Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Б.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт Буянжаргалын Төмөрбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000174 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Буянжаргалын Төмөрбаатар, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Техник технологийн дээд сургуульд тогооч мэргэжлээр суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 32 дугаар байрны 17 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13 дугаар гудамжны 39 тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ98022258.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Төмөрбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн салаа гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх зэрлэг олсны ургамал болох Каннабис гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэх замаар олж авч, уг бодисыг /уутны хамт 40.1 грамм/ 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл борлуулах зорилгогүйгээр биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Баяраа, Нямжаргал нар манай гэрт хоол идэж дуусаад гарах гэтэл Төмөрбаатар, Ганхуяг нар манай гэрт орж ирсэн. Тэгээд Төмөрбаатар, Ганхуяг, Нямжаргал нар түрүүлээд худаг руу явсан. Баяраа бид хоёр...араас нь очихоор болсон. ...5 минутын дараа гараад худаг дээр очтол Нямжаргалын машинд нөгөө гурав суучихсан байсан. Нямжаргал жолооны ард, Ганхуяг, Төмөрбаатар нар хойд суудал дээр суусан байсан болохоор би урд суудал дээр нь суугаад Баяраа хойд суудал дээр суусан. Тэгээд би урд суудал дээр төмөр утас хэрээд сууж байтал хоёр цагдаа хаалга татаад бид нарыг шалгаад цагдаагийн газар руу авч орсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

2. Насанд хүрээгүй гэрч О.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр...Нямжаргал жолоочийн..., Тэмүүлэн жолоочийн хажуу талд, арын суудал дээр Баяраа, Төмөрбаатар бид гурав суусан. Төмөрбаатар Түмүүлэнгийн яг ард, тэгээд Баяраа дунд, би жолоочийн суудлын ард сууж байсан. Сууж байхад Тэмүүлэн, Баяраа, Төмөрбаатар гурав 25 дугаар эмийн сан явна гэж яриад Нямжаргал ахаас янжуур тамхи авч байсан. Төмөрбаатар машин дотор байхдаа юу хийгээд байгааг нь ажиглаж хараагүй, гартаа барьсан тамхиа оролдоод л сууж байсан. Бид нарыг машин дотор сууж байтал худгаас ус авахаар хүн ирэхээр нь би буутал Төмөрбаатар миний араас буусан. Би худаг дээр ирсэн хүнд ус хийж өгчихөөд буцаад машинд суутал араас Төмөрбаатар ирж суугаад нөлөөлөхгүй байна, яаж татдагийг нь мэдэхгүй юм гээд нэг юм яриад сууж байсан. Хэнд хандаж хэлснийг нь мэдэхгүй, тэд нарыг сонссон эсэхийг ч мэдэхгүй...аяархан амандаа шивнэх төдий хэлж байсан. Тэгтэл гудамжинд эргүүл хийж байсан цагдаа нар хүрч ирээд бариад авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

3. Гэрч О.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил үүрэг гүйцэтгэж байхад манай хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар Б.Төмөрбаатар гэгчийг надад хүлээлгэн өгсөн бөгөөд эрүүгийн төлөөлөгч нар хулгайн гэмт хэргийг шалгах явцад Баруун Баян Уулын 13 дугаар гудамжинд байрлах 278 дугаартай худгийн дэргэд машинтай хүмүүс тамхи татаж байхаар нь сэжиглэн шалгуулахаар авчирсаныг нь би хүлээн авч хойшлуулашгүй ажиллагаа явуулсан. Сэжигтэй этгээдүүдийг хүлээн авч Төмөрбаатарын биед үзлэг хийхэд түүнээс гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл гарч ирсэнийг хураан авч тэмдэглэл үйлдсэн. Тухайн гомдол мэдээллийг Төмөрбаатараас хүлээн авсан гэж бичсэн нь техникийн алдаа болсон байна. Уг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг би...эрүүгийн төлөөлөгчөөс хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дахь тал),

4. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэргэлсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд

...Төмөрбаатарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор өөрийнх нь сайн дурын үндсэн дээр түүний шээсийг 60 мл хуванцар саванд авч 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /МОР, МЕТ, СОС, АМР, ТНС/ илрүүлдэг Drugs of abuse test нэртэй тестийг...зааврын дагуу...шээсэнд дүрж үр дүнг хүлээв. 8 минутын дараа тестний ...5 дугаар багана буюу Каннабисын төрлийн ургамал хэрэглэснийг эсэхийг шалгадаг хэсэгт 1 улаан зураас тодорч РОС /ЭЕРЭГ/ гэж заасан нь тухайн төрлийн бодис хэрэглэснийг, харин 1, 2, 3, 4 дүгээр баганад 2 улаан зураас тодорч NEG /СӨРӨГ/ гэж заасан нь тухайн төрлийн бодис хэрэглээгүй гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. Тест ашигласаны дараа гарсан үр дүнг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 22, 23 дахь тал),

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 7763 дугаар дүгнэлтэд:

...Шинжилгээнд 2. Б.Төмөрбаатар эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт зүйл дээж 13.9 гр бохир жинтэй гэж хаягласан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

...Шинжилгээнд 2 Б.Төмөрбаатар эд мөрийн баримтаар хураагдсан өвс мэт зүйл дээж 13.9 гр бохир жинтэй гэж хаягласан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг ирүүлсэн...Шинжилгээнд ирүүлсэн цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлээс шинжилгээний дээж авч химийн тусгай органик уусгагчид уусган хандлалтыг явуулж шинжилгээний дээжийг бэлтгэлээ. Үүний дараа бэлтгэсэн дээжээ Agilent Technologies GC 7820G 5977E MSD хийн хроматограф-масс спектрометр багажийг ашиглан шинжилгээ хийхэд шинжилгээнд ирүүлсэн....ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. ДҮГНЭЛТ:

...2. Шинжилгээнд ирүүлсэн...ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидрлканнабинол илэрсэн.

3. Дельта 9 тетрагидрлканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44 дэх тал),

6. Шинжээч Б.Ламчингийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Уг бодисын хэмжээг битүүмжлэн ирүүлсэн савлагааны хамт жигнэхэд 13.9 грамм байсан бөгөөд битүүмжлэлийг задлан жинлэхэд 13.9 грамм байсан бөгөөд битүүмжлэлийг задлан шинжилгээнд шаардагдах хэмжээ болох 0.5 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг дээжлэн авч химийн тусгай уусгагчинд уусган хандлалтыг явуулж шинжилгээний дээжийг бэлтгэсэн. Үүний дагуу бэлтгэсэн дээжээ тусгай багажинд оруулж шинжлэхэд уг зүйлээс сэтгэцэд нөлөөт дельта 9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн тул дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

7. Шүүгдэгч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...Би тэр ургамалыг Зүүн салааны замын хажуу талаас түүсэн юм. Хэн нэгнээс аваагүй...Багцаагаар бол хаанаас түүснээ мэднэ, яг хаана ургаж байсныг нь нарийн сайн санахгүй байна. 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр навчаар нь таньж 3-4 ишийг тасдаж аваад навч, үрийг нь салгаж авч ууталсан. Дууны клип болон телевизийн мэдээнээс хараад энэ өвсийг түүх санаа төрөөд ганцаараа очиж түүсэн. Ингээд түүж авчирсан өвсөө өөрийн малгайтай нацист цамцны энгэрийн халаасанд хийгээд гэрийнхээ үүдэнд байдаг өлгүүрт хадгалсан. Ингээд түүсэн өдрөөсөө хойш 7 хоногийн дараа үүдний өлгүүрт байсан нацист куртикээ өмссөн. Тэр үед түүсэн өвс маань энгэрийн халаасанд байсан учир янжуур тамхины тамхийг нь асгаж байгаад оронд нь хийгээд орой унтахынхаа өмнө татсан. Татах үед ямар нэгэн мэдрэмж төрөөгүй хоолой хорсоод байсан учраас болиод унтаад өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчимд Баруун баян уулын 13 дугаар гудамжинд найзуудтайгаа уулзалдаад байж байхад цагдаагийнхан бариад авсан...биед үзлэг хийх үед миний халаасанд байх өвс гарч ирсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-75 дахь тал),

 - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 132-135), эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 8), эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 31, 42), эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг (хавтаст хэргийн 32-33), Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын албан бичиг (хавтаст хэргийн 148),

- шүүгдэгч Б.Төмөрбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 82), Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 83), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгуулагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 95-96, 102-110), тээврийн хэрэгсэлийн лавлагаа (хавтаст хэргийн 87), хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 84) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч  Б.Төмөрбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салаа гэх газраас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх зэрлэг олсны ургамлын төрөл болох Каннабис гэх нэршилтэй 40.1 грамм /уутны хамт/ ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн буюу түүж цуглуулан, мөн өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Төмөрбаатарыг Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85)-р тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Төмөрбаатарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Төмөрбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хэдийгээр нийгэмд аюултай, хор уршиг ихтэй боловч эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг болон түүний хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн 201601000174 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гүйлгээнд хориглосон 13Ч22.5 см хэмжээтэй гялгар уутанд савласан /уутны хамт 36.9 грамм/ чийгтэй хар ногоон өнгийн зэрлэг олсны ургамал, Б.Төмөрбаатарын биенээс шээсэнд тавьсан Drugs of abuse test нэртэй тест зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.