Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00903

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч НШШГГ, “МОТ” ХХК нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч “МОТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00189 дугаар шийдвэрээр Т.Өлзийсайхан, Ж.Б, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нараас 250 969 075 төгрөгийг гаргуулан “Доог алт” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Уг хэрэг НШШГГ-т шилжиж 2018 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 183004460/01 дугаар тогтоолоор бид нарын байр болох Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Анкарагийн гудамж 10 дугаар байрны 02 тоотод байрлах 95 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг маань битүүмжилж улмаар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хурааж, энэ талаар тогтоол үйлдсэн болно. НШШГГ-аас байрны үнийн саналаа өгөхийг утсаар мэдэгдсэн боловч Хятад Улс руу явж байсан тул очоод өгье гэсэн. Ирээд үнийн санал өгөх гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үнийн санал ирүүлэх мэдэгдэл шуудангаар явуулсан, та ирээгүй шинжээч томилсон гэсэн. Мэргэжлийн байгууллагыг томилсон байсан тул үнэн зөв үнэлэх байх гэж найдсан. Гэтэл байрыг зах зээлийн хамгийн бага үнээр үнэлсэн байна. Үнэлгээчин нь орон сууцыг хүн амын нягтралтай хотын 1 дүгээр бүс, төв зам дагуу төвийн системд бүрэн холбогдсон, 1 том өрөө, 2 дунд зэргийн өрөө мөн гал тогоо нь маш том тусдаа 1 өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй, том коридортой, сайн засалттай гэсэн атлаа 2 184 210 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар 1 м.кв-ийн доод үнэ 2 500 000-2 900 000 төгрөгийн үнэтэй байгаа. Иймд миний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Анкарагийн гудамж 10 дугаар байр 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-2202017915 дугаар бүртгэлтэй 95 м.кв талбайтай 3 өрөө, гал тогоо 1 өрөө, ариун цэврийн 2 өрөөтэй орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “МОТ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 216 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоот, 2010 оны үед ашиглалтад орсон, 13 давхар орон сууцны зориулалттай, цутгамал төмөр бетон карказан барилгын 2 давхрын, 3 өрөө орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний байдлаар үнэлж, зах зээлийн үнийг 207 500 000 төгрөгөөр тодорхойлсон. Үнэлгээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, үнэлгээний олон улсын стандарт /IVS-2017/-ын дагуу хийж, дүгнэлтээ хараат бусаар, бие даасан байдлаар гаргасан. Үнэлгээ нь дээр заасан тогтоолд дурдсан объектын хүрээнд явагдсан болно. Энэхүү үнэлгээг хийхдээ шинжээчид нь тухайн обьекттой газар дээр нь биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото зураг авсан. Хөрөнгийн үнэлгээг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаар дүгнэсэн бөгөөд тухайн үеийн ижил төрлийн обьектын зах зээл, үнэ ханшийн судалгаа, сүүлийн үед баригдсан, ижил хийцлэлтэй, байршлын хувьд үнэлж байгаа хөрөнгөнөөс 520.0 метрийн радиусын дотор байрлах 3 орон сууцны үнэ, ханштай харьцуулж зах зээлийн судалгааг хийсэн. Мэдээллийг www.unegui.mn сайтаас авч, утсаар тодруулж баталгаажуулсан болно. Иймд үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “НШШГГ” шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 00189 дүгээр шийдвэрээр Ж.Б, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нараас 250 969 075 төгрөгийг гаргуулж “Доог Алт” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэлтэй 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-т заасны дагуу битүүмжилж, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авах мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14727 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт хүргүүлсэн. Дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Мөнх Оргил трейд ХХК-ийг томилон үнэлгээг тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 207 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 4/16312 тоот албан бичгээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нарт Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах 4/16993 дугаартай мэдэгдэл болон 10/10 дугаартай тогтоолыг биечлэн уулзаж гаргаж өгсөн. Төлбөр төлөгч Ж.Батханд нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.Төлбөр төлөгч Ж.Батханд, Т.Өлзийсайхан, Ө.Энхжаргал, Ө.Бүрэнжаргал нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 02176 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хүчинтэй хэвээр болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоотод байрлах 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ийг 2 184 210 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн хамгийн бага үнэлгээ. “МОТ” ХХК нь шүүхэд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээл үнэ ханшийн судалгаа хийж ижил төстэй 3 орон сууцыг авч үзэж харьцуулалт хийсэн, мэдээллийг үнэгүй.мн сайтаас авч утсаар тодруулж баталгаажуулсан гэж тайлбарласан нь хангалтгүй. “Мөнх оргил трейд” ХХК хотын захын байрны үнийг харах хэрэгтэй. Үнэлгээний хувьд зөрүүтэй байртай харьцуулсанд гомдолтой байна. Сонгинохайрхан дүүргийн Эрин хороолол 2 200 000 төгрөг, бүр цаашлаад 21 дүгээр хороолол Содон хороолол 1 980 000 үнэтэй байхад хотын төвийн байршилтай орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Үнэгүй.мн сайтад зарим хүмүүс бэлэн мөнгөөр зарах гээд хямд үнэ тавьдаг, үүнийг үндэслэн үнэлсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч “МОТ” ХХК болон НШШГГ нарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг эс зөвшөөрч марган, хариуцагч “МОТ” ХХК үнэлгээг хуульд заасан журмын дагуу явуулсан, хариуцагч НШШГГ Ж.Б-д үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн, төлбөр төлөгч нь үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 189 дүгээр захирамжаар /хх13-14/ Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэлтэй 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2161 дүгээр шүүгчийн захирамж гарч /хх31/ мөн өдөр 233 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж /хх30/, 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 18300460 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ./хх34/

Барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэлтэй 95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжилж /хх37/, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хураасан нь /хх39/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12, 36 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, энэ талаар төлбөр төлөгч маргаагүй байна.

Дээрх хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч нар болох Т.Өлзийсайхан, Ж.Б, Ө.Энхжаргал нарт үнийн саналыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны дотор ирүүлэхийг, хэрэв заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох талаар 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14727 дугаар албан тоотоор мэдэгдсэн /хх43/ боловч төлбөр төлөгч нар дээрх хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна.

Иймд талуудыг хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэх бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 216 дугаар тогтоолоор “МОТ” ХХК-ийг шинжээчээр томилсон /хх44/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасанд нийцсэн байна. Шинжээч Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Анкарагийн гудамж, 10 дугаар байрны 02 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017915 дугаарт бүртгэлтэй 95 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 207 500 000 төгрөгөөр үнэлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээ болон уг үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдааг 145 250 000 төгрөгөөр явуулах талаар 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх46/.

Иймд эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээг хуулийн дагуу явуулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00540 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ