчний оноштойгоор хөдөлмөр чадвар алдалтын 65 хувийн оноштойгоор өвчний группэд орсон билээ. Өвчний улмаас диспансерийн байнгын хяналтанд орж эмчлүүлж байгаад 2014 оны 05 дугаар сарын    08-ны өдөр нас барсан билээ. Эмгэг судлалын шинжилгээний 2014 -05 протокол болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 10-06-019/273 тоот дүгнэлтээр мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдож байгаа тул ард үлдсэн ар гэр болох эхнэр нь 36 сартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэсэн Хөдөлмөрийн хуулийн заалтын дагуу нэг сарын дундаж цалинг 198,189 төгрөгөөр тооцсон тодорхойлолтыг үндэслэн 36 сартай тэнцэх хэмжээний  нөхөн төлбөр 7,134,804 төгрөгийг ******-аас яаралтай гаргуулж өгөхийг хүсч байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “Нэхэмжлэгчийн нөхөр талийгаач ****ыг 2001 оны байдлаар буюу ажиллаж байхдаа 48,925 төгрөгийн цалинтай байсныг тодорхойлсон байхад түүний 36 сарын цалинг 7,134,804 төгрөг гэж гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3-т “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийг хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу хамтын гэрээнд тусган хэрэгжүүлэх ба хамтын гэрээнд энэ талаар тусгаагүй бол цалин буюу нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудал яригдахгүй. Нөхөн төлбөрийн тооцооллыг компанийн ерөнхий нягтлан холбогдох хууль тогтоомжийг баримтлан гаргаж удирдах албан тушаалтнуудад танилцуулан шийдвэрлүүлнэ. Тэрнээс биш нөхөн төлбөр болон тооцооллыг эцсийн байдлаар гаргаж батлах эрхгүй нягтлан бодогчийн ерөнхий нягтлан бодогчоор батлуулахаар гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэн нөхөн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Яагаад хууль зүйн үндэслэлгүй нөхөн төлбөрийн хэмжээг гаргасан учир нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэвэрийн доод хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтад дурдсан итгэлцүүрийг ашиглан гаргасан байдаг. Энэхүү итгэлцүүр нь зөвхөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох, тэтгэвэрийн доод хэмжээг тогтооход баримтлах итгэлцүүр юм.  Тэрнээс нөхөн төлбөр олгоход баримтлах итгэлцүүр биш юм. Тэгээд ч энэ Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор уг итгэлцүүрийг хүчингүй болгосон байгаа. 
Компанийн зүгээс талийгаач ******* мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан эсэх талаар маргаагүй, зөвшөөрч байгаа. Харин нөхөн төлбөрийн хэмжээний хувьд маргаж байгаа. Хуульд заасны дагуу түүний үндсэн цалинг 36 сараар тооцож нийт 1,753,020 төгрөгийн нөхөн төлбөрийг компани төлөхийг зөвшөөрч байна, үүнээс илүү гарсан нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ. 
    Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад 
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч ******-аас мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөр 7,134,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь талийгаач Гонгорын Гомботой 1970 онд гэр бүл болж, 5 хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд талийгаачийг нас барах хүртэл нэг ам бүлд хамт амьдарч байсан, түүний эхнэр болох нь тэдний гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нас барсаны гэрчилгээ, нэхэмжлэгчийн ******-нд гаргаж байсан өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нөхөн төлбөрийг шаардах эрхтэй байна.  
Талийгаач ***** нь Шарын голын уурхай /хуучин нэрээр/, ******-нд нүүрсчин, засварын слесарь, ээлжийн ахлах, эксковаторын туслах машинч, машинчаар ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаж 2001 онд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдаж улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ нэмэгдэж, 2001 оноос хойш жил дараалан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь сунгаж ирсэн байна. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн актаар Талийгаач ***** нь “J60 нүүрсчдийн уушги тоосжих” оноштой, 2-1-3 уушиг тоосжих өвчний I үе, уушигны идэвхтэй сүрьеэ хавсарсан, уушиг-зүрхний дутлын I, II үе гэсэн мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувиар тогтоолгожээ. ******* нь ийнхүү 2001 оны хөдөлмөрийн чадвар алдалтын зааврын дагуу диспансерийн хяналтанд орж үүнээс хойш 2014 оны 05 дугаар сар хүртэл буюу нас барах хүртэл байнгын хяналтанд байж байгаад 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барсан нь хавтаст хэрэгт цугларсан улсын байцаагчийн дүгнэлт, эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт, комиссын шийдвэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. 
Эмгэг судлалын шинжилгээний протокол №2014-05 зааснаар ******* амьсгалын дутагдал өвчний шалтгаанаар нас барсан гэжээ.
Иймээс талийгаачийн эхнэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт “... мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.” гэж заасныг үндэслэн ажиллаж байсан байгууллага буюу ******-аас 36 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. 
Хариуцагч ****** нь талийгаач ******* тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдаж, улмаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан талаар маргаагүй бөгөөд харин нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрийн хэмжээний талаар маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ ... хамтын гэрээнд тусгаагүй бол нөхөн төлбөрийг индексжүүлэх асуудал яригдахгүй, ... Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны авч байсан цалинг 36 сараар тооцож нийт 1,753,020 төгрөгийн нөхөн төлбөрийг компани нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна, үүнээс илүү гарсан нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрөх үндэслэлгүй ... учир нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэвэрийн доод хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын хавсралтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь буруу юм ... тэгээд ч Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор уг итгэлцүүрийг хүчингүй болгосон ... “ гэжээ.
Нөхөн төлбөрийг тооцох цалингийн дундажийг тодорхойлохдоо тухайн ажилтны өөрийнх нь ажиллаж байсан үеийн дундаж цалин хөлснөөс тодорхойлох шаардлагатай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.3. дахь хэсэгт “Амьжиргааны өртгийн өөрчлөлтэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.” гэж заасан боловч ****** нь хамтын гэрээнд амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хэрхэн тусгасан эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаар баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй зэргээс шалтгаалж хуульд заасны дагуу ****ын цалинг амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан индексжүүлэх нөхцөл бүрдээгүй тул Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэрийн доод хэмжээг болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай“ 15-р тогтоолын хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ийг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ. 
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7. а/-д олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд талийгаач Г.Гомбын сарын дундаж цалин хөлс нь 52,513 төгрөг байсан болох нь түүний №030158 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. 
Иймд *****ын дундаж цалин хөлс 52,513 төгрөгийг “Тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр”-ээр тооцож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, 7,134,804 төгрөгийг хариуцагч ******-аас гаргуулж, талийгаач Г.Гомбын ар гэр буюу нэхэмжлэгч д олгож шийдвэрлэв.       
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан ******-аас 7,134,804 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 129,107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******-аас 129,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЛХАГВАСҮРЭН