Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/877

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 1909018290670 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хойд овгийн Батбаярын Батзориг, 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн Их сургуулийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл орон сууцны гадаа бага насны буюу 10 нас 6 сар 10 хоногтой Э.Эийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “дүүг хэл амаар доромжилж хамт тоглосонгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь сагсны бөмбөгөө 2 удаа шидэн эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Бын Бийг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Боос 448.206 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эт олгож, нэхэмжлэлээс 25.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 33.1.6-д заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тухайн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс үндсэн шүүх хуралдаанаар шийдвэрлэнэ хэмээн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “... гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ...” ял шийтгэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах дээд ялын хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр тодорхой хуульчилсан. Иймд хэргийн нөхцөл байдлыг харвал дээрх гэмт хэрэг нь 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хуулийн үйлчлэлийн зохицуулалтын хүрээнд хамаарах гэмт хэрэг юм. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу энэхүү гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох ёстой гэмт хэрэг юм.

            Учир нь, Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дахь хэсэг буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулж тус заалтын 2 дахь хэсэгт заасны дагуу “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдөр хүртэл тоолно.” гэж нэмэлт өөрчлөлтийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн баталсан байна. Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй байсан хуучин хуулийн зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 хэсэг буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх зохицуулалтыг тусгасан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааг хэрэглэнэ.” гэж хуульчилсан. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан ялыг буцаан хэрэглэхгүй.” гэсэн хуулийн зохицуулалтыг шүүхийн зүгээс мөн авч хэрэглэсэнгүй.

            Учир нь, тухайн болсон асуудал нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хуучин хуулийн зохицуулалтын хүрээнд хамаарах асуудал байтал шүүхийн зүгээс энэхүү асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн зохицуулалтад хамааруулж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг заасан бөгөөд уг зохицуулалтын 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж заажээ. Хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх дээрх хууль зүйн зохицуулалтыг хэрэглээгүйг харвал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ялаас өршөөл хасах”, “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, “өршөөлд хамруулаагүй гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх”-ээр хуульчилсан бөгөөд Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүхийн зүгээс мөн авч хэлэлцэхгүйгээр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоож, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бийн хийж байгаа үйлдэл нь ял завших гэж байгаа үйлдэл гэдэг нь харагдаж байна. Иймд хуулийн хүрээнд зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шат шатны шүүхэд ярьж байсан. Гэтэл шүүгдэгчид яллах дүгнэлт үйлдсэн цаг хугацааны явцад тухайн хуульд хамрагдах боломж байхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу өршөөлд хамрагдах үндэслэлгүй. Учир нь, Б.Б нь шат шатны шүүхэд хохирлыг төлөхгүй гэдгээ илэрхийлэхдээ “оюутан учир эдийн засгийн боломж байхгүй, шүүхээс гэм буруутай болохыг тогтоосны дараа төлнө” гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Гэтэл энэ хоёр жилийн хугацаанд бодит хохирлыг төлөөгүй. Тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Б.Б нь энэ үйлдэлдээ өөрийн гэм буруугийн талаар ярьж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн хуулийн өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага чөлөөлөх үндэслэлгүй гэж шийдвэрлэж торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй. Учир нь, Б.Б нь шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэх боловч 2 жилийн хугацаанд 450.000 төгрөгийг төлөх хангалттай хугацаа байсан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хохирлыг төлөөгүй нь Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл орон сууцны гадаа бага насны буюу 10 нас 6 сар 10 хоногтой Э.Эийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “дүүг хэл амаар доромжилж хамт тоглосонгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь сагсны бөмбөгөө 2 удаа шидэн эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

бага насны хохирогч Э.Эийн “....Б гэх хүн “хөөш” гэж дуудсан. Тэгээд намайг эргэж харахад “Та нар манай дүүтэй тоглосонгүй” гээд араас сагсны бөмбөг шидэж, миний нүүр рүү 2 удаа оносон. Мөн намайг заамдаад дахиж гарч ирээд зодно гэж хэлсэн. Тэгээд би цаашаа явж байтал манай найз “ахыг чинь зодоод байна, аваарай” гэж хэлэхээр нь би “намайг дөнгөж сая зодсон шүү дээ” гэж хэлээд ах руу явсан. Тэгэхэд манай ахыг зодсон Б цаашаагаа зугтаагаад явчихсан. Одоо миний толгой болон уруулын дотор тал өвдөж байна. ...” /1хх 13-15/ гэсэн,

гэрч Д.Тгийн “...Панда гэх хочоор дууддаг махлаг биетэй хүүхэд орилсон. Тэгээд харахад түүний хажуу талд насанд хүрсэн хүн бөмбөг шидээд газарт унасан бөмбөгийг аваад Пандаг гараараа чичлээд загнаж байснаа унадаг дугуйг нь аваад газар руу шидэхээр нь би очсон. Тэгэхэд “Приус 20” машинд суугаад цаашаа яваад өгсөн. Панда над дээр ирээд “намайг зодчихлоо, ах аа” гэж хэлэхээр харахад хамраас нь цус гарчихсан, уруул хэсэг нь шалбарсан байсан. ...” /1хх 17/ гэсэн,

гэрч Б.Цгийн “...Хүү Б руу залгаад юу болсон талаар асуухад “Сагсны талбай дээр Эрдэнэбилэг, Эрхэмбилэг гэдэг хоёр хүүхэд “өчигдөр аав чинь бид хоёрыг заамдаж авсан, чи өнөөдөр зодох гэж гарч ирсэн юм уу, чаддаг юм бол зод” гээд намайг доромжлоод байхаар нь би сагс тоглож байсан бөмбөгөөрөө зөөлөн хоёр удаа цохисон, би өөр яагаа ч үгүй” гэж хэлсэн. Эийн хоёр хүүхэд хоёр дүү болон ээжийг нь доромжилсон учраас хэрүүл маргаан үүсгэсэн байх. ...” /1хх 22-23/ гэсэн,

гэрч Э.Эийн “...Манай хотхонд оршин суудаг Б над руу залгаад “Танай том хүү манай охиныг янхан гэж хэлсэн байна, бид нар өөрсдөө ингэж хэлдэггүй байхад тэгж болохгүй шүү дээ” гэх зүйл ярихаар нь би “хүүхдээсээ асуугаад хэрвээ тийм зүйл болсон бол манай хүүхэд очиж уучлалт гуйна” гэж хэлсэн. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 22 цаг 30 минутын үед гэртээ ирэх үед манай том хүү Э.Э уйлчихсан “намайг манай хотхонд оршин суудаг Б ах үүдний харуулын хажууд сууж байхад шууд хүрч ирээд миний хоолойг боосон” гэж хэлсэн. Тэгээд Бтай таараад “чи хөгширч үхэх гэж байж 10 настай хүүхдийн хоолой амыг боогоод болохгүй шүү дээ” гэхэд Б өөдөөс “хоёулаа үзье. Зодолдъё” гэж удаа дараа турхирсан. ...Маргааш нь Бын том хүү нь эхлээд манай дунд хүү Эийг байрны ард явж байхад нь сагсан бөмбөгөө толгой руу нь хоёр удаа цохисон. Ингээд үргэлжлээд том хүү Эийг мөн адил зодож цохисон байдаг. ...” /1хх 25-26/ гэсэн,

шинжээч эмч С.Одончимэгийн “...Б.Эийн биед учирсан дух, баруун хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь нэг дор буюу нэг удаагийн хатуу, мохоо зүйлээс үүсэх боломжтой гэмтлүүд байна. Шинэ гэмтлүүд болно гэжээ. ...” /1хх 24/ гэсэн,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би гэрээсээ сагс тоглох гээд бөмбөг аваад гартал манай хотхонд амьдардаг Мики /Э/ нь манай байрны үүдэнд зогсож байсан бөгөөд өөдөөс харж инээгээд шоолоод байсан. Тэгэхээр нь би та нар дахиж манай дүү нарыг шоглож хэл амаар доромжлоод үзээрэй гээд уурандаа барьж явсан сагсан бөмбөгөө 2 удаа Мики рүү шидсэн. Эхний шидэлт нь Мики гэх хүүхдийн нүүрэн тус газар нь, хоёр дахь цаэжин тус газар нь оносон. Тэгээд би шууд хотхоноос гарч явсан байсан. Хотхоны үүдэнд Мики- /Э/-ийн ах Панда /Э/-тэй таарсан ба надад хандаж “өчигдөр танай аав чинь намайг зодсон, одоо чи намайг зодох гэж байгаа юм уу” гэхээр нь би уурлаж барьж явсан сагсан бөмбөгөө түүн рүү шидсэн. Тэгтэл Пандагийн цээж хэсэгт оносон ба дараа нь өмсөж явсан малгайных нь саравч руу нэг удаа гараараа цохиод “дахиад манай дүү нарыг хэл амаар доромжлоод үзээрэй” гэж хэлээд явсан. ...” /1хх 50/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5544 дугаартай шинжээчийн “...Э.Эийн биед дух, хацарт хавантай, хамрын нуруунд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. ...” /1хх 31/ гэсэн дүгнэлт,           

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бийг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 15 цаг 25 минутад - гадаа бага насны буюу 10 нас 6 сар 10 хоногтой Э.Эийн нүүрэн тус газарт нь сагсны бөмбөгөө 2 удаа шидэн эрүүл мэндэд нь дух хацарт хаван, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ч.Атарболд гаргасан давж заалдах гомдлын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах дээд ялын хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр тодорхой хуульчилсан. Иймд хэргийн нөхцөл байдлыг харвал дээрх гэмт хэрэг нь 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хуулийн үйлчлэлийн зохицуулалтын хүрээнд хамаарах гэмт хэрэг юм. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасны дагуу энэхүү гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болох ёстой. ...” гэсэн хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Монгол Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгосон бөгөөд харин тухайн өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлийг хөндөөгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.Бийг 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Бийг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 448.206 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь илүү ашигтай үндэслэлд хамаарахаас гадна хуульд нийцэх юм.

Учир нь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1-т “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж шүүхийн шийдвэрийг тодорхойлсон байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийн хувьд, шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсоны дараа ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон байдлаар тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ч.Атарболд гаргасан давж заалдах гомдлоос “...Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад шүүхийн зүгээс мөн авч хэлэлцэхгүйгээр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Бт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлын “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах...” гэсэн хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ