Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2015/00974

 

2015.09.30                №974

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/00653/И
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******,*******, 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******,*******,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******,,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ,,,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ,, нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт холбогдох 
2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,  нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц,,, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч, нэхэмжлэгч , нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д,,, ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэг. Нэхэмжлэгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл. 

Нэхэмжлэгч Ц: Ажлаас халсан тухай тушаалыг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед хүний нөөцийн ажилтан дуудаж танилцуулсан бөгөөд би театрын даргаас тодруулахаар ороход нарийн бичиг нь өнөөдөр ажилдаа ирэхгүй гэсэн бөгөөд тодруулахад Улаанбаатарт ажилтай гэсэн. Уг тушаал нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлын бус цагаар гарсан нь тодорхой бөгөөд театрын нэр бүхий удирдах албан тушаалтнуудыг бөөнөөр нь халсан нь үндэслэлгүй тушаал гэж үзсэний учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтын /131.1/ нэг нь “... ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэжээ. Шат дараалсан арга хэмжээ аваагүй, нотлох баримтыг ажил олгогч нь хууль ёсны байгууллагын баримтаар бүрдүүлэлгүй ажлаас халсан, 131.1.3 дахь заалт нь мөн ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй билээ. Иймд тодорхой үндэслэлгүйгээр, хууль ёсны эрх бүхий улсын байцаагч, байгууллагын үнэлэлт, дүгнэлт баримтгүйгээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. 
“Залуучууд” театрын ахлах менежер Ц миний бие театрт 1988 оноос хойш 20 гаруй жил ажилласан бөгөөд менежер, маркетингийн албаны дарга зэрэг ажлыг сүүлийн арав гаруй жил үр дүнтэй, аливаа зөрчилгүй хийж ирсэн. ... Хөдөлмөрийн гэрээний 4.2 /а/ гэх заалт огт байхгүй байна. Тушаал нь алдаатай гэсэн үг. Театрын даргатай би ажлын цагаар болон ажлын бус цагаар архи үнэртүүлсэн буюу согтуугаар ажил дээр таарч байгаагүй ээ. Манай ажлын газрынхан намайг согтуурдаг, байн байн уудаг гэдэгт огт үнэмшихгүй билээ. Театрын дарга нь маш их хов живээр хөөцөлдөж, өөрийн үзэмжээрээ ажилчдыг шахаж, менежер Баттөмөр, уран сайханы удирдагч , нягтлан бодогч зэрэг тоотой цөөхөн хүний үгэнд орж, хов живийн материал цуглуулж, хагалан бутаргаж, ёс зүйн алдаа гаргаж хамт олныхоо урдаа барьдаг шилдэг удирдах ажилтнуудаа бөөнөөр нь халж буй нь буруу юм. Миний бие ажлын байранд болон ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 2015 оны 02 дугаар сарын 04, 05, 06-ны өдөр болон 07-ны өдрүүдэд ажлын байранд удаа дараа архи уусан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед МҮОНТ-ийнхэн ирцгээж телевизийн фондод бичлэг хийлгүүлэх гээд маш завгүй ажиллаж бичлэгээ амжилттай хийж дуусгасан. ... Үнэхээр архи уусан гэж байгаа бол тухайн үед нь цагдаагийн байгууллагад ч юм уу эрх бүхий этгээдээр шалгуулаад тогтоох боломжтой байсан. Гэтэл архи уугаагүй хүмүүсийг уусан болгож, хэн нэг хүний үгээр далимдуулж албан хаагчдыг олноор нь халсанд гомдолтой байна. Театрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т театрын захиргааны зөвлөлийг хариуцагч удирдаж ажиллахаар заагдсан ч, захиргааны зөвлөлөөр “ажилчдыг ажилд авах, халах, ажлыг өөрчлөх, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагын тухай зэрэг асуудлаар зөвшилцөн шийдвэр гаргана” гэх заалттай. Хариуцагч 2014 оны 06 дугаар сард ажил орсноос 2015 оны 2-р сар, одоог хүртэл Захиргааны зөвлөлийг огтхон ч хуралдуулж байгаагүй. Би захиргааны зөвлөлийн гишүүнд багтдаг. Театрын       5 удирдах ажилтныг бөөнөөр халахдаа ажилтны төлөөлөгчид нийт ажилтны хурлаас сонгогдсон театрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчидтэй зөвлөлдөөгүй нь хууль зөрчсөн байна. Ажлаас чөлөөлсөн 2015.02.13-ны өдрийн №19 дугаар тушаал нь үндсээрээ буруу байна. Нэг тушаалаар олон хүнийг халдаггүй. Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,  нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.  
    Нэхэмжлэгч: Миний бие нь уг театрт 1980 оноос өдийг хүртэл дагалдан хөгжимчинөөс-театрын дарга хүртэл бүх шатны албыг, хашиж ирсэн.           1987 оноос ерөнхий найруулагчаар ажиллаж байна. 2015 оны 02 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа ирээд гэнэт намайг ажилаас халсныг сонсоод чихэндээ итгэлгүй хүний нөөцийн ажилтаны өрөөнд очиж асуутал тушаал гаргаж үзүүлсэн. Учрыг лавлахад би мэдэхгүй, дарга л гэнэт ийм тушаал гаргасан, би эсэргүүцлээ илэрхийлсэн боловч хүлээж аваагүй гэж мэдэгдсэн. Даргатай уулзахаар өрөөнд нь очвол бас л Улаанбаатар руугаа явчихсан гэв. Ажлаас халах болсон үндэслэлээ архидан согтуурахтай холбон гаргасан нь намайг бүр ч мэл гайхуулав. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын эхнээс ажил дээрээ бүү хэл гэр орондоо ч архи хэрэглэхгүй байгааг намайг таних бүх хүн гэрчилнэ. Тийм болохоор би үүнийг цэвэр гүтгэлэг гэж үзэж байна. Яагаад театрын дарга ийм үндэслэлээр намайг ажлаас халах тушаал гаргав? Дургүй хүнээсээ өө эрээд олдохгүй болохоороо, сүүлийн үеийн дарга нарын хийдэг нийтлэг арга бол ажил дээрээ архи үнэртүүлсэн гэж гүтгэн, ажлаас халах. Хуулийн цоорхойг ашиглах нь хамгийн амар найдвартай арга.  Үнэндээ бол даргаар томилогдсон өдрөөсөө, өөрийгөө хувийн театрын эзэн болчихсон мэтээр дур зоргоороо аашилж юу дуртайгаа хийж, ашиг сонирхолын зөрчил гаргаж, олон хоногоор ажил таслан хот руу алга болдог. ... тушаалд “Хөдөлмөрийн тухай хууль”, Театрын “Хөдөлмөрийн дотоод журам” –ын заалтуудыг дурьджээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-д “Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.” гэсэн заалт бий. Театрын “Хөдөлмөрийн дотоод журам” –ын   3.2.2-ын 3-т Захиргааны зөвлөлөөр доорхи асуудлуудыг шийдвэрлэнэ: Б. Ажилчдыг ажилд авах, халах, ажлыг өөрчлөх.... гэсэн заалт бий. Даргын хувьд архитай холбоотой хэргээр намайг нэг ч удаа дуудаж уулзаж байгаагүй, нэг ч хурлаар авч хэлцүүлэхгүйгээр шууд л хулгайгаар сэмхэн тушаал гаргачихаад тэр өдрөө ажлаа таслаад Улаанбаатар руу гэр рүүгээ явчихсан нь удирдах хүний ёс зүйд яавч таарахгүй. Нэгэнт хүний, ажилтныхаа амьдралыг шийдэж байгаа бол хэрэглэж байгаа Хууль, журмын заалтуудыг зөвхөн өөртөө ашигтайгаар түүвэрлэн авах биш харин тэгш хэрэглэх ёстойсон. Өнөөдрийн байдлаар театрын дарга 14 хүнийг ажлаас халаад байна. ... тухайн үед хотоос Үндэсний телевизийн баг хамт олон ирчихсэн бид бичлэг, нэвтрүүлэг хийгээд их завгүй байсан. Энэхүү бичлэг бол маш чухал, ач холбогдолтой нэвтрүүлэг байсан учир бид нэлээн орой болтол сууж ажлаа дуусгасан. Хэрэв архи уугаад байсан юм бол тэр их ажлын ард яаж гарах юм бэ. Бид нарыг архи уусан гэх зүйл нь ганцхан хамгаалалтын албаны рапорт байгаа. Гэтэл тэр рапортыг бичсэн хүн нь өөрөө архи уусан, халамцуу байсан учир ээлж сольж өөр хүн тавьсан байдаг. Согтуу хүний үгээр хоморголон халж болохгүй. Намайг архи уусан байна гэж тухайн өдөр хэн ч хэлээгүй, архи уусныг шалгая гэж хэн ч шаардлага тавиагүй. Би архи уугаагүй учир, 2015 оны 02 дугаар сарын 04, 05, 06-ны өдөр  болон 07-ны өдрүүдэд ажлын байранд удаа дараа архи уусан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ... Иймд ажлаас үндэслэлгүй халсан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч: Миний бие урлаг театрын байгууллагад 40 гаруй жил ажиллаж байгаагаас сүүлийн 13 жил Дархан-Уул аймгийн театрт туслах найруулагчаар ажиллаж байна. 2015.01.13-ны өдөр хөдөлмөрийн гэрээг сунгаж 2015.12.31-ний өдөр хүртэл ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Гэтэл дарга ажил дээрээ ирэхгүй байж байгаад 2015.02.13-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсныг хүлээж авч, уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1, 131.1.3 мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас чөлөөлсөн байсан. Нийтдээ уг тушаалаар     5 хүнийг хомроголон ажлаас халсан байсан. Миний хувьд урьд нь хэдийгээр арга хэмжээтэй байсан ч гэсэн дахин ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байсан. ... Би тушаалыг гаргадаг орой буюу 2015 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цаг 30 минут хүртэл ажлаа төлөвлөж байгаад гарахад , нар даргын өрөөнд байсан. Хариу тайлбар дээр 2015 оны 02 дугаар сарын 04, 05, 06 болон 07-ны өдрүүдэд ажлын байранд удаа дараа архи уусан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Монголын үндэсний телевизийнхэн ирээгүй байсан тул худлаа гэдэг нь батлагдаж байна. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Доржсүрэн гэдэг харуул дээрх нэр бүхий хүмүүс архи дарс уугаагүй гэсэн мэдүүлэг өгсөн, гэтэл уран сайхны удирдагч ирж таван хүний нэрсийг архи уусан байна гэж бич гэж шахаж шаардаад би бичсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг. Би 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед театр дээр байгаагүй, 16 цагийн үед ажлаасаа явсан. Гэтэл 20 цагийн үед архи ууж байсан гэж бичсэн нь худал зүйл зохион байгуулсан гэдгийг тодорхой болгож байгаа юм. 16-ны өдөр бид 2 маргалдсан, гэтэл түүнийг дэврээж согтуу байсан гэж хэлсэн байдаг. Тийм учраас ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж,  нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварын бичилтийг хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч , нар нь болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ ...Миний бие залуучууд театрын даргын 2015 оны 02-р сарын 13-ны өдрийн 19 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд буцаан тогтоох энэ хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварын бичилтийг хийлгүүлэх, Дархан-Уул аймгийн залуучууд театрын даргын 2015 оны 02-р сарын 13-ны өдөр 19 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1, 131.1.3, 40-р зүйлийн 40.1.4-д заасныг удирдлага болгон үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн юм. Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уух, архи уусан үедээ ажил үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн гэрээнд журамлан заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд ажлын байранд болон ажлын бус цагаар архи уух, архи уусан үедээ ажил үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн гэрээнд журамлан заасан ноцтой зөрчил гаргаагүй, урьд нь ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй юм. Ажлын байранд архи уусан гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан нь нотлох баримт байхгүй, мөн хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Ийм учраас байгууллагын даргын гаргасан 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тушаалыг хүчингүй болгон ажилд маань эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварын бичилтийг хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.  
Хариуцагч Дархан-Уул аймгийн***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дүгээр тушаал нь хуулийн дагуу гарсан тушаал юм. Хөдөлмөрийн гэрээг баримталж гаргасан тушаал байгаа. Хүн бүрийн хөдөлмөрийн гэрээ тухайн хүний албан тушаалд тохируулан гаргасан өөр өөр заалттай байдаг. Эдгээр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн тушаал гарсан байгаа. Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уусан бол ноцтой зөрчилд тооцдог. Эдгээр хүмүүс удаа дараа архи ууж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халагдсан, тодруулбал 2015 оны 02 дугаар сарын 04, 05, 06, 07-ны өдрүүдэд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уусан. Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн  16:00 цагийн үед Ерөнхий зураач өрөөнд Ганхуяг, Маркетингийн ахлах менежер Цэнд, Ерөнхий найруулагч , Бүжгийн багш , Найруулагч, Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч , Барилгын туслах инженер нарын хамт ажлын байран дээр архи уусан, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ерөнхий найруулагч ын өрөөнд Бүжгийн багш , Ерөнхий зураач Ганхуяг, Маркетингийн ахлах менежер Цэнд нар телевизийн ажилчидтай ажлын байран дээр архидан согтуурсан тухай 2015.02.13-ны өдрийн Залуучууд театрын маркетингийн менежерийн албаны ажилтанийн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд дурьдагдсан байгаа. 2015 оны 02 дугаар сарын    07-ны өдөр Хөгжмийн зохиолч Золбаярын өрөөнд Цэнд, , ,, Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч ,, нар ажлын байран дээр архи уусан гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, театрын гэрээт хамгаалалтын албаны рапортын дэвтэр, мөн харуул хамгаалалтын “Тэнгэрийн бүргэд” ХХК-ний Аюулгүй байдлыг хангах албаны дарга 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн илтгэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар авагдсан байх тул уг тушаал нь нотлох баримттай хуулийн дагуу гарсан тушаал гэдгийг нотлож байна. Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэлийг заавал шат дараалалтайгаар авах зохицуулалт байхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд гурван төрлийн сахилгын шийтгэлийг ногдуулахаар хуульчилж өгсөн ба хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтыг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтаар хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “..., эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасан, мөн манай байгууллагын дотоод журмын 5.1-д “Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын хориглох заалтын ноцтойд тооцогдох гэдэгт согтуугаар ажил үүрэг гүйцэтгэсэн, ажлын байранд архидан согтуурсан”, 5.2-т “Театрын хамтын бүтээлч уур амьсгалыг эвдсэн үйл ажиллагаа явуулж ёс зүйн алдаа гаргасан”, 6.2 Хориглох зүйлд “... өрөөндөө архи, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх”, 6.12 “Ажлын болон ажлын бус цагаар театр дотор архи үнэртүүлэн явах, архи уух, агсам согтуу тавих, ажил үүргээ согтууруулах ундаа уусан үедээ гүйцэтгэхийг”, гэж журамлаж өгсөн. Мөн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.а-д “ажлын байранд ажлын ба ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гэж үзэж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж дуусгавар болгоно” гэж заасан. Дээрх хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг дагаж мөрдөнө гэж ажилтан гэрээ хийж ажилладаг. Иймд эдгээр ажилтныг ажлаас чөлөөлсөн байгууллагын даргын тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад                        
ҮНДЭСЛЭХ нь: 

    Нэхэмжлэгч Ц,,, , нар нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт холбогдуулж ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
    Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
    Маргааны зүйлийн талаар үйл баримтыг тодруулбал Дархан-Уул аймгийн***** даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай тушаалаар тус театртай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтнууд болох маркетингийн ахлах менежер Ц, найруулагч, ерөнхий найруулагч, бүжгийн багш , ерөнхий зураач нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. Дээрх ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.12, 7.2/б/, 7.5, 4.1.10, 4,1,14, 4.1.15 болон Хөдөлмөрийн гэрээний 4.3/а/, 4.2/а/ заалтыг тус тус үндэслэн гарчээ.
    Тодруулбал ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч нарыг 2015 оны 02 дугаар сарын 04, 05, 06, 07-ны өдрүүдэд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уух, архи уусан үедээ ажил үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж үзэж тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ.
    Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан 3 төрлийн шийтгэлийн аль нэгийг сонгож ногдуулахаар хуульд заасан бөгөөд ажлаас халах шийтгэлийг ажил олгогч өөрийн санаачлагаар ногдуулах тохиолдолд мөн хуулийн         40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана. Иймд энэ тохиолдолд ажил олгогчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгч нарын хувьд тушаалд заасанчлан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэхийг тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх дараахь үндэслэл байна гэж үзэв.

    Нэгдүгээрт, ажил олгогч буюу хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж ажилтнуудыг ажлаас халсан байна. 
     Хариуцагч “Дархан-Уул аймгийн***** Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.2-т “Театрын захиргаа нь тус театрын урын сангийн бодлого, боловсон хүчин, маркетинг менежментийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хэтийн болон ойрын, тухайн жилийн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулна. Уг үйл ажиллагааг явуулахад театрын даргад зөвлөх эрх бүхий ... Захиргааны зөвлөлийг театрын даргын тушаалаар баталгаажуулан ажиллуулна.” гэж заасан бөгөөд журмын 3.2.2.2-т Захиргааны зөвлөл нь 14 хоног тутамд хуралдах ба чухал шаардлага гарсан тохиолдолд тухайн үед нь зарлан хуралдуулна, Захиргааны зөвлөлөөр доорхи асуудлуудыг шийдвэрлэнэ .... б/Ажилчдыг ажилд авах, халах, ажлыг өөрчлөх ... гэжээ. 
Үүнээс үзэхэд ажилтныг халах шийдвэр гаргах эрх бүхий субъект нь театрын дарга бус театрын захиргааны зөвлөл байна. Гэтэл 5 ажилтныг ажлаас халах үндэслэл болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан асуудлаар театрын захиргаа, захиргааны зөвлөл хуралдаагүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. Хавтаст хэрэгт театрын бүх ажилчдын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл авагдсан байх боловч энэ хурал нь тухайн зөрчил гарсан гэх өдөр, хугацаанаас өмнө болсон ба хэн хэн архи уусан талаар бус ажлын байранд архи уух явдалтай тэмцэх, хяналт тавьж ажиллахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. 
Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд “ ... ажилтан ноцтой зөрчлийн аль нэгийг гаргавал ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж дуусгавар болгоно ...”, 6 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хууль болон Театрын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хэрэгжүүлнэ” гэж тусгажээ.
Хэдийгээр театрын дарга нь Захиргааны зөвлөлийг удирдана гэж заасан боловч ажилтнуудыг халах асуудлыг дангаар шийдвэрлэх эрх түүнд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр олгогдоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.
    Иймээс нэхэмжлэгч нарыг театрын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж Захиргааны зөвлөлөөр хэлэлцэлгүй шууд театрын дарга тушаал гаргаж халсан нь үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй байна.

    Хоёрдугаарт, Нэхэмжлэгч нар нь ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уусан нь тогтоогдохгүй буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна. 
    Хариуцагч талаас нэхэмжлэгч Ц,,, , нарыг 2015 оны 02 дугаар сарын  04, 05, 06, 07-ны өдрүүдэд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уусан ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. 
    Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.1-д “Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмын хориглох заалтын ноцтойд тооцогдох согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн, ажлын байранд архидан согтуурсан ... бол хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас хална”, нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд “ажлын байранд ба ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн” бол ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцалж, дуусгавар болгохоор заасан. Үүнээс үзэхэд ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи уух нь ноцтой зөрчилд тооцогдохоор байгаа боловч архи уусан байдлыг ямар журмаар илрүүлэх, яаж шалгаж тогтоох зэргийг журамлан тогтоосон зүйл байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн   25.2.2-т зааснаар “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх” нь хэргийн оролцогчийн үүрэг бөгөөд нэхэмжлэгч нарыг ноцтой зөрчил гаргасан гэдгийг тодорхой баримтаар нотлох, батлах нь хариуцагчийн үүрэг юм.
    Хариуцагч талаас нотлох баримтаар байгууллагатай гэрээгээр ажилладаг “Тэнгэрийн бүргэд” ХХК-ийн хамгаалалтын ажилтнуудын жижүүрийн рапорт, илтгэх хуудас, театрын бүх ажилчдын хурлын тэмдэглэлийг гаргаж өгсөн бөгөөд шүүхэд болон шүүх хуралдаанд***** ажилтнууд болох,, Г.Доржсүрэн, Н.Энхбат, О.Золбаяр, , Г. нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулсан байна.
    “Тэнгэрийн бүргэд” ХХК-ийн хамгаалалтын ажилтнуудын жижүүрийн рапорт болон илтгэх хуудсанд “ ... Цэнд найруулагч, найруулагч болон телевизийн зарим хүмүүс согтуу байна ... найруулагч, Хуягаа зураач, бүжгийн багш нар согтуу байна ...” гэж тэмдэглэсэн боловч уг жижүүрийн тэмдэглэл нь бичиглэлийн хувьд зарим хэсэгтээ засвартай бичигдсэнээс гадна баримтат мэдээлэлийн эх сурвалжийг тусгаагүй байна. Тодруулбал архи уусан байдалтай байна гэж тэмдэглэж байгаа боловч архи уусан байдлыг баталгаажуулж цагдаагийн байгууллагад дуудлага өгөх, архи уусан, согтуурсан байдлыг тусгай төхөөрөмж ашиглаж шалгаж тогтоолгох зэрэг арга хэмжээ авсан талаар тусгагдаагүй байна.         Мөн гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байхаас гадна бусад гэрчүүдийн хувьд зөвхөн нэхэмжлэгч нарыг ажлын байрандаа өөр хүмүүстэй архи ууж байсныг харсан гэж мэдүүлж байгаа боловч дээр дурдсанчлан чухам хэн хэн архи уусныг зохих журмын дагуу шалгаж тогтоолгосон эсэх, Цагдаагийн байгууллагад мэдэгдэж үйл баримтыг баримтжуулсан байдал тогтоогдохгүй байна. 
    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн иргэнийг 10,000-15,000 төгрөгөөр торгох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах тусгай техник, хэрэгсэл ашиглах эрх нь цагдаагийн албан хаагчид хуулиар олгогдсон байдаг. 
      Иймд Ц,,, , нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халагдсан гэж үзэж Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна. 
      Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан нөхөн олговорыг нэхэмжлэгч нарт олгохдоо 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын      2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Цэд 4,666,901 төгрөг,д 4,848,631 төгрөг,од 5,083,821 төгрөг, д 4,848,631 төгрөг,т 4,726,547 төгрөг болж байх тул уг олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.  
    Уг хэргийг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн      2708 дугаартай захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу нэгтгэсэнтэй холбогдуулж хавтаст хэрэгт давхардсан баримтуудыг нэхэмжлэгч нарт буцаан олгож, энэ талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн***** маркетингийн ахлах менежерийн, Боржигон овогт Баяраагийн ыг Дархан-Уул аймгийн***** бүжгийн багшийн, Дархан-Уул аймгийн***** ерөнхий зураачийн, Дархан буудай овогт Төмөрбаатарынг Дархан-Уул аймгийн***** найруулагчийн, Тарни овогт Мижиддоржийн ыг Дархан-Уул аймгийн***** ерөнхий найруулагчийн ажил, албан тушаалд нь тус тус эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театраас ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 24,174,531 төгрөг гаргуулж үүнээс 4,666,901 төгрөгийг Цэд, 4,848,631 төгрөгийгд, 5,083,821 төгрөгийгод,      4,848,631 төгрөгийг д, 4,726,547 төгрөгийгт тус тус олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ц, ,,, нарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, хүн амын орлогын албан татварын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн “Залуучууд” театраас тэмдэгтийн хураамж 278,823 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч нар нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн   38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт давхардсан баримтуудыг нэхэмжлэгч нарт буцаан олгож, энэ талаар тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Мөнгөнцэцэгт даалгасугай.
6. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш      14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ЛХАГВАСҮРЭН