Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 135/ШШ2015/00895

 

2015.09.08                895

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:135/2015/00711/И 

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж, 
     Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, 15-р багт байрлах ******-ийн нэхэмжлэлтэй, 
     Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь *******нд холбогдох
     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 
     Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч ****** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******аар нэхэмжлэгч ХХБ-ны Дархан салбарт 564,721,895 төгрөгийг төлөх, төлөхгүй бол барьцааны эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн тухай ******-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус *******ны шийдвэр гүйцэтгэгч ******* явуулсан. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсан дээр үүргийн гүйцэтгэлийн барьцааны эд хөрөнгөнөөс гаргуулах тухай тодорхой заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Төлбөр төлөгч ******* нь төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй, төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж байх тул ******-тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн НТНО-2015/01 дугаартай Санхүүжилтийн гэрээний дагуу орж ирэх мөнгийг манай албаны Төрийн банкны тоот дансанд шилжүүлэн өгч манай ажилд туслана уу” гэсэн утгатай т 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/212901/2130 тоот албан бичгүүдийг хүргүүлсэний улмаас төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны эрх ашиг дараахь байдлаар зөрчигдөж байна. Манай компани нь Дархан-Уул аймагт том оврын автобусаар зорчигт тээврийн үйлчилгээ эрхэлдэг ба НТНО-2015/01 дугаартай Санхүүжилтийн гэрээний дагуу аймгийн төсвөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад үйлчлүүлсэний нөхөн олговрын сар бүр гүйцэтгэлээр олгохоор болсон юм. Энэхүү нөхөн олговор нь өмнөх сард манай компани хийж гүйцэтгэсэн ажлын түлш, ажилчдын цалин, сэлбэг материалын зардалд зориулагддаг бөгөөд энэхүү нөхөн олговор байхгүй бол манай компаний үйл ажиллагаа шууд зогсох юм. Компаний үйл ажиллагаа зогссон тохиолдолд дараа сарын нөхөн олговор ч хамт зогсоно. ШШГАжиллагаа эхлэхээс өмнө манай компани сайн дураараа 35,500,000 төгрөгийг сайн дураараа төлсөн ба ШШГАжиллагаа эхэлснээс сайн дураараа 35,500,000 төгрөгийг сайн дураараа төлсөн ба ШШГАжиллагаа эхэлснээс өмнө манай компани нэг ч төгрөгийн нөхөн олговор аваагүй байхад танай албанаас ЗДТГ-т “төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна”. Худал мэдээлэл бүхий албан тоот явуулж манай компаний үйл ажиллагааг боомилон, нэг мөсөн таслан зогсоох нөхцөл байдал үүсээд байна. Тус компанийн санхүүжилтийг зогсоосон дээрх үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д дарааллыг зөрчилөө. Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маш тодорхой, тухайлбал заасан байхад ийнхүү компаний үйл ажиллагаанд шууд хэрэглэгддэг санхүүгийн эх үүсвэрт халдаж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг зөрчиж байгаагаас гадна шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд заагдаагүй ажиллагаа хийж төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шийдвэр гүйцэтгэгч *******ын 15-р баг Мангиртын 3-р хэсэгт байршилтай 47 автобусны багтаамжтай 3 ширхэг гражны барилгыг битүүмжлэх, хураах ажиллагааг хийсэн. Уг барьцааны эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь банкны зээлийг төлөхөд хангалттай хүрэхээр байхад уг ажиллагааны зэрэгцээ ийнхүү манай компаний үйл ажиллагааны нөхөн төлбөрийг нэмж ШШГА-ны дансанд оруулах ажиллагаа хийж байгаад гомдолтой байна. Дээрх хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч ШШГА-наас гомдолыг хангахаас татгалзсан хариу ирүүлснийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тухайлан заасаар байтал тус компани нөхөн олговорын мөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Дархан-Уул аймаг дахь *******ны хууль бус ажиллагааг зогоож өгнө үү.” гэжээ
    Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ээр ******-аас 566,212,674 төгрөгийг гаргуулж, инд олгохоор шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйл, мөн хуулийн 59 дүгээр зүйлд тус тус заасны дагуу ******* 15 дугаар багт байрлах Мангиртын 3 дугаар хэсэгт байрлах 476,0 мкв талбайтай, 420,0 мкв талбайтай, 400,0 мкв талбайтай автомашинуудын грашийг эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3/38 тоот эд хөрөнгө битүүмжлэх актаар битүүмжилж хураасан бөгөөд үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч өгөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасны дагуу төлбөр төлөгчийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн НТНО-2015/01 дугаар Санхүүжилтийн гэрээний дагуу санхүүжүүлж байгаа Дархан-Уул аймгийн засаг дарга болон авто замын газарт тус тус хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар мэдэгдлийн дагуу манай дансанд төлбөрт мөнгө орж ирээгүй болно. Тус алба нь төлбөр төлөгч ******-ний нийтийн тээвэрт үйлчилгээ явуулж байгаа автобусуудыг зогсоож үйл ажиллагаа явуулахад саад учруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тул төлбөр төлөгч ******-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
                  ҮНДЭСЛЭХ нь:
    Нэхэмжлэгч ****** нь Дархан-Уул аймаг дахь *******нд холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хууль бус ажиллагааг зогсоох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 
    Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... шүүхийн шийдвэрт шийдвэрийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар тухайлан заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөрчиж, орон нутгаас орж ирэх нөхөн олговорын мөнгөнөөс төлбөр гаргуулахаар мэдэгдэх хуудас явуулсан нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хууль зөрчиж байна ... “ гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээ хийлгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, ... тус алба нь төлбөр төлөгч ******-ийн нийтийн тээвэрт үйлчилгээ явуулж байгаа автобусуудыг зогсоож үйл ажиллагаа явуулахад нь саад учруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... “ гэж маргажээ. 
    Гомдол, маргааны талаар бодит үйл баримтыг тодорхойлбол тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******-нд холбогдох иргэний хэрэгт хариуцагч ****** нь нэхэмжлэгч ны Дархан салбарт нэхэмжлэлийн шаардлага 564,721,895.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хэрэв төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 
    Дээрх шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн барьцаанд тавигдсан эд хөрөнгүүдийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн байна. 
    Мөн *******наас хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу барьцаа эд хөрөнгийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, эд хөрөнгийн үнэлгээний тайлан гарчээ.
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /хуулийн/ 4 дүгээр зүйлийн 4.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр байна гэж заасан.    
    Хуулийн бүтэц, зүйл, хэсгийн эрэмбэ дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тодорхой дараалалтай, шат дараалсан ажиллагаанаас бүрдэхээр зохицуулсан байх бөгөөд хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д шийдвэр гүйцэтгэгчийн явуулах үйл ажиллагаа тусгасан байдаг. 
    Гэтэл уг хэрэгт шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгөнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг явагдаж байх хугацаанд буюу шийдвэр гүйцэтгэх хуульд заасан дарааллыг зөрчиж, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн , авто замын газрын дарга нарт албан тоот явуулж хариуцагчийн НТНО-2015/01 дугаартай санхүүжилтийн гэрээний дагуу орж ирэх нөхөн олговрын мөнгийг Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлэх талаар мэдэгдсэн байна. 
    Хуулийн 58 дугаар зүйлд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах ... бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна, цаашлаад хуулийн 60.1, 60.2-т заасан төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгө, мөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагааг хийж болно гэж заасан. 
    Мөн дээр дурдсанчлан энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэслэл нь тус шүүхийн шүүгчийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай захирамж, түүний үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас ба захирамжид төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. 
    Уг барьцааны хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд нийт 721.984.900 төгрөг болсон талаар баримт хэрэгт авагдсан байна. 
    Хариуцагч тал хариу тайлбартаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг үндэслэж мэдэгдлийг явуулсан гэх боловч хуулийн 57.2-т “Төсөвт байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй бол түүнийг санхүүжүүлдэг байгууллагад төлбөрийг гаргуулах мэдэгдлийг хүргүүлэх буюу дараагийн төсөвт нэмж тусгахыг шаардана.” гэжээ.  
    Иймд шүүх нэхэмжлэгч ******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймаг дахь *******наас 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга , мөн аймгийн , нарт мэдэгдэл явуулж, НТНО-2015/01 дугаартай санхүүжилтийн гэрээний дагуу орж ирэх нөхөн олговрын мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авахуулах тухай хууль зөрчсөн үйлдлийг зогсоохыг Дархан-Уул аймаг дахь *******нд үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
      
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгч ******-ийн нэхэмжлэлийг хангаж, НТНО-2015/01 дугаартай санхүүжилтийн гэрээний дагуу орж ирэх нөхөн олговрын мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авахуулах тухай хууль зөрчсөн үйлдлийг зогсоохыг Дархан-Уул аймаг дахь *******нд үүрэг болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь *******наас 70,200 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН