Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/03258

 

2019 оны 12 сарын 16 өдөр Дугаар 184/ШШ2019/03258 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн 4 дүгээр шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар, ******* дүүрэг, 26 дугаар хороо, баянмонгол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/

Хариуцагч: Улаанбаатар, ******* дүүрэг, 13 дугаар хороо, өнөр хороолол, 8 байр, ******* тоотод оршин суугч овгийн /РД:/

Хүүхдийн тэтгэмж, түүний алдангийн хамт нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 1995 онд Д.тай гэр бүл болж, 1995 онд хүү А. төрсөн. аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр Д.тай гэр бүл цуцлуулж, хүү А. 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч түүнээс хойш хүүхдийн тэтгэлэг огт төлөөгүй болно. Хүү А. 18 нас хүрснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул уг шийдвэрийн дагуу 18 нас хүртэл нь төлөх ёстой байсан 11 150 175 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг болон түүний алдангийн хамт Д.гаас Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Г.*******, Д. нар нь 2005 онд А. гэж хүүтэй болсон түүнээс хойш 1 жил гаран тусдаа амьдарсан, хамт амьдраагүй, шүүхийн харьяаллын дагуу аймгийн шүүхийн 92 дугаартай шийдвэрээр Д. нь хүүхдийн тэтгэлэг өгөх ёстой гэж гарсан. Түүнээс хойш нэг ч удаа Д. тэтгэлэг өгөөгүй. Энэ хугацаанд дүү маань хүүхэдтэйгээ гадаадад байсан бөгөөд хааяа ярьж тэтгэлгийг асуудаг байсан ч тайлбараар нь бол нэг ч удаа аваагүй юм байна лээ. Одоо хүүхэд нь насанд хүрчихсэн, хүүхдэд зарцуулах зардал маш их хэрэгцээтэй байгаа учраас Гэр бүлийн тухай хуулийн 49.1-д зааснаар тэтгэлгийг нөхөн нэхэмжилж болно гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 50.1-т зааснаар эцэг нь тэтгэлгийн мөнгийг цаг хугацаандаа өгөөгүй бол өгөөгүй хугацааны алдангийг 0.5 хувиар бодож авч болно гэж байдаг юм байна лээ, түүний дагуу алдангийг нэхэмжилж байгаа, гэхдээ алданги нь нийт авах ёстой дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэдгээр бодоод нэмж тооцсон. Д. тайлбартаа бичихдээ би залуу насандаа маш хүнд ажил хийгээд эрүүл мэнд маш хэцүү одоогоор ажил хийхгүй байгаа гэсэн. Хэрэв залуудаа ажил хийж байсан юм бол шийдвэр гарсан байхад яагаад тэтгэлэг өгөхгүй байсан бэ, зориудаар зайлсхийсэн гэж үзэж байгаа. Уулын инженер хүн ажилгүй гэртээ байна гэдэг нь итгэхэд бэрх юм, энэ хүн өөрөө уурхайд ажилладаг гэж манай дүүтэй ярьсан юм байна лээ. Одоо Хятадын уул уурхайн компанид ажилладаг гэж бодож байна, ажилгүй гэдгийгээ өөрөө нотлох баримтаа өгөх ёстой байх. Нэхэмжлээд байгаа мөнгө нь А. 18 нас хүртэлх мөнгийг нөхөж олгуулах гэж байгаа болохоос биш, 24 насанд хүрсэн гээд тэр хүнээс итгэмжлэл авах шаардлагагүй. Г.******* хүүхдээ тэжээн тэтгэсний үндсэн дээр төлбөрийг нь авах гэж байгаа юм, ийм учраас А.ээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. Д. нь А.ийн аав нь мөн учраас, тэтгэлгийн мөнгө нэг ч төгрөг өгөөгүй учраас тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний хүү А. 1995 оны 05 сарын 28-нд төрсөн, одоо 24 настай, Швед улсад ажиллаж, амьдардаг, надтай холбоогүй байдаг. Би залуудаа аймагт хөдөө уурхай дээр хүнд нөхцөлд олон жил ажиллаад бие өвдөж одоогоор ажилгүй байна. Эхнэртэйгээ холбогдоход миний хүү Шведэд нэг компанид менежер хийгээд сайн явж байгаа гэж хэлдэг байсан, миний хүү Иргэний хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу иргэний эрх зүйн чадамжтай буюу 18 насанд хүрсэн байтал түүний өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн чадамжгүй бол ээж нь гаргах ёстой, нэхэмжлэл гаргах ёстой этгээд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно. Хүүхэд 18 нас хүрэхэд сургуульд суралцсан баримтаа шүүхэд өгөөгүй, хүүхдийн төлөх ёстой 11 150 175 төгрөг гаргасан нь үндэслэлгүй, улсын статистикийн газраас гаргасан амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тооцсон тооцоолуур байхгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. аймагт уул уурхайд ажиллаж байсан нь үнэн, тухайн үед Айраг суманд хамт амьдардаг, Г.******* нь сургуульд багшилж хамт амьдарч байгаад салаад явсан. Грек улсад очоод гадаадад хүүхдээ өсгөж байгаад 2-3 жилийн дараа Монголд ирээд аавтайгаа уулзана гэж байсан ч уулзаагүй. Асуухаар гадаадад байгаа, сайн байгаа гэж хэлдэг байснаас мөнгө, төгрөг гэж ярьж байгаагүй. Тухайн үед тиймэрхүү юм ярихгүй байж байгаад гэнэт ийм хэмжээний мөнгө нэхэж байгаад гайхаж байна, өөр хэлэх зүйлгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ 2019 оны 11 сарын 03-ны өдөр Г.******* гэж гаргасан байна. Хэрэгт А. гэх хүүхдийн хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр төрсөн талаар төрсний гэрчилгээ байхгүй байна. 2005 оны 4 сарын 21-ний өдрийн 92 тоот шүүхийн шийдвэр гарсан, үүний дараа шийдвэр гүйцэтгэлд өгсөн эсэх баримт байхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч тоо, тооцоолуур хийсэн баримт хэрэгт байх ёстой. Энэ олон жилийн дараа шийдвэр гүйцэтгэлд яагаад хандаагүй вэ, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг яаж тооцоолсон нь харагдахгүй, нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 11 150 175 төгрөгийн шаардлагаа тооцоолж шүүхэд өгөх ёстой, нэмэгдүүлсэн шаардлагатайгаа зөрөөд байна. Хүү А. нь шийдвэр гарахад хэдэн настай байсан бэ гэдгийг танайх нотлох ёстой, гэтэл баримт нь байхгүй. Түүнээс хойш суралцсан талаар баримтыг танайхаас өгөх ёстой. Англи, Грекэд сургуульд сурсан юм уу, хилээр гарсан баримт нь хүртэл байх ёстой, 16-18 нас хүртэл хаана сурсан, 18 нас хүртэлх баримтууд байх ёстой. А.ийн төрсний гэрчилгээ өгөөгүй болохоор хэдэн настайг мэдэхгүй байна. Одоо 24 настай юм шиг байна лээ, насанд хүрсэн бүрэн эрх зүйн чадамжтай хүн учраас түүнээс тэтгэлэг нэхэх хүсэл зорилго байгаа эсэх талаар нь итгэмжлэл авах ёстой. Хүү нь хүсээгүй байхад Г.******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тэтгэлгийг нь нэхэмжлээд байгаа байдал харагдаж байна. Насанд хүрсэн хүний эрх зүйн асуудлын талаар яригдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д зааснаар төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нэхэмжлэл гаргах ёстой, ийм зүйл байхгүй байна. Мөн хуулийн 62.1.4 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн тухайд үндэслэл, шаардлага нотлох баримт байх ёстой, гэтэл тодорхойгүй байна. Амьжиргааны доод түвшингээр тооцооллоо хийсэн байна. Гэр бүлийн тухай хуулийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч санаатайгаар зайлсхийсэн, цалин хөлс бусад орлогоо нуун дарагдуулсан тогтоогдсон бол гэж байдаг энэ тогтоогдсон байдлаа нэхэмжлэгч тал нотлох ёстой. Хуулийн 49.2-т зааснаар тухай үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг барих ёстой байтал 49.2-ыг барьж шаардлагаа гаргасан зүйл байхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 50.1-ийг яагаад яриад байна вэ. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага бүх зүйл тодорхойгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги нийт 11 150 175 төгрөг нөхөн гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д. хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.гаас 11 150 175 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа шүүхийн шийдвэрээр төлөх ёстой тэтгэлгийг төлөөгүй тул тэтгэлэг, алданги нөхөн гаргуулна гэж тодорхойлжээ.

аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр Д.гаас сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, хүү А. 18 насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчинтэй байгаа бөгөөд /хх-6-7/ зохигчид энэ талаар маргахгүй, харин хариуцагч дээрх шийдвэрийн дагуу тогтоосон тэтгэлгийг төлж байсан болох, тэтгэлгийг нөхөн төлүүлэх эсэх нь маргааны зүйл болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч Д. нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар тэтгэлэг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх ёстой.

Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлнэ49.2-т Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална., 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.50.3-т Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд хариуцагч Д. нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах, тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас алданги шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн ... би залуудаа ... хүнд нөхцөлд олон жил ажиллаад бие өвдөж одоогоор ажилгүй байна буюу ажил орлогогүй байсан гэх тайлбар нь тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хариуцагч Д. нь ажил хөдөлмөр эрхэлдэг, өөр орлоготой байсан эсэхийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тэтгэлэг нөхөн гаргуулах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч ... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь хүүхдийн тэтгэлэг, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна. Тухайлбал тэтгэлэг төлөгч буюу хариуцагч Д. нь тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг нь тогтоох боломжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн тэтгэлэг, алданги тооцох ёстой атал нэхэмжлэгч нь тэтгэлэг, алданги нэхэмжлэхдээ тухайн үед дагаж мөрдөж байсан амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр /хх-23/ тооцож гаргасныг зөвтгөх аргагүй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Г.*******гийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги нийт 11 150 175 төгрөг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл-ийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 353 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.*******д буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар Г.*******гийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг, алданги нийт 11 150 175 төгрөг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 353 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.*******д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР