Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Э.Нэргүйбаатар, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0165) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Омог овогт Энхболдын Нэргүйбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012860 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Омог овогт Энхболдын Нэргүйбаатар, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Дарьганга, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 24 дүгээр гудамжны 66 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгайд түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ84122511.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Э.Нэргүйбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Найрамдлын бор толгойн автомашины зам дээр Зорчигч тээврийн нэгтгэлийн 77-32 УБН улсын дугаартай Каунти маркийн автобусны урд салхины шилийг чулуугаар цохиж бусдын эд хөрөнгийг санаатай хагалж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Нэргүйбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болсон өдөр 15 цагийн үед явж байгаад автобус ирж байхыг хараад суух гэсэн чинь намайг суулгахгүй яваад өгсөн. Тэгээд би 4 км гүйгээд явж байхад нөгөө автобус миний урдаас ирж байсан...би чулуу аваад шидсэн. Миний гарт нэг чулуу байсан. Би архи уугаагүй, тухайн өдөр автобусны мөнгөтэй явж байсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч (Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын хуулийн зөвлөх) Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 77-32 УБН улсын дугаартай Hyundai Countyмаркийн автобус ХО-8 буюу Найрамдал-3 дугаар эмнэлэг чиглэлд явж байхад нь Найрамдлын замд Бор толгой гэх газар замд согтуу хүн автобусны урд талын салхины шилийг чулуугаар хагалуулчихлаа гэж тус автобусны жолооч Ж.Бямбасүрэн мэдэгдсэн ба автобусыг шууд бааз руу буюу Зорчигч тээврийн нэгтгэл-ийн 1 дүгээр бааз руу авчруулахад урд талын салхины шил цуурсан байсан. Тухайн автобусыг тус компанийн техникийн албанд өгч засуулсан ба шилний төлбөр болох 382.600 төгрөгний актыг жолооч Ж.Бямбасүрэнд тавьж цалингаас нь тухайн төлбөрийг суутгаж авсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2. Иргэний нэхэмжлэгч Ж.Бямбасүрэнгийн (Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын автобусны жолооч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 30 минутанд Найрамдал-3 дугаар эмнэлэг чиглэлд Зорчигч тээврийн нэгтгэлийн дунд оврын автобусыг хүлээн авч ажилласан. 17 цаг 30 минутын орчим...зам дагуу нэг залуу зогсож байхаар нь дөхөж очоод зогсоход 2 гартаа чулуу барьчихсан, урдаас зам голлож алхаж ирээд баруун гартаа байсан чулуугаар миний автобусны урд салхины шилийг цохиж хагалаад, замынхаа баруун тал руу зугтаасан. Тэгэхээр нь автобуснаасаа буугаад хөөгөөд бариад авсан. Мөн тухайн үед автобусанд үйлчүүлж байсан залуу бууж ирээд туслаад барьж авч...цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн. Тухайн үед тэр залуу согтуу байсан. ...автобусны шил хагарч шинээр салхины шилийг 382.600 төгрөгөөр худалдан авч шилллэсэн. Уг салхины шилний мөнгийг манай байгууллагаас миний цалин дээрээс суутгаж авсан...би шилний төлбөр болох 382.600 төгргийг гаргуулан авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

3. Гэрч Д.Алтансүхийн (автобусны зочигч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Найрамдал-3 дугаар эмнэлэг гэсэн хаягтай автобусанд 17 цаг 30 минутын үед суугаад Найрамдлын замаар уруудаад явж байхад Бор толгой гэх газар согтуу хүн замын голоор гараа ардаа хийгээд нуруугаа үүрсэн байдалтай өөдөөс алхаж байсан. Би тэр үед жолоочийн хажуу сандал дээр сууж явсан юм. Тэгэхэд нэг хүн зам голлож алхаад байхад автобус зогссон, тэр үед зам голлож алхаад байсан хүн гараа нурууныхаа араас гаргаж ирээд автобусны урд салхины шил рүү буюу жолоочийн эгц урдаас чулуугаар цохисон ба автобусны шил хагарч үйрсэн боловч салж унаагүй. Тэр хүн автобусны цонхыг чулуугаар цохиод эргэж хараад замын баруун тал руу зугтаасан бөгөөд жолооч автобуснаас буугаад араас нь гүйж очоод бариад авахад өөдөөс нь эсэргүүцээд жолооч дийлэхгүй байхаар нь би автобуснаас буугаад гүйж очоод зүүн гарыг ард нь гаргаж барьсан. Тэгээд тэр хүнийг автобусанд суулгах гэхэд эсэргүүцээд жолооч руу дайраад чи муу намайг дээшээ  Найрамдал руу өгсөхдөө хаяж явсан. Найрамдал явдаг жолооч нар бүгд хаяж явдаг болохоор уур хүрээд цонх хагалсан гээд байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33 дахь тал),

4. Гэрч Э.Янжмаагийн (автобусны зочигч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Найрамдал зуслангаас хот руу орох гэж цэнхэр өнгийн жижиг автобусанд суусан. Тэгээд Бор толгой өнгөрөөд уруудаад явж байтал жолоочийн талын зам голлоод нэг залуу зам дээр зогсож байсан. Тэгээд автобус тэр залууд тулж очоод зогссон чинь гартаа чулуу барьчихсан байсан. Тэр чулуу нь гарт баригдахааргүй том чулуу байсан бөгөөд жолоочийн талын автобусны урд талын шилийг цохисон. Тэгтэл уг автобусны шил нь хагарсан ба тэр залуу чулуугаар цохичихоод зугтаасан. Тэгэхэд жолооч болон манай тэнд байдаг Алтансүх гэх залуу нар хамт очиж тэр залууг барьж авсан...өөдөөс нь эсэргүүцээд чулуугаар цохих гээд байх шиг байсан. ...Тэр залууг шил хагалсаны дараа барьж авахад жолооч руу чи намайг хаяад явсан биз дээ, эргээд ирэхийг чинь хүлээгээд байж байсан юм гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

5. Гэрч М.Тунгалагтамирын (автобусны зочигч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаа тараад гэртээ харихаар 17 цаг 15 минутын орчим автобусанд суугаад явж байсан. Тэгээд Бор толгой уруудаад явж байтал замын голд чулуу барьсан эрэгтэй хүн зогсож байсан. Автобус тэр залуугийн хажууд очоод зогсоход тэр залуу нь гартаа барьсан чулуугаараа автобусны шилийг хага цохиод зугтаасан. Тэгээд жолооч болон зорчигч Алтансүх нар нь гүйж очоод барьж авсан...тэр залууг барьж аваад автобусанд суулгахад жолооч руу чи одоо ингээд өрөнд орж байгаа юм, Би Шар хадны бичигтэй болохоор хэрэг хариуцах чадваргүй. Би маргааш гэхэд зүгээр гараад ирнэ гээд орилоод байсан. ...Тэр залуу нь автобусанд орж ирчихээд жолооч руу чи намайг МТ колонкийн хажуу талаас суулгаагүй явсанаас болж би алхаж ирлээ. Тэгээд чамайг хүлээгээд зогсож байсан юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

6. Гэрч Г.Авлайгийн (Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын засварчин) мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байж байхад манай баазын автобус болох Hyundai Countyмаркийн 77-32 УБН улсын дугаартай автобусны урд талын шилийг Найрамдал зам дээр шугаманд явж байгаад хагалуулчихлаа, засаад өг гээд Бямбасүрэн авчирсан. Тэгээд би тухайн автобусны урд талын салхины шилийг солиод жолооч Бямбасүрэнд акт тавиад явуулсан. ...77-32 УБН улсын дугаартай автобусны жолоочийн талын урд хэсгээс гаднаас юмаар цохисон байдалтай нилэнхүйдээ хагаралт, цууралт үүсчихсэн, солихоос өөр аргагүй болсон байхаар нь би сольж өгөөд явуулсан. ...Тухайн автобусны шилийг Hyundai компаниас захиалгаар оруулж ирдэг бөгөөд 382.600 төгрөгний үнэтэй байдаг... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

7. Шүүгдэгч Э.Нэргүйбаатарын мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн үед Орбитын эцсийн буудал дээр буугаад цаашаа зам дагаж алхаад МТ колонк өнгөрч байхад 17 цагийн автобус ирж байхаар нь замын хажууд хүлээгээд гараа өргөөд зогсож байсан чинь тэр автобус зогсоогүй миний хажуугаар өнгөрөөд яваад өгсөн. Тэгээд би цаашаа зам дагаж алхаад гэрийнхээ ойролцоо ирж байтал миний хажуугаар өнгөрч явсан автобус дээрээс буюу Найрамдлаас уруудаад ирж байсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад автобус руу шидсэн ба автобусны жолооч бууж ирээд яагаад шил хагалж байгаа юм бэ гэж асуухаар нь чи намайг орхиж явсан болохоор би 4 км явган гүйж ирлээ. Тэгээд уурандаа чулуу шидчихлээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-58 дахь тал),

8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1198 дугаар дүгнэлтэд:

1. Э.Нэргүйбаатар нь F 07.8 тархины өвчин, гэмтэл, үйлийн хямарлын шалтгаант буюу хүний ба төрх үйлийн бусад органик эмгэгүүд өвчтэй байна. Уг өвчин нь тархины гэмтлээс үүсэлтэй байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2009 ны 02 дугаар сарын 05-нд сэтгэцийн эмчийн хяналтанд орсон байна.

2.  Э.Нэргүйбаатар нь хэрэг үйлдэх болон цаг хугацаанд болж буй үйлдлийг зөвөөр ойлгох чадвартай байсан байна.

3. Э.Нэргүйбаатар нь одоогоор болсон хэрэг үйлдлийг зөвөөр ойлгож, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.Нэргүйбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 9. Албадан саатуулсан хүний бүртгэл тэмдэглэлд ...Энхболдын Нэргүйбаатар др-1.56...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагт хүлээн авсан... гэж тэмдэглэгджээ. (хавтаст хэргийн 47 дахь тал)

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 2,3), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 92), хохирогчоор тогтоох албан бичиг (хавтаст хэргийн 13), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 44), иргэний нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 93-97),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, (хавтаст хэргийн 61, 60), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 77), өвчний түүх (хавтаст хэргийн 64-76), нийгмийн халамжийн тэтгэвэрийн дэвтрийн хуулбар (78, 79) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Нэргүйбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Найрамдлын замд Бор толгой гэх газрын орчим Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын Hyundai Countyмаркийн 77-32 УБН улсын дугаартай бага багтаамжийн автобус болох тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохиж хаглан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Э.Нэргүйбаатарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59)-р тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Э.Нэргүйбаатар нь Hyundai Countyмаркийн 77-32 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шилний үнэ болох 382.600 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Ж.Бямбасүрэн нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Нэргүйбаатарыг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Иймд Э.Нэргүйбаатарт шүүх ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Нэргүйбаатарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзаж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Ж.Бямбасүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэв.