| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00675/И |
| Дугаар | 104/ШШ2023/00527 |
| Огноо | 2023-11-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 104/ШШ2023/00527
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Б.Уранзаяа, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чойнхорын Энхтайван /РД:ЧГ57111013/-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Батчулууны Ганзориг /РД:УД89070218/, Ганболдын Гантулга /РД:УЕ88011171/, Мөлүү хээр ХХК /РД:5872804/, Лэнгийн цагаан овоо ХХК /РД:6486215/ нарт холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 114,564,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч М.Мөнхцэцэг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Нямдорж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг,
Хариуцагч Б.Ганзориг,
Хариуцагч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтох,
Хариуцагч Г.Гантулгын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
Хариуцагч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтохын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,
Хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
/Хариуцагч Мөлүү хээр ХХК-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагч Мөлүү хээр ХХК-н төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас гэм хорын хохирол болох 114,564,750 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч Ч.Энхтайван 2021 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хороо Жанцангын уулзварын зүүн талын уулзварын гэрлэн дохион дээр зогсож байтал ард чимээ гарсан. Эргээд хартал ард ачааны машин зогсож байсан тээврийн хэрэгслүүдийг мөргөөд байсан. Энэ үйл явдал хэдхэн секундийн хооронд болсон. Тухайн үед би их сандарсан, толгой эргэсэн. Гэтэл Хово маркийн 17-65 УБЗ гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Б.Ганзориг нь бусад машиныг мөргөсний улмаас осол болсон гэдгийг тухайн үед олж мэдсэн. Б.Ганзориг нь замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчин бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан. Гэтэл бага хэмжээний хохиролтой тээврийн хэрэгслийн жолооч нарт хохирлыг барагдуулсан боловч миний хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Тухайн хүний буруутай үйлдлийн улмаас миний өмчлөлийн авто машинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Б.Ганзоригийн үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээнээс үл шалтгаалан хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулаагүй, хүн нас бараагүй тул зам тээврийн ослын гэмт хэрэгт тооцохгүй гэсэн үндэслэлээр Б.Ганзоригийг цагаатгасан байна. Ингэхдээ надад учирсан хохиролыг Иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэрт тусгажээ. Уг хэрэг дээр нийтдээ 5 шатны шүүх хуралдааны шийдвэр гарсан. Тухайн 5 шатны шүүхийн шийдвэр гарах хугацаанд Б.Ганзориг болон бусад иргэний хариуцагч нар миний хохирлыг нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Миний машинд Вэндо ХХК-ийн үнэлгээгээр 114,564,750 төгрөгийн хохирол учирсан. Мөн тухайн ослоор Ч.Энхтайван миний биед хөнгөн гэмтэл учирсан. Эд хөрөнгийн хохирлыг Б.Ганзориг болон бусад иргэний хариуцагч нар бүрэн төлөхөөр баталгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Уг машинаа өнөөдрийг хүртэл мөнгөгүй учраас засуулж чадаагүй.
Тухайн хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтаас харахад Таван толгой түлш ХХК-тай байгуулсан гэрээгээр тээвэрлэлтийг Лэнгийн цагаан овоо ХХК хариуцаж, тээвэрлэлттэй холбоотой замын хөдөлгөөнд оролцуулах, жолооч нарын даатгалд хамруулах, замын хөдөлгөөнд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл оролцуулах болон ачаа даацыг тохируулах, мөн тээвэрлэлттэй холбоотой бүхий л дүрэм журмыг сахин биелүүлэх үүргийн Лэнгийн цагаан овоо ХХК хүлээсэн. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол хуульд зааснаар болон гэрээний дагуу хариуцлагыг хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалттай.
Иймд хариуцагч Б.Ганзориг, Г.Гантулга, Мөлүү хээр ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК-с хувь тэнцүүлэн авто машинд учирсан хохирол болох 114,564,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулвал, Б.Ганзориг, Г.Гантулга, Мөлүү хээр ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК гэх хариуцагч тус бүрээс 28,641,187 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх хэрвээ аль нэг хариуцагчийг хариуцах үндэслэлгүй гэж үзвэл үлдэх хариуцагч нарт хохирлыг хувааж хариуцуулан шийдвэр гаргах боломжтой. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хэргээс болж 11 машин гэмтсэн. Энэ хохирлуудаас 9 машины хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 1 хүний хохирол үлдсэн боловч төлж чадаагүй байгаа. Хүний бүрэн бус техник барьж авто тээврийн хөдөлгөөнд орж осол гаргасан. Миний бүх зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжилсэн байгаа. Ээжээс минь үлдсэн ганц эд хөрөнгө болох хашаа байшингаа зараад энэ бүх хүний төлбөрийг барагдуулсан. Одоо энэ хүний хохирлыг яаж барагдуулах учраа олохгүй байна. Ч.Энхтайвангийн тухайд машинаа үнэлгээгээр орууллаа гэх үед нь үнэлгээний зардал 4,000,00 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн.
Нэхэмжлэгч намайг Эрүүгийн шүүх хуралдаанаар эмчилгээний төлбөр 1,000,000 өгчих гэсэн би уг мөнгийг 7,000,000 төгрөгөөр 1 удаа, дараа нь 300,000 төгрөгөөр явуулсан. Сүүлд хүүхэд нь залгаад “аавын бие муу байна” гээд нэхэмжлэгчийн дансанд дахин 300,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгө төгрөг өгөөгүй байгаа.
Тухайн үед Г.Гантулга бид хоёрын дунд бичгээр хийсэн гэрээ байхгүй. Цалин хөлс бид тохиролцоогүй. Г.Гантулга намайг “өмнө барьж байсан жолооч архи уугаад байна. Чи хэд хоног яваад өгөөч” гэж гуйсан. Г.Гантулгын машины эвдрэл гэмтлийг хариуцахгүй. Урд өдөр нь тоормозны хий алдаад байна. Янзлуулахгүй бол би маргааш ажилд гарахгүй гэж хэлээд байхад Лэнгийн цагаан овоо ХХК-н н.Батсүрэн эгч залгаад “жи пи эс чинь асахгүй байна. Ажилдаа гараач“ гэж хэлсэн. Би “ажилд гарахгүй. Машины тоормозны хий алдаад байгаа” гэхэд Г.Гантулга руу залгаад “та нар ажилдаа гарвал гар, гарахгүй бол тооцоо хийхгүй” гэж хэлсэн байсан. Сар болгоны 10, 30-ны өдрүүдэд тооцоо хийдэг байсан. Г.Гантулга намайг “чи аргалаад яваад өгөөч, тэгэхгүй бол маргааш тооцоо хийхгүй гээд байна” гэж хэлсэн. Тухайн үед ковидын үе байсан. Би Г.Гантулгад “хий алдаад байгаа машиныг би яах юм бэ” гэхэд замаараа сэлбэгийн дэлгүүр ороод авчих” гэж хэлсэн. “Ийм асуудалтай машинаар яаж явах юм бэ” гэхэд утсаа тасалсан. Тэгээд байж байсан чинь н.Батсүрэн эгч залгаад “жи пи эсээ асаа, нэг рейсэндээ яв” гэж хэлсэн. Тиймээс би явахаар болсон. Би энэ хүний төлбөрийг ганцаараа төлж чадахгүй, энэ болсон үйл баримтад хариуцагч нар бүгд л буруутай гэж бодож байна гэв.
Хариуцагч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буянтогтох, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, М.Цэдэнпунцаг нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
2021 оны 8 дугар сарын 20-ны өдрийн 876 дугаартай цагаатгах тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 909 тоот Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 281 дугаартай шүүхийн шийдвэр, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 501 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 126 тоот тогтоолуудаар хариуцагч Г.Гантулгыг Ч.Энхтайвангийн хохирлыг барагдуулах талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл Г.Гантулгыг гэм буруутай гэж дүгнээгүй атал урдаас тус хохирлыг төлөх байдлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 114,567,750 төгрөгийг нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хохирлоос илүүтэйгээр бичигдсэн байх тул хохирол бодит бус. Хэт өндөр үнэлгээгээр нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагад тухайн осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тусдаа байсан. Өөрийнх ажилтан алдаа гаргаснаар хохирол төлөх ёстой байдлаар тодорхойлсон боловч уг тээврийн хэрэгсэл нь Банк санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” заасан бөгөөд хуулийн дагуу авто машины эзэмшигч нь Банк санхүүгийн байгууллага байсан.
Мөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд гэм буруутай байх шинжийг заавал байхыг шаарддаг бөгөөд хэргийн материалд байгаа материалуудаас Г.Гантулгыг гэм буруутайд тооцсон зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн Б.Ганзоригтой холбоотой үйлдэл гэмт хэргийн шинжтэй хэмээн шалгагдаж байсан болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн нийтлэг ерөнхий заалтад хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан байх, үйлдэл хохирол хоёр нь шалтгаант холбоотой байхыг шаарддаг.
Хариуцагч Г.Гантулга нь машин түрээсэлж ажил хийдэг. Өмнө нь мөн адил машинаа түрээсэлж, ашиг орлогоо олж, амьдралаа болгодог байсан. Хуульд буюу гэрээнд заасан ямар үүргээ зөрчсөн байна гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч “бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл шилжүүлээгүй бөгөөд өмчлөгч өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангана гэсэн агуулгатай тайлбар хэлж байна. Гэтэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд механикжсан тээврийн хэрэгсэл ямар байх, жолооч ямар үүрэгтэй байх, ямар тохиолдолд тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх, тээврийн хэрэгслийн зөрчлийн жагсаалтад маш тодорхой дүрэм журмаар зохицуулаад өгсөн байгаа.
Тухайн үед Хово маркийн авто машиныг Б.Ганзориг жолоодож байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад зааснаар жолооч эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Тухайн авто машины гэмтэл, бүрэн бүтэн байдлыг хэн нь хангах вэ гэдэг дээр маргаан байгаа. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал дээр юу юу хамаарч байгаа вэ гэдэг гэхээр жолооч эвдрэл гэмтэлтэй машиныг ашиглахыг хориглосон заалт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан байдаг.
Тухайн машиныг Г.Гантулга биш Б.Ганзориг эвдрэл гэмтэлтэй гэдгийг нь мэдсээр байж унж явж байгаад бусдад хохирол учруулсан бол Б.Ганзориг хариуцна. Эзэмшигч гэдэг нь шууд болон шууд бус эзэмшигч гэж хуульд заасан байгаа. Шууд эзэмшигч буюу тухайн үед Б.Ганзориг байсан бөгөөд тухайн авто машиныг жолоодож байсан. Шууд бус эзэмшигч бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр албан ёсоор нэр нь байгаа Транскапитал гэх банк бус санхүүгийн байгууллага байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Маргад-Эрдэнэ: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Ганзориг, хариуцагч Г.Гантулга, Мөлүү хээр ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК нараас хувь тэнцүүлэн миний авто машинд учирсан хохирол 114,564,750 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа гэх боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, нотолсон баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлага буюу хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-с ямар үндэслэлээр, яагаад хохирол нэхэмжилсэн нь тодорхойгүй байх тул шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлага болох 114,564,750 төгрөгийг 4 хариуцагчид хувааж хариуцуулах үндэслэлгүй.
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээнд Нийслэлийн тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Энэ гэрээнд Лэнгийн цагаан овоо ХХК тээвэрлэгчээр оролцсон.
Гэрээ бол талуудын эрх үүргийг бичгээр баталгаажуулсан баримт бичиг. Өөрөөр хэлбэл тус гэрээнд оролцогч талуудын эрх үүрэг хариуцлагыг баталгаажуулсан болохоос нэхэмжлэгч Ч.Энхтайванд үүссэн хохирлыг барагдуулахаар баталгаажсан гэрээ гэж үзэхгүй.
Иймд тус гэрээгээр гэрээнд оролцогч нар бие биедээ холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх буюу бие биедээ холбогдуулан шаардлага гаргах ёстой. Хэрэв нэхэмжлэгч тус гэрээгээр Лэнгийн цагаан овоо ХХК-г хариуцлага хүлээн ёстой гэж үзэж байгаа бол энэ нь гэм хорын үндсэн дээр шаардлага гаргаж байгаа бус гэрээний үндсэн дээр шаардлага гаргаж байна гэж үзэхээр байна. Хэрвээ тийм бол нэхэмжлэгч Ч.Энхтайван тус гэрээнд оролцогчоор оролцсон байх шаардлагатай. Тиймээс нэхэмжлэгч Ч.Энхтайван гэрээнд оролцогч тал биш тул гэрээтэй холбоотойгоор Лэнгийн цагаан овоо ХХК-с хуульд заасны дагуу хохирол шаардах эрхгүй гэж үзэж байна.
Хариуцагч Б.Ганзоригтой холбоотой Эрүүгийн хэрэг маргаан хянан шийдвэрлэгдсэн байдаг. Тус мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хариуцагчаар татах тухай тогтоолоор Лэнгийн цагаан овоо ХХК-ийн захирал н.Батсүрэнг татсан байдаг. Ингэхдээ Хово маркийн 1765 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Лэнгийн цагаан овоо ХХК-ийн ажлыг гүйцэтгэж байсан тул хариуцагчаар татах нь үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Энэ үндэслэлээр буюу Б.Ганзориг нь Лэнгийн цагаан овоо ХХК-ийн ажлыг гүйцэтгэж явахдаа нэхэмжлэгч Ч.Энхтайванд гэм хор учруулсан бол уг гэм хорыг Лэнгийн цагаан овоо ХХК хамтран хариуцна гэж үзэж байгаа энэ нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Энэ заалт нь Лэнгийн цагаан овоо ХХК-д огт хамааралгүй. Учир нь Лэнгийн цагаан овоо ХХК гэрээнд заасны дагуу хариуцагч Г.Гантулгатай амаар харилцан тохиролцож, тээвэрлүүлэхээр болсон. Харин Б.Ганзоригийг мэдэхгүй, танихгүй, мөн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож байгаагүй. Б.Ганзориг нь ховоо маркийн авто машиныг жолоодож явахдаа осол гаргасан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Гантулга, Б.Ганзориг нар Лэнгийн цагаан овоо ХХК-д хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилдаггүй. Мөн үүрэг хүлээгээгүй учраас хариуцагч Г.Гантулга, Б.Ганзориг нарын бусдад учруулсан гэм хорыг Лэнгийн цагаан овоо ХХК хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулсан эсвэл байгуулагдаагүй, эсвэл тус гэрээнд Лэнгийн цагаан овоо ХХК оролцсон эсвэл оролцоогүйгээс үл хамааран Лэнгийн цагаан овоо ХХК-с гэм хорын хохирол шаардаж байгаа бол Лэнгийн цагаан овоо ХХК нэхэмжлэгч Ч.Энхтайванд бодитойгоор гэм хорын хохирол учруулсан байхыг хуулиар шаардана. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Лэнгийн цагаан овоо ХХК санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-н улмаас нэхэмжлэгч Ч.Энхтайванд хохирол учраагүй. Хэрэв учруулсан гэж үзэж байгаа бол тус Хово маркийн авто машины өмчлөгч нь Лэнгийн цагаан овоо ХХК байх, эсвэл Лэнгийн цагаан овоо ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр жолооч, албан тушаал хашдаг, ажилдаг ажилтан тус тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч байхыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан заалтаар шаарддаг. Тус хуулийн зохицуулалтын дагуу шаардах эрхийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй тул Лэнгийн цагаан овоо ХХК нь нэхэмжлэгч Ч.Энхтайванд учирсан гэм хорыг хариуцах үндэслэлгүй. Мөн Лэнгийн цагаан овоо ХХК хариуцагч Г.Гантулгаар тээвэрлүүлэхээр болсон нь буруудах үндэслэлгүй. Тус гэрээнд гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд тээвэрлэгч Лэнгийн цагаан овоо ХХК хариуцан арилгана гэсэн заалт байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Лэнгийн цагаан овоо ХХК уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш байх, мөн Б.Ганзоригт тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгснөөр хариуцлагыг Лэнгийн цагаан овоо ХХК хариуцах агуулгатайгаар хуульчлагдсан байдаг. Иймд дээрх хуулийн зохицуулалтуудад заасны дагуу Лэнгийн цагаан овоо ХХК-д гэм хорын хохирол хамааралгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас Лэнгийн цагаан овоо ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Мөлүү хээр ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компанийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байсан бөгөөд хариуцагч болохгүй байсан асуудал нь Эрүүгийн мөрдөгч татсан нь буруу байсан. Бид энэ талаар мэтгэлцэж байсан. Одоо зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үү гэжээ.
3. Нэхэмжлэгч тал 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7314 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 8689 УНЛ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ч.Энхтайваны жолоочийн үнэмлэхний хуулбар, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 33964 дугаартай Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/06 дугаартай Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээний хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Ч.Энхтайванаас хохирогчоор авсан мэдүүлгийн, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03/01 дугаартай Лэнгийн цагаан овоо ХХК-ийн албан бичгийн, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 04/228 дугаартай Таван толгой түлш ХХК-ийн албан бичгийн, 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Э.Батсүрэнг иргэний хариуцагчаар татсан тогтоолын, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг тухай мөрдөгчийн тогтоолын, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1505 дугаартай шинжээчийн дүгнэлтийн, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаартай тогтоолын, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22/ДШМ/501 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбарууд, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ДШМ/909 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ч.Энхтайвангийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн лавлагаа, үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаартай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22/ДШМ/501 дугаартай Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ДШМ/909 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 876 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, 8689 УНЛ улсын дугаартай техникийн тодорхойлолт, Ч.Энхтайваны жолоочийн үнэмлэх, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 33964 дугаартай Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 2
дугаар сарын 28-ны өдрийн 999017 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 65 дугаартай мөрдөгчийн магадлагаа, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Г.Гантулгыг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 667, 670 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн хохирлын үнэлгээний тайлан, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5444 дугаартай Мастер үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, вендо ХХК-ийн 33964, 33835, 33851, 33845, дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хас үнэлгээ ХХК-ийн 311, 307, үнэлгээний тайлан, тээврийн прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн прокурорын тогтоол, Э.Батсүрэн, Б.Баянмөнх нарыг иргэний хариуцагчаар татсан тогтоол зэргийг бүрдүүлсэн болно.
4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч: ... хохирлын мөнгийг хариуцагч Г.Гантулга, Б.Ганзориг, Лэнгийн цагаан овоо ХХК тохиролцож, хувааж төлөх нь зөв. Мөнгөн дүнгийн тал хувийг нь .... хувааж төлөх боломжтой. гэх дүгнэлт гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Ч.Энхтайван хариуцагч Б.Ганзориг, Г.Гантулга, Мөлүү хээр ХХК, Лэнгийн цагаан овоо ХХК-с нийт 114,564,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны шатанд хариуцагч тус бүрээс гаргуулах шаардлага 28,641,187.50 төгрөг гэж шаардлагаа тодруулсан.
3.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Ганзориг нь Howo маркийн 17-65 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, надад хөрөнгийн хохирол учруулсан. Хариуцагч нар энэ үйл баримттай болон хохирол учирсантай маргадаггүй. Харин тухайн хор уршгийг бий болгосон этгээд болох Б.Ганзоригоос нэхэх эрхтэй гэх боловч уг хор уршгийг бий болоход хариуцагч нарын буруутай үйлдэл, шийдвэр байгаа. Хууль зүйн агуулгаараа мөн үүрэг хүлээх ёстой учраас хариуцагч нараас хохиролыг шаардаж байгаа гэж маргасан.
4.Хариуцагч Б.Ганзориг нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Би тухайн үеийн осол болсон гэдэгтэй маргахгүй, харин тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй тул энэ мөнгийг ганцаараа төлж чадахгүй гэж маргасан.
Хариуцагч Г.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч Г.Гантулга нь тухайн тээврийг хэрэгслийг түрээсэлж ажил хийдэг байсан болохоос тухайн үеийн тээврийн хэрэгслийн осолд үүрэг хүлээхгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг жолооч хангах ёстой гэж маргасан.
Хариуцагч Мөлүү хээр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Манай компанийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байсан. ...Энэ хэрэгт манай компани үүрэг хүлээхгүй гэж маргасан.
Хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Таван толгой түлш ХХК болон Лэнгийн цагаан овоо нарын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нь нэхэмжлэгч Ч.Энхтайванд огт хамааралгүй. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо тухайн хохирлыг шууд учруулсан хүнээс нь шаардах хэрэгтэй гэж маргасан.
Зохигч нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирсан, хохирлын үнэлгээн дээр маргаагүй, гагцхүү уг төлбөрийг хариуцагч тус бүр төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Б.Ганзориг 17-65 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодож шахмал түлш тээвэрлэж явахдаа нэхэмжлэгч Ч.Энхтайваны өмчлөлийн 86-89 УНЛ улсын дугаартай автомашиныг мөргөж 114,564,750 төгрөгийн хохирол учруулсан.
-Хариуцагч Г.Гантулга 17-65 УБЗ улсын дугаартай автомашиныг Транскапитал ББСБ-с олгосон зээлээр худалдан авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд тухайн автомашиныг зээл олгогчийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн.
- Хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК нь 2021 оны 01 сарын 04 өдрийн 03/06 дугаартай “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-нд тээвэрлэгчээр оролцсон.
-Хариуцагч Б.Ганзоригт холбогдох эрүүгийг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 281 дугаар Цагаатгах тогтоол, Улсын дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож, шүүгчдэгчийг цагаатган шийдвэрлэсэн.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 497.3.-д гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ., мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-т “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбар, мэтгэлцээнээр хариуцагч Г.Гантулга нь “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тээвэрлэгч тал болох хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-н гэрээний үүргийн туслан гүйцэтгэгчээр ажилласан, туслан гүйцэтгэгч Г.Гантулга нь өөрийн эзэмшлийн автомашинаар тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхээр хариуцагч Б.Ганзоригт автомашиныг шилжүүлжээ.
Хариуцагч Б.Ганзориг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дугаар зүйл. “ Жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан “...Урд өдөр нь тоормозны хий алдаад байна. Янзлуулахгүй бол би маргааш ажилд гарахгүй гэж хэлсэн...” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй боловч жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж замын хөдөлгөөнд оролцон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул хариуцагч Г.Гантулга, Б.Ганзориг нараас гэм хорын хохирлын зарим хэсгийг гаргуулах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын гаргасан тайлбараар бүрэн бус тээврийн хэрэгслэлээр тогтоосон хэмжээнээс илүү ачааг тээвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашинаар тээвэрлэлтийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн талаараа хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-н төлөөлөгч шүүх хуралдааны шатанд тайлбарлан мэдүүлсэн.
Тээвэрлэгч тал /Лэнгийн цагаан овоо ХХК/ техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслэлээр, тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй ачаа тээвэрлэх үүргээ биелүүлээгүй /туслан гүйцэтгэгчийн тээвэрлэлтэд хяналт тавьж чадаагүй/-гээс зам тээврийн осол гарч нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байх тул хариуцагч Лэнгийн цагаан овоо ХХК-с хохирлын зарим хэсгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал Мөлүү хээр ХХК-г шахмал түлшний ачилтыг хариуцаж байсан тул тогтоосон хэмжээнээс илүү ачаа ачсан үйлдэлд буруутган хариуцагчаар татсан.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дугаар зүйлийн 24.1.-д Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна. гэж заажээ. Өөрөөр хэлбэл тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй ачаа ачих, ачилтанд хяналт тавих үүрэг тээвэрлэгч талд ноогдож байна.
Нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учруулсан осолд Мөлүү хээр ХХК-г буруутгах боломжгүй бөгөөд хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул Мөлүү хээр ХХК-с хохирол гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал өөрт учирсан 114,564,750 төгрөгийг хохирлоо 4 хариуцагч нарт тэгш хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч шүүхээс хариуцагч Мөлүү хээр ХХК-г тухайн гэм хорын хохирол учруулсан үйлдэлд буруутгах үндэслэлгүй гэж үзсэн тул хариуцагч Б.Ганзориг, Г.Гантулга, Лэнгийн цагаан овоо ХХК нараас хохирлыг тэнцүү хуваан гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд нийцнэ гэж дүгнэлээ.
Мөн иргэдийн төлөөлөгч М.Мөнхцэцэгийн “... хариуцагч Г.Гантулга, Б.Ганзориг, Лэнгийн цагаан овоо ХХК нэхэмжлэгчид учирсан хохиролыг хувааж төлөх нь зөв.... ” гэх дүгнэлтийн хэсэг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд хариуцагч Б.Ганзоригоос 38,188,250 төгрөг, хариуцагч Г.Гантулгаас 38,188,250 төгрөг, Лэнгийн цагаан овоо ХХК-с 38,188,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхтайванд олгохоор шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн, хариуцагч Б.Ганзориг, Г.Гантулга, Лэнгийн цагаан овоо ХХК нараас тус бүрээс улсын тэмдэгтийн хураамж 243,591 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497 дугаар зүйлийн 497.3., 499 дугаар зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ганзориг, Г.Гантулга, Лэнгийн цагаан овоо ХХК нараас хариуцагч тус бүрээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 38,188,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхтайванд олгож, хариуцагч Мөлүү хээр ХХК-с хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч Б.Ганзориг, Г.Гантулга, Лэнгийн цагаан овоо ХХК тус бүрээс 243,591 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА
ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ
Б.УРАНЗАЯА