Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 152/2023/00431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.А-ийн,

Хариуцагч: УАТСЭМТ-д холбогдох,

УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,291,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.А,

Хариуцагч УА ТСЭМТийн дарга Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 5 дугаар сард эхнэр Ө.О-ыг Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлэх, мэс засал хийлгэх шаардлагатай болсон тул ээлжийн амралт аваад явахаар болсон. 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр намайг сумын ЭМТөөс дуудсаны дагуу очиход ажлаа шалгуул гэсэн. Тухайн үед би ажил шалгуулах бичиг баримтгүй очсон бөгөөд ЭМТийн дарга нь хүмүүс дууд, хурлын тэмдэглэл хөтөлж, эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учир ажлаас чөлөөлнө гэсэн. Миний бие 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа ав гэхэд нь очиж авсан. 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Ө.О-ыг Улаанбаатар хот явуулах онгоцны билет авсан байсан учир эхнэрээ онгоцоор явуулаад, өөрөө хувийн машинаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс Хавдар судлалын үндэсний төвийн ЭЦНБ эмчид үзүүлж, элэгний мэс засал хийлгэж эхнэр Ө.О-ыг асарч байгаад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймагт ирсэн. Би 1989 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг төгссөнөөс хойш Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 34 жил ажилласан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шалгалтыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгч, 91 хувьтай үнэлэгдэж, эмчлэх эрхийн хугацааг сунгах зөвшөөрөл авсан.

1. Сумын ЭМТийн дарга надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулаад 9 хоногийн дараа гэрээгээ цуцалсан.

2. Эмчлэх эрхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг шалгаж, урьдчилан сануулаагүй.

3. Ажлаас чөлөөлөхийн өмнө сонсох ажиллагаа хийгээгүй.

4. Яс үндэс харгалзаж, үндсэрхэг үзэл гаргасан.

5. Өөрийн садан, төрлийн хүнийг ажилд авсан.

6. Сумын Засаг дарга З.Т-ын эгч, Н хоёр төрөл, садангийн холбоотой.

Эрхэлсэн ажилдаа нам, яс үндэс зэргийг харгалзан Хархираа багт болон төрийн албанд байгаа хүмүүсийг ажлаас чөлөөлсөн зэргийг үндэслэн ЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.А 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Миний бие улсад 36 жил ажилласан. Төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮЭМ-5 ангилалд ажилладаг. 2023 оны 5 дугаар сард ээлжийн амралтын олговор авсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,291,025 төгрөг гаргуулж өгнө үү. Миний бие сар бүр авах цалингаа нэхэмжилсэн ба бусад зардлын нэхэмжлээгүй болно” гэжээ.

 

Үндсэн цалин

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл

Орон нутгийн нэмэгдэл 20 хувь

Хоолны үнийн хөнгөлөлт

Нийт

2023.6 сар

799000

199952

159961

22000

1,180,913

2023.7 сар

1213000

302913

241615

13000

1,770,528

2023.8 сар

1213000

302913

241615

22000

1,779,528

2023.9 сар

1213000

302913

241615

22000

1,779,528

2023.10 сар

1213000

302913

241615

23000

1,780,528

         

8,291,025

Хариуцагч УА ТСЭМТийн дарга Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа“Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/02 дугаартай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 80.1.6-д ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж, 25.3.3-д бага эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгана гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.5-д Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах, 1.5.6-д Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан ажилтан гэж, Хөдөлмөрийн гэрээний 5.2.25-д Байгууллагын дотоод журам, хууль тогтоомжид зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 6.1-д Эмнэлгийн мэргэжилтний хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэсэн, дэмжсэн, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн, шударга, хамтын ажиллагааны зарчимд үндэслэсэн, 6.2-т Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж, үр дүнг сайжруулах, анагаах ухааны дэвшилтэт технологи чиглэлээр тэгш байдлыг ханган мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран ажиллана гэж заасан заалтуудыг тус тус үндэслэн С.Аийг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан. Тушаал 5 дугаар сарын 03-нд гарсан нэхэмжлэлийг шүүхэд 7 дугаар сарын 21-нд гаргасан байсан хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан эсэх нь тодорхойгүй байна. С.А нь 2022 оны 11 дүгээр сард хувийн хэргийн хавтас бүрдүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл авч байсан. Уг хувийн хэрэгт эмчлэх эрхийн лиценз хавсаргах ёстой, эрх нь дууссан гэдгийг мэдэж байсан учраас албаар хувийн хэргийн хавтсыг бүрдүүлээгүй гэж ойлгож байгаа. Эмчлэх эрхийн лиценз хэзээ дууссаныгаа хэлдэггүй, үзлэг хангалтгүй хийсэн, жирэмсний хожуу хяналт хийсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх мэт зөрчлүүдийг гаргаж байсан. Мөн жирэмсний хожуу хяналт баг дээрээ 2 удаа гаргасан, хувийн хэрэг хөтлөлт хийгээгүй, багийн эргэлтийг чанаргүй хийж, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүйгээр хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123.1.3.4-д зааснаар үндсэн цалингийн 10 хувиар тооцож сахилгын шийтгэл ногдуулж байсан. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр чанарын багийн хурлаар орж ёс зүйгүй авир гаргаж байсан бичлэг ч байгаа” гэв.

Нэхэмжлэгч талаас С.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, УАТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаал, С.Аийн УА Улаангом сумын  хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдол, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 27 дугаар Хөдөлмөрийн гэрээ, УАТСын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс тус суманд байхгүй тухай тодорхойлолт, Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч УАТСЭМТийн дарга Д.Ц шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хариу тайлбар, УА ТСЭМТийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, УА ТСЭМТийн Чанарын багийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, тус ЭМТийн Чанарын багийн хурлын тэмдэглэлийн хуулбар (огноо тодорхойгүй), УА ТСЭМТийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, ТСЭМТийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан тус ЭМТийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, бичлэг бүхий флаш диск зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн санаачилгаар УА ТСЭМТөөс нэхэмжлэгч С.Аийн 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн хүснэгт, нэхэмжлэгч С.Ат ээлжийн амралт олгосон шийдвэр, ээлжийн амралтын олговор олгосон баримтыг, нэхэмжлэгч С.Ааас түүний эрүүл мэндийн эмнэлгийн мэргэжилтний эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотлох баримтаар гаргуулав.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Аийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.А 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлсон бол 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2023 оны 6-9 дүгээр сарын цалин нийт 6,190,953 төгрөгийг гаргуулах тухай болгосон. Нэхэмжлэгч С.А нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,291,025 төгрөг гаргуулна гэв. Иймд шүүхээс нэхэмжлэгч С.Аийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд буюу УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,291,025 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

3.1. Сумын ЭМТийн дарга надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулж байгаад 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулаад 9 хоногийн дараа гэрээгээ цуцалсан,

3.2. Эхнэрээ эмчлүүлэх тухай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргахад зөвшөөрсөн хариу өгсөн боловч ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан,

3.3. Эмчлэх эрхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг шалгаж, урьдчилан сануулаагүй,

3.4. Ажлаас чөлөөлөхийн өмнө сонсох ажиллагаа хийгээгүй,

3.5. Яс үндэс харгалзаж, үндсэрхэг үзэл гаргасан гэв.

            4. Хариуцагч УА ТСЭМТийн дарга Д.Ц нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн.

            4.1.  Нэхэмжлэгч С.А нь өөрийн хувийн хэргийг бүрдүүлж өгдөггүй, үүний улмаас С.Аийн баримт бичигт хяналт тавих боломжгүй байсан,

            4.2. С.А нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан боловч шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн,

            4.3. Нэхэмжлэгч С.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэж, өөрийн хариуцсан багийн хэмжээнд 2 жирэмсэн эхийг хожуу хяналтад хамруулсан. Дээрх зөрчлүүдийн улмаас удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан,

            4.4. Байгууллага дээр зүй бус үйлдэл гаргаж, ёс зүйгүй авирласан. Үүнийг дүрс бичлэгээр баталгаажуулсан байгаа гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч С.А болон УА ТСЭМТийн дарга Ж.Н нар нь 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 27 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч С.А нь тус ЭМТд ТҮЭМ4-5 ангилал, зэрэглэлд хамаарах Багийн эмчийн ажлын байранд, 799806 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч С.А нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын байдлаар буюу 2023 оны 4 дүгээр сард 1,179,719 төгрөг, 2023 оны 3 дугаар сард 1,181,719.20 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 1,176,719 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь хэрэгт авагдсан С.Аийн цалингийн картаар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч С.А шүүхэд “...эхнэрээ эмчлүүлэх зорилгоор Улаанбаатар хот явах шаардлагатай болсон тул 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ЭМТийн дарга Ж.Нтай утсаар холбогдож, ээлжийн амралтаа авах тухай хэлэхэд зөвшөөрсөн хариу өгсөн. Гэвч 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуудаж, ажлаа шалгуул гэх шаардлага тавьсан. Миний бие тухайн өдөр ээлжийн амралттай, эхнэрээ эмчилгээнд авч явах гэж байсан тул би өнөөдөр ажил шалгуулах боломжгүй байна гэхэд маргалдаж, улмаар намайг ажлаас халах шийдвэр гаргасан” гэх тайлбарыг гаргасан ба хариуцагчийн зүгээс дээрх тайлбарыг үгүйсгээгүй болно. Түүнчлэн, тус ЭМТөөс нотлох баримтаар гаргуулсан С.Аийн 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн түүврээс үзвэл нэхэмжлэгч С.А нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд 30 хоногийн ээлжийн амралттай байсан ба ТСЭМТөөс нэхэмжлэгч С.Ат ээлжийн амралтын олговор 1,771,320 төгрөг олгожээ.

5.3. Гэвч хариуцагч УАТСын Эрүүд мэндийн төвийн дарга Ж.Н нэхэмжлэгч С.Аийг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ЭМТийн бага эмч С.Аийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2022 оны 12 дугаар сард дууссан, сунгалт хийлгээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан; 80.1.6.ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хууль тогтоомжид зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох бусад ноцтой зөрчил гаргасан, Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; 3.1.3.а. төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх гэж заасныг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 6 дугаар зүйлийн 6.1.Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ харилцан хүндэтгэсэн, дэмжсэн, үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн шударга, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ, 6.2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмж үр дүнг сайжруулах, анагаах ухааны дэвшилтэт  технологи нэвтрүүлэх чиглэлээр тэгш байдлыг ханган мэргэжил нэгт нөхөдтэйгээ чөлөөт, шударгаар хамтран ажиллана гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий Б/02 дугаар тушаалыг гаргаж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

5.4. Нэхэмжлэгч С.А нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг тус өдөр гардаж авсан боловч эхнэр Ө.Отгонбаярыг Хавдар судлалын Үндэсний төвд 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлөвлөгөөт хагалгаанд оруулах шалтгааны улмаас 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу явсан ба 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд эхнэр Ө.Отгонбаярыг Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хавдар судлалын үндэсний төвийн дүгнэлтээр тогтоогдож байна. Түүнчлэн, Улаанбаатар хотод байх хугацаандаа буюу 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шалгалтад оролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан боловч тус хороо нэхэмжлэгч С.Аийг УАТСын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах зөвлөмжийг 2023 оны 7 дугаар сарын эхний долоо хоногт өгсөн тул нэхэмжлэгч нь Үндэсний их баяр наадмын дараагаар УАТСын Засаг даргын тамгын газарт ханджээ. Гэвч УАТСын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тухай албан бичгийг тус сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо болон УАТСын Засаг даргын тамгын газарт хандсан боловч УАТСанд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ханджээ.

5.5. Нэхэмжлэгч С.А нь 2032 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтад оролцож, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/258 тоот тушаалаар түүнд эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 5 жилийг хугацаатай олгосон болох хэрэгт авагдсан С.Аийн 80084 тоот мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5.6. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн ТСЭМТийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, УА ТСЭМТийн Чанарын багийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, тус ЭМТийн Чанарын багийн хурлын тэмдэглэлийн хуулбар (огноо тодорхойгүй), УА ТСЭМТийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, ТСЭМТийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/03 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан тус ЭМТийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар зэрэг баримтуудыг хариуцагч өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан тул УА ТСЭМТ нь хэргийн оролцогчийн хувьд өөрт байгаа бичмэл нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхдөө эхээр нь,эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай хуулийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч УА ТСЭМТ нь өөрийн санаачилгаар шүүхэд бичмэл нотлох баримт гаргаж өгөхдөө тухайн байгууллагын хуулбарын үнэн тэмдгээр баталгаажуулсан байх тул дээрх бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно. Харин шүүхийн санаачилгаар УА ТСЭМТөөс нотлох баримтаар гаргуулсан нэхэмжлэгч С.Аийн 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн хүснэгт, нэхэмжлэгч С.Ат ээлжийн амралт олгосон шийдвэр, ээлжийн амралтын олговор олгосон баримтын тухайд, УА ТСЭМТ нь хэргийн оролцогчийн хувьд бус шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн баримт тул өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь нотлох баримтын шаардлагыг хангана.

5.7. Хариуцагч УА ТСЭМТийн дарга Д.Цаас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн 2 дүрс бичлэгийн тухайд, тухайн дүрс бичлэгт нэхэмжлэгч С.А хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэрийг гардаж авах үеийн үйл явдлыг дүрсэлсэн байх тул тухайн дүрс бичлэгт дүрслэгдсэн үйл явдал нь маргаан бүхий УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаал эрх зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

Зохигчдын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба дээрх хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол нөхцөлүүдийг тусгасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч С.Аийг эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалт хийлгээгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж байгаа боловч хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.11 дэх заалтад “Багц цаг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтэн зөвшөөрлийн шалгалт өгнө. Зөвшөөрлийн шалгалтад тэнцээгүй буюу зөвшөөрөл нь хүчингүй болсон эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхгүй” гэж заасан ба тус журмын 6.7 дахь хэсэгт зааснаар сумын ЭМТийн эрхлэгч нь эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цагийн биелэлтийг хянан үзэж, багц цагийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулан, багц баг биелүүлсэн болон биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний нэрсийн жагсаалтыг аймгийн Эрүүл мэндийн газарт жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хүргүүлэхээр журамлажээ. Улмаар тус журмын 6.8 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн дээрх нэрсийн жагсаалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан ажлын албанд хүргүүлж, ажлын алба нь багц баг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтний тусгай зөвшөөрлийг тухайн оны эцэст хүчингүйд тооцон, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулах зохицуулалттай байна. Гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгч С.А нь “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын 6.4 дэх хэсэгт заасны дагуу 2022 онд судлах ёстой 1,5 багц цагийн сургалтад  хамрагдсан эсэх нь тодорхойгүй байх ба хариуцагчийн зүгээс журмын 6.7 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан ажлын алба нь журмын 6.10 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.А заавал судлах багц цагийг хангаагүй тухай мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулан, зөвшөөрлийн шалгалтад орохыг шаардсан мэдэгдлийг харьяалах Эрүүл мэндийн газар, ТСЭМТд 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр албан тоотоор хүргүүлээгүй байна. Иймд, УА ТСЭМТийн эрхлэгч, УА Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн асуудал хариуцсан ажлын алба нь хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч С.А нь багц баг хангаагүй тухай, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орох тухай мэдэгдлийг хүлээн авч, мэдсээр байж шалгалтад оролцоогүй, тэнцээгүй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалт хийлгээгүй, эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хүчингүйд тооцох, нөхөн олгохтой холбоотой харилцааг Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу зохицуулж байсан ба дээрх  98 дугаар тушаалыг Эрүүл мэндийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/395 дугаар тушаалаар хүчингүй болгож, Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, багц цаг тооцох, зөвшөөрлийн гэрчилгээ олгох, нөхөн олгох журмыг шинэчлэн баталжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Аийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сард дууссан, нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар эмчлэх эрхийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй үйл баримтын талаар зохигчид маргаж байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ын дагуу маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

 Хариуцагч талаас нэхэмжлэгч С.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь заалтыг баримталсан байх ба энэ тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С.А нь анх ажилд орохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан байх нь түүнийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч С.Аийг Эрүүл мэндийн ажилтны ёс зүйн дүрэм, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч С.А нь, ёс зүйн дүрмийг зөрчсөн, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч С.Аийг ёс зүйн болон сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэхийг тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий субъект шалган тогтоогоогүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч С.Аийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа боловч шүүхээс хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв. Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч С.А нь хөдөлмөрийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахдаа гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхийг дүгнээгүй бөгөөд гагцхүү нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр, тэмдэглэлийг гардан авснаас хойш буюу эсхүл хөдөлмөрийн эрхийг маргааныг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй тухай УАТСын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар албан бичгийг гардан авсан буюу мэдсэнээс хойш боломжит хугацаанд шүүхэд хандсан эсэх нь нэхэмжлэгч С.А шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой гэж үзэв. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байх ба нэхэмжлэгч С.А нь УАТСын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаар албан бичгийг гардан авснаас хойш 1 хоногийн дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байх тул нэхэмжлэгч С.Аийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас УА ТСЭМТийн даргын 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,291,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.А нь ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч УА ТСЭМТөөс шаардах эрхтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоо Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1 дэх заалтад заасан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцоолж олгох ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.5 дахь заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заажээ. Иймд дээрх журмын дагуу нэхэмжлэгч С.Ат хариуцагч УА ТСЭМТөөс олгох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд тооцоолбол дараах үр дүн гарч байна. Үүнд: нэхэмжлэгч С.А нь 2023 оны 4 дүгээр сард 1,179,719 төгрөг, 2023 оны 3 дугаар сард 1,181,719.20 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 1,176,719 төгрөгийн цалин хөлс авсан байх ба үүнээс Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дахь заалтад заасныг баримтлан 2023 оны 4 дүгээр сарын цалин хөлсний бүрэлдэхүүнээс хоолны үнийн хөнгөлөлт 20,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын цалин хөлсний бүрэлдэхүүнээс хоолны үнийн хөнгөлөлт 22,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын цалин хөлсний бүрэлдэхүүнээс хоолны үнийн хөнгөлөлт 17,000 төгрөгийг тус тус хассан байдлаар тооцвол нэхэмжлэгчийн 2023 оны 4 дүгээр сарын цалин хөлс 1,159,719 төгрөг, 3 дугаар сарын цалин хөлс 1,159,719.20 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын цалин хөлс 1,159,719.20 төгрөг тус тус байна. Дээрх 3 сарын цалин хөлснөөс нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлбол, 1,159,719+1,159,719.20+1,159,719.20=3,479,157.40/3=1,159,719.13 төгрөг байна. Харин нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлс болох 3,479,157.40 төгрөгийг тухайн 3 сарын ажлын нийт өдөр болох 59  өдөрт хувааж тодорхойлох ба нэхэмжлэгчийн ажлын нэг өдрийн дундаж цалин хөлс нь 58,968.76 төгрөг байна. Дээрх тооцоололд үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрийн байдлаар тодорхойлбол, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд ажлын 15 өдөрт ногдох олговор 884,531.4 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын олговорт 1,159,719.13 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын олговор1,159,719.13 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын олговор 1,159,719.13 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажлын 12 өдөрт ногдох олговор 707,625.12 төгрөг, нийт 5,071,313.91 төгрөгийг хариуцагч УА ТСЭМТөөс гаргуулж олгох нь зүйтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай ажил олгогчийн шийдвэр гарах хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг дахин нэхэмжлэх эрхтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,291,025 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,071,313.91 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,219,711.09 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хангаж шийдвэрлэв.

 6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УА ТСЭМТөөс улсын тэмдэгтийн хураамж 96091 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлан УА ТСЭМТийн даргын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, ДЮ66010216 регистрийн дугаартай Баян ургийн овогт Сайнжаргалын Алтанхуягийг өмнө эрхэлж байсан ТСЭМТийн бага эмчийн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан УА ТСЭМТөөс нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 5,071,313.91 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ат олгосугай.

3. С.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УА ТСЭМТд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Увс аймаг ТСЭМТөөс улсын тэмдэгтийн хураамж 96,091 төгрөг гаргуулж, төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор УА эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Я.УРНАА