Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/882

 

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч Л.М, Л.М нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Б.Н,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн -дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2005019941343 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            С овгийн Бы Н, 1986 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” хотхоны гараж дотор хохирогч Л.М, Л.М нартай маргалдаж, улмаар иргэн Л.Мийн нүүр рүү цохих, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, зүүн бугалга, өвдөг, баруун тавхай, зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл, хохирогч Л.Мгийн тохой руу цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун хацар шанаа, эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн Бы Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас нийт 2.401.550 төгрөг гаргуулж хохирогч Л.Мт 1.703.550 төгрөг, хохирогч Л.Мд 698.000 төгрөг тус тус олгож, хохирогч Л.М, Л.М нар нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллаж 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулан хохирогч Л.Мт 1.703.550 төгрөг, хохирогч Л.Мд 698.000 төгрөгийг гаргуулах шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шүүхээр 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хоёр хэргийг нэгтгэж шалгах ёстой гэж дүгнэн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасан. Гэвч миний эд хөрөнгийг сүйтгэж гэмтээсэн хэргийг прокурор Г.Намжил нь хохирлын хэмжээ албан ёсны үнэлгээний газраар үнэлүүлэхэд 530.800 төгрөг гарсан байхад, 250.000 болгон бууруулж, эрүүгийн хэрэг үүсгэхгүй, зөрчлийн хэрэг гэж тус хэргийг хаасан. Үүнтэй холбоотой дараагийн шат шатны прокурорын байгууллагад гомдол гаргасан боловч, прокурор Г.Ганхөлөг нь надтай холбоотой хэргийг шүүх рүү шилжүүлэн прокурорын байгууллагаар шалгуулах боломжийг маань хаасан. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед, миний хэргийн материалтай танилцах, мөн анх цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн миний эхнэр болох Аселийг гэрчээр дуудах хүсэлт гаргасан боловч, шүүх хүсэлтийг минь хүлээн авахаас татгалзаж, миний өөрийгөө өмгөөлөх, хэрэгтэй танилцах, хуулийн туслалцаа авах иргэний эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Мөн хэрэгт авагдсан видео бичлэгүүдийг зөвхөн прокурорын зааж зааварласан хэсгүүдийг шүүх хуралдааны үед үзүүлж хууль шүүхийн өмнө өөрийн гэм буруугүйг нотлох боломжийг маань хаасанд гомдолтой байна. Миний бие өөрийн эрх зөрчигдсөн талаар дараах гомдлуудыг прокурорын байгууллага болон Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхүүдэд гаргаж байсан. Үүнд:

            Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нийлэхгүй, гомдол гаргасан боловч, хариу өгөөгүй, эрүүгийн хэрэг үүсгэхдээ дахин томилж өгнө гэчхээд алга болсон. Анх 1 хохирогчтой байсан хэрэг 2 хохирогчтой болсон. 2 дахь хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг надад огт танилцуулаагүй. Хэрэг үүссэний дараа хохирогч нэмэгдсэн гэдгийг мэдсэн. Миний өгсөн видео бичлэг, нотлох баримтуудыг фото зураг хэлбэрээр хэрэгт хавсаргаж, тайлбар болгоныг миний эсрэг бичсэн байна. Ямар шинжээч, хэн нь тайлбар бичсэн нь тодорхойгүй. Өөрийгөө хамгаалах, өмгөөлөх зорилгоор авчирсан нотлох баримт болгоныг байцаагч нь миний эсрэг болгосон. Миний эхнэр Асел, лифтчин, СӨХ-ийн менежер гэсэн нийт 3 хүний гэрчийн мэдүүлэг хэрэг дотроос алга болсон. Энэхүү мэдүүлэг нь би зөвхөн өөрийн эд хөрөнгөө хамгаалсан. Хохирогч гэх эмэгтэйг зодох санаа зорилго байгаагүйг нотолно. Прокурор Ганхөлөг болон цагдаагийн байцаагч Хонгор нар санаатай нотлох баримт устгаж, алга болгосон гэж хардаж байна. Би гэртээ байж байхад, амгалан тайван байдал алдагдуулж, эд хөрөнгийг минь эвдэлж сүйтгэж, намайг бүлэглэн зодож, танхайрсан, хэл амаар доромжлон, ална гэж сүрдүүлсэн хүмүүст ямар ч арга хэмжээ одоог хүртэл аваагүй байна. Тэдний дотор гадаадын иргэн болох Вьетнам улсын иргэн байна. Энэ хэрэгтэй хамт нэгтгэж шийдэхгүй байлгасаар байгаа ба зөвхөн намайг яллаж байгаад гомдолтой байна. Хохирогч гэх Л.М, Л.М нар эмчилгээний зардал гэж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэж, хуурамч баримтуудыг шүүхэд гаргаж шүүхээс надад нийт 2.401.550 төгрөг төлүүлэх шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Миний эд хөрөнгө болох автомашиныг эвдлэн сүйтгэж, гэмтэл учруулсан талаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Ерөөлт шалгаж, анхны албан ёсны үнэлгээний газрын дүгнэлтээр миний машины хохирлын хэмжээ 530.800 төгрөг гарсан ба, прокурорын шатанд уг хохирол 215.000 төгрөг болгон бууруулж, машины зарим эвдэлсэн хэсгүүдийг хасаж, холбогдогч нарт зөрчлийн хэргээр арга хэмжээ авч хэргийг хааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ хэргээс болж, өөрийн эд хөрөнгөө хамгаална гээд өөрөө эрүүгийн хэрэгт татагдаж, яллагдагчаар татагдаж ялтан болж байна. Мөн Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хоёр хэргийг нэгтгэн шалгах ёстой гэсэн шийдвэрийг үндэслэн гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн прокурорууд хэргийг нэг талыг баримталж, миний эрхийг ноцтой зөрчиж, хавтас хэрэг дотроос гэрчүүдийн мэдүүлгүүд алга болгосон ноцтой хэргийг нуун дарагдуулж, өөрсдийн булхайг нуух зорилгоор хүчээр шийдвэрлэж шүүх рүү шилжүүлж байгаад гомдолтой байна. Мөн Дүүргийн ерөнхий прокурорт удаа дараа гомдол гаргасан боловч, Г.Намжил прокурорын гаргасан шийдвэртэй холбоотой хариуг л өгч, Г.Ганхөлөг прокурорт шалгагдаж байгаа хэргийн тухай огт хариу өгөхгүй зугтаж, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг биелүүлэхгүй, прокурор өөрөө хууль, журмыг биелүүлэхгүй байгаад гомдолтой байна. Иймд миний бие иргэн Л.М болон Л.М нарын биед санаатай халдаагүй, өөрийн эд хөрөнгө болон бие хамгаалсан гэдгийг шударгаар шүүж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ч.Отгонбаярын 481 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо хохирогч нарт гэмтэл учруулаагүй гэсэн байдаг. Өөрийн эд хөрөнгийг хамгаалах явцдаа гэмтэл учруулсан гэж шүүгдэгч гомдол гаргасан байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь хохирогч Л.М, Л.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Н нь өөрийн эд хөрөнгийг хамгаалах гэж гэмтэл учруулсан гэж мэдүүлдэг боловч хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус довтолгоо хийсэн гэж үзэхээргүй байна. Шүүгдэгч Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан. Иймд шүүгдэгч Б.Нын “..би гэмт хэрэг үйлдээгүй. ...” гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нотлох баримт устгаагүй, алга болоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Мөрдөгч, прокурорын зүгээс шүүгдэгч Б.Нын хууль ёсны эрхийг хязгаарлаагүй. Анх нэг хохирогч байж байгаад хоёр хохирогч гарч ирсэн гэж шүүгдэгч үндэслэлгүй гомдол гаргаж байна. Анхнаасаа мөрдөгч 2 хохирогчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Хавтас хэргээс нотлох баримт хасагдсан, устгасан асуудал байхгүй. Хохирогчийн эмчилгээний зардал үндэслэлгүй гарсан гэж шүүгдэгч гомдолдоо дурдсан. Эмчилгээний зардал хохирлын бодит байдалд үндэслэсэн. Эмчилгээний нотлох баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан байгаа. Шүүхээс шүүгдэгч Б.Наас нийт 2.401.550 төгрөг гаргуулан хохирогч Л.Мт 1.703.550 төгрөг, хохирогч Л.Мд 698.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...“ гэв.

            Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан үндэслэл нь бага хэмжээний хохирол учраагүй учраас зөрчлийн хэрэг гэж үзсэн. Иймд дээрх хэргийг үндсэн хэрэгт нэгтгэх боломжгүй нөхцөл байдал гарсан. Мөн шүүгдэгч Б.Нын зүгээс гэрчийн мэдүүлгүүд алга болсон гэж гомдолдоо дурдсан. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанаар хөндлөнгийн гэрчүүдийг асуулгах, мөн шүүгдэгчийн эхнэрээс гэрчийн мэдүүлэг авах талаар шийдвэртээ заалт оруулж, шүүгдэгчийн эрхийг хангахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шүүгдэгч Б.Нураболатын эхнэр Аселээс мэдүүлэг авахад “...зодоон болсон үйл явдлын дараа нь гарсан. ...” гэж мэдүүлдэг. СӨХ-н ажилтан болон лифтчингээс мэдүүлэг авахад гэрч Нацагдорж мэдүүлэгтээ “...шүүгдэгч нь хохирогчийг цохиж байсныг харсан. ...” гэж мэдүүлдэг. Нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг устгаж, гэмтээсэн нөхцөл байдал байхгүй. Хэргийг давж заалдах шатны шүүхээс нэгтгэж шийдвэрлэх талаар заалтыг шүүхийн шийдвэртээ оруулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд дээрх хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч Б.Нын зүгээс “...би бол хохирогч, миний автомашиныг эвдэлж байхад нь гарахад над руу дайрсан. ...” гэх нөхцөл байдлын талаар мэдүүлдэг. Хохирогч нарын зүгээс шүүгдэгчийн эд хөрөнгөнд халдсан нөхцөл байдал байдаг. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан. Үүнийг дагуу хохирогч нарт тухайн хэрэгтээ нь холбогдуулан зөрчлийн шийтгэл, арга хэмжээ авагдсан байгаа. Харин шүүгдэгч Б.Нын зүгээс хохирогч нарын биед нь нэгээс олон удаагийн үйлдлээр халдаж, хохирогч нарын биед нь хөнгөн хохирлыг учруулсан нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа. Давж заалдах шатны шүүхээс дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь хэт нэг талыг барьсан байна гэж үзээд дахин үзлэг хийлгэхээр заасан. Дээрх дүрс бичлэгт үзлэг хийж, шүүхээс заасан ажиллагаануудыг бүрэн хийсэн. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...“ гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн -дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна.

Хэдийгээр шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нотолдог боловч уг ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж болохгүй ажиллагааны төрөлд хамаарна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 348 дугаартай магадлалаар тодорхой үндэслэл бүхий заалтуудыг дурдаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан ба магадлалд заасан заалт хангагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байна.

Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “...хэрэг маргаан болох үед тухайн орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны менежер, жижүүр, лифтчин зэрэг хүмүүс байсан байх тул тухай хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нарын хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдал байсан эсэх буюу хохирогч Л.М нь шүүгдэгч Б.Н-н эд хөрөнгө болох автомашиныг гэмтээсэн нөхцөл байдлын улмаас уг үйлдлийг таслан зогсоохоор хохирогчид хүч хэрэглэсэн эсхүл хохирогчид гэмтэл учруулах зорилгоор хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан эсэх, хохирогч Л.М, Л.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн шинжид хамаарах эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг нэгтгэж, нэг хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх ...” гэж заасан, мөн бусад заалтуудыг биелүүлээгүй байх ба эдгээр заалтуудыг биелүүлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний эцэст хэргийг зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой байна.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Н-н гаргасан гомдолд дурдсанчлан түүний автомашинд эвдрэл, хохирол учруулсан нөхцөл байдалд шүүгдэгчийн зүгээс өөрийн автомашинд 530.800 төгрөгийн хохирол учирсан гэсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоолд “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Л.М нь -ны гаражид иргэн Б.Н-тай “засварын хөлсөө өгөлгүй тээврийн хэрэгслээ авч явсан” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эзэмшлийн - улсын дугаартай “Тоёото камри” загварын тээврийн хэрэгслийн урд гуфер, зүүн урд крыло, зүүн урд талын дохио, хойд купер баруун хойд талыг хууль бусаар сэвтүүлэн гэмтээсний улмаас түүнд 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.” гэсэн баримтууд хэрэгт авагджээ.

Прокурорын “гомдол хүлээн авахаас татгалзах тухай” тогтоолоор шүүгдэгч Б.Н-н “Тоёото камри” загварын автомашинд “Дамно” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдсан мэт нөхцөл байдал байх бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний баримтаар шүүгдэгч Б.Н-н “Тоёото камри” загварын автомашинд учирсан эвдрэл, хохирлыг 330.215 төгрөгөөр үнэлсэн талаар дурдсан атал хавтас хэрэгт албан ёсоор хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн талаарх баримт авагдаагүй, мөн шүүгдэгч Б.Н-н хувьд өөрийнх нь эд хөрөнгөнд 530.800 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байхад гомдол хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “330.215 төгрөгийн хохирол учирсан” гэж ямар үндэслэлээр үнэлгээг бууруулсан нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тухайн гэмт хэргийн зүйлчлэл тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжид зайлшгүй байх шинж буюу хохирлын хэмжээ нь бага хэмжээнээс дээш хохирол учирсан эсэх эргэлзээтэй баримтууд хэрэгт авагдсан байж болзошгүй нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх буюу “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэснийг биелүүлэх гол үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Б.Н-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан тул шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн -дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ