| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00763/И |
| Дугаар | 135/ШШ2015/00912 |
| Огноо | 2015-09-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2015/00912
2015.09.14 №912
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00763/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 1 байр 212 тоотод оршин суух Боржигон овогт Лүүлүүгийн Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1-р баг, Бууралын 6-22 тоотод оршин суух Магадсамбуугийн Амарсайханд холбогдох
Хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч М.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг Шийрт байрлах үр тариа тариалах зориулалтаар 248 га газрыг эзэмшин авах болж, надад газар эзэмших эрхийн 000555208 дугаартай гэрчилгээ олгогдсон юм. Энэ эрхийнхээ дагуу газраа эзэмшиж, газар дээрээ боловсруулалт хийх гэтэл М.Амарсайхан нь дураараа миний эзэмшлийн газар дээр рапс тарьсан. Тухайн үед Амарсайханд тариалалт эхлэхээс өмнө буюу 5 сард уулзаж, уг газрыг эзэмших эрхтэйгээ хэлж гэрчилгээгээ үзүүлсэн ч Амарсайхан нь миний шаардлагыг эс тоож миний эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй тариалалт хийж, хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхэд минь саад болж байна. Иймд М.Амарсайханы хууль бус эзэмшилээс миний 100 га газрыг чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч М.Амарсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа “ ... О.Мөнхбаяр нь манай найз бөгөөд Шийрийн хөндийд байрлах 248 га газрыг эзэмшиж байсан юм. Мөнхбаяр нь сүүлийн хоёр жил тухайн газартаа тариалалт хийгээгүй учир Хонгор сумын Газрын алба газрыг хурааж авна гээд байна, найз нь 68 сая төгрөгөөр зараад Америк явмаар байна, хэрэв зарагдахгүй бол чи тариа, будаа тарихгүй юу гэж хэлж байсан. ... Тэгээд би түүний 248 га газрын зарим хэсэг буюу 100 га газарт нь рапс тарьсан юм. Гэтэл Цэнд-Аюуш эгч ирээд миний газар гэхээр нь нэгэнт дүү нь тарьчихлаа хоёулаа ярьж тохироод болно биз дээ гэж хэлсэн. Уг нь Хонгор сумаас газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлэхдээ орон нутгийн иргэдэд давуу эрхээр болон төсөл сонгон шалгаруулалтаар газрыг олгох ёстой гэтэл Цэнд-Аюуш гэдэг хүн энэ 248 га газрыг Мөнхбаяраас худалдаж авсан нь хууль бус юм. Би тухайн газарт тариалалт хийхдээ Мөнхбаяртай ярилцаж, тохиролцоод тариа тарьсан. Тийм учраас Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш нь харицагч М.Амарсайханд холбогдуулж бусдын хууль бус эзэмшлээс 100 га газраас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд 248 га газрыг М.Амарсайханы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 100 га газар болгож өөрчилсөн болно.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “ ... миний эзэмшлийн 100 га газарт хариуцагч М.Амарсайхан нь зөвшөөрөлгүйгээр тариалалт хийсэн, тариалалт эхлэх үеэр миний бие түүнд шаардлага тавьж байсан боловч эс зөвшөөрч тариалалт хийснээр миний эрх зөрчигдөж байна. ... иймд Амарсайханы хууль бус эзэмшлээс миний эзэмшлийн 100 га газрыг чөлөөлж өгнө үү ... ” гэж, хариуцагч М.Амарсайхан нь “ ... Цэнд-Аюуш гэдэг хүн энэ 248 га газрыг Мөнхбаяраас худалдаж авсан нь хууль бус. Би тухайн газарт тариалалт хийхдээ Мөнхбаяртай ярилцаж, тохиролцсон учраас Цэнд-Аюушийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ... “ гэж маргажээ.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Шийрт дэх 248 га газар нь нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн эзэмшлийн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хонгор сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, 000555208 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн иргэний хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын байршлын кадастрын зураг зэргээр тус тус тогтоогдож байна.
Хариуцагч М.Амарсайхан нь дээрх 248 га газрын зарим хэсэг болох 100 га газарт тариалалт хийсэн талаараа маргадаггүй боловч тухайн газрыг эзэмших эрхийн талаар буюу газрыг өмнөх өмчлөгч Мөнхбаяраас Цэнд-Аюушт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаж, өмнөх өмчлөгчтэй нь ярилцаж тухайн газарт тариалалт хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарласан боловч тухайн газрыг өмчлөх, эзэмших эрхтэй талаар баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр, мөн хуулийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан.
Үүний дагуу хариуцагч М.Амарсайханыг газар эзэмших, өмчлөх гэрээ гэрчилгээ, ямар нэгэн эрх олгосон баримт бичиггүйгээр маргааны зүйл болж буй газрыг ашиглаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 92.1-д зааснаар шударга эзэмшигч нь эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, хуулийн 106.3-т “шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.”, хуулийн 106.4-т зааснаар уг заалтууд нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахаар тусгажээ.
Иймээс нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш нь өөрийн эзэмшлийн үр тарианы зориулалт бүхий 100 га газрыг чөлөөлөхийг хариуцагч М.Амарсайханаас шаардах эрхтэй, энэ талаар гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хариуцагч М.Амарсайхан нь тухайн газарт эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үндэслэл, эзэмших эрхийг шилжүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийн талаар асуудлаа хуульд заасны дагуу жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Амарсайханаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1., 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 106.4. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Лүүлүүгийн Цэнд-Аюушийн эзэмшлийн Дархан-Уул аймаг, Хонгор сум 2-р баг, Шийрт дэх үр тарианы зориулалттай 100 га газрыг хариуцагч Магадсамбуугийн Амарсайханы хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Амарсайханаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушт олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН