| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 171/2012/1028/и |
| Дугаар | 1150 |
| Огноо | 2012-12-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2012 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/1028/и/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дугаар хороолол, ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Г*** овогт Б.М*** /регистрийн дугаар ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, Мангирт ** дугаар хэсэг, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, Х*** овогт М.Б***/регистрийн дугаар ****/-д холбогдох
“Түрээсийн төлбөр 6,100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М***, хариуцагч М.Б***, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Дархан сумын ** дүгээр багийн нутагт байрлах “Н” баарыг 5 жилийн хугацаатайгаар түрээслэхээр М.Б***тэй тохиролцож гэрээ байгуулахаар болсон. М.Б***нь тухайн үед тус баарыг өөрийнх нь өмч гэж хэлж тайлбарлаж байсан бөгөөд гэрээ байгуулахдаа “АТ” ХХК гэж байгуулж, сарын 2,500,000 төгрөгөөр тооцож урьдчилгаа 6,100,000 төгрөгийг надаас авсан. Ингээд би 2012 оны 5 дугаар сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд 50,000,000 төгрөгийн засварын ажил хийсэн.
Гэтэл тус баар нь М.Б***ийн хууль ёсны өмч биш “Буд өргөө” ХХК-ийн өмч байсан. Тус компанийн ажилтан Д*** гэдэг хүн яриад би тус баарны жинхэнэ эзэн Б***тай уулзсан. М.Б***нь тус баарыг “Буд өргөө” ХХК-иас түрээсэлж байсан гэдгийг мэдсэн. Ингээд хууль ёсны гэрээг 2012 оны 7 дугаар сард Б*** байгуулж 7,500,000 төгрөг өгсөн.
Уг баар М.Б***ийн өмч биш гэдгийг мэдээд түүнтэй уулзахад өөрийнхөө бурууг хүлээгээд надад PRUIS-20 маркын **ДАХ улсын дугаартай автомашиныг барьцаанд үлдээгээд явсан. Энэ машин нь “Эрэл” банкны эзэмшлийн машин байсан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор тус машиныг “Эрэл” банкинд хүлээлгэж өгсөн.
Иймд М.Б***өөс 6,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч М.Б***шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би “Н” баарыг Б***тай гэрээ байгуулж түрээслэж байсан. Тухайн үед бидний хооронд байгуулсан гэрээн дээр дамжуулж түрээслэж болохгүй гэж заасан байсан. Миний байгуулсан гэрээний хугацаа 2012 оны 7 дугаар сард дуусах байсан.
Би 2012 оны 4 дүгээр сард Говь-Алтайд байхад манай аав над руу утасдаж хотоос нэг хүн ирээд “Н” баарыг түрээслэмээр байна гээд байна гэж хэлсэн. Ингээд би М*** уулзсаны дараа Б***тай уулзаад давхар түрээслэж болох уу гэж асуухад болно гэж байсан.
Б*** нь намайг түрээсийн гэрээгээ компаниар хийх хэрэгтэй гэж хэлж байсан. Би М***тэй гэрээ байгуулаад мөнгө авч байх үед Б*** нь юу ч хэлээгүй. Би Б.М***ээс 6,100,000 төгрөг авснаас 6,000,000 төгрөгийг Б***д өгч, 100,000 төгрөгийг нягтлан бодогчид нь өгсөн. Нягтлан бодогч нь 2012 оны 6 дугаар сард Б.М***тэй утсаар яриад намайг эзэн нь биш гэж хэлсэн байсан.
Б.М***ийн мөнгөний барьцаанд би PRUIS-20 маркын **ДАХ улсын дугаартай автомашиныг барьцаанд үлдээсэн нь үнэн. Энэ машин нь миний эзэмшлийн биш “Эрэл” банкны эзэмшлийн машин байсан. Б***д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Б.М***ээс авсан 6,100,000 төгрөгийг би Б***д өгсөн учир уг мөнгийг төлөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М*** нь хариуцагч М.Б***өд холбогдуулан түрээсийн төлбөр 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.М*** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутагт байрлах “Н” баарыг түрээслэхээр М.Б***тэй тохиролцож гэрээ байгуулж, түрээсийн төлбөрт 6,100,000 төгрөг өгсөн, М.Б***нь тухайн түрээслүүлсэн баарны өмчлөгч биш бөгөөд тус баарыг бусдад түрээслүүлэх /дамжуулан түрээслүүлэх/ эрхгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч М.Б***нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.М***ээс түрээсийн төлбөрт 6,100,000 төгрөг хүлээж авсан болон Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутагт байрлах “Н” баарыг бусдад дамжуулан түрээслэх эрхгүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч Б.М***ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ түрээсийн төлбөрт авсан 6,100,000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутагт байрлах “Н” баарны өмчлөгч болох “Буд өргөө” ХХК-ийн захирал Б***д өгсөн гэж тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээслэсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй”, 495.2-т “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заажээ.
Хариуцагч М.Б***нь бусдын эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутагт байрлах “Н” баарыг түрээсэлж байх үедээ түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч Б.М***т 6,100,000 төгрөгөөр дамжуулан түрээсэлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хуульд заасан дээрх үндэслэлээр Б.М*** нь хариуцагч М.Б***өөс хохирол болох 6,100,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч М.Б***нь Б.М***ээс түрээсийн төлбөрт хүлээн авсан 6,100,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид шилжүүлсэн бол тухайн этгээдээс энэхүү төлбөрөө шаардах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.М*** нь түрээсийн төлбөрт төлсөн 6,100,000 төгрөгийн барьцаанд “Эрэл” банкны эзэмшлийн PRUIS-20 маркын **ДАХ улсын дугаартай автомашиныг М.Б***өөс шилжүүлэн авсан байсныг Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1582 дугаар тогтоолоор Б.М***ээс “Эрэл” банкинд шилжүүлсэн байгаа болохыг дурьдаж байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Б***өөс 6,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М***т олгуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т заасныг баримтлан хариуцагч М.Б***өөс 6,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М***т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М***ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б***өөс улсын тэмдэгтийн хураамжид 112,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М***т олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР