Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00675

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00675

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х дүүрэг, . хороо, Ч гудамж тоот хаягт оршин суух Ө овогт О.Э /рд:....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, . гудамж тоот хаягт оршин суух З овогт Т.Б /рд:...../-д холбогдох,

 

15,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Э  нь Т.Б 2015 оны 12 сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 сарын 09-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Энэ зээлийн гэрээг сүүлд нэхэмжлэгч, хариуцагч нар нөхөж хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, уг зээлийн гэрээг байгуулахдаа бэлэн мөнгө хүлээж аваагүй гэж тайлбарладаг. Анх зээлийн гэрээний үүрэгт 15,300,000 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагчийн өвчтэй, удаа дараа хагалгаанд орсон өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаас алданги, хүү 5,100,000 төгрөгийг хасаад үндсэн зээл 10,200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө О.Э р нь Т.Б бараа өгдөг, Т.Б нь худалдан борлуулсны дараа мөнгийг нь өгдөг байсан. 2012-2013 онд өгсөн бараа бүтээгдэхүүний үнийг Т.Б нь огт өгөөгүй байсан тул 2015 оны 12 сарын 09-ний өдөр өглөг, авлагаа тооцож 10,200,000 төгрөгийн тооцоог гаргаж, зээлийн гэрээг байгуулсан байдаг гэжээ.

 

Хариуцагч Т.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Э роос 10 гаруй жилийн өмнө дэлгүүрийн бараа болон тусламжийн бараа нилээд олон зүйл борлуулсан билээ. Тухайн үед барааг зарж байх үед ч зарим мөнгө төгрөгний тооцоо хийж байсан. Ингээд нэг хэсэг өөрөө гадаад яваад ирээгүй удсан ба би өөрөө хүнд өвчний улмаас 2 удаа зүрхний том хагалгаа хийлгэж мөн 6 удаа химийн тариа хийлгэсэн юм. Гэнэт 10,0 сая гаруй төгрөг нэхэж би олон жил болсон тул 10,200,000 төгрөг төл гэсэн учир байдлыг ярилцаж ойлголцсоны дагуу нотариатаар баталгаажуулсан юм. Гэвч эдгээр зарсан эд зүйлийн зарим нэгэн үнэтэй зүйл жишээ нь булган шуба, булган малгай, булган ороолт гэх зэрэг зүйлүүд хуучин байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Би зарим зарж борлуулсан зүйлийн мөнгө төгрөгийг авч чадаагүйгээс ийм байдалд орсон юм. Одоо надад 1 хуучин булган шуба, 1 булган хуучин малгай, ороолт буцаан өгөхөд бэлэн байна. Иймд миний биеийн эрүүл мэнд байнгын эмчилгээтэй байдаг тул 10,200,000 төгрөг өгнө алдагдал хүү тооцох боломжгүй тул үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Миний бие мөнгө зээлсэн биш бараа борлуулсан нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Э р нь хариуцагч Т.Б холбогдуулан, анх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,200,000 төгрөг, хүү алданги 5,100,000 төгрөг, нийт 15,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,100,000 төгрөгөөр багасгаж, үндсэн зээл 10,200,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу хүргүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

О.Э р нь Т.Б бараа өгдөг, Т.Б нь худалдан борлуулсны дараа мөнгийг нь өгдөг байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, Тухайн үед барааг зарж байх үед ч зарим мөнгө төгрөгний тооцоо хийж байсан гэсэн хариуцагчийн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, төлбөр зохих хүүгийн хэмжээг тогтоогоогүй учир Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа биш байна гэж үзэв.

 

Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан агуулга нь мөнгө шилжүүлэн авсан бол мөнгө буцаан өгөх, эд хөрөнгө шилжүүлэн авсан бол эд хөрөнгө буцаан өгөх агуулгатай байх тул зээлийн гэрээнд хамаарахгүй юм.

 

Иймд худалдагч О.Э р нь худалдан авагч Т.Б гаас барааны үнийг шаардах эрхтэй, худалдан авагч Т.Б нь харилцан тохиролцсон барааны үнийг төлөх үүрэгтэй юм.

 

Талууд 2015 оны 12 сарын 09-ний өдөр тооцоо нийлж, Т.Б гийн хүлээх үүргийг 10,200,000 төгрөгөөр тооцон, уг дүнг Зээлийн гэрээ-гээр баталгаажуулсан болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Т.Б нь 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу О.Э роос бодитоор 10,200,000 төгрөгийг хүлээн аваагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулагдсан тооцохгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хүү, алданги нэхэмжлэх эрхгүй байна.

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч О.Э р нь хариуцагч Т.Б гаас барааны үнийн үлдэгдэл төлбөр болох 10,200,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ... миний биеийн эрүүл мэнд байнгын эмчилгээтэй байдаг тул 10,200,000 төгрөг өгнө алдагдал хүү тооцох боломжгүй... гэж дурдсан байдаг боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд зохигч талууд давж заалдах гомдол гаргах эрхгүй үр дагаврын талаар хариуцагчид тайлбарлах боломжгүй байсан, мөн хариуцагч шүүх хуралдаанд оролцож хүсэл зоригоо тайлбарлаагүй учир хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 243 дугаар 243.1-т зааснаар хариуцагч Т.Б гаас 10,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э рт олгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Э роос тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б гаас тэмдэгтийн хураамжид 178,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Э рт буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР