Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/00148

 

2021 01 20 184/ШШ2021/00148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр 2, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 24 дүгээр хороо, зээл *******, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /РД:*******/

гэрээний төлбөр 13 143 070 төгрөг, алданги 9 387 870 төгрөг, нотариатын зардал 11 900 төгрөг нийт 22 542 840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа******* ХХК нь 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдөр ******* ХХК-тай барилгын түр хашаа барих гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч буюу ******* ХХК нь 480 метр урт барилгын түр хашааны ажлыг гэрээ байгуулсан өдрөөс 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч буюу ******* ХХК нь 18 775 740 төгрөгийг гэрээнд заасан үе шаттайгаар төлөхөөр талууд тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу манай компани 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 9 387 870 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3 7******* 200 төгрөгийг Зедрамичид ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд шилжүүлсэн. Гэрээний дагуу хашааг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гүйцэтгэж дуусахаар байсан боловч ******* ХХК нь өнөөдрийг хүртэл хашааг бариагүй байна. Манай компанийн зүгээс 2020 оны 08 дугаар сарын 07, 08 дугаар сарын 12-ны өдөр тус тус ажлын явцтай очиж танилцахад ажлын явц удаашралтай буюу нийт 27 ширхэг хашааг суурилуулсан байсан. Энэ талаар ******* ХХК-ийн захирал Ч. мэдэгдэж, ажлыг түргэвчлүүлэх шаардлага тавьсан боловч 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр талбайд буулгасан хашаа болон суурилуулсан хашааг буулган ачаад аваад явсан байсан. Бидний зүгээс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулахаар тохиролцсон боловч хариуцагч талаас ажлаа 08 сарын 26-ны өдөр заасан хугацаандаа эхлээгүй. Мөн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэгчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч бидэнд огт хариу ирүүлээгүй, ажлаа хийхгүй байж, мөнгө л авах сонирхолтой өнөөдрийг хүрээд байна.

Хариуцагч гэрээг сольсон, ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, ХХК-тай гэрээ байгуулсан гэсэн зүйл ярьж байна. ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг солих боломжгүй. Төлбөр шилжүүлсэн баримтыг хэргийн материалд хавсаргасан. Хэргийн материалд авагдсан гэрээг харах юм бол ******* ХХК-тай байгуулсан гэрээ байна шүү дээ. Гэрээг уншаад гарын үсэг зурсан бол хугацаа, үнийн дүн, тохиролцсон зүйлүүд байгаа, маргахгүй байгаа бол танилцсан байна гэсэн үг, гэрээний хуудас бүр дээр ******* ХХК-ийн дардас дарагдсан, танайхаас өгсөн тооцооны задаргаа дээр ч мөн адил, яагаад ийм зүйл ярьсныг ойлгохгүй байна. Газар дээр нь очиж үзээд ийм хашааг, ийм үнийн дүнгээр гээд талууд тохиролцсон бөгөөд хариуцагч өөрийнхөө саналыг гаргаж байсан. Хариуцагч талаас тухайн газрыг салхитай, чулуутай эсэх талаар судалгаа хийх боломжтой буюу анхнаасаа салхитай газар гэдгийг мэдэх боломжтой байсан. Хариуцагч тал өөрсдөө үнийн санал гаргасныг бид гэрээний хавсралтаар оруулж, тохиролцсон байтал хожим нь зардлын тооцоо гэх баримт гаргасан нь бидэнд өгсөн үнийн саналтайгаа тохирохгүй байна. Тухайлбал үнийн саналд ажлын хөлс 1 374 540 төгрөг гэж тооцоод, яагаад ажлын хөлс 3 260 000 төгрөг болсон гэж яриад байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл бол үр дүн шаарддаг, гэтэл манай мөнгөөр хашаа хийж дуусгаагүй, ажлаа гүйцэтгэхгүй байсан. Хариуцагчийн өгсөн баримтыг үзэхэд манай хашаа барих ажилд зориулсан эсэх нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар алданги 0,5 хувиар тохиролцсон ба Иргэний хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас 104 хоногийн алданги 9 763 380 төгрөг, гэрээний дагуу төлсөн төлбөр 13 143 070 төгрөг, нийт 22 542 840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлэх үндэслэлгүй тухай тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж байна. ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдагдсан 9 387 870 төгрөг, 3 7******* 200 төгрөг, нийт 13 143 070 төгрөг манай компанийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар шилжиж орж ирсэн нь үнэн болно. Барилгын түр хашаа барих материалын зардал 11 966 700 төгрөг, ажлын хөлс 3 260 000 төгрөг, тээврийн зардал 1 086 3******* төгрөг, хоолны зардал 382 614.50 төгрөг нийт 16 695 637.50 төгрөг болсон бөгөөд нэхэмжлэгчийн шилжүүлсэн 13 143 070 төгрөг болон манай зарцуулсан 16 695 637.50 төгрөгийн зөрүү 3 *******2 566.50 төгрөг нь манай компаниас зарцуулагдсан мөнгөн дүн болно. Гэрээнд заасны дагуу хашааг 2020 оны 06 сарын 29-ний өдрөөс эхэлж 2020 оны 07 сарын 13-ны өдөр дуусгахаар заасны дагуу манай компанийн ажилчид 2020 оны 07 сарын 05-ны өдөр ажлын талбайд хийгдсэн хашаа болон бараа материалыг тээвэрлэн аваачиж ажлыг эхлүүлсэн байдаг. Ажил эхэлснээс 3 хоногийн дараагаар Дархан цаазат Богд хан уулын хамгаалалтын газраас 2 газрын мэргэжилтэн тус компанийн эзэмшиж байсан газрын эзэмшлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр хийгдэж байсан ажлыг зогсоосон. ******* ХХК-ийн хуулийн зөвлөхтэй утсаар холбогдож хэлэхэд танай байгууллага зөвшөөрөл гартал түр хүлээж байна уу, бид зөвшөөрлөө хөөцөлдөж асуудлыг шийдээд үргэлжлүүлэн хийлгэе гэсэн тул манай байгууллага дараагийн гэрээт ажил хүлээгдэж байгаа тул тэрхүү ажлыг дуусгаж байж энэ ажлыг дуусгах боломжтой гэдгээ илэрхийлж ажлаа зогсоон ажлын талбайгаас буусан. ******* ХХК-аас газрын зөвшөөрөл гарсан гэсний дагуу 2020 оны 07 сарын 28-ны өдөр ажлыг үргэлжлүүлэх явцад үргэлжилсэн бороо орж ажил гүйцэтгэх хугацааг удаашруулсан, хашаанд нэмэлт тулаас хийх шаардлагатай болсон тус тус нөхцөл байдлыг ******* ХХК-ийн захиралд утсаар ярьж мэдэгдэхэд нэмэлт тулаас шаардлагагүй, гэрээгээр анхнаасаа тохиролцохгүй яасан юм бэ, ажлаа зогсоогоод наад хашаагаа аваад яваарай гэж хэлсэн байдаг. Би тэр үед гурван жилийн баталгаа манай талаас өгч чадахгүй гэдгийг хэлсэн. Тулаас хийхийн тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон, дээрх нөхцөл байдлаас үүдэн 2 тал үл ойлголцол үүсэж ажлыг зогсоосон. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын явц удаашруулсан, 27 ширхэг хашаа хатгасан гэж хэлээд байна. Бид нар уулын мухарт байшин бариад байрлаж ажиллахдаа нийт 160 хашааг бүгдийг нь тойруулаад хатгасан байсан, ертөнцийн зүгээс урд хэсэгтээ 18 хашаа, нүүрэн талдаа 36 хашаа суулгасан байсан. Гэрээнд заасан хугацаандаа мөнгөө шилжүүлсэн гэж хэлсэн нь үнэнд нийцэхгүй байна.

Гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд ******* ХХК-аас манай дансанд шилжүүлсэн 13 143 070 төгрөгөөс ажлын хөлс 3 260 000 төгрөг, тээврийн зардалд 1 086 3******* төгрөг, хоолны зардалд 382 614.50 төгрөг, нийт 4 728 937.5 төгрөгийг хасаад үлдэгдэл 8 414 132.5 төгрөгийн дүнтэй 59 ширхэг хашааг ******* ХХК-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний төлбөр 13 143 070 төгрөг, алданги 9 387 870 төгрөг, нотариатын зардал 11 900 төгрөг нийт 22 542 840 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* ХХК нь алдангийг зөвшөөрөхгүй, ажлын хөлс, тээвэр, хоолны зардал 4 728 937.5 төгрөг хасаад 8 414 132.5 төгрөгийн үнэ бүхий 59 ширхэг хашааг буцааж өгнө гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох, баримт талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид 2020 оны 06 сарын *******-ны өдөр байгуулсан барилгын түр хашаа барих гэрээгээр /хх-7-8/ гүйцэтгэгч буюу хариуцагч нь 480 метр урт барилгын түр хашааг 2020 оны 06 сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 сарын 13-ны өдрийн хугацаанд барьж гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авч, гэрээний гуравдугаар зүйлээр хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Тодруулбал ******* ХХК барилгын түр хашаа барих, ******* ХХК хашааг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй. Захиалагч буюу нэхэмжлэгч компани гэрээний 3.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үнэ 18 775 740 төгрөгийн 50 хувь болох 9 387 870 төгрөгийг 2020 оны 06 сарын *******-ны өдөр, 20 хувь болох 3 7******* 200 төгрөгийг 2020 оны 07 сарын 30-ны өдөр буюу нийт 13 143 070 төгрөг шилжүүлсэн болох Голомт банкны төлбөрийн баримтаар /хх-12/, хариуцагч энэ тухай маргаагүй болох нь түүний тайлбараар /хх-21/ тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2020 оны 08 сарын 24-ний өдөр 11 дүгээр, 2020 оны 08 сарын 28-ны өдөр 13 дугаар барилгын хашаа барих ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, гүйцэтгэх боломжгүй бол гэрээний дагуу төлсөн төлбөр 13 143 070 төгрөг буцаан шилжүүлэх эсхүл хашааг хүлээлгэн өгөх, өгөхгүй бол шүүхэд хандаж шийдвэрлүүлэх агуулга бүхий мэдэгдлийг хариуцагч ******* ХХК-д тус тус хүргүүлжээ. /хх-70-71/

Барилгын түр хашаа барих гэрээнээс үзэхэд ажил гүйцэтгэгч нь захиалагч талын даалгавраар 480 метр урттай барилгын түр хашаа барих ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүрэг хүлээж, гүйцэтгэх ажлын нийт үнэ 18 775 740 төгрөгийг төлөх арга, журам, хугацааны талаар талууд тохиролцсон байна. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-д Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж заасан ба ажлын төсөв зохиох гэдэг нь ажлын үнийг урьдчилан тодорхойлох ажиллагаа ба ажлын үнэ нь хашааг хийхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох ажлын хөлс хоёроос бүрддэг бөгөөд түүний хэмжээг ажил гүйцэтгэгч буюу хариуцагч тодорхойлж гэрээнд хавсаргажээ. /хх-8-9/

Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хашаа хийх ажлыг тогтсон хугацаа буюу 2020 оны 06 сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 сарын 13-ны өдөр буюу 14 хоногийн хугацаанд гүйцэтгэх үүрэг хүлээсэн бөгөөд ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх эсхүл түүнээс үл хамаарах ямар нэг нөхцөл байдал үүссэн бол Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-ын б/-д зааснаар захиалагч буюу нэхэмжлэгчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд ажил гүйцэтгэгч хашаа суурилуулах газар чулуу ихтэй, салхитайн улмаас тулгуур хийж төсвийн хэмжээ нэмэгдэх болсон мөн Богд уулын хамгаалалтын захиргаанаас байцаагчид ирж ажил зогсоосон тухай захиалагч талд мэдэгджээ. /хх-22/

Захиалагч нь мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-д зааснаар гүйцэтгэгчийн мэдэгдлийн дагуу Богд уулын хамгаалалтын захиргаанаас зөвшөөрөл авсан бөгөөд харин тулгуур хийх ажлын төсөв нэмэгдсэнийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Талууд анх гэрээ байгуулахдаа ажлын төсөв нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн хэмжээгээр төлөх асуудлыг гэрээгээр зохицуулаагүй бөгөөд захиалагч төсөв нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрсөн үед л нэмэлт зардал төлөх үүрэг хүлээнэ.

Ажил гүйцэтгэгч хашааны тулгуур хийх нэмэлт ажилд их зардал гарах болсноор хашаа барих үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, улмаар хашаа барих хугацаа хэтрүүлсэн тул захиалагч хашааг барьж дуусгах, шилжүүлсэн төлбөр эсхүл хийсэн хашааг хүлээлгэн өгөх нэмэлт хугацаа тогтоож, энэ тухай гүйцэтгэгчид мэдэгдэл хүргүүлсэн ба ийнхүү мэдэгдэл хүргүүлснээр барилгын түр хашаа барих гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэж үзнэ. Энэ тухай Барилгын түр хашаа барих гэрээний 4.5-д Ажил гүйцэтгэгч ... хугацаа алдсан ..., 7.2.1.-д гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бол захиалагч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцална гэжээ. Мэдэгдэлд дурдсанаар хашаа хүлээлгэж өгөх эсхүл төлбөр буцааж өгөх хугацааг 2020 оны 08 сарын 31-ний өдөр гэсэн боловч хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* ХХК хашаа барихад зарцуулсан хоолны зардал 382 614.50 төгрөг, тээврийн зардал 1 086 3******* төгрөг, ажлын хөлс 3 260 000 төгрөг нийт 4 728 937.5 төгрөг хасаад 8 414 132.5 төгрөгийн үнэ бүхий 59 ширхэг хашааг буцааж өгнө гэж маргадаг бөгөөд тайлбараа дэмжиж барилгын түр хашааг хийхэд гарсан зардлын тооцоог Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, гэрэл зураг, зарлагын баримт, НӨАТ-ын баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна. /хх-74-106/

Нэг талаар хариуцагч нь 2020 оны 08 сарын 31-ний өдрийн дотор хашаа эсхүл төлбөр 13 143 070 төгрөгийг буцааж өгөх нэхэмжлэгчийн мэдэгдлийг биелүүлээгүй, нөгөө талаар тайлбараа нотолж ирүүлсэн баримтууд барилгын түр хашаа барих ажил гүйцэтгэх гэрээтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 13 143 070 төгрөг, алданги 6 571 535 төгрөг нийт 19 714 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 2 828 *******5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 19 714 605 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 256 5******* төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үнэ 13 143 070 төгрөг, алданги 6 571 535 төгрөг нийт 19 714 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 2 828 *******5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 19 714 605 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 256 5******* төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР