| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00694/И |
| Дугаар | 135/ШШ2015/00933 |
| Огноо | 2015-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 135/ШШ2015/00933
2015.09.21 №933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00694/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******од оршин суух ******* //-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь д мөнгө зээлдүүлсэн баримт өөрөөр нь бичүүлж, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр тодорхой хугацаа заан зээлдүүлсэн боловч нь өнөөг хүртэл зээлдүүлсэн мөнгө түүний хүүг өгөхгүй байгаа юм. Иймд хариуцагч аас үндсэн зээл 2,000,000 төгрөг, түүний хүү 1,200,000 төгрөг нийт 3,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Харин хариуцагч нь манай эхнэрийн 5045589235 тоот дансаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн ба нийтдээ 2014 оны 12 дугаар сар хүртэл 1,220,000 төгрөг өгсөн байх тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаасаа хасч тооцохийг зөвшөөрч байна.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие нь 2013 оны 11 дүгээр сард гээс 2,000,000 төгрөг авсан. 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2015 оны 01 дүгээр сар хүртэл нэхэмжлэгчид сар бүр 200,000 төгрөг өгсөн ба нийт 5,200,000 төгрөг өгсөн. Ихэвчлэн бэлнээр лангуун дээр нь очиж өгдөг байсан, өгсөн авсан талаараа баримт үйлдэж байгаагүй. Мөн банкаар дамжуулж түүний эхнэрийн 5045589235 тоот дансаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлж байсан. Энэ талаар баримт хэрэгт байгаа. Одоо д төлөх төлбөр байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулж зээлдүүлсэн 2,000,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг нийт 3,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч талуудын тайлбар мэдүүлгээр нь д 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг зээлдүүлсэн байх ба энэхүү 2,000,000 төгрөг зээлдүүлсэн үйл баримтын талаар зохигчид нь маргаагүй байна.
Харин зохигчид нь зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан эсэх, нэхэмжлэгчид төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргажээ. Тодруулбал нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр, хүү нийт 3,200,000 төгрөг авах ёстой гэж, хариуцагч нь д 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сар хүртэл сар бүр 200,000 төгрөг өгч байсан учир одоо төлөх төлбөр байхгүй гэжээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч д зээлдүүлсэн мөнгөө шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг юм.
Хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сар хүртэл сар бүр 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байсан, одоо төлөх төлбөргүй гэж мэдүүлж байгаа боловч үүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж чадаагүй болно. Харин банкаар дамжуулж нэхэмжлэгчийн эхнэрийн 5045589235 тоот дансаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сараас 2014 оны 12 сар хүртэл хугацаанд дээрх 620,000 төгрөгийг оруулаад нийт 1,220,000 төгрөгийг хариуцагчаас авсан талаараа мэдүүлж, энэ хэмжээний мөнгө авсанаа хүлээн зөвшөөрсөн тул үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харилцан тохиролцож амаар байгуулсан гэрээний үндсэн дээр хариуцагчид мөнгө зээлдүүлж байжээ. Талуудын хооронд хүү тохиролцсон ямар нэгэн бичгийн гэрээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд хавтаст хэргийн 3 дугаар хуудсан дахь баримт нь зөвхөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөг авсан талаархи баримт байх тул үүнийг зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэхгүй юм.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, харицагчид хүү төлөх үүрэг үүсэхээргүй байх тул хүүний төлбөр 1,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн үндсэн төлбөр 2,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,220,000 төгрөгийг хасч нийт 780,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 66,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн хэсэг болох 780,000 төгрөгөнд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2,420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 66,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 23,270 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН