Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2015/00874

 

2015.09.04                    №874


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00588/И 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банкны нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******,*******од оршин суух ******* /РД:*******, утас: *******/-т холбогдох  
Зээлийн гэрээний үүрэг 8,825,507 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Гэвч ****** нь зээл болон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлага гаргалгүй зайлсхийсээр зээл хүүний авлага үүсгэсэн. ... Иймд зээлдэгч Д.Наранцэцэтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн 7,194,000 төгрөг, зээлийн хүү 1,554,323 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,684 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 8,825,507 төгрөг нэхэмжилж байна. Зээлдэгчийн зээлийн барьцаанд буй ******* тоотод орших , дугаарын Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 84.0 м.кв талбайтай хашаа байшин, , дугаарын Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 670.0 м.кв газрын хамтаар барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч ******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “****** миний бие банк буюу ******* банктай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, бизнесийн зориулалтаар Дархан-Уул аймгийн *******ын 7 дугаар багт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалж 12,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 28,2 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар авсан. Зээлийг банктай байгуулсан графикийн дагуу 2014 оны 11 дүгээр сар хүртэл төлсөн боловч зах зээлийн хямралаас болж борлуулалт муудаж, иргэдийн худалдан авалт багассанаар зээлээ төлөхөд хүндрэл үүссэн. ... 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлөлтийг хийгээгүй. ... Зээл, хүүнд нийт 7,874,500 төгрөг төлсөн, .. одоо нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр 8,825,507 төгрөгийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байна, харин зээлийн болон барьцааны гэрээг цуцлах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сард дуусах учир бид зээлийн гэрээний зөрчлөө арилгаж, зээлээ хуваарийн дагуу төлөх саналтай байгааг шүүх анхаарч үзнэ үү.” гэжээ.  
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      
ҮНДЭСЛЭХ нь:
                                                                                                                      
Нэхэмжлэгч “*******” банк нь хариуцагч *******т холбогдуулж, зээлийн болон барьцааны гэрээг цуцалж, гэрээний үүрэг 8,825,507 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   
банкны хувь нийлүүлэгчийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр зээлдэгч “ банк” ХХК нь “******* банк” ХХК болж өөрчлөгдсөн байх ба тус банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт банкыг шүүхэд төлөөлөх эрхийг олгосон байна. 
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь зээлдэгч ******тэй 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлүүлж, зээлийн барьцаанд , дугаарын Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 84.0 м.кв талбайтай хашаа байшин, , дугаарын Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 670.0 м.кв газрыг тус тус барьцаалжээ.
Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгэсэн байх ба гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг баталжээ. 
Зохигчид нь зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, зээлдүүлэгч, зээлдэгчид 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх талаар маргаагүй ба харин зээлдэгч ****** нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, зээлийн хүүг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш банкинд зээлийн төлөлт нэг ч удаа хийгээгүй тул банкны зүгээс зээлийн гэрээг цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг шаарджээ. 
Хариуцагч ******ээс зээлийг графикт хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардаж байсан болох нь шүүх хуралдаан дээр талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдсон ба зээлийн үлдэгдэл төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж барагдуулахгүй бол зээлийн болон барьцааны гэрээнд заасан холбогдох арга хэмжээг авах талаар мэдэгдэх хуудсыг түүнд 2015 оны 02 дугаар сарн 24-ний өдөр хүргүүлж байжээ. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа “ ... хариуцагч ****** нь зээлийн төлөлтийг төлөх хуваарийг зөрчиж 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлөлтийг хийгээгүй, ... банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж байнга утсаар ярьж, мэдэгдэх хуудас явуулсан, ... зээлийг төлж дуусгана гэдэг боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа төлбөр хийгээгүй тул Зээлийн гэрээний 4.2.3, 4.2.7-д заасны дагуу гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, бусад зардлыг шаардаж байна ..” гэжээ.
Харин хариуцагч ****** нь шүүхэд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэлийн шаардлага 8,825,507 төгрөгийн нэхэмжлэлийг төлөхийг зөвшөөрч байна, улс орны эдийн засгийн хямралтай байдлаас шалтгаалж зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүйд хүрсэн, ... зээлийн гэрээг цуцлахгүйгээр зээлийн төлөлтийг хийж хэвийн болгох саналтай байна ... “ гэсэн боловч зээлийг төлөх ямар нэгэн санаачлагатай үйлдлийг хийгээгүй, зээлийн гэрээг цуцлахгүй байх шалтгаан, нөхцөлийн талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй юм. 
    Талуудын байгуулсан зээлийн гэрээний 4.2.3-т “Зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүүг буцаан төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн”, 4.2.7-д “Зээлдэгчийн санхүү, эдийн засгийн байдалд хүндрэл учирч, түүний үйл ажиллагааны буруугаас зээл хугацаандаа төлөгдөхгүй болох нь ажиглагдсан” гэж заасан бөгөөд эдгээр нөхцөл бий болсон бол банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******ээс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол болох нотариатын зардлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. 
  Нэхэмжлэгч ******* банк, хариуцагч ****** нарын хооронд байгуулсан №13/180 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зохигчид нь барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, ******* , тоот, дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай хашаа байшин, мөн хаягт орших дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийг барьцаалсан болох хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №13/180 зээлийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна. 
Дээрх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2. дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. 
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.  
Мөн дээрх зээлийн гэрээнд хариуцагч ******ийн хүүхэд, охин Г.Батчимэг нь хамтран зээлдэгчээр оролцсон ба банк зөвхөн ******ээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасантай нийцнэ гэж үзэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******ээс үндсэн зээлийн төлбөр 7,194,000 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1,555,323 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 70,684 төгрөг, нотариатын зардал 5,500 төгрөг, нийт 8,825,507 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ****** нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, ******* , тоот, дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай 84.0 м.кв хашаа байшин, мөн хаягт орших дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай 670.0 м,кв газар өмчлөх эрхийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.     
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 156,159 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******ээс 156,159 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” банкинд олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН