Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2015/00941

 

2015.09.23                    №941


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00730/И 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******,*******од оршин суух ******* /*******/-ын нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, *******,*******од оршин суух ******* //-т холбогдох 
Гэрээний үүрэг 2,404,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь “******* тээвэр” ХХК-ийн ******* захад барилгын материалын худалдаа эрхэлдэг юм. 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай байрны дүү, зүс таних нь барилгын материал зээлээр авсан. Үүнд: 1/ Цемент 10 тонн- 200ш- нэг бүрийн үнэ 10,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг. 2/ Орос чулуутай хар цаас 10 боодол, нэг бүрийн үнэ 22,000 төгрөг, нийт 220,000 төгрөг. 3/ Хар лак 260 кг, нэг кг нь 1500 төгрөг, нийт 390,000 төгрөг. Нийлээд 2,610,000 төгрөг. 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэмж: хар лак 130 кг, нэг кг нь 1500 төгрөг, нийт 195,000 төгрөг. 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэмж: 1/ Хар лак 260 кг, нэг кг нь 1500 төгрөг, нийт 390,000 төгрөг, 2/ Орос чулуутай хар цаас 9 боодол нэг бүрийн үнэ 22,000 төгрөг, нийт 198,000 төгрөг, бүгд 588,000 төгрөг. 2012 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмж: Хятад хар цаас 20ш, нэг бүрийн үнэ 5000 төгрөг, нийт 100,000 төгрөг болсон. Ингэж нэмж авсаар байгаад нийт 3,493,000 төгрөгийн барилгын материал зээлээр авч, удахгүй мөнгийг нь өгнө гэж гарын үсгээ зурж явсан. Гэвч мөнгөө өгөхгүй удааж, элдэв шалтаг тоочин утсаа ч авахгүй, зугтаах болсон. Ингээд нэг байрных болохоор за яахав өгөх л байлгүй гэж харсаар байтал 2 жил болсон. Харин өөрсдөө шинэ байранд орж Альфа таун хотхонруу нүүсэн байсан. Олон удаа утасдаж, шаардаж байсны эцэст 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хуучин зуурагч миксер машин авчирч өгөөд 2,000,000 төгрөгөөр зарж, өрнөөсөө хасууулья гээд тохиролцож орхиж явсан. Миксер нь зарагдахгүй удаж байж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2,400,000 төгрөгөөр Улаанбаатарын нэг хүн худалдаж аваад явсан. 3 жил болж байж зээлсэн барааныхаа тал үнийг олж авсан. Одоо үлдэгдэл болох 1,093,000 төгрөг аас авах ёстой. Хариуцагч нь зээлсэн барааныхаа үнийг өгөхгүй ийнхүү 3 жил болсон тул тодорхой хэмжээний хүү тооцож өгнө гэж өөрөө тохиролцож гарын үсгээ зурсан. Эхнэр бид хоёр Хас банкинд зээлтэй. Сар бүр 2%-ийн үндсэн төлөлт хийдэг. Хэрэв энэ барилгын материалын үнэ 3,493,000 төгрөгөө 3 жилийн хугацаатай банкны хадгаламжинд хийсэн бол хамгийн доод хүү 1,2%-аар бодоход 1 сарын 41,916 төгрөг, 36 сарын хүү нийт 1,508,976 төгрөг болох байсан.  Иймд хавтаст хэрэгт байгаа Монгол банкнаас гаргуулж авсан банкуудын хүүний дундаж хэмжээ болох 1,75%-аар хүү тооцож 1,311,913 төгрөг нэмж нэхэмжилнэ. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь хариуцагчаас 3,593,000 төгрөг нэхэмжилж байсан боловч одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,404,913 төгрөг болгож, үлдэх хэсгээс нь татгалзаж байна. Иймээс хариуцагч аас үндсэн төлбөр, хүү нийт 2,404,913 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ. 
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “2012 оны 04 дүгээр сараас манай компани /Магнет-Айрок ХХК/ ******* сумын 11 багт үйлчилгээний зориулалттай, барилга угсралтын ажил эхэлж 2012 оны 07 дугаар сард гражны дээврийн ажилд шаардлагатай цемент, хар лак, хар цаасыг биржид наймаа хийдэг байрны ах аас зээлээр авсан. Нийт 3,493,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал авсан нь үнэн, үүн дээр маргахгүй. Урьд нь аас цемент аваад төлбөрийг нь цаг тухайд нь хийж байсан. Гэтэл санхүүжилт орж ирэхгүй удсаар барилгын ажлаа зогсоосон. Ингээд би ахад таньд төлөх 3,493,000 төгрөгийн өрөндөө цемент зуурагч миксер машинаа өгье, би тээврийн зардлын хамт 6,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан, 2 жил хэрэглэсэн учраас хямдруулаад өрөндөө ав гэж хэлсэн. Ингээд 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бирж дээр аваачиж хүлээлгэн өгсөн. Тухайн үед Өсөх-Уран компани миний цемент зуурагчийг 3,900,000 төгрөгөөр худалдаж авъя гэж байсан ба мөнгөө 11 сард өгнө гэхээр нь би татгалзаж, ахад өрөндөө өгье гээд өгсөн. ч зөвшөөрсөн. Төлбөрөө удаасан учир тодорхой хэмжээний хүү төлбөр нэхсэн. Гэхдээ яг ямар хүү байх талаар гэрээ хийгдээгүй, би ч ойлгоогүй. Би удаасан учраас 200-300 мянган төгрөг нэмж өгье гэж бодсон, тэрнээс биш бид хоёрын хооронд бичгээр гэрээ байгууллагдаад, хүү тооцож өгнө гэж тохиролцсон зүйл ерөөсөө байхгүй. Ер нь яагаад нь бараагаа зарахдаа ашгаа нэмж зарсан байж үүн дээрээ хүү авна гээд байгааг би үнэхээр гайхаж, ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр надруу яриад цемент зуурагчийг зарахаар боллоо, цахилгааныг нь янзлаад өг гэсэн. Би очоод мэргэжлийн цахилгаанчин дуудаад мексер зуурагч машинаа асаагаад, шалгуулаад худалдаж авч байгаа хүнд нь өгсөн. Тэр худалдаж авч байгаа хүн мексерийн үнийг Эрдэнбатад өгсөн гэж байсан. Тэгээд дараа нь яриад чамтай тооцоо дууслаа гэсэн. Нэгэнт төлбөртөө авсан цемент зуурагчийг хэдээр зарах нь түүний хувийн хэрэг, хямд зарчихаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                      
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч аас зээлээр өгсөн барилгын материалын үнийн үлдэгдэл 1,093,000 төгрөг, түүний хүү 1,311,913 төгрөг нийт 2,404,913 төгрөг нэхэмжилжээ. 
Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бараа материалын үнийн үлдэгдэл 1,093,000 төгрөг, түүний хүү 2,500,000 төгрөг нийт 3,593,000 төгрөг нэхэмжилж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагчаас нийт 2,404,913 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Зохигчдын хооронд бий болсон бодит үйл баримтыг тодорхойлбол, хариуцагч нь нэхэмжлэгч аас 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 3,493,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг зээлээр худалдаж авсан байх ба уг барилгын материалын үнийн үлдэгдэл, хүү төлбөрийн талаар маргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 3,493,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал, бараа зээлээр авсан талаараа маргадаггүй боловч уг өр, төлбөртөө тооцож 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цемент зуурагч машиныг нэхэмжлэгчид өгсөн тул одоо төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэгчтэй хүү тооцох талаар ярилцаж тохироогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... цемент цуурагч машин нь хуучин элэгдэж хэрэглэсэн зүйл байсан учир зарагдахгүй нэлээн удаж байгаад 2015 оны 06 дугаар сард Улаанбаатарын нэг хүн 2,400,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах үед Болдхуяг өөрөө байсан. Зуурагч машин нь асахгүй байсан учир Болдхуягийг өөрийг нь дуудаж янзлуулж худалдсан. .. Тиймээс уг 2,400,000 төгрөгийг хасаад үндсэн төлбөр 1,093,000 төгрөг, үүн дээр банкуудын дундаж хүүгээр тооцож 1,311,913 төгрөгийн хүү тооцож нийт 2,404,913 төгрөгийг нэхэмжилнэ ... “ гэжээ.         
Зохигчдын тайлбар, мэдүүлэг, маргааны зүйлээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. 
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. 
Үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгч ад зээлээр авсан барааны үнийг төлөх үүрэгтэй байна. 
Хариуцагч нь цемент зуурагч машиныг өрөндөө тооцож өгсөн, одоо нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэсэн боловч өр, төлбөрийг бүрэн барагдуулж дууссан талаар баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй байна. Цемент зуурагч машиныг бусдад 2,400,000 төгрөгөөр зарсан талаар нэхэмжлэгчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа гэрч Р.Ганбатын мэдүүлэг болон бараа худалдсан зарлагын баримт зэргээр тогтоогдож байх ба хариуцагч нь цемент зуурагч машиныг бусдад худалдаж, шилжүүлж байх үед биечлэн байсан тул тухайн үед хямд үнээр худалдсан талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ. 
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийхээр, хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан бол талууд нэг баримт үйлдэж гарын үсэг зурна гэж заажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нарын хувьд барааг зээлээр худалдаж байх үедээ бичгийн гэрээ байгуулаагүй бөгөөд талууд аман хэлбэрээр тохирч байжээ. Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн баримтын хэлбэр, агуулгаас үзэхэд хоёр талын гэрээ, хэлцэл гэж үзэх боломжгүй ба харин хариуцагч нь нэхэмжлэгчээс 3,493,000 төгрөгийн бараа, материал авсанаа нотолсон баримт байна. 
Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар бичгийн гэрээнд хүү авахаар тохирсон бол төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгана гэж заасан боловч зохигчдийн хооронд хүүгийн хэмжээний талаар тодорхой тусгагдсан бичгийн гэрээ байгуулагдаагүй тул мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь хүү шаардах эрхгүй, хариуцагч т хүү төлөх үүрэг үүсэхгүй юм.
    Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч аас барилгын материалын үнийн үлдэгдэл 1,093,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсэг буюу хүүний төлбөр 1,311,913 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2., 263.4. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч 1,093,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,311,913 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 72,440 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 30,782 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ад олгосугай. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЛХАГВАСҮРЭН