Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Ц.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0897) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Галданбошигт овогт Цогтоогийн Дөлгөөнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2,  216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624001035 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Галданбошигт овогт Цогтоогийн Дөлгөөн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Олон улсын харилцааны ажилтан мэргэжилтэй, Аригун Ланд ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4, өвөг эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Авзага 24 дүгээр байр 13 тоотод оршин суух, регистрийн дугаар УП92090370,

урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1дэх зүйлийн 55.11 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 599 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн 621 дугаар зүйлийн 621.1-т заасныг журамлан мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулах өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 239 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулах өөрчлөлт оруулсан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүний эдлэх ялаас 2 жилийг өршөөн хассан.                                                                                         

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад зааснаар түүний эдлээгүй үлдсэн 4 сар 03 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Ц.Дөлгөөн нь 2016 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих 00:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтийн замд Toyota Tacoma маркийн 69-42 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөний улмаас онхолдож Б.Гүнзаяагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Дөлгөөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 21-22 цагийн үед би өвөөгийнхөө машинтай Home плаза-ын кофе шопт хоёр Хятад, нэг Өвөр-Монгол болон өөрийн найз Мөнхтуяагийн хамт ажил яриад сууж байхад 22 цагийн үед Гүнзаяа над руу утсаар залгасан. Би Гүнзаяагийн ахын найз учраас надтай ахаа гэж харьцдаг байсан. Гүнзаяа над руу утсаар яриад ахаа та хаана байна, надад хэцүү байна хүрээд ирээч гээд байсан. Тухайн өдөр Гүнзаяа 30 минутын хугацаанд 5-6 дуудлага хийсэн. Тэгээд би хамт сууж байсан Хятадуудтай ажлаа ярьж дуусчихаад Гүнзаяа руу залгаад юу болсон талаар асуухад Гүнзаяа гэртээ архи уусан байна. Манай гэрт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд Home плаза-аас Гүнзаяатай утсаар яриад утсаа салгахгүй явсаар Оргил Худалдааны төвийн Оргил Стар хотхонд очсон. Намайг очиход Гүнзаяа гэрээсээ 2 сав пиво, 1 шил вино бариад гарч ирсэн. Тэгээд би эхлээд Гүнзаяад юу тохиолдсон талаар асуухад...загварын агентлагаас нь байнга бэлгийн дарамт ирээд байна, би заавал тэд нарын хүссэнээр байх ёстой юм уу гээд уйлаад байсан. Би Гүнзаяаг аль болохоор аргадах гэж хамт байсан. ...Гүнзаяа надад хэлэхдээ Эмээлт рүү хамт яваад өгөөч...Сэргэлэн ахтай уулзана гэж хэлэхээр нь Сэргэлэн рүү утсаар залгаад...Гүнзаяатай хамт Эмээлт орохоор болсон. Тэгээд Гүнзаяа гэрээсээ авч гарч ирсэн 1 виногоо ганцаараа уусан. Харин машин дотор 2 савтай пиво нь хэвээрээ байсан. Би уулын замаар яваад...Номингийн агуулахын гадаа очиж зогсоод Гүнзаяаг машиныхаа арын суудал руу оруулж унтуулсан. Гүнзаяа нь жолоочийн хажууд сууж байсан болохоор машины рүүл булаах, машины араа мултлах гэх мэт үйлдэл хийгээд байсан. Тэгээд би зогсоол руу орж зогсож байгаад арын суудал руу оруулсан. Тэгээд аюулгүйн тойрог өнгөрөөд 100 орчим метр явахад Сэргэлэнтэй тааралдаад цаашаа Сэргэлэнгийн махны үйлдвэр лүү нь явахаар болсон. Шороон зам руу салаад 100 орчим км явж байхад миний зүүн гар талын жалганаас нохой гарч ирэхээр нь би зүүн гар тийшээ дарсан. Машиндаа ачаа ачаагүй байсан болохоор баруун талын жалга руу зүүн гар талаар нь налаад унасан. Тэгээд Сэргэлэн, Гүнзаяа, Хишигдэлгэр бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг рүү явж байхдаа өөрийн өвөө Дамдиндоржтой яриад өвөө би Эмээлтийн зам дээр осолд орчихлоо, одоо гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэхэд гэмтлийн эмнэлэг рүү очих уу гэхээр нь хэрэггүй ээ, би одоо найзаараа хүргүүлээд явж байна. Та Эмээлтэд очоод байж бай, би утсаар яръя гэж хэлсэн. Тэгээд Анар, Чимэдээ гэх хоёр найз руугаа залгаж...би Гүнзаяатай явж байгаад осолд орчихлоо гэж хэлээд гэмтлийн эмнэлэг дээр очиход хүлээж байсан. Гэмтлийн эмнэлэг рүү ороод үзүүлэхэд ил тод шарх сорив байхгүй байна, маргааш наад хүнээ архийг нь гарахаар зураг авахуулаарай, намайг бас зураг авахуулаарай гэсэн. Тэгээд намайг духан дээрх шархыг чинь оёод өгөх үү гэхээр нь би яах юм бэ, оёулахгүй гээд гарсан. Гэмтлийн эмнэлэгээс гарч байхад өвөө залгаад чи цагдаад хэлчихсэн юм уу...машин дээр чинь хоёр цагдаа ирсэн байна, би Эмээлт рүү Батаа ахтай чинь явж байна гэсэн. Төмөр замд зочид буудалд Гүнзаяа, Хишигдэлгэр хоёрыг үлдээгээд цаашаа Анар, Чимэдээ, Сэргэлэн бид дөрөв Сэргэлэнгийн машинтай Эмээлт рүү явсан. Замаараа өвөө, ах хоёрыг дагуулаад осол болсон газартаа очиход хоёр цагдаа байхгүй байсан. Тэгэхэд хажуу талд байсан манаач айлын хүмүүс гараад ирчихсэн...уулзахад та дуудлага өгсөн юм уу гэхэд тийм ээ би дуудлага өгсөн. Сая цагдаа нар байсан, явсан бололтой гэсэн. Тэгээд өвөө машинаасаа хэрэгтэй юмаа аваад, машинаа жалганаас яаж босгох талаар хоорондоо ярилцаж байгаад Сэргэлэнгийн үйлдвэрт ковш байгаа, манаачаар жолоо бариулж байгаад торосоор бэхэлж байгаад чирээд гаргачихъя гээд машинаа гаргах гэж 2, 3 цаг ноцолдож байгаад жалганаас гаргаад хажуу талын айлын эгчээс танай хашаанд машинаа үлдээчихээд хэд хоногоос ирээд авъя гэж гуйж машинаа үлдээчихээд буцаж хот руу орж буудал руу ороход Гүнзаяа сэргэсэн байсан. Тэгээд надаас яагаад миний бие өвдөөд байгаа юм бэ, хоёулаа хүмүүст зодуулсан юм уу гэхэд нь би үгүй ээ, хоёулаа авто замын осолд орчихлоо гэж хэлсэн. Сэргэлэн, Гүнзаяа, Хишигдэлгэр гурав Хишигдэлгэрийнх рүү явж, надтай хамт Чимэдээ үлдэж тэр буудалдаа хоносон. Маргааш өглөө нь Сэргэлэн рүү залгаад юу болж байна, Гүнзаяагийн бие гайгүй юу гэхэд Мөнгөн гүүр эмнэлэг дээр зураг авахуулаад явж байна. Хоёр хавирга нь хугарсан байна. ...би эмчилгээний зардлыг нь гаргачихна, чи өөрийнхөө биеийг бод, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж машинаа засуулж янзлуулахаа бод гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа Гүнзаяагийн ээж нь над руу залгаад ирээд надтай уулзаач гэсэн...гэрт нь очиход төрсөн хоёр эгч нь ээжийнхэн нь хамт байсан. Тэгээд бид ярилцсаны үндсэн дээр...би 1.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Тухайн үед Сэргэлэн, Чимэдээ хоёр байсан. Тэгээд Сэргэлэн, Чимэдээ бид гурав гарч Сэргэлэнгийн машинд суухад Сэргэлэн надад миний хөгшин битгий санаа зов, би маргааш өглөө 1.000.000 төгрөгийг нь өгнө. Чиний бие гайгүй юу, машинаа засуулсан уу гэхээр нь миний машин Эмээлт дээр байгаа, одоо болтол аваагүй гэхэд чи машинаа аваад засварын газар очиж машиндаа анхаар, би мөнгийг нь өгчихье гэсэн. Тэгээд 20 гаруй хоногийн дараа цагдаагийн газраас над руу залгаж тань дээр гомдол ирсэн байна гэсэн...очиж үзэхэд нэхэмжилсэн 1.000.000 төгрөг нь 4.000.000 төгрөг болсон байсан... гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Гүнзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18-19 цагийн хооронд гэртээ Анхцэцэгийн төрсөн өдрийг...тэмдэглэх зорилгоор Анхцэцэг, найз эгч Дөлгөөнтэй нь дуудаж ирүүлсэн. Бид гурав дарс уугаад юм ярьж суусан. Улмаар би facebook-р Дөлгөөнтэй харьцаж, Дөлгөөн нь манай гэрийн гадаа ирэхээр болсон. Би гэрээсээ 23 цагийн орчим ганцаараа гарч Дөлгөөний барьж ирсэн машинд суугаад юм ярьж сууж байтал Дөлгөөн Сэргэлэн рүү утсаар холбогдож ярьтал Хишигдэлгэр, Сэргэлэн нар Эмээлтийн гэртээ байна гэхээр нь бид хоёр цуг очихоор болсон. Ингээд Дөлгөөний машины хойд талын суудалд хэвтээд явж байснаа санаж байна. Нэг ухаан орсон чинь үүрийн 4 цагийн алдад зочид буудалд сэрсэн ба тэр үед манай ах Сэргэлэн ирчихсэн яасан зүгээр үү гэж асуухаар нь...юу болсон талаар асуухад Дөлгөөн машин барьж яваад замын хажуу тал руу онхолдсон гэж ярьсан. Манай гэрийн үүдэнд Дөлгөөн нь машин барьж ирэхдээ бага зэрэг халамцуу ганцаараа ирсэн. Тэгээд би Хишигдэлгэр, Сэргэлэн нарын хамт тэр буудлаас гараад Хишигдэлгэрийнд очиж хоноод маргааш нь гэрийнхэндээ хэлж Мөнгөн гүүр эмнэлэгт очиж үзүүлсэн...миний баруун талын 3 хавирга хугарсан, баруун хөлний гуя, 2 хөлний шагай хэсэгт зөөлөн эдийн гэмтэлтэй, уушгинд бага зэргийн хатгалт үүссэн байна гэж хэлсэн. ...Дөлгөөн бид хоёр тэр үед бага зэрэг халамцуу байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

2. Гэрч Х.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз охин Хишигдэлгэрийн гар утас руу...Гүнзаяа залгасан. Тэгэхээр нь утасыг нь аваад Гүнзаяатай ярихад тэрээр жаахан халамцуу ахаа надад хэцүү байна, тантай очиж уулзмаар байна гэхээр нь чи ирмээр байвал таксинд суугаад ир эсвэл наанаа байж бай, би хот руу очоод чамтай уулзъя гэж хэлсэн. Удалгүй 30 гаран минутын дараа Гүнзаяа залгаад би Дөлгөөнтэй хамт Эмээлтэд ирсэн байна, та хаана байна гэхээр нь би Дөлгөөнтэй ярьж...уулзах газраа тохирсон. Ингээд Дөлгөөнтэй тохирсон газраа очиж уулзахад тэрээр Toyota Tacoma маркийн цагаан өнгийн машин жолоодсон, хойд суудал дээр нь Гүнзаяа согтуу байдалтай унтаж байгаа бололтой хэвтэж байхаар нь...сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгэхээр нь Гүнзаяаг Дөлгөөний машинаас үйлдвэр дээр очиж байгаад буулгая гэж бодоод Дөлгөөний урд гараад... замчлаад явсан. Эмээлтээс үйлдвэр лүү салдаг шороон замын уулзвар дээр ирээд би Дөлгөөнд энэ замаар явна шүү гэж хэлээд...араас нь хөдлөөд 100 метр орчим явж байхад Дөлгөөний машин бөгсөө 2 тийш нь шидээд зам дээр бүтэн эргэлдээд замын баруун талын үерийн усны шуудуу руу зүүн талаараа уначихсан. Би машинаа зогсоогоод гүйж очиход Дөлгөөн жолоочийн суудал дээрээ, Гүнзаяа арын суудал дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би Дөлгөөнд зүгээр үү гэхэд зүгээр байна гэсэн ба Гүнзаяаг дуудсан боловч хариу дуугарахгүй байсан. Тэгэхээр нь эхлээд Дөлгөөнийг татаж гаргаад, дараа нь түүнтэй хамт хамжиж байгаад Гүнзаяаг автомашинаас өргөж гаргаад би өөрийнхөө автомашинд суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан... Тухайн үед зам хуурай, цасгүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Шороон зам нь чулуу ихтэй, хадархаг газар учраас жаахан дэржигнүүртэй. Осол болсоны дараа би Дөлгөөнөөс чи юу уусан юм бэ гэхэд Гүнзаяатай тал шил дарс, мөн пиво уусан гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

3. Гэрч Р.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Сэргэлэнгийн...үеэл дүү болох Гүнзаяа 2016 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрч байхад над руу утсаар уйлчихсан ярьсан. Би түүнийг яасан бэ, юу болсон бэ гэж асуухад надад хэцүү байна, намайг Сэргэлэн ахтай яриулж өгөөч гэхээр нь би Сэргэлэнд гар утсаа өгч Гүнзаяатай яриулсан. Сэргэлэн Гүнзаяатай ярьж дуусаад цаадах чинь уйлчихсан байна, ирээд аваач гээд байна гэж хэлсэн. Ингээд удалгүй Гүнзаяа дахин залгаад би Дөлгөөнтэй хамт танайх руу очиж явна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Дөлгөөн, Гүнзаяа хоёрыг Эмээлтийн мөнгө хураадаг товчооны хот талдаа 100-200 метрийн наана тосож уулзсан. Сэргэлэн бид хоёр Дөлгөөн, Гүнзаяа хоёртой уулзахад Дөлгөөн архи уучихсан, цагаан өнгийн жийп маркийн хойноо ачаатай автомашин жолоодоод ирсэн ба хойд талын суудал дээр нь Гүнзаяа архи уугаад тасарчихсан бололтой унтаж байсан. Сэргэлэн түүнийг сэрээгээд өөрийхөө машинд суулгах гэсэн боловч сэрээгүй. Тэгэхээр нь за тэгвэл эндээ унтаж байг, гэрт очоод буулгая гээд тэндээсээ хөдөлсөн. ...хамгийн сүүлд хар замаас гараад шороон зам руу орох үед нь зогсоож байгаад Сэргэлэнд бид хоёр чи их хурдтай яваад байна шүү, зөөлөн яваарай гэж хэлсэн. Тэгээд хөдлөхөд Дөлгөөн нь дахиад урд ороод нилээн хурдтай явж байхад нь автомашины бөгс нь 2 тийш гуйвж байгаад замын баруун талын үерийн усны шуудуу руу ороод 1-2 удаа эргээд зүүн талаараа хажуулдаад онхолдсон...Сэргэлэн машинаа зогсоогоод гүйж очиход Дөлгөөн машинаас өөрөө гарч ирсэн. Харин Гүнзаяаг Дөлгөөн, Сэргэлэн хоёр нийлж байгаад татаж гаргасан. Ингээд бид нар тэндээсээ гэмтлийн эмнэлэгт очиж Гүнзаяаг үзүүлэхэд эмч нь одоохондоо ил харагдах шарх алга байна, тийм учраас та нар найзыгаа авч яваад маргааш архи нь гарахаар цээж, толгойн зураг авахуулаарай гэж байсан. ...Дөлгөөн тухайн үед нилээн согтуу байсан. Сүүлд Гүнзаяагийн гэрт уулзаж байхад тэрээр өөрийгөө 2 пиво уусан гэж Гүнзаяагийн ээжид хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Гэрч Д.Уламбаяр мөрдөн байцаалтад өгсөн: ...Би гэртээ байж байхад гадаа хүмүүс орилолдоод явчихаар нь гарч харчихаад эргэж гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр үед манай гэрийн зүүн талд байх жалганд нэг автомашин хажуулдаад хойшоо чигтээ хараад онхолдчихсон байсан. Тэр автомашины хажууд бас нэг автомашин зогсож байгаад хүмүүсээ аваад яваад өгсөн. Ингээд шөнө 04 цагийн үед байх хүмүүс эргэж ирээд машинаа босгоод манай гэрийн гадаа авчирч орхиод маргааш авна гэж хэлээд явсан. Надтай тэр үед уулзсан хүн нь багавтар насны эрэгтэй хүн байсан. Харин маргааш нь нэг настай хүн ирээд...өөрийнх нь зээ хүү явж байгаад онхолдсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

5. Иргэний нэхэмжлэгч Д.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...69-42 УНХ улсын дугаартай Toyota Tacoma маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Уг автомашиныг би аавдаа 2014 онд бэлэглэх маягаар өгсөн. Яаж захиран зарцуулах нь өөрсдийнх нь асуудал... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

6. Гэрч Т.Дамдиндоржийн мөрдөн байцаалтад өгсөн: ...69-42 УНХ улсын дугаартай Toyota Tacoma маркийн автомашиныг миний төрсөн хүү Ганбат 2007 онд намайг АНУ-д байхад худалдаж авч өгөөд 2013 онд Монгол Улсад оруулж ирэхдээ өөрийнхөө нэрээр бичиг баримтыг нь гаргуулсан. Би өөрийн зээ хүү Дөлгөөнд 69-42 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг өгсөн байсан ба одоо уг тээврийн хэрэгслийг Хүдэрбаатар гэдэг таньдаг залууд осол болсоны дараа 9.000.000 төгрөгөөр худалдсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), 

 

7. Гэрч Х.Хүдэрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Одоогоос сар гарны өмнө буюу 11 дүгээр сарын эхээр миний танил ах Дамдиндорж над руу яриад ахынх нь Toyota Tacoma маркийн автомашиныг манай зээ хүү Дөлгөөн жолоодож яваад Эмээлтийн цаад талд унагачихсан байна. Хоёулаа хамт явж үзье гэсэн. Тэгээд бид хоёр Эмээлтийн цаахан талд нэг айлын гадаа очиход Дамдиндорж ахын 69-42 УНХ улсын дугаартай Toyota Tacoma маркийн машиныг хашаа тулгаад тавьчихсан байсан. Би өөрөө засварын газартай болохоороо энэ машиныг чинь би худалдаж аваад засаад янзалъя гэж хэлээд Дамдиндорж ахтай 9.000.000 төгрөгөөр тохироод худалдаж авсан юм. ...намайг анх харахад их эвгүй болчихсон байсан. Баруун талын лонжиром хойшоо гүйгээд дугуй нь хойд шалтай наалдчихсан, копут, баруун крыло, баруун их гэрэл, дохио, усны болон эйркондишн, радиатор, бүх хаалганы шилнүүд, урд салхины шил хагарсан, баруун урд болон хойд хаалга чихэгдэж орсон, дээд орой доош хонхойсон, тэнхлэг баруун тийш 5 см орчим гулзайсан байдалтай байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15559 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: баруун хөлийн эрхий хурууны дотор хэсэг, зүүн хөлийн шагайн гадна хэсэгт олон тооны зулгарсан шархтай, баруун өвдөгний урд хэсэгт 2*2 см, баруун гуяны баруун доод хэсэгт 3*2.5 см, дунд хэсэгт 7*6 см цус хуралттай.

...2016 оны 11 дүгээр сарын 08-ны УНТЭмнэлгийн Цээжний хөндийн...КТГ-д: баруун 9 дүгээр хавирга сээрний 9 дүгээр нугалмын сэртэнтэй холбогдох хэсэг зөрсөн хугаралтай болон арын 1/3 хэсэгтээ цуурсан хугаралтай, баруун 10 дугаар хавирга ар 1/3 хэсэгтээ зөрсөн хугаралтай, баруун гялтангийн ар хана дагасан шингэнтэй... 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн Толгойн КТГ-д: ...тархины эд тархмал хавантай...ДҮГНЭЛТ:

1. Б.Гүнзаяагийн биед тархи доргилт, баруун 9, 10-р хавирганы зөрөөтэй далд хугарал, баруун гялтанд шингэн хуралт, баруун гуя, өвдөгөнд цус хуралт, 2 тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь 2016.10.27-д үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41 дэх тал),

9. Шинжээч эмч С.Чулуунсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...баруун 9, 10-р хавирганы далд хугарал, баруун гялтанд шингэн хуралдсан нь учрах үедээ амь насанд аюултай учраас гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...энэхүү гэмтлийг авсан хүн заавал мэс засалд орох шаардлагагүй бөгөөд эмчилгээ сайн хийлгэсэн тохиолдолд эдгэрч болно. Гүнзаяагийн хувьд эмчилгээ сайн хийгдсэн байсан. Гол нь 9, 10 дугаар хавирганы далд хугарал нь зөрөөтэй, баруун гялтан хальсийг гэмтээсэн ба энэ нь хүндрэл үүсгэх магадлалтай учраас гэмтлийн хүнд зэрэгт авч үзсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

10. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 11-ний  өдрийн 61 дүгээр дүгнэлт:

...Toyota Tacoma маркийн 69-42 УНХ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Ц.Дөлгөөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 2. Жолоочийн үүрэг: 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,

- 9 Тээврийн хэрэгслийн хурд: 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 119-120 дахь тал),

 

11. Шүүгдэгч Ц.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн: Би Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Home Plaza төвийн 2 дугаар давхарт байрлах Coffe Shop нэртэй газар 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 22:00 цагийн үед хүмүүстэй ажил яриад сууж байтал миний гар утас руу найз Сэргэлэнгийн хамаатны дүү болох Гүнзаяа өөрийнхөө 99918589 дугаарын утаснаас залгасан. Гүнзаяа ярихдаа уйлчихсан ахаа хаана байна гэхээр нь би яасан бэ, яагаад уйлсан юм бэ гэж асуусан чинь ахаа надад хэцүү байна, дүү нь гэртээ байна гэж хэлсэн. Би ах нь жаахан завгүй байна, эргээд залгая гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн Гүнзаяа над руу дахин дахин залгаад байхаар нь за ах нь одоо яваад очъё гэж хэлээд...гэрийнх нь гадаа очсон чинь...Гүнзаяа гэрээсээ гарч ирэхдээ 1 шил улаан вино, лаазтай 0.5 граммын хэмжээтэй 2 ширхэг пиво барьчихсан гарч ирээд миний...автомашины баруун урд талын буюу жолоочийн хажуугийн суудалд суусан. ...Гүнзаяа намайг та Сэргэлэн ах руу залгаад өгөөч гэхээр нь би өөрийнхөө гар утсаар найз Сэргэлэнгийн 88853344 дугаарын утас руу залгаад хаана байгаан гэж асуухад Сэргэлэн нь Эмээлтэд ажил дээрээ байна гэж хэлсэн. Тэгсэн Гүнзаяа миний гар утсыг булааж аваад Сэргэлэнтэй ярьсан ба өөртэй нь уулзмаар байна, хэцүү байна, би одоо Дөлгөөн ахтай байна, тань руу яваад очъя гээд байсан. ...би арга буюу Гүнзаяаг Сэргэлэнгийн Эмээлтэд байх гэрт нь хүргэж өгөхөөр...явж байтал Гүнзаяа улам согтчихсон бололтой...зүгээр сууж явж чадахгүй болохоор 22-н товчооны Номин худалдааны төвийн зогсоол руу орж зогсож байгаад Гүнзаяаг хойд талын суудал руу оруулж суулгасан. Ингээд цаашаа хөдлөхдөө Сэргэлэнтэй ярихад би үйлдвэрээсээ гарч байна, та нар үйлдвэр олохгүй байх замд чинь тосоод авъя гэж хэлсэн. ...Дархан, Өвөрхангай аймаг руу салдаг аюулгүй тойрог өнгөрөөд Гүнзаяагийн авч орж ирсэн лаазтай 2 пивоны нэгийг нь задлаад уусан юм...аюулгүйн тойргоос баруун тийш 200 орчим метр газар явж байгаад Сэргэлэнтэй тааралдсан...автомашинаас бууж ирээд Гүнзаяаг харчихаад өө тасарчихсан байна ш дээ, за за манай ажил дээр аваачаад унтуулчихъя гээд өөрөө машиндаа суугаад миний урд ороод явсан. ...Сэргэлэн надад зам чинь цас ихтэй эвгүй зам байгаа шүү, болгоомжтой яваарай гэсэн...300 метр орчим газар явж байтал зүүн талаас зам хөндлөн нэг нохой гэнэт гүйгээд гараад ирэхээр нь тоормос гишгээд зүүн гар тал руугаа дарсан чинь гулгаад зүүн талын жалга руу орчих гээд байхаар нь буцаагаад баруун гар тийш дарсан чинь миний жолоодож явсан автомашин зогсолгүй баруун талын жалга руу гулгаж ороод баруун урд талаараа жалгын ирмэг мөргөөд хойд бөгс нь босож ирээд зүүн талаараа онхолдсон. ...Ингээд Гүнзаяаг шууд Сэргэлэнгийн автомашинд суулгаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн эмч Гүнзаяаг үзчихээд зүгээр байна, наад хүн чинь согтуу байна ш дээ гэхээр нь буцаагаад авч яваад Төмөр замд Ангара нэртэй зочид буудлын 2 дугаар давхарт нэг өрөөнд оруулсан. ...Гүнзаяагийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгье гэж тохирсон.

...Осол болсон зам нь шороон хөрсөн, чулуу ихтэй зам байсан ба осол болох үед нь цасгүй, зам хуурай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдалтай байсан. Осол бол урдуур нохой гүйснээс л болж гарсан. ...би Б.Гүнзаяагийн эмчилгээ болон гар утасны төлбөрт нь нийлүүлээд 3.000.000 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал),

 

12. Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 11), зам тээврийн осол хэргийн нөхөн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10), нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7), Улаанбаатар хотын Ус цаг уур, орчины шинжилгээний газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 99-100), дуудлага, мэдээллийн бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 101), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 90), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 92), жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуулбар (хавтаст хэргийн 91), авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (хавтаст хэргийн 46-50), осолд орохоос өмнөх болон осолд орсоны дараах үеийн тээврийн хэрэгслийн гэрэл зураг (хавтаст хэргийн 50),

- хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 105-106), хохирол нэхэмжилсэн баримтууд (106-109), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 111),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 122), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 70), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 69), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68), шийтгэх тогтоол, магадлалын хуулбар (хавтаст хэргийн 83-86, 181-184, 77-80, 170-178), ялаас өршөөн хассан болон хугацааны өмнө тэнсэн сулласан захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 87-88, 178-181), цагдаагийн байгууллагын бүртгэл, мэдээллийн цахим cистемд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (хавтаст хэргийн 73-74), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 110) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, иргэний нэхэмжлэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Дөлгөөн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтэд байрлах Хар-Адуу ХХК-ийн баруун талын шороон замаар Toyota Tacoma маркийн 69-42 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал...замын болон цаг агаарын нөхцөл...үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгслээр зорчигч Б.Гүнзаяагийн биед тархи доргилт, баруун 9, 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, баруун гялтанд шингэн хуралт, баруун гуя, өвдөгөнд цус хуралт, 2 тавхайд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан,

- мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ гэсний

а/тээврийн хэрэгсэлээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэснийг тус тус биелүүлэлгүй зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Дөлгөөнийг

- хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2,

- зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэнийг хөнгөрүүлэх, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж 2016 онд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрөөгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалтад заасан хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэгт холбогдон энэ тогтоолоор ял шийтгүүлж байгаа нь түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэсэн хэдий ч шүүгдэгч Ц.Дөлгөөний холбогдсон хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй үйлдэгддэг онцлогтойн дээр гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж, шүүгдэгч нь тодорхой эрхэлсэн ажилтай буюу Аригун Ланд ХХК-д ажилладаг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гүнзаяад гэм хорын хохиролд учирсан нийт 3.000.000 төгрөг төлсөн ба санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй (хавтаст хэргийн 111-112) гэх тул шүүгдэгч Ц.Дөлгөөнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Дөлгөөний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын 776850 дугаартай үнэмлэх хэрэгт хавсаргаж ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.