Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/876

 

 

 

Т.Т, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

цагаатгагдсан этгээд Б.М,

шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/870 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батболдын бичсэн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлоор Т.Т, Б.М нарт холбогдох 2106002610516 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Тийн Т, 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - оршин суух, /РД:-/;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

            Б овгийн Бгийн М, 1990 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагдаагийн Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаа ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УУ9005033-/;

            Шүүгдэгч Т.Т, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Н.Тыг “мөнгө зээлээч, төслийн зээл бүтэхээр өрийг чинь дарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, дансаар 5.360.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            шүүгдэгч Т.Т нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Т.Шын эзэмшлийн 59-86 УБЗ улсын дугаартай “Toyota Sai” загварын автомашиныг худалдан авна хэмээн урьдчилгаа 5.500.000 төгрөг өгч, өөрийн нэр дээр шилжүүлэн аваад үлдэгдэл 5.500.000 төгрөгийг өгөлгүй залилах гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Б.Мыг цагаатгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, А овогт Тийн Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т нь шүүхээс оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Т, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Т.Т нь Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон ял, шийтгэл авсан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Энэ хэргээ хамт шийдүүлэх хүсэлтэй байсан боловч хүлээн аваагүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Баянзүрх дүүрэгт шалгагдаж байгаа хэргийг нэмж нэгтгэн шалгах шаардлагатай гэж шүүхээс хэргийг прокурорт буцааж байсан болно. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 807 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Т.Т нь бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй, одоо оршин сууж байгаа гэх - хаягт албан ёсоор бүртгэгдсэн эсэх нь эргэлзээтэй зэргээр оршин суух хаяг тодорхойгүй хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тохиромжгүй, Т.Тын үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах боловч түүний үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялаар солих боломжгүй тул шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.” гэж дүгнэжээ.

             Шүүхийн шийдвэрээс үзэхэд Т.Тыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарна гэж дүгнэсэн боловч ял оногдуулан шийдвэрлээд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулаагүйгээс үзвэл шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Шүүх шийтгэх тогтоолдоо Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан болох талаар дурдсан байдаг. /Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэсэн заалтыг ялтан нь тухайн гэмт хэргийг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн тохиолдолд түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг нь зорчих эрх хязгаарлах ялаар сольж хорих байгууллагаас шууд суллах тухай зохицуулалт гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхээс Т.Тд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Тын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэг санал хүсэлт байхгүй. Харин Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх үед нөгөө хэрэг нь прокурорын шатанд байсан. Прокурорын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглүүлэхээр хүсэлт өгсөн байсан. Анхан шатны шүүх хуралдаанд өөр хэргийн талаар болон түүнийг нэгтгүүлэхээр ямар нэг санал гаргаж байгаагүй. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь үргэлжилсэн үйлдлээр

2018    оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайкун” барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Н.Тоос “мөнгө зээлээч, төслийн зээл бүтэхээр өрийг чинь дарж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5.360.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Т.Шын эзэмшлийн 59-86 УБЗ улсын дугаартай “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл, түүнийг эзэмших эрхийг шилжүүлэн авч 6.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Тын “...Т нь надад “чиний машины зээлэн дээр нэмээд 5.000.000 төгрөг зээлж авъя, нэг сарын дараа буцааж өгье, буцааж өгөхдөө чиний өмнө зээлсэн зээлийн үлдэгдлийг би төлж өгье, ямар ч байсан банкнаас их хэмжээний зээл авч хамтарч юм хийнэ” гэж ярьж байсан. ...Б.Мтой уулзаад “Т.Тд би итгэхгүй байна, чамайг батлан даана гэх юм бол би машиныхаа зээлэн дээр мөнгө нэмж авч өгч болно” гэхэд Б.М “за баярлалаа, чи надад итгээд өгч болно, бид хоёр нийлж юм хийх гэж байгаа” гэсэн. Би 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ... “Тайкун” ХХК дээр очиж өмнө авсан зээлийн гэрээгээ шинэчилж 8.000.000 төгрөгийн зээл авсан, энэ мөнгөнөөс ... Б.Мын дансанд 5.360.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш нэг сар хүлээлээ мөнгө байдаггүй, зээлээ төлөөгүй, зээл авсан газраас сарын хүүгээ нэхэж эхэлсэн. Т, М нарт мөнгө яасан бэ, хүү нэхээд байна гэхэд тэр хоёр сарын хүүг нь төлж эхэлсэн. ...” /1хх 17-21/ гэсэн,

хохирогч Т.Шын “...Би 2017 оноос Т.Т гэдэг хүнийг таньдаг болсон бөгөөд анх 2017 онд манай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдаагаар ажилд орсон. ...Би өөрийн 59-86 УБЗ улсын дугаартай “Toyota Sai” загварын авто машинаа зарах гэж хойд талын цонх дээр нь “зарна” гэсэн бичиг наачихсан явж байсан. Тэр үед Т.Т надаас “та хэдэн төгрөгөөр зарах юм” гэж асуухад нь би “12 саяд зарна” гэж хэлэхэд Т.Т нь “би танд 5.5 сая төгрөгийг бэлнээр өгье, та машиныхаа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өгчих, би дараа нь банкнаас зээл аваад үлдсэн 6.5 сая төгрөгийг өгнө” гэж хэлэхээр нь итгээд өөрийн автомашиныг Т.Тын нэр дээр шилжүүлэх итгэмжлэл хийж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажлын байран дээр 5.5 сая төгрөг бэлнээр авсан. Тэгээд дараа нь Т.Таас “үлдэгдэл мөнгөө авъя” гэхэд утсаа салгаад авахгүй, зөвхөн мессеж бичсэн тохиолдолд хариу мессеж ирдэг. “Би зээл хөөцөлдөөд явж байна, удахгүй зээл бүтэхээр таны мөнгийг хүүтэй нь өгнө” гэж худлаа ярьсаар байгаад хоёр жил өнгөрч байна. ...” /1хх 197/ гэсэн,

гэрч Б.Цийн “...2018 оны 11 дүгээр сард Т.Т, Б.М нар надтай уулзаад “бид хоёр барилгын хөнгөн блокны үйлдвэрийн төсөл бичсэн, энэ төсөл дээрээ банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа, бичиг цаасны зардал гээд 1.000.000 гаруй төгрөг хэрэг болоод байна, чиний машин банк бус байгууллагад барьцаанд байгаа юм байна, тэрэн дээрээ нэмээд зээл аваад өг” гэж хэлсэн. Миний сургалтын төлбөр нэхэгдээд манай эхнэр ... авто машинаа барьцаалж “Тайкун” барьцаалан зээл олгодог газраас 2.500.000 төгрөг авсан байсан. Тэрийг өмнө нь манай хэлтэст цагдаагаар ажиллаж байгаад ажлаасаа гараад тухайн банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан Ү гэж залуу Т.Тд хэлсэн юм шиг байна лээ. ...Орой нь манай эхнэр ирээд ... “зээл нь бүтчих байлгүй, хамт ажилладаг улсууд юм чинь найдвартай байх мөнгө нэмээд зээлээд аваад өгье” гэж ярилцсан. ...Эхлээд 1.000.000 гаруй төгрөг хэрэгтэй гэж байсан чинь яг авах болохоороо Т.Т “нэмчих нэмчих” гэж хэлж байгаад 8.000.000 төгрөг болгосон гэсэн. ...Тэгээд 12 дугаар сар болсон чинь Т.Т “оны эцэс болчихсон чинь банк зээл гаргахаа больчихлоо, он гараад зээл гарах юм байна” гэсэн. Тэгээд тэр хугацаа нь болохоор “төдийд, өдийд гарахаар болчихлоо” гээд байсан. Төслийн зээлээ Т.Т нь хөөцөлдөж байгаа гээд яваад байсан. Би тэр хоёроос “манай машины зээлийн хүүг төлж байгаа юу” гэхэд Т.Т “хийж байгаа” гэсэн. Тэгээд 2 дугаар сард “Тайкун” компаниас “зээлийн хүү, зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна, өдрийн алданги 45.000 төгрөг болсон, нийт 3.000.000 гаруй төгрөг хийгээгүй байна” гэж хэлээд машин хураагаад аваад явсан. ...Эхнэр бид хоёр “Тайкун” компани дээр очиж уулзахад “зээл авснаас хойш нэг ч төгрөг хийгээгүй, зөвхөн хүү нь өдрийн алдангитайгаа нийлээд 3.000.000 гаруй төгрөг болсон, үүнийгээ төлж байж машинаа ав” гэсэн. Тэгэхээр нь Т.Ттай уулзаад ... 3.000.000 төгрөг төлөөд манай машиныг буцааж авч өгсөн. Үүнээс хойш Т.Т нь нөгөө зээлээ яриад “Б.М нь хашаа байшин зарахаар өгнө, зарагдахгүй байна” гээд яваад байдаг. Би Б.Мод “эхнэр бид хоёр чамд итгэж өгсөн, Т.Тд бол өгөхгүй байсан” гэхэд “харин ойлгож байна, Т.Т надад ч гэсэн худлаа яриад яваад байна” гэж ярьдаг. ...” /1хх 33-34/ гэсэн,

Б.Мын “...2018 оны 11 сард тухайн үед надтай хамт Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн хамгаалалтын цагдаагаар ажиллаж байсан Т.Т тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээс “бэлэн төсөл байна уу, байвал Ариг банкнаас зээл гаргаж өгч чадна, тэнд ажилладаг эдийн засагч нь манай найз” гэж хэлж байсан. Ингэж хэлснээс хойш хоёр хоногийн дараа би найз Эаас “Барилгын хуурай хольц үйлдвэрлэлийн төсөл” гээд 200 гаруй хуудас материалыг авч Т.Тд өгсөн. Үүнээс 2-3 хоногийн дараа Т.Т надтай утсаар холбогдоод “нөгөө эдийн засагч маань сая төгрөг хэрэгтэй болчихлоо” гээд байна гэхээр нь “цалин буухаар л хоёулаа дундаасаа өгье” гэхэд “өнөө маргаашгүй мөнгөө авна гээд байна, тэхээр яаралтай хэрэгтэй байна” гэсэн. Би түүнд надад цалингаас өөр орлого байхгүй тул би яаралтай мөнгө өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгтэл Т.Т “надад нэг санаа байна, Цтой уулзаад үзье, түүний машин ББСБ-д байдаг, түүн дээр нэмүүлээд 1 сая төгрөг авчихъя” гэсний дагуу би Цтой утсаар холбогдож “1 сая төгрөгийн хэрэг байна, төсөл гарахаар егье гээд ... уулзаад ийм төсөл байгаа, энэ төсөл 1, 2 сарын дараа бүтчихвэл Ариг банкнаас 400 сая төгрөгийн зээл гарна, тэр үедээ буцаагаад өгчихье” гэж хэлсэн. Ахмад Ц “манай эхнэр франц явж ажиллахад 15 сая төгрөг хэрэгтэй байгаа, тэрийг өгнө гэвэл би гаргаж өгье, ямар ч байсан манай эхнэртэй очиж уулзъя” гэж хэлээд бид гурав хамтдаа Сансарын Баянцээл худалдааны төвд үсчнээр ажилладаг эхнэр Н.Ттой нь уулзсан. Т.Т үсээ засуулаад сууж байхдаа “Б.М бид хоёрт бэлэн төсөл байгаа, үүнийгээ Ариг банканд танилцуулж 400 сая төгрөгийн зээл авах гэж байгаа, ингэхийн тулд 1 сая төгрөг хэрэгтэй байна, зээлээч” гэсэн. Ингээд бид хоёр гэртээ очиж байгаад ярилцаад хариу хэлье гэсэн. Маргааш нь Н.Т надад “та хоёр зээлээ бүтвэл надад 15 сая төгрөг зээлүүлээрэй, тэгнэ гэвэл би машинаа барьцаанд тавьсан ББСБ-аас нэмээд зээл авч өгье” гэж хэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Т.Т намайг “Нисдэг машин худалдааны төвийн урд талын Бест төв дээр хүрээд ир” гэсний дагуу очиход Н.Т, Т.Т нар болон түүний найз Ү гэх залуу гурвуулаа хамт ирсэн. Н.Т ББСБ руу ороод өмнө машинаа барьцаалж авсан байсан зээл дээрээ нэмж 5.360.000 төгрөг авчихлаа гэж гарч ирсэн. Би “1 сая төгрөг ярьж байсан яагаад ийм их хэмжээний мөнгө болов” гэсэн чинь Т.Т “5.360.000 төгрөг авчих гэсэн шүү дээ” гэсэн. Би “наад мөнгөө Т.Тд өгье, би авахгүй” гэхэд тэрээр “миний данс зээл төлөөгүй гээд хаагдсан байгаа, чиний данс руу шилжүүлээд авчихъя” гэж хэлээд бид бөөндөө Сансарын колонкийн автобусны арын хоолны газар орж сууж байгаад “Н.Тын нөхөр гээд хаагдсан байгаа, чиний данс руу шилжүүлээд авчихъя” гэж хэлээд хоолны газрын үүдний Хаан банкны бэлэн мөнгөний машинаас миний Хаан банкин дахь 5024372839 тоот данс руу 12 цаг 49 минутад шилжүүлсэн. Уг мөнгөнөөс би хоолны тооцоо 115.200 төгрөг төлсөн. 15 цаг 11 минутад Т.Тын хэлснээр “Таас өгөв” гэсэн утгатай 3.650.000 төгрөгийг хаан банкны 5064442938 дугаартай дансанд шилжүүлсэн. 15 цаг 12 минутад нөгөө төслийн зээл гаргаж өгөх ёстой хүн гээд 5063070671 тоот данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 200.000, 180.000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авч өгсөн. Миний дансанд 100.000 төгрөг үлдсэн байсан. Би цалингийн зээлтэй байсан учраас 95.291 төгрөгийг автоматаар татсан. Би өөрийнхөө хэрэглэсэн гэх 95.291 төгрөгөө Цийн данс руу 2000 онд 200.000 төгрөг болгож шилжүүлсэн. ...” /1хх 22-24, 26/ гэсэн,

Т.Т яллагдагчаар өгсөн “...Машин барьцаанд тавьж 3 сая гаран төгрөгийн зээлийг Үоос авч байсан. Тоос авсан мөнгөө хүүтэй нь бодож Үын данс руу шилжүүлсэн. Тоос мөнгө зээлэхдээ өмнөх зээлээ төлнө гэдгээ хэлээгүй. Төслийн зээл хөөцөлдөж байгаа зээл бүтэхээр буцааж өгнө гэж хэлээд өмнөх зээл дээр нь нэмж зээл гаргуулан авсан. Энэ үед Б.М надтай хамт яриа, хөөрөөнд оролцоод явж байсан. Б.М бид хоёр ярилцаж байгаад барилгын цемент, шохойн үйлдвэр буюу жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн зээл хөөцөлдөөд материалаа Г гэх хүнд өгч байсан боловч зээл бүтэхгүй гэсэн хариуг хэлсэн. ...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд тус шүүхийн шүүгч ажилтай Т.Шын эзэмшлийн 59-86 УБЗ улсын дугаартай “Toyota Sai” загварын машиныг худалдан авна гэж урьдчилгаа 5.500.000 төгрөг өгч, өөрийн нэр дээр шилжүүлэн аваад үлдэгдэл 6.500.000 төгрөгийг өгөлгүй залилах гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 137-138, 212/ гэсэн,

Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 50/573 дугаартай албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулгууд /1хх 43-48/, “Тайкун” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21/01/19 дугаартай албан бичиг, Н.Ттой холбоотой зээлийн баримтууд /1хх 55-63/, эд зүйл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл, Б.М, Т.Т нарын харьцаж байсан чат мессежний хуулбар /1хх 158-159,162-166/, мөрдөгчийн магадлагаа /1хх 210/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд Т.Т нь хохирогч Н.Тын нөхөр Б.Ц, Б.М, мөн хохирогч Б.Штай нартай ажлын болон танилын харилцаатай байсан харилцааг ашиглан “Банк бус санхүүгийн байгууллага болон хамт ажилладаг, итгэдэг хүнийг ашиглан төсөл хэрэгжүүлэхээр их мөнгө орж ирнэ, энэ ажлыг хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй, мөнгө орж ирэхээр үндсэн зээлийг нэмж авах зээлтэй хамт төлж машиныг барьцаанаас чөлөөлж өгнө, мөнгө зээлүүлнэ” гэж итгүүлэн хохирогч Н.Тоор 5.360.000 төгрөгийн зээл авахуулсан, мөн бусдаас тээврийн хэрэгсэл худалдаж авна гэж урьдчилгаа мөнгө өгөх, үлдэгдэл төлбөрөө уг тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авч өгөх зэргээр итгэл төрүүлэн тээврийн хэрэгсэл болон эзэмших эрхийг шилжүүлэн авсан, тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан боловч үлдэгдэл төлбөрөө хохирогч Б.Шт өгөөгүй, ингэж олсон мөнгөө урьд үүссэн өр төлбөртөө өгч зарцуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Тын хохирогч Н.Тыг хуурч 5.360.000 төгрөгийн зээл авахуулсан, хохирогч Б.Шын автомашиныг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 5.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 5.500.000 төгрөгийг өгөөгүй, дээрх мөнгийг өөрийн өр төлбөртөө зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн шийдвэр болжээ.

Прокуророос Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Т.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, Б.М нь бусадтай бүлэглэн хохирогч Н.Тыг залилах санаа зорилго агуулаагүй, өөрөө төөрөгдөлд орсон гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэдийгээр шүүгдэгч Т.Т нь гаргасан давж заалдах гомдолдоо түүний үйлдсэн өөр гэмт хэрэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан талаарх баримтыг хавсарган ирүүлсэн байна. Шүүгдэгч Т.Тд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх үед тэрээр өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн өөр шүүхэд шалгагдаж байгаа хэргийн талаарх баримтыг шүүхэд гарган өгөх эрх нь нээлттэй байжээ.

Учир нь, шүүгдэгч Т.Т нь өөр хэрэгт шалгагдаж байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөлгүйгээр өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шүүн таслах ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/870 дугаартай шийтгэх тогтоол нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЗ/917 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 1 сарын дараа гарсан байна. Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Т нь өөр хэрэгт шалгагдаж байгаа талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд Шүүгдэгч Т.Тын гаргасан “...Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Энэ хэргээ хамт шийдүүлэх хүсэлтэй байсан боловч хүлээн аваагүй нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх бөгөөд хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээнд хэрэглэхгүй байхаар тусгайлан зохицуулсан байна.

Түүнчлэн прокурор анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Т.Тын үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах боловч түүний үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялаар солих боломжгүй тул шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. ...” гэжээ.

Гэвч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Тын үйлдсэн “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт багтсан тул түүнд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Иймд прокурорын бичсэн “шүүгдэгч Т.Тд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар дүйцүүлэн солих тухай” эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/870 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батболдын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                                   Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ