Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/883

 

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлчимэг,

хохирогч Л.Н, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            У овгийн Б.Б, -, ам бүл 5, эх, эгч, хүүхдүүдийн хамт - оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /-/;

            Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн урд байрлах асфальтан зам дээр 2020 оны 7 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд “Toyota Prius” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж яваагүй, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Б.О, Б.Б нарыг мөргөж, Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, Б.О-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Б.Б-н - дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан - дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Б-т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-с өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүү, тэтгэмжийн зөрүү 2.857.957 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Б.Б-д 1.370.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-т 12.425.000 төгрөг төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нөхөр О-той 2012 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2013 оны 4 сарын сарын 19-ний өдөр төрсөн том хүү О.Э маань хөгжлийн бэрхшээлтэй болно. Миний нөхөр 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр авто ослын улмаас газар дээрээ нас барсан. Бид орон сууцны зээлтэй байсан бөгөөд нөхрөө нас барснаас хойш арга буюу зээлээ төлж чадахгүйд хүрч зээлийн орон сууцаа шилжүүлсэн. Нөхөр маань нас барах хүртлээ надтай хамт “Хөгжил трейд” ХХК-д түгээгчээр ажилладаг байсан. Цалингаа хоёр хувааж зарим хэсгийг нь Нийгмийн даатгалын шимтгэлд хамруулж зарим хэсгийг нь гар дээр бэлэн Нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдахгүй авдаг байсан. Бэлэн авсан цалинг ажилтан тус бүрд жижиг цаасан дээр гарын үсэг зуруулан өгдөг байсан. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүхэд өгсөн. Мөн “Хөгжил трейд” ХХК-иас холбогдох баримтыг авч хэрэгт өгсөн. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой байгаа баримтаа эх хувиар нь өгч нэхэмжилж байхад заавал тус хэрэгтэй хамтатган шийдвэрлэхгүй иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Надад дээрх баримтууд дахин олдохгүй эх баримт бөгөөд нэмэлт ямар ч баримт байхгүй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсгийн дагуу миний хоёр хүүхэд гэм хор учруулсны төлбөр буюу тэжээгчээ алдсаны тэтгэмж шаардах эрхтэй болно. Мөн хуулийн 508.3 дахь хэсэгт төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас баригчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогыг дунджаар тогтооно. Түүнчлэн, төлбөр авагч тус бүр тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна гэжээ. Миний нөхөр О нь хүү маань өвчтэй, орон сууцны зээлтэй учир амралтын өдрөөрөө хүртэл наймаа хийж, цагийн ажил хүртэл хийдэг байсан. Гэвч нотлох баримтгүй тул миний бие байгаа баримтынхаа хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 2 хүүхдэд 350.000 төгрөгөөр тогтоолгосон бөгөөд нэг хүүхдэд 175.000 төгрөг оногдож байгаа болно. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарыг дуустал “Хөгжил трейд” ХХК-иас авсан сүүлийн 12 сарын цалин Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хамрагдаж 7.460.363 төгрөг, Нийгмийн даатгалын шимтгэл татварт хамрагдахгүй 6.486.130 төгрөг, нийт сүүлийн 12 сарын цалинд 13.946.493 төгрөг авсан. Үүнийг 12 сард хуваахад нэг сарын дундаж цалин болон орлого 1.162.207 төгрөг болж байна. Нэг сарын дундаж цалин болон орлого болох 1.162.207 төгрөгийг гэр бүлийн 4 хүнд хуваахад нэг хүнд оногдох хувь нь 290.551 төгрөг болж байна. Уг 290.551 төгрөгөөс Нийгмийн даатгалын сангаас тогтоогдсон тэтгэмж болох 175.000 төгрөгийг хасахад нэг хүүхдийн тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөг болж байна. Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг дараах байдлаар нэхэмжилж байна. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл шүүх хурал болтол 12 сар 11 хоногийн тэтгэмжийн зөрүүг нэхэмжилнэ. 115.551*2=231.102 төгрөг Үүнийг тооцвол 12сар*231.102=2.773.224 231.102:30=7703 /нэг өдөр/ 7703*11=84.733 нийт 2.773.224+84.733=2.857.957 төгрөгийг Б.Б-с гаргуулж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүү О.Э-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүү 115.551 төгрөгийг 18 нас хүртэл төлөхөөр тогтоож, цаашид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд сар бүр төлөхөөр, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү О.Т-г 18 нас хүртэл сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөгийг тус тус Б.Б-с төлөхөөр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Л.Н-н өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н нөхөр талийгаач Б.О-н хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалин, мөн нийгмийн даатгалын шимтгэлгүй цалинг тусад нь авч байсан. Энэ нь цаасан дээр бичигдсэнээс өөр ямар ч баримт байхгүй байгаа. Иймд хохирогч талаас Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. ...” гэж заасан. Нийгмийн даатгалд хамрагддаггүй өгч байгааг орлогын дундаж гэж үзэж нэхэмжилсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н давж заалдах гомдолд дурдсанаар хохирлыг нэхэмжилсэн. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “...тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд ...” гэж заасан. Иймд төрсөн хүү О.Т-г 18 нас хүртэл сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Бээр төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гэрэлчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н зүгээс анхан шатны шүүх хуралдаанд баримтаа гаргаж өгсөн. Банкны хуулга болон санхүүгийн жагсаалт нь хавтас хэрэгт авагдсан. Хүүхдийн тэжээгчээ алдсаны улмаас олох байсан цалин хөлсний зөрүүг нэхэмжилсэн байдаг. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүү 115.551 төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Б болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нарт цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн урд байрлах асфальтан зам дээр 2020 оны 7 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд “Toyota Prius” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж яваагүй, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Б.О, Б.Б нарыг мөргөж, Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.О-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ... 23 цагийн үед ... талийгаач 0.75 литрийн хар чингис нэртэй архи авч ирэхээр нь тэрийг нь хувааж уугаад сууж байтал талийгаач “намайг гэрт хүргээд өг” гэхээр нь хүргэж өгөх санаатай гараад зам дээр очоод ... алхаж явтал гэнэт машин ирээд мөргөөд би замын хажуу руу шидэгдээд ухаан алдаад хэсэг хугацааны дараа сэргээд босоод хартал манай дүү зам дээр доошоо харсан хэвтэж байсан. ...Миний зүүн гар булчин хэсгээрээ хугарсан. ...Бид 2 алхаж явсан. Зам дээр огт зогсоогүй байсан. ...” /1хх 29-30, 32/ гэсэн,

хохирогч хууль ёсны төлөөлөгч Л.Н-н “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өглөө талийгаач нөхөр О 6 цаг 30 минутын үед ажилдаа гараад явсан. Ингээд 22 цагийн үед талийгаач руу залгахад “ажил дээрээ байна, арай гараагүй байна одоо ингээд ажлаасаа гарлаа” гэж хэлэхээр нь би хүүхдүүдтэйгээ унтаад өгсөн. Тэрнээс хойш холбогдоогүй ба өглөө 5 цаг 20 минутын үед Б-н эхнэр над руу залгаад талийгаачийг осолд ороод нас барсан талаар хэлсэн. ...” /1хх 26-27/ гэсэн,

гэрч Б.О-н“...Хэнтий аймгаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны үүрээр 4 цагийн үед гараад явсаар Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городок руу 03 цагийн үед орж ирээд явахад бороо орж байсан ба эсрэг урсгалд хөдөлгөөн ихтэй гэрлээ шилжүүлэхгүй хурц гэрэлтэй машинууд их зөрж байсан. Би арын сандалд сууж явсан болохоор урагшаа зам харалгүй явж байтал гэнэтхэн тас няс буугаад явчихаар нь урагшаа хартал машины шил хагараад хүүхдүүд орилолдоод явсан ба Б.Б машинаа замын хажуу руу гаргаад зогсоосон. Тэгээд машинаас буугаад арагшаа хартал зам дээр хүн хэвтэж байсан ба цаана нь нэг хүн явган суусан орилж хашгираад байсан. Тэгээд манай охин Б.Б, Б нар зам дээр хэвтэж байсан хүн дээр очсоноо яанаа гээд орилоод буцаж машин дээрээ ирээд цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. ...” /1хх 34/ гэсэн,

гэрч Б.Б-н “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өглөө үүрээр 4 цагийн үед Улаанбаатар хот орохоор Хэнтий аймгаас гарсан. Ингээд Налайх дүүрэг, Городок өнгөрөөд явж байтал гэнэтхэн тас буугаад шил бутраад явсан ба Б.Б “хүн дайрчихлаа” гээд орилоод замын хажуу руу ороод зогссон. Тэгээд машинаас буугаад хартал зам дээр нэг хүн хэвтэж байсан ба цаана нь нэг залуу “миний дүү хаана байна” гээд орилоод газар сууж байхаар нь яваад очтол “гар хугарчихлаа” гэж байсан. Зам дээр хэвтэж байсан хүн болохоор ямар ч хөдөлгөөн байхгүй байсан. ...” /1хх 39/ гэсэн,

гэрч З.Т-н “...2020 оны 7 дугаар сарын 10-ны ... Налайх дүүрэгт 00 цаг өнгөрч байхад Буян налайх худалдааны төвийн гадаа ирэхэд О ганцаараа 1 шил 0.75 литрийн экс нэртэй архи барьсан зогсож байсан ба миний машинд суухаар нь “чи яагаад гэртээ харихгүй байгаа юм бэ” гэхэд “би 10 жилийн ангийнхантайгаа уулзаад архи уугаад гэртээ согтуу ормооргүй байна, маргааш эрүүл болчихоод харина” гэж хэлсэн. ...Ингээд 2 цаг өнгөрч байхад архиа ууж дууссаны дараа О “унтахгүй, одоо гэртээ харина” гэхээр нь би “одоо шөнө яах гээд байгаа юм бэ” гэхэд ... Б-г “намайг хүргээд өг” гээд татаад байсан ба сүүлдээ 2 уулаа хувцсаа өмсөөд гараад явсан. ...” /1хх 41/ гэсэн,

гэрч Б.Б-н “...03 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городок өнгөрөөд явж байтал гэнэт замын гол дээр бараан хувцастай хүн харагдаад тас буугаад явчихсан. Тэгээд Б.Б замын хажуу руу гараад машинаа зогсоогоод машинаас буугаад нэг хүн замын голд хэвтсэн, хажууд нь нэг залуу сууж байсан. Тухайн үед бороо орж байсан ба урдаас явж байгаа машины гэрэлд үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. ...” /1хх 49/ гэсэн,

гэрч Э.Д-н  “...2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагаас хойш 23 цаг, 02 цаг 5 цагуудад ажиглалт хийсэн байдлаар нийлбэр тунадас нь 4.5 мм бороо орсон байна. 2020 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө бол зөөлөн бороотой байсан байна. ...” /2хх 46/ гэсэн,

Б.Б-н яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 11-ний үүрээр 03 цаг 15 минутад Налайх дүүргийн нутаг дэвсгэр Городок гэх газарт яг нэг даваа давахад замын голд нэг цагаан юм байх шиг байсан. Бороо их ширүүн орж байсан учраас юу байгааг нь сайн харж чадахгүй байсан бөгөөд тулаад ирэхэд хүн байсан. Тэгээд тойрч гарах гээд машиныхаа хүрдийг зүүн дараад буцаж баруун дарж хөвөө рүүгээ баруун шахаж зогсоод буугаад хартал замын голд цагаан хувцастай хүн сууж байсан ба яг наад талд нь нэг хүн хөндлөн хэвтэж байсан. ...” /1хх 131/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 588 дугаартай “...Б.Б-н биед зүүн атгаал ясны хугарлыг засаж хадсан мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” /1хх 75/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаартай “...Талийгаачийн цогцост их тархины баруун зулай, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайгаас дагз яс хүрсэн, дагзнаас суурь ясны баруун чулуулаг яс хүрсэн нийлмэл шугаман хугарал, хүзүүний 2 дугаар нугалмын хугарал, нүүрэнд шарх, нүүр, баруун бугуйн үе, баруун зүүн сарвуу, баруун ташаа, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх их тархины баруун зулай, бага тархины оройн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайгаас дагз яс хүрсэн, дагзнаас суурь ясны баруун чулуулаг яс хүрсэн нийлмэл шугаман хугарал, хүзүүний 2 дугаар нугалмын хугарал, нүүр, баруун бугуйн үе, баруун зүүн сарвуу, баруун ташаа, баруун гуя, баруун шилбэ, баруун тавхайд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нүүрэнд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины гэмтэл, хүзүүний 2 дугаар нугалмын хугарлын улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” /1хх 89-92/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 13905856 дугаартай “...Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгал, дуут дохио, авто машины хурдны хайрцгийн ажиллагаа, урд болон хойд дугуйнуудын хээний гүн, зогсоолын тоормос зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг байхгүй, баруун талын жолоочийн хаалганы толь байхгүй, урд салхины шил байхгүй, баруун урд гар талын хаалга гажилттай, баруун талын их гэрлийн бүрхүүл хагарсан /байхгүй/, урд буфер баруун хэсгээрээ 20x20 см талбайд хонхойсон, копуд баруун хэсгээрээ хонхойсон, урд, хойд бүртгэлийн дугаар байхгүй, баруун талын дохионы гэрэл байхгүй байгаа зэрэг нь авто тээврийн хэрэгсэлд тавих стандартын шаардлагуудыг хангахгүй байна. ...” /1хх 101-106/,

Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 202109 дугаартай “...Явган зорчигч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 /явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна/ 5.2 /харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэгсэл, эд зүйлстэй явбал зохино/ гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 /явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна .../ гэх заалтыг зөрчсөн байна. ...” /1хх 110-112/,

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн техникийн шинжээчийн “...Амь хохирогч Б.О-н анх мөргөгдсөн гэх А цэгээс түүний цогцос байсан А-1 цэг хүртэлх 42.8 м зайд түүний бие зөвхөн шидэгдэж хүрээгүй, харин автомашины урд капот салхины шилний хүрээ орчим тэгнэгдэж яваад доош гулсан унасан байна. Мөн хэргийн газар тоормосны мөр гараагүй, явган зорчигчийг мөргөсний дараа 108.8 м туулаад зогссон байх тул - улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. ...Хавтас хэргийн 0000016 дугаартай арын хуудсанд авагдсан 23, 24, 26 дугаартай зурагнаас харахад явган зорчигч - улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн урд бамперын /гүүпер/ баруун үзүүр хэсэг, баруун урд их гэрлийн хэсгээр мөргөгдөн, урд капотон дээгүүр савж, урд салхины шилийг мөргөсөн ... ул мөр нь амь хохирогчийн бие мөргөгдсөнөөс үүсэж үлдсэн гэж үзэж байна. Хавтас хэргийн мөн хуудсанд байгаа 25 дугаартай зургаас үзэхэд - улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хаалганы шил хагарсан байгаа нь кузов, эсвэл хаалганы хэв гажсанаас үүдээгүй байна. Иймд энэ эвдрэл нь уг шил хажуу талаасаа цохигдсон, эсвэл савагдсан үйлдлээс үүссэн байх магадлалтай байна. Хохирогч Б.Б нь уг авто машины баруун талын толинд зүүн гар орчмоороо цохигдон эргэж баруун урд хаалганы шилийг их биеэрээ цохисон байж болзошгүйг түүний бие автомашинаас баруун хажуу тийш шидэгдэн ус зайлуулах шуудуунд унасан нь харуулж байна. Дээрх ул мөр болон Замын хөдөлгөөний эгнээний өргөн 3.6 м, автомашины оврын өргөн 1,725 м зэргийг тооцож үзвэл хохирогч Б.Б болон амь хохирогч Б.О нар нь - улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашинд мөргөгдөх үедээ зорчих хэсэг дээр байрлаж байсан байна. ...” /2хх 49-50/ гэсэн дүгнэлтүүд,

Цаг уурын шинжилгээний “Улаанбаатар” өртөөний цаг агаарын мэдээлэл /1хх 133/, хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 11-12, 13-16/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1хх 17/, Замын цагдаагийн "зам дээр осол тогтоосон акт /1хх 18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 19-20, 2хх 43-44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн урд байрлах асфальтан зам дээр 2020 оны 7 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн орчимд “Toyota Prius” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д, 12.3-т тус тус заасан заалтуудыг зөрчин үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулж яваагүй, аюул саад тулгарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс явган зорчигч Б.О, Б.Б нарыг мөргөж, Б.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Б.О-н амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

Анхан шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 2 жил хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н “...Миний бие байгаа баримтынхаа хүрээнд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байна. ...Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү ... 2.857.957 төгрөгийг Б.Б-с гаргуулж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүү О.Э-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүү 115.551 төгрөгийг 18 нас хүртэл төлөхөөр тогтоож, цаашид хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд сар бүр төлөхөөр, 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү О.Т-г 18 нас хүртэл сар бүр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 115.551 төгрөгийг тус тус Б.Б-с төлөхөөр тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогчийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд заасан журмын хүрээнд байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-с өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардлыг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н нь тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүү, тэтгэмжийн зөрүү 2.857.957 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н-н гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ