Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2015/00932

 

2015.09.21                    №932


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00707/И 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг,  *******,*******од оршин суух Олхонуд овогт *****гийн /*******/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймаг *******,*******,*******,*******од оршин суух //-т холбогдох 
гэрээний үүрэг 2,383,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие эй анх Улаанбаатар хотод хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэж байхдаа танилцсан. ... нь өдөр шөнөгүй яриад хамтдаа дэлгүүр нээе, чи бараагаа авчирч өгөөд, би зараад хоёулаа 2 талаас, хоёр хоёр сая төгрөг нийлүүлье гэж хэлсэн. Би нээрээ ч үнэн юм уу, бараандаа явж ирчихээд байж байхад болмоор юм байна гээд 5 сарын эхээр гэрт нь очиж үзэхэд бараагүй шахуу дэлгүүр байсан. Тэгээд өөрөө надруу хонхны баяр 5 сарын 21-нд болох гээд байна, хурдан юм авчирах хэрэгтэй байна гэж хэд хэдэн удаа ярьсан. Би өөрт байсан 3,500,000 төгрөгөө авч яваад, бүх зардал мөнгийг өөрөө гаргаад Эрээнээс бүтэн 69 машин дүүрэн бараа ачиж ирсэн. Ирж очиход нөхөр бид 2 хоёулаа явсан, их ачаатай байсан болохоор 400,000 төгрөгийн зардал гарсан. Энэ бүгдийг би өөрөө гаргасан. Ганчимэг 700,000 төгрөг өгсөн нь үнэн бөгөөд хүүхдийнхээ хонхны баярын юмыг захисан. Үндсэндээ 600,000 төгрөгийн өөрийнх нь барааг би 1,300,000 болгож өгсөн. Би 5 сарын 19-нд бараагаа өгч явуулаад 6 сарын 10-нд ирэхэд бүгдийг нь зарж дуусгаад идчихсэн, мөнгөгүй байсан. 20 хоногийн дотор хүний юм зарж идэж дуусгасан байсан. Би Ганчимэгт их л тус хүргэж байсан. Эх нялхасаас нөхрөөрөө машинаар нь драгон дээр үнэгүй хүргүүлж өгөөд бараагаа өгч, хаана л гайгүй эмнэлэг, эм тариа байна тэр бүгдийг утсаар хэлээд, ер нь бол тус хүргэж байсан. 
Би Эрээнээс нийт 3,800,000 төгрөгийн бараа авсан. 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр авчирсан бараагаа тоолж хүлээлгэж өгсөн. Монголд зарагдах ханшаар нь бодоод нийт 6,531,500 төгрөгийн барааг түүнд хүлээлгэж өгсөн бөгөөд зарим бараа болон мөнгийг авч үлдэгдэл мөнгөө шилжүүлсэн. Үүнээс нь нийт 4,035,000 төгрөг надад өгсөн. Мөн хүүхдийн хувцасны үнэ 1300,000 төгрөгийг хасч тооцоход одоо үлдэгдэл барааны үнэ нийт 1,196,000 төгрөгийг нь надад өгөх ёстой. нь надад газар түрээслээд ногоо тарь, энд түрээслэх газар байна. Эгч нь тариад өгье, 1,000,000 төгрөгөөр тарихад 3,000,000 төгрөг болгож авна. 2,000,000 төгрөнд тарихад 7,000,000 болгож авна гээд л байнга утасддаг байсан. Би эхэндээ тоогоогүй. Сүүлдээ өөрөө зөвхөн ногоо тариад ногоогоор л амьдарч байна. Шатна гэж ерөөсөө байхгүй гэж утастсаар байгаад л надаас мөнгө шилжүүлж авсан. Газрын түрээс 400,000 төгрөг, үр авах 120,000 төгрөг, 125,000 төгрөгөөр газар хагалуулна гээд авсан. Би хорны мөнгө гэж 250,000 төгрөг өгчихөөд байхад 7 сард очиход зэрлэг нь өвдгөөр татсан байсан. Би тэр газраас 1 ширхэг ч лууван аваагүй. Ногоо тарихад зориулж 645,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, баримт нь хэрэгт байгаа энэ мөнгөө мөн нэхэмжилж байна. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч барааны үлдэгдэл төлбөр 1,196,000 төгрөг, ногоо тарина гэж авсан 645,000 төгрөг нийт 1.841.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгээс татгалзаж байна.” гэжээ.
Хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Анх би тэй Улаанбаатар хотын Эх нялхасын эмнэлгийн мэдрэлийн тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сахиж хэвтэж байхдаа танилцсан. бас хүүхдээ сахиж хэвтэж байсан. Ингээд бид эгч дүүс шиг болцгоосон. манайхаар хэд хэдэн удаа ирж байсан. Хавар 5 дугаар сард ийг манайд ирэхэд би бэлэн хувцас зарж байсан. хоёулаа хамт дэлгүүр ажиллуулья, би бараанд явья, надад 2,000,000 төгрөг бэлэн байна гэсэн. Тэгээд би 700,000 төгрөгийг түүнд өгөөд урагшаа бараанд явсан. 2,700,000 төгрөгөөр бараа авчраад 2014.05.18-нд манайд ирсэн. Авчирсан барааг нь би хүлээж аваад хэдэн төгрөгөөр зарахаа бичихэд 6,153,800 төгрөгөөр зарагдах боломжтой байсан. Нэхэмжлэлд бичсэн шиг 6,531,600 төгрөгийн барааг би аваагүй. 2,700,000 төгрөгийн барааг хүлээж авсан. Үүний 2,000,000 төгрөгийн бараа нь ийнх, 700,000 төгрөгийн бараа нь миний мөнгөөр авсан бараа байсан. 2014.05.07-ны өдөр ногоо тариулахаар 645,000 төгрөг өгсөн нь үнэн, гэхдээ энэ мөнгөөр зөвхөн талбайг хоргүйжүүлэх, ногооны усалгаа, бинзен тосонд зарцуулсан.. Би газар түрээсэлсэн Батбилэгт 400,000 төгрөгийг нь өгч үлдсэнээр нь газар хагалуулж, ногооны үр авч суулгасан. Зунжингаа би ийн түрээслэж авсан газарт ногоог нь арчилж хамгаалж, услах, хор цацах, зэрлэг зулгаах зэргээр өөрийнхөө газар шиг хамгаалж байсан. ногоогоо ирж хоёр, гурван удаа үзсэн. Нөхөртэйгөө /Баттөр/ ирж наадмаар үзэхдээ бичлэг хийж байсан. 2014.10.01-ний өдөр нөхөр Баттөр бас ах гэсэн нэг залуутай ирэхдээ манай ногооруу мал орчихсон байна. Чи харж хандахгүй яасан юм, танай ногоог чинь авна гээд ирэхээр нь би ачуулаагүй. Гэтэл цагдаа дагуулж ирээд хөргөгч, хөлдөөгч бүх юмыг чинь авна гэсэн. Цагдаа ачуулаагүй. Би т 2014.06.02-ны өдөр Хаан банкаар түүний хүү Нямдэлгэрийн дансруу 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь манайд өөрөө ирээд 2,170,000 төгрөгийн бараа авч явсан. Мөн 115,000 төгрөгийг Хулан гэдэг хүнээс зээлж, 490,000 төгрөгийг Оюунчимэг гэдэг хүнээс зээлж тус тус авч өгсөн. 60,000 төгрөгийг хот буцах бензингүй болчихсон гээд бэлнээр авсан. Нийт 4,035,000 төгрөгийг миний бие т өгсөн. Одоо надад т өгөх өр төлбөр байхгүй. Надаас ямар учиртай мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Би түүний газар дээр үнэ хөлсгүй ажиллаж, авчирсан барааг нь мөн үнэ хөлсгүй зарж өгсөн. Харин надад цалин хөлс өгөх ёстой байх гэж бодож байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      
ҮНДЭСЛЭХ нь:
 
Нэхэмжлэгч нь хариуцагч 2,383,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас нийт 2,383,600 төгрөг нэхэмжилж байсан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж барааны үлдэгдэл төлбөр 1,196,000 төгрөг, ногоо тариулахаар өгсөн 645,000 төгрөг нийт 1,841,000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... нийт 6,531,000 төгрөгийн барааг хариуцагч хүлээлгэн өгсөн, үүнээс 4,035,000 төгрөгийг хариуцагчаас авсан, мөн хүүхдийн хувцасны 1,300,000 төгрөгийг хасч үлдэгдэл 1,196,000 төгрөг, ногоо тариулахаар өгсөн 645,000 төгрөг нийт 1,841,000 төгрөг нэхэмжилнэ ... “ гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ ... хамтарч наймаа хийе гэж тохирсон, нь Эрээн хотоос нийт 2,700,000 төгрөгийн бараа авчирч заруулахаар надад өгсөн. Авчирсан барааныхаа зарагдах үнийг бичихэд 6,153,800 төгрөг болох боломжтой юм байна гэж бид ярьж байсан, тэрнээс биш 6,531,000 төгрөгийн бараа аваагүй, 2,700,000 төгрөгийн бараа л авсан. дээрх барааг зараад би т нийт 4,035,000 төгрөг өгсөн. Ногоо тариулахаар 645,000 төгрөг өгсөн нь үнэн, гэхдээ энэ мөнгөөр зөвхөн талбайг хоргүйжүүлэх, ногооны усалгаа, бинзен тосонд зарцуулсан. Тиймээс одоо т мөнгө өгөх ёсгүй, бид хоёрын хоорондын тооцоо дууссан гэж үзэж байгаа, ямар учиртай мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.    
Маргааны зүйл, зохигчдын тайлбар мэдүүлгээр нэхэмжлэгч , хариуцагч нар нь хоёр талаасаа мөнгө нийлүүлж нь БНХАУ-ын Эрээн хотоос бараа зөөж авчирах, уг авчирсан барааг нь Дархан-Уул аймгийн *******анд байрлах өөрийн дэлгүүрээрээ дамжуулж зарж, борлуулахаар тохирчээ. 
Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1. дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсчээ. 
Нэхэмжлэгч, хариуцагч нар ийнхүү хоёр талаасаа тодорхой хэмжээний мөнгө нийлүүлж БНХАУ-ын Эрээн хотоос бараа авчирч, уг барааг нь зарж борлуулсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд харин тухайн барааны үлдэгдэл төлбөр буюу нэхэмжлэгч өгөх төлбөрийн хэмжээний талаар маргажээ.
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх ёстой бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийт 6,531,000 төгрөгийн бараанаас төлөөгүй үлдсэн хэсэг гэж тодорхойлж байгаа боловч түүний хариуцагч 6,531,000 төгрөгийн бараа материал хүлээлгэж өгсөн эсэх талаар үйл баримт, шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна. Тэрээр нэхэмжлэлийн энэхүү шаардлагатайгаа холбогдуулж хавтаст хэрэгт баримтаар 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн барааны нэр, үнийн жагсаалтыг бичсэн баримт, үнийн талаар судалгаа, тэмдэглэлийг /хх4-5, хх28-27/ гаргаж өгсөн боловч энэ баримтуудад барааг өгсөн авсан талаар баримт гарын үсэг байхгүй, зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн хувийн тэмдэглэл байх бөгөөд зарим баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатаар баталгаажуулаагүй байна. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан Си Ди-д бичсэн бичлэг нь барааг өгч байхад бус барааг өгсөний дараах хугацаанд тооллого, тооцоо хийж байх үеийн бичлэг байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч барааны үнэ гэж нийт 4,030,000 төгрөг хүлээн авсан талаараа маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг ба “эхнэр бид хоёр өөрсдийн мөнгөөрөө авсан 3,500,000 төгрөгийн барааг өгсөн” гэж гэрч С.Баттөр нь талуудын маргаагүй  үйл баримтын талаар мэдүүлжээ.    
Тодруулбал нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны дэвтэр болон си ди бичлэгээр маргаанд ач холбогдол бүхий зүйлийг тогтоох боломжгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн татгалзлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.   
Иймд хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол 1,196,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 645,000 төгрөгийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгч хариуцагч нар нь хамтран ажиллах талаар ярилцаж, Дархан-Уул аймгийн *******ын нутагт 1 га газарт улаан лууван тарихаар тохиролцож, үүний дагуу нэхэмжлэгч нь 645,000 төгрөгийг банкаар хариуцагч шилжүүлсэн байх бөгөөд мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт баримтаар авагдсан байна. Ийнхүү 645,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан талаараа маргадаггүй ба нэхэмжлэгч нь “645,000 төгрөгийг нь надаас ногоо тарьж өгнө гэж авсан, би тухайн газраас ганц ч лууван хурааж аваагүй учраас өөрийн оруулсан хөрөнгө болох 645,000 төгрөгийг шаардах эрхтэй” гэж, хариуцагч нь “дээрх мөнгийг тухайн ногоо тарих газрыг арчилж хамгаалах, хоргүйжүүлэх, ногооны усалгаа болон газрын түрээсийн төлбөрт зарцуулсан тул буцаан өгөх боломжгүй” гэж маргажээ.
    Хариуцагч нь уг 645,000 төгрөгийг ногоо тарихад зарцуулсан гэж байгаа боловч энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй, тухайн газарт улаан лууван ургаагүй буюу ургац аваагүй шалтгаан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолж чадаагүй байна. Тодруулбал 645,000 төгрөгийг юу юунд зарцуулсан талаар баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд гэрч, хариуцагчийн нөхөр Б.Баянмөнхийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгуу бусад баримтаар нотлогдохгүй байна. 
    Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасны дагуу энэ талаарх нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.   
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Энэ нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу тус шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3613 дугаартай захирамж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь тухайн үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсан нь нэхэмжлэлээсээ татгалзаж буйтай адил ойлголт” гэжээ.  
Өмнө нь нэхэмжлэгч нь ар гэрийн гачигдалтай шалтгаанаар хөдөө явахаар болж ирж, очиж чадахгүй гэж үзэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “нэхэмжлэлээсээ татгалзах” “нэхэмжлэлээ татан” авах тухай ойлголтууд нь өөр өөр утга агуулгыг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах нь нэхэмжлэлээсээ татгалзаж буй хэлбэр биш бөгөөд тэрээр нэхэмжлэлээ татан авсанаар уг нэхэмжлэлээ дараа дахин гаргах эрхээ алдахгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
     
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ээс 645,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****гийн т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,196,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 53,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 20,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН