| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/00653/И |
| Дугаар | 135/ШШ2015/00942 |
| Огноо | 2015-09-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2015/00942
2015.09.23 №942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2015/00653/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******од оршин суух ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “******* миний бие нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хүний нөөцийн менежерийн ажилд сонгон шалгаруулалтын дагуу орж ажиллаад 3 дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Өөрийн ажил үүрэгтэйгээ холбогдуулан санаачлага гарган үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс даргаар томилогдож ирснээс хойш намайг байнга дарамтлан, “энэ хүний нөөц ер таалагдахгүй байна, уйлсан юм шиг нүдлээд энийг сольмоор байна. Ер нь театрт хүний нөөцийн хэрэггүй, нарийн бичиг нь хавсарч хийвэл болно” гэх мэтчилэн янз бүрээр ярих болж, ажил хийхэд их дарамттай байх болсон. ... 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төвшинтөгс дарга миний өрөөнд орж ирээд хүмүүсийг ажлаас халаад шүүхэр их явж байна. Тийм болохоор эрх зүйн мэргэжилтэй шүүхэд намайг төлөөлөх чадвартай хүний нөөц хэрэгтэй байна. Чиний ажлын байрыг зарлана гэж хэлсэн. Тэгэхэд миний ажлын байрны гол зорилго бол хүн ажлаас халах биш харин яавал тогтвор суурьшилтай ажиллуулах вэ? сургалт, хөгжил, урамшууллын асуудал байдаг, тэгээд ч би эрх зүйгээр мэргэшүүлэх сургалтанд сууна гэж бодож байна гэж хэлсэн. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Соёмбо” академийн төрийн удирдлага эрх зүйн ангид орж сурсан. Даргад би сурах болсон гээд сургалтын гэрээгээ үзүүлэхэд болж байна ш дээ гэж хэлсэн. Гэхдээ энэ хооронд гадуур хүний нөөц авна гэж ярьж явсан байна лээ. Ер нь Төвшинтөгс дарга нь ховоор голдуу ажлаа явуулдаг, өөрт таалаглахгүй хүнээ халахыг боддог, халагдаж байгаа хүмүүсийн ард гэр бүл, амьдрал явагддагийг ухаардаггүй. Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би театрын уран сайханы удирдагч нь дарга дээр орж миний хийсэн ажлын талаар болон миний талаар байнга худлаа үнэн юм ярьж байдаг байсан болохоор тэр өдөр Саранчимэг бид 2 даргын өрөөнд маргалдаж сүүлдээ хэрүүл болсон. Саранчимэг намайг даргын эсрэг баримт цуглуулдаг, чи муу надад бөөгөөр хараал хийлгэсэн, намайг оролдсон хүн энэ театрт сайнаа үзэхгүй гэх зэргээр доромжилж намайг тухайн үед сэтгэл зүйн аймшигтай дарамт, стрессд оруулсан.
Би Саранчимэгт гомдсон уурандаа өрөөндөө гүйж ороод эд нарт ингэж гүтгүүлж, ад үзэгдэж байхаар өргөдлөө өгөөд гаръя гээд өргөдлийн маягт дээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдье гэж бичээд даргад өгөхөд, дарга чи маргааш тайвшраад ирж уулз гээд явуулсан. Маргааш нь даргын өрөөнд орж би уурлаж стрессдэжж бухимдахдаа өргөдөл бичсэн байна. Тэгээд ч театр бол хувийн компани биш улсын байгууллага би өргөдлөө буцааж ажлаа хийнээ гэж хэлсэн. Гэтэл дарга миний өргөдлийг буцааж өгөөгүй, чи явж ажлаа хий, би дараа чамтай уулзана, шийдвэр гараагүй байна гэсэн. Ингээд тэр өдрөөс хойш сар гаруй хугацаанд ажлаа хийгээд явж байтал 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил тарснаас хойш 18 цаг 30 минутын үед намайг өрөөндөө сууж байхад дуудахгүй, захиргааны зөвлөл хуралдаж намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа гэж танилцуулан захиргааны зөвлөлийн шийдвэр гаргасан. ... Миний бие нь даргад өөрийн стресс, бухимдал, тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болж ийм байдалд хүрснээ хэлж, цаашид ажиллана, өргөдлөө буцаая гэхэд ажлаа хийж бай гэж гаргачихаад сарын хугацаа өнгөрсний дараа гэнэт захиргааны зөвлөлийн гишүүнийг хуралд нь оруулж санал, тайлбарыг сонсохгүйгээр шийдвэр гаргаж, захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн намайг ажлаас халж байгаад гомдолтой байна. ... Би өргөдлөө буцааж авахаар маргааш өдөр нь дарга дээр ороход миний өргөдлийг өгөөгүй, тэгээд би ажлаа хэвийн хийгээд явж байсан. Иймд даргын 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгон, ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,481,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... *******г бид ажлаас халаагүй, өөрийнх нь хүсэлтээр Хөдөлмөрийн хуулийн 37, 38 дугаар зүйлүүдийг удирдлага болгон байгууллагын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас чөлөөлсөн. ******* нь анх ажилд орохдоо хүний нөөцийн менежер биш ахлах менежерийн ажилд тушаал гарч ажилд орсон байдаг. Дараа нь энэ ажлаасаа чөлөөлөгдөөгүй хүний нөөцийн менежерийн ажилд тушаалгүйгээр ажилласаар ирсэн. Мөн хүний нөөцийн менежерийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болох мэргэжлийн хувьд тэнцэхгүй байдаг. Нэхэмжлэгч театр бол хувийн байгууллага биш улсын байгууллага би өргөдлөө буцааж ажлаа хийнэ гэж хэлсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Улсын байгууллага учраас энд хариуцлага байх ёстой. Тэрнээс хэн нэгний бухимдсан асуудлыг шийддэг газар биш. Өргөдлөө чин санаанаасаа бичээгүй гэж нэхэмжлэлдээ мөн дурдсан байна. Чин санаанаасаа биш өргөдөл бичнэ гэж юу яриад байгааг бид ойлгохгүй байна. Эцэст нь төрийн байгууллагаар дуртай үедээ ажилд орно, ажлаас гарна гэж тоглож, шүүх хяналтын байгууллагаар гүйж ажил хэвийн явуулахад саад чирэгдэл учруулж байгаа, өнөөдрийг хүртэл удаа дараа мэдэгдсээр байтал ажлаа хүлээлгэж өгөлгүй хаясан энэ мэт үйлдлийг шүүх анхаарч үзнэ гэдэгт найдаж байна. Тухайн өдөр болон ******* нарын хооронд хэрүүл маргаан болж, үүний дараа нэхэмжлэгч өргөдлөө өгсөн нь үнэн, ******* өргөдлөө захиргаанаас буцааж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,481,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт байгаа баримтаас үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч ******* болон хариуцагч байгууллага “Залуучууд” театрын ажилтан нар театрын даргын өрөөнд маргалдсан байх ба энэхүү маргаан, муудалцааны дараа нэхэмжлэгч нь “өөрийн хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдлийг захиргаандаа өгчээ. Үүнээс хойш 34 хоногийн дараа /2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр/ тушаал гарч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү тушаал нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, байгууллагын дотоод журмын 3.2.2.2, 3-б, 4.1.10, 4.1.15 дахь заалтыг тус тус удирдлага болгосон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... ажлаас гарах тухай өргөдлөө миний бие чин санаанаас бичээгүй, тухайн үед уурлаж, бусдын дарамт хэрүүлээс болж бухимдахдаа бичсэн, маргааш нь даргаас өргөдлөө буцааж авъя гэж орсон боловч миний өргөдлийг өгөөгүй, би ажлаас хэвийн үргэжлүүлж, хийж байхад гэнэт ажлаас халсанд гомдолтой байна ... “ гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбартаа “ ... ******* нь анх ажилд орохдоо хүний нөөцийн менежер биш ахлах менежерийн ажилд тушаал гарч ажилд орсон, хүний нөөцийн менежерийн ажилд тушаалгүйгээр ажилласаар ирсэн, хүний нөөцийн менежерийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагад тэнцэхгүй ... чин санаанаасаа өргөдөл бичээгүй гэж ярьж байгааг ойлгохгүй байна ... “ гэж маргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг ажилтан санаачилсан аль эсвэл ажил олгогч санаачилсан үндэслэлээр цуцлахаар заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тохиолдлыг хуулийн 39 дүгээр зүйлд, харин ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг 40 дүгээр зүйлд тус тус тусгажээ.
Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанд тооцно.”, хуулийн 39.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно.” гэжээ. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлагдсанд тооцох тохиолдлыг заасан байх бөгөөд энэ нь ажилтан хуульд заасан хугацаа өнгөрмөгц ажлын байрыг орхин явах тохиолдол байна.
Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.15-д “Ажлаас чөлөөлөгдсөн ... ажилтан нь картаар бүртгэлтэй эд хөрөнгө, тавилга, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажлын үнэмлэх, түлхүүр зэрэг зүйлсийг аж ахуйд хүлээлгэн өгөх ба тойрох хуудсыг бөглүүлж, санхүүгийн эцсийн тооцоо хийсний дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг олгоно ... “ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч *******гийн хувьд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш өөрийн ажлаа өөр хүнд шилжүүлэх, ажил үүргээ тайлагнах, тооцоо нийлэх зэрэг ямар нэгэн байдлаар ажлын байрыг орхин явах бэлтгэл хийж байгаагүй, энэ талаар ямар нэгэн хүсэл зориг байгаагүй, ажлаас чөлөөлөх тухай тушаал гарах хүртэл ажил, үүргээ хэвийн үргэлжүүлж байжээ. Мөн түүний хуульд заасны эрхийн дагуу 30 хоног өнгөрмөгц өөрийн ажлын байрыг орхин яваагүй эс үйлдэхүй зэргээс үзэхэд тэрээр ажлаас чөлөөлөгдөх дээрх өргөдлөөсөө татгалзсан гэж ойлгогдохоор байна.
Мөн түүний шүүх хуралдаанд “ ... ажлаас гарах тухай өргөдлөө миний бие чин санаанаас бичээгүй, тухайн үед уурлаж, бусдын дарамт хэрүүлээс болж бухимдахдаа бичсэн, маргааш нь даргаас өргөдлөө буцааж авъя гэж орсон боловч миний өргөдлийг өгөөгүй ... “ гэсэн мэдүүлгээс нэхэмжлэгч нь дээрх өргөдлийг зүй бус харилцаа, хөндлөнгийн нөлөөллийн улмаас бий болсон түр зуурийн бухимдлаас үүдэж бичжээ.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлдэг.
Иймээс нэхэмжлэгч *******гийн өргөдөлд түүний хүсэл зориг бүрэн тусгагдаагүй байх ба ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан хариуцагч байгууллагын шийдвэр хуульд нийцээгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч *******г анх ажилд орохдоо хүний нөөцийн менежер биш ахлах менежерийн ажилд орсон, энэ ажлаас чөлөөлөгдөөгүй хүний нөөцийн менежерийн албан тушаалд тушаалгүйгээр ажилласаар ирсэн, энэ албан тушаалд тавигдах шаардлагад тэнцэхгүй гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан театрын даргын 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 112 дугаартай тушаалаар *******г маркетингийн менежер албан тушаалд түр томилогдохоор заасан ба түүний нийгмийн даатгалын дэвтэрт хүний нөөцийн менежер албан тушаалд томилов гэж, театрын даргатай байгуулсан 2013, 2014, 2015 оны хөдөлмөрийн гэрээнд *******гийн албан тушаалыг хүний нөөцийн менежер гэж тэмдэглэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан бөгөөд театрын дотоод дүрмийн 4.1.2-т “Театрын дарга нь нийт уран бүтээлч, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана” гэж заасан ба үүний дагуу ******* нь хөдөлмөрийн гэрээг зохих журмын дагуу байгуулж явжээ.
Нэхэмжлэгчийг ажлаас халах тушаалд байгууллагын дотоод журмын 3.2.2.3б/-г удирдлага болгосн боловч Театрын захиргааны зөвлөл нь зөвхөн ажилчдыг ажилд авах, халах, ажлыг өөрчлөх эрх хэмжээтэй байх ба ажлаас чөлөөлөх эрх хэмжээг заагаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулиар “ажлаас чөлөөлөх” “ажлаас халах” тухай ойлголтууд нь өөр өөр агуулгатай, эрх зүйн үр дагавартай болно. Мөн тушаалд дотоод журмын 4.1.10-т заасан ажлаас халах тухай заалтыг барьсан байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс 2,481,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилжээ. Шүүх түүний ажилгүй байсан хугацааг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тооцож, энэ хугацаанд авах ёстой байсан дундаж цалинтэй тэнцэх олговор болох 309,915 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Залуучууд театраас гаргуулахаар шийдвэрлэв.
Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна. Харин үлдсэн хугацааны дундаж цалинтэй тэнцэх олговорыг хуульд заасан журмын дагуу хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан *******г Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор /619,826/22*11/ нийт 309,913 төгрөгийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театраас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт зааснаар *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театраас тэмдэгтийн хураамж 9,950 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод тушаасугай.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН