| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 135/2015/0964/И |
| Дугаар | 135/ШШ2015/01084 |
| Огноо | 2015-10-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2015/01084
2015.10.30 №1084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/0964/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, *******,*******од оршин суух, ******* /*******/-ын
Мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан хохирол 131,694,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, прокурор *******, иргэдийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ “******* надад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч дэслэгч ******* 2010.04.01-ний өдөр Эрүүгийн хуулийн 233-р зүйлийн 233.1-д зааснаар тоот эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад 2010.05.05-ны өдөр Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч ахмад ******* тоот эрүүгийн хэрэгтэй нэгтгэж, 2010.05.24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4, 233-р зүйлийн 233.2-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан. Энэ хэрэгт шалгагдаж байх үед 2010.05.27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүгчийн 137/я тоот захирамжаар хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр 2010.05.27-ны өдрөөс эхлэн Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Намайг хоригдож байх хугацаанд байцаагч надаас надтай хамт энэ хэрэгт шалгагдаж байсан хүмүүсийн хэрэгт яаж оролцсон талаар ярьж хийсэн хэргээ хүлээх юм бол батлан даалтанд гаргана гэдэг байсан ч би байнга өмгөөлөгчтэйгээ байцаалт өгнө гээд мэдүүлэг өгдөггүй байсан.
2010.12.18-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын 4-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч хойшууч Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар сонсгосон ялыг 148-р зүйлийн 148.2-д зааснаар өөрчлөн ял сонсгож, Сүхбаатар дүүргийн шүүгчийн 2010.12.20-ны надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цаашид үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэсэн үндэслэлээр цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгасан. Энэ хооронд би нийт 207 хоног хоригдсон. Би айлын отгон хүү, намайг хүнд гэмт хэрэгт шалгуулж хоригдож эхэлснээс хойш аав, ээж хоёр маань сэтгэл санааны дарамтанд маш их орсон. Ээж өдөр бүр уйлж, аав маань хэнтэй ч юу ч ярьдаггүй тамхиа татаад л эхнэрийг эргэлтээр яваад ирэх болгонд л хүү минь яаж байна, хэзээ гаргах нь гэж асуучихаад гэрээсээ гараад явчихдаг байсан гэсэн. Намайг хорихоос гарч ирэхэд маш их турж, харласан байсан. Би аавыгаа тийм төрхтэй байхыг хэзээ ч хараагүй. Гэтэл аав минь намайг гэртээ ирсэнээс хойш 7 хоногийн дараа буюу 2010.12.28-ны шөнө гэртээ унтаж байхдаа зүрх нь хаагдаж бурхан болсон байсан. Бид ах дүү 4-үүлээ бөгөөд миний 3 ах аавыг өнгөрснөөс хойш гуньсан гутарсан, аавын найз хөгшчүүлтэй таарсан үедээ чамаас болоод аав минь дөнгөж 63 настайдаа бурхан болсон гэж гомдоллодог юм. Би ч өөрөө цаг үргэлж аавынхаа тухай дурсах, ээжийгээ харах бүртээ бас тэгж боддог юм.
Намайг батлан даалтанд гаргахаас өмнө буюу 2010.12.02-ны өдөр мөрдөн байцаагч надтай хамт шалгагдаж байсан ,,,, нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурорын 2011.07.04-ний 94 тоот тогтоолоор энэ хүмүүст холбогдох үйлдлийг, 95 тоот тогтоолоор надад холбогдох нэр бүхий 17 хүнийг залилан мэхэлсэн гэх үйлдлийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлийн 208.1.1, 24.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл 2012.10.26-ны өдөр Ганбат прокурор 108 тоот тогтоолоор ,,,, нарт холбогдох үйлдлийг, 109 тоот тогтоолоороо холбогдох үйлдлийг, 110 тоот тогтоолоороо д холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208-р зүйлийн 208.1.2-д заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон байдаг юм. Дурдсан тогтоолуудаас харахад прокурорын 2011.07.04-ний 94 тоот тогтоолоор .Бямбадорж,,,, нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосны дараа дахин яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулж байгаад 2012.10.26-ны 108 тоот тогтоолоор дахин хэрэгсэхгүй болгожээ. Дээр нэр дурдсан хүмүүст дахин ял сонсгохоос 4 сарын өмнө буюу 2011.03.11-ний өдөр надад сонсгосон Эрүүгийн хуулийн заасан ялыг мөн өөрчилж, 148-р зүйлийн 148.4-т зааснаар ял сонсгосон тогтоол үйлдсэн ба уг хэрэг шүүхэд шилжихэд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013.02.28-ны өдрийн 65 тоот тогтоолоор шүүх хурлыг хойшлуулж, надад авсан таслан сэргийлэх арга хэмжээг мөн хэрэгт холбогдсон, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх гэсэн үндэслэлээр өөрчилж цагдан хорьсон. Нэгэнт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэрэг шүүхэд шилжсэн байхад яагаад ийм үндэслэлээр хоригдсоноо одоог хүртэл ойлгодоггүй юм.
Сүхбаатар дүүргийн шүүгчийн 2013.11.19-ний өдрийн аар надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. 2013.02.28-2013.11.19-ний өдрийг хүртэлх хугацаанд би нийт 264 хоног хоригдсон.
Мөрдөн байцаагч надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.4-д заасан ялыг өөрчилж, 233-р зүйлийн 233.2-т зааснаар ял сонсгож /тогтоолд сар өдөр байхгүй/, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014.05.20-ны прокурорын 1530 тоот тогтоолоороо надад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Надад ял сонсгосон, сонсгосон ялыг өөрчилсөн прокурорын тогтоолууд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан, цуцалсан шүүхийн тогтоол, шийдвэрүүдийн хуулбарыг Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын архиваас гаргуулан авч нэхэмжлэлд хавсаргасан.
Энэ бүх тогтоол шийдвэрүүдээр надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах бүртээ эрүүгийн хуульд заасан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар ял сонсгож цагдан хорьж, өөр арга хэмжээ авахдаа зүйлчлэлийг хөнгөрүүлж байсан ... хэрэв надад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан ял сонсгоогүй бол би цагдан хоригдож бие махбодь сэтгэл, санаагаараа хохирохгүй байх байсан. Намайг хоригдож байх хугацаанд /2010.07.27-2010.12.20/ мөрдөн байцаагч надтай хамт энэ хэрэгт шалгагдаж байсан .Бямбадорж,,,, нарыг тухайн хэрэгт холбоотой, хийсэн хэргээ хүлээ, хамтрагч нараа энэ хэрэгт яг яаж оролцсон гэдгийг хэлэх юм бол батлан даалтанд гаргана гэх зэргээр тэдний эсрэг мэдүүлэг өгөхийг байнга тулган шаардаж байсан боловч би өмгөөлөгчгүйгээр байцаалт өгдөггүй байсан.
Анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн дэслэгч ******* надад 2010.04.01-ний өдөр анх Эрүүгийн хуулийн 233-р зүйлийн 233.1-д зааснаар тоот эрүүгийн хэргийг үүсгэсэн байдаг ба үүнээс хойш намайг бүтэн 4 жил 10 хоног эрүүгийн хуулийн 148-р зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, зүйлчлэлийг хүндрүүлэхдээ нийт 471 хоног цагдан хорьж, хөнгөрүүлэхдээ батлан даалтанд гаргаж явсаар 2014.05.10-ны өдөр анх эрүүгийн хэрэг үүсгэж байсан зүйл ангиар ял сонсгож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Анхнаасаа надад эрүүгийн хэрэг үүсгэсэн Эрүүгийн хуулийн 233-р зүйлээр ял сонсгосон нь зөв байсныг бүтэн 4 жил 10 хоногийн дараа прокурор олж тогтоосонд маш их харамсаж байна. ... эхний удаа хоригдохдоо маш их турж, сэтгэл санаагаар унасан учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, удаан хугацаагаар цагдан хоригдсоноос болж миний бие одоо удаан зогсож чадахгүй, нуруу өвддөг болсон, биеийн эрүүл мэндийн байдлаа зовиуртай байдаг учир байнга эмнэлэгт үзүүлж байгаа. ... Би тухайн хэрэгт шалгагдаж байх үед “Монгол Алтан тос” ХХК-нд хангамжийн менежерээр ажиллаж байгаад ажлаас халагдсан./2013.02.28-нд цагдан хоригдсон. Иймд ажилгүй байсан үеийн цалингаа нэмж нэхэмжилж байна. Надад Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.3, 148.4-д зааснаар ял сонсгоогүй бол мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид намайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хуульд заасан үндэслэл байхгүй байх байсан, намайг цагдан хорьсон, сулласан шүүхийн тогтоол шийдвэрүүд, надад сонсгож байсан ялыг хүндрүүлж хөнгөрүүлж байсан нөхцөл байдлуудаас харахад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг намайг эрүүдэн шүүх арга хэрэгсэл болгон хэрэглэж байсан.
Намайг болон бусдыг маань айлган сүрдүүлж, миний бие махбодь сэтгэл санааг хүчтэй шаналган зовоож надтай хамт шалгагдаж байсан хүмүүсээс болон надад бусдыгаа хэрэгт холбогдуулсан мэдээ, мэдүүлэг авах зорилгоор надад Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэрэгт заасан ял сонсгож, үүнийгээ үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байсан нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388-р зүйлийн 388.1, 389.2.3-д заасан үндэслэлээр энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нийт 471 хоног хоригдсоны хохирол, нөхөн төлбөр 63,498,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 5,000,000 төгрөг, эргэлт уулзалтын зардал 8,850,000 төгрөг, гадуур байцаагдаж байх хугацааны зардал 9,920,000 төгрөг, эмчилгээний зардал 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг, баримт материалын бүрдүүлэлтийн зардал 126,000 төгрөг, авах ёстой байсан цалин орлого 11,600,000 нийт 131,694,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс прокурор ******* оролцсон бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... *******т холбогдох хэргийн материалтай танилцахад тэрээр нийт 471 хоног цагдан хоригдсон байдаг, энэ хугацаа бол цагдан хоригдож байгаа хүний хувьд богино хугацаа биш бүтэн жил дамнаад цагдан хоригдож, байцаагдсан байдаг. Нэхэмжлэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулж цагдан хорьсон байдаг боловч энэ хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нотлогдоогүй хэрэг дээр энэ хүн маань 471 хоног цагдан хоригдсон нь хэргийн материалаас харагдаж байна. Өмгөөлөлийн хөлс 5 сая төгрөг төлсөн байдаг боловч энэ мөнгийг дан ганц 148 дугаар зүйлд заасан хэрэгтээ аваагүй өөр давхар шалгагдаж байсан 233 дугаар зүйлд заасан гэмт хэрэгтээ мөн авсан. Тиймээс энэ 5 сая төгрөгийн нэхэмжлэлийг ялгаж зааглаж ойлгох хэрэгтэй юм. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зааснаар шууд бус зардлыг төр хариуцахгүй тул нотлох баримт бүрдүүлэх, эргэлт уулзалтын зардал, гадуур байх хугацааны зардлыг гаргуулах үндэслэлгүй байна. Эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна, хүн 471 хоног цагдан хоригдсоноор ямар нэгэн байдлаар эрүүл мэндээр хохирох нь тодорхой юм. Сэтгэл санааны хохиролд 30 сая төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа, яаж хохирсон байгааг шүүх анхаарах хэрэгтэй. Авах ёстой цалин нэхэмжилж байгаа боловч ажиллаж байсан талаар нийгмийн даатгалын дэвтэр байхгүй, хүн амын орлогын албан татвар төлж байсан талаар баримт зэрэг байхгүй байна, ажилд томилсон тушаалыг шууд нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна. Нэгэнт 471 хоног хууль бусаар цагдан хоригдсон учир хохирлыг хэрхэн гаргах вэ гэдэг асуудал гарна. Прокурорын зүгээс үндсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хэрэг байсан. Энэ хэрэг дээрээ ямар нэгэн байдлаар хохирсон асуудал яригдаагүй. Гэхдээ энэ хүнийг 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах гээд цагдан хорьж байгаад нотолж чадаагүй учир хэрэгсэхгүй болгосон. Иймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт хамаарч байгаа тул хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан хохирол 131,694,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлбол Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчийн 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор *******ыг хуурамч бичиг баримт үйлдэн хөрөнгийн биржээр зарж 1,269,029 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд уг дугаартай эрүүгийн хэргийг мөн дүүргийн Цандаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолоор түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн эрүүгийн дугаар хэрэгт нэгтгэжээ.
Ингээд 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр түүнийг бусадтай бүлэглэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн 20 хүний хувьцааны мөнгийг авч ашигласан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 137/8 дугаартай захирамжаар *******ыг хэрэгт холбогдсон, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор яллагдагчаар цагдан хорьсон байна. 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр сонсгосон ялыг өөрчилж, хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзэж цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дээрх үйлдэлд нь сонсгосон ялыг дахин өөрчилж, хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаад мөн дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хэрэгт холбогдсон, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд гаргажээ.
Энэ хугацаанд ******* нь нийт 471 хоног цагдан хоригдсон байх бөгөөд цагдан хорисон шүүгчийн захирамж, тогтоолоос үзэхэд хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр цагдан хорьж байсан байна. Гэтэл 2014 онд мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийг удирдлага болгон *******т урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг өөрчилөн мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан ялыг хэвээр үлдээх саналыг гаргаж, ял өөрчлөн байцаалт явуулж улмаар түүнд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1530 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “ ... надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах бүртээ эрүүгийн хуульд заасан хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар ял сонсгож цагдан хорьж, өөр арга хэмжээ авахдаа зүйлчлэлийг хөнгөрүүлж байсан ... хэрэв надад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан ял сонсгоогүй бол би цагдан хоригдож бие махбодь сэтгэл, санаагаараа хохирохгүй байх байсан ... “ гэжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр байх бөгөөд *******ыг цагдан хорих үндэслэл болсон Эрүүгийн хуульд заасан хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийг удирдлага болгон сонсгосон ялыг хөнгөрүүлж, өөрчилсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Яллагдагч гэм буруутай эсэхийг нотлох үүргийг улсын яллагч хүлээхээр, шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх талаар хуульд заасан бөгөөд 2010 оны 04 дүгээр сараас 2014 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа явуулж, 471 хоног цагдан хорьсон боловч хэргийн байдлыг бүрэн нотолж чадаагүй улмаар хүндэвтэр хэрэгт нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдож байх тул үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйл, 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр, мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5, 391.1 дэх хэсэгт зааснаар олох байсан орлого, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс, сэтгэл санааны хохирол зэргийг шаардах эрхтэй.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг үндэслэн *******ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шаардлагадаа 471 хоног цагдан хоригдсоны хохирол 63,498,000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 5,000,000 төгрөг, эргэлт уулзалтын зардал 8,850,000 төгрөг, гадуур байцаагдаж байх хугацааны зардал 9,920,000 төгрөг, эмчилгээний зардал 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг, баримт материал бүрдүүлэлтийн зардал 126,000 төгрөг, авах ёстой байсан цалин 11,600,000 төгрөг нэхэмжилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас *******ыг хууль бусаар цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх зарчмыг үндэслэн цагдан хоригдсон хоногийг тэнцүүлж хохиролд тооцож гаргуулах боломжтой гэж үзэв. Хохирлыг 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 207 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөгөөр тооцож 22,356,000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 185 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,000 төгрөгөөр тооцож 25,974,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 15,168,000 төгрөгөөр тооцож нийт 63,498,000 төгрөг гэж тогтоов.
******* нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авах гэрээг 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, өмгөөлөлийн хөлсөнд 1,000,000 төгрөгийг, өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авах гэрээг 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулж 1,500,000 төгрөгийг, өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авах гэрээг 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 төгрөгийг тус тус төлсөн нь хавтаст хэргийн 42-43, 59-60 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5 дахь хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцож нөхөн төлнө гэж заасан тул нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 5,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Мөн цагдан хоригдсоноос үүдэн биеийн эрүүл мэндийн байдал муудсан тул хэвтэн эмчлүүлж байсан гэсэн түүний тайлбар, эмнэлэгт үзүүлж байсан талаар баримтууд /хх-ийн 58 дугаар хуудас/ болон удаан хугацаагаар цагдан хоригдсон бодит нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 228 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эмчилгээний зардал нийт 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.”, 391.2 дах хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирлын хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуульд заасан журмаар тодорхойлно.” гэж заасан ба нэхэмжлэгч *******ын сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн сэтгэл санаа чухам ямар байдлаар хямарсан, өөрчлөлт орсон, хохирол учирсан нь хангалттай нотлогдохгүй байх боловч шүүх түүнийг Эрүүгийн хуульд заасан онц хүнд, хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож 4 жил гаруй хугацаанд шалгагдаж, үүнээс 471 хоногт нь цагдан хоригдсон бодит нөхцөл байдлыг харгалзан сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь эргэлт уулзалтын зардал 8,850,000 төгрөг, гадуур байцаагдаж байх үеийн зардал 9,920,000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 126,000 төгрөг, авах ёстой цалин 11,600,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1 дэх хэсэгт зааснаар хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны нь үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр тэтгэмж, шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон, түүнчлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан торгууль, иргэнээр төлүүлсэн байцаан шийтгэх ажиллагааны болон бусад зардал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хохиролд тооцож төрөөс нөхөн төлөхөөр заасан ба мөн хуулийн “Хууль бус ажиллагаатай холбогдож гарсан шууд бус хохирлыг төр хариуцахгүй” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь эргэлт уулзалтын зардал болон гадуур байцаагдаж байсан үеийн зардал нэхэмжилсэн боловч эдгээр шаардлагатайгаа холбоотой баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар ирүүлээгүй байна. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсан дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн лавлагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр цагдан хоригдож байх хугацаандаа нийт 30 удаа эргэлт, уулзалт авч байсан гэсэн боловч хэдэн төгрөгийн зардал гарсан, ямар хэмжээний хохирол учирсан талаар баримт байхгүй байна.
Мөн тэрээр “Монгол-Алтан тос” ХХК-нд ажиллаж байгаад гэмт хэрэгт холбогдсон шалтгаанаар ажлаас халагдсан тул авах ёстой байсан цалин 11,600,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Хавтаст хэрэгт түүний дээрх байгууллагад орсон, гарсан талаар тушаалын хуулбар авагдсан боловч дээрхи байгууллагад ажиллаж, зохих журмын дагуу хүн амын болон Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, хэдэн төгрөгийн цалин авч байсан эсэх талаар баримт хэрэгт байхгүй байх бөгөөд дан ганц тушаалыг үндэслэн түүнийг тухайн байгууллагад ажиллаж байсан, нэхэмжлэлд заасан хэмжээний цалин авч байсныг тогтоох боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой гарсан зардал нь шууд бус хохиролд хамаарч байх тул мөн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр цагдан хоригдсон хугацааны хохирол 63,498,000 төгрөг, өмгөөлөлийн хөлс 5,000,000 төгрөг, эмчилгээний зардал 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,500,000 төгрөг нийт 72,498,000 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 57,996,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 72,498,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 59,196,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119. 3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
М.ОЮУНЦЭЦЭГ