Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 152/2023/00455

 

 

 

                       

                                               

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Б-ийн,

Хариуцагч: УАЗДТГт холбогдох,

УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б\24 дүгээр тушаал гаргасан. Энэхүү тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгохоор Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хорооны 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлээр Ш.Бийг ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа тул аймгийн ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны Б\24 дүгээр тушаалыг хүчингүй болгох, Ш.Бийг ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 02 дугаар сарын 07-нд өгсөн мэдэгдэл хүчингүй гэснийг ЗДТГрын дарга Г.Бийн итгэмжлэлтэй А.Ариунтуяа, ажилтан Ш.Б нар харилцан тохиролцож маргааныг шийдвэрлэсэн. Иймд дүрмийн 7.1.6-д заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 28-ны дотор хэрэгжүүлэхийг ажил олгогчид даалгасан. ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б\38 дугаар тушаалаар ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б\24 дүгээр тушаалыг хүчингүй болгосон боловч ажилд эгүүлэн тогтоогоогүй учраас хорооны шийдвэрийг бүрэн хэрэгжсэн гэж үзэхгүй байна. Иймд үндэслэлгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан Аймгийн ЗДТГрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б\24 дүгээр тушаалыг хүчингүй болгож ЗДТГрын нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. УА ЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г. Болор-Эрдэнэ нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 80.4-д зааснаар “ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байтал мэдэгдэл өгөөгүй. Иймд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн учраас Аймгийн ЗДТГрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч УА ЗДТГрын дарга Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Энэхүү бүтэц, орон тоогоор нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоо хасагдсан тул Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэрийг гаргасан. Тушаалын төсөл боловсруулагдахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх заалт болох “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр бичигдэх байсан боловч бичвэрийн алдаа гаргаж, хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дахь заалтаар бичигдсэн байх тул өмнөх тушаалд өөрчлөлт оруулж бичвэр, техникийн алдааг засаж тушаалыг өөрчлөн гаргасан болно. Орон тооны бүтцэд өөрчлөлт орж , ажлын байр байхгүй болсон ба 2023 оны ЗДТГ-ын цалингийн санд төсөв нь хасагдаж батлагдсан болно” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“Ш.Бийг ажлаас халсан 2 тушаал гарсан ба анхан шатны шүүх 152 дугаар шийдвэрээр Ш.Бийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие давж заалдах гомдол гаргаж, УА Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар магадлалаар магадлалын үндэслэх хэсгийн 7-д Хэрэгт тогтоогдсон  үйл баримтуудаас үзвэл хариуцагч  УА ЗДТГрын дарга Г.Б 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал болон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Ш.Бийг жолоочийн ажлаас чөлөөлөхдөө түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дуусгавар болгохоор заасан байх тул ажилтан Ш.Бийн хөдөлмөрлөх эрх  2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс зөрчигдсөн гэж  үзэхээр байна гэж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд  Ш.Бийн УАЗДТГт холбогдуулан гаргасан  “УА ЗДТГрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэг шаардлагатай хоёр  иргэний хэрэгт  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон ба уг иргэний хэргүүдийг нэгтгэж нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь хэргийг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж дүгнэв гэж тус тус дурдсан. Энэхүү магадлалд хяналтын гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Анх 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг гаргахдаа Тамгын газрын бичиг хэргийн ажилтан Ариунтуяа бичвэр техникийн алдаа гаргаж, Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй зүйл, заалтыг баримталсан байна гэдгээ хэлсэн, үүнийг Г.Б дарга хүлээн зөвшөөрч гаргасан тушаалаа хүчингүй болгож Б/40 дүгээр тушаалыг гаргасан. Ингэхдээ мөн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тасалбар болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий тушаалуудын үндэслэл нь бүтэц, орон тоо цөөрсөн учраас гэдгийг дурдсан. УА Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар бүтэц орон тоог баталсан. Ингэхдээ жолоочийн орон тоог 4 болгож цөөрүүлсэн. Уг захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн  15.2.6.байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох гэж заасныг баримталсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Бийн гаргаж өгсөн баримтын 85-р талд өмнөх оны жилийн эцсийн гүйцэтгэл 769,139,620 төгрөг батлагдаж байснаас дараа онд нь 735,887,113 төгрөг батлагдаж 34 сая төгрөгөөр багассан үзүүлэлт харагдаж байна. Ш.Б би бусад жолооч нараас юугаараа дутуу юм бэ гэж байна. Тамгын газар хурал хийж жолооч нараас сонгон шалгаруулалт хийе гэхэд Ш.Б та нар жолооч нарыг хооронд нь маргалдуулах гэж байна, сонгон шагалруулалт хийхгүй гэж хэлсэн, бусад жолооч нар ч сонгон шалгаруулалт хийхгүйгээр ажил олгогч өөрөө шийдвэрээ гаргах байх гэсэн байдлаар хандсан байдаг. Тэр үед Ш.Б Тамгын газарт ашиглагдаж байсан ачааны машины жолооч байсан. Тэр машин эвдрээд жил орчим ажиллаагүй, сүүлд Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газарт шилжүүлж, Ш.Б барих машингүй болсон. Хэмнэлтийн хууль гарсантай холбогдуулан төсөв 10 хувиар хасагдаж төсөвлөгдсөн нь хүн бүрт тодорхой байна. Засгийн газрын 388 дугаар тогтоолын 6-д Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээ (цэвэрлэгээ, харуул хамгаалалт, төвлөрсөн бус халаалт, хоол үйлдвэрлэл, бүх төрлийн засвар, автомашины үйлчилгээ)-г гүйцэтгэж байгаа ажилчдыг сайн дурын үндсэн дээр өөрсдийнх нь санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчит компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай гэж заасан. Сангийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 4-3/725 дүгээр албан бичгээр Засгийн газрын 203, 204 дүгээр тогтоолуудын хүрээнд ажиллахыг даалгасан. Ш.Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “2023 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод сургалтад хамрагдах болсон тул Ш.Бийн нэхэмжлэлтэй, УА ЗДТГ-ын даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох иргэний хэргийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр дамжуулан оролцохыг мэдэгдье” гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэл, УА ЗДТГрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын хуулбар, Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Ш.Бийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 79 дүгээр тогтоол, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04/1262 дүгээр албан бичиг, Монгол Улсын Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02/286 дүгээр албан бичиг, УА ЗДТГрын  даргын 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалын хуулбар, Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн 81-84, 86, 96-100 дугаар хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчийн зүгээс УА ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын хуулбар, УА Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 13/04 дүгээр тогтоолын хуулбар, нэгдүгээр хавсралтын хамт, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт №20230411090353054742, Төрийн үйлчилгээний ажилчдыг аж ахуйн ажилтанд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн протокол, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ш.Бөд хүргүүлсэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл, УА ЗДТГрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, УА ЗДТГрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 дугаар тушаал, нэг, хоёрдугаар хавсралтын хамт, жолооч Эрдэнэцогтын гар бичвэр, гар бичвэр, гар бичвэр, жолооч Б.Өлзийбаярын гар бичвэр, гар бичвэр, Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай УА Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаал, нэг, хоёрдугаар хавсралтын хамт, Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/2053 дугаар албан бичгийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд хандаж УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Нэхэмжлэгч Ш.Б нь дээрх маргаан бүхий шийдвэрүүдэд холбогдох маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, шийдвэрлүүлсэн бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсон тул шүүхэд ханджээ. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр төлөөлүүлэн оролцох хүсэлт гаргасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

4.1. УА Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлээр ажил олгогчийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Г.Б дээрх шийдвэрийг огт биелүүлээгүй бөгөөд тушаалаа шинэчилж, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг гаргахдаа надад мэдэгдэл өгөөгүй.

4.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримталсан. Дээрх заалт нь ажилтан мэргэжил, ур чадварын хувьд  ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үед хэрэглэгдэх ёстой. Миний бие аймгийн ЗДТГарт ажиллаж байгаа жолооч нараас хамгийн олон жил ажилласан буюу 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Тус газарт надаас өөр B,C,D ангилалтай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй жолооч байхгүй. Сонгон шалгаруулалт явуулахгүйгээр намайг шууд нэр заан халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.1.үл ялгаварлан гадуурхах, 5.1.7.шударга бус үйлдлийг хориглох гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

4.3. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр надад мэдэгдэл өгөхдөө хүчингүй болсон хуулийн заалт баримтлан ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн. Иймд дээрх мэдэгдлийг хуульд нийцэхгүй.

4.4. Хариуцагч Г.Б орон тоо цөөрөх болон орон тоо хасагдах гэдэг нь ялгаатай ойлголт гэдгийг ойлгохгүй байна. Энэ тохиолдолд орон тоо хасагдаагүй, цөөрсөн байхад орон тоо хасагдсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу орон тоог хассан гэх боловч Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн байгууллагын үр ашиггүй зардал, худалдан авалтыг хэмнэх зорилготой болохоос орон тоо хасах тухай байгаагүй. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн аудитын тайлангаар 2022 онд аймгийн ЗДТГрын төсөв хасагдсан бус батлагдсан төсвөөс бага гүйцэтгэлтэй гарсан болох нь харагдаж байна гэв.

            5. Хариуцагч УА ЗДТГрын дарга Г.Б, түүний өмгөөлөгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

            5.1. Төрийн албаны зөвлөл, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, чиг үүрэг, бүтэц, орон тооны давхардлыг арилгах, үрэлгэн байдлыг хязгаарлах тухай чиглэл ирсэн. Мөн аймгийн ЗДТГрын төсөв хасагдсан учраас аймгийн ЗДТГрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, жолоочийн орон тоог цөөрүүлсэн. Мөн жолооч Ш.Б нь аймгийн ЗДТГрын эзэмшлийн ачааны машиныг жолооддог байсан бөгөөд дээрх ачааны машин нь эвдэрсний улмаас Ш.Б сүүлийн 2 жил ажил хийгээгүй, барих машингүй болсон. Иймд Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

            5.2. Аймгийн ЗДТГрын даргын зүгээс жолооч нартай уулзаж, сонгон шалгаруулалт явуулах тухай ярихад нэхэмжлэгч Ш.Б нь өөрөө сонгон шалгаруулалт явуулахыг эсэргүүцсэн.

            5.3. Аймгийн ЗДТГрын Хүний нөөцийн мэргэжилтэн А.Ариунтуяа 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг гаргахдаа техникийн алдаа гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг бичихдээ 80.1.2 дахь заалт гэж бичсэн тул хариуцагчийн зүгээс дээрх алдаагаа хүлээн зөвшөөрч, шийдвэрийн техникийн алдаагаа засах эрхийн хүрээнд дээрх 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг гаргасан. Хариуцагчийн зүгээс бүтэц, орон тоо шинэчлэгдсэний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ш.Бөд хүргүүлсэн бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг гаргахдаа 2032 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын техникийн алдааг засаж гаргасан тул дахин мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй юм.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч Ш.Б нь 2009 оны 01 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд УАЗДТГт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд тус лавлагаа нь цаасан баримт бичгийн нэгэн адил, хугацаагүй хүчинтэй байна.

6.2. Хариуцагч УА ЗДТГраас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн цуцалжээ. Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дугаар заалт, 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэг, аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжийг тус тус үндэслэн гаргасан байна. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба хариуцагч УАЗДТГ буюу ажил олгогчийн төлөөлөгч А.Ариунтуяа нь Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанд оролцохдоо Ш.Бөд Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг баримтлан мэдэгдэл хүргүүлсэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдэгээ хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ[1]. Улмаар Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр УА ЗДТГрын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажил олгогч буюу УАЗДТГт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хэрэгжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ. Дээрх Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрт ажил олгогч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь  хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ба дээрх шийдвэр нь хүчин төгөлдөр байна.

6.3. Хариуцагчийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б/38 дугаар тушаал гаргаж, маргаан бүхий аймгийн ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/23, Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч Ш.Бийг өмнө эрхэлж байсан жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээгээгүй байх бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг гаргаж, нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цуцалжээ. Тодруулбал,  хариуцагч УА ЗДТГрын дарга Г.Б нь УА Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж, нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг өөрөө хүчингүй болгож, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалыг гаргасан байх бөгөөд дээрх Б/38 дугаар тушаал үйлчилж эхэлснээр УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон буюу эрх зүйн үр дагаваргүй болсон боловч нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгүй байна. 

6.4. Хариуцагчийн зүгээс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын бичвэрийн алдааг засварлаж 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай Б/40 дүгээр тушаалыг гаргасан гэх ба нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалд холбогдуулан УА Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба Улаангом сумын хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэгч Ш.Б УА ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч УА ЗДТГрын дарга Г.Б, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа өмнөх 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалын бичвэрийн алдааг засварлаж 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг шинэчлэн гаргасан гэж тайлбарладаг бөгөөд тус тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг дурджээ. Хэдийгээр төрийн байгууллага, албан тушаалтан эрх зүйн актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг тухайн шийдвэрийн үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр засварлах эрхтэй боловч энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс маргаан бүхий эрх зүйн актын үндэслэлийг эрх бүхий байгууллагаас шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа буюу Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо ажилтан Ш.Бийн гомдлоор УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэсний дараа дээрх тушаалын эрх зүйн үндэслэлийг өөрчлөн засварласан байх бөгөөд үүний улмаас тухайн актын үндсэн зохицуулалтыг тодорхойлж байгаа эрх зүйн үндэслэл өөрчлөгдсөн байна. Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд нь тус бүрдээ эрх зүйн ялгаатай үр дагаварыг үүсгэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг баримтлан шийдвэр гаргаж, тухайн шийдвэр нь эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсоны дараа эрх зүйн актын илэрхий алдааг завсарлах нэрийдлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд тус мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай заажээ. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Хамтын гэрээг дагаж мөрдөх” тухай зохицуулсан байх бөгөөд тус зүйлд 40.5 дахь хэсэг тусгагдаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан “ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэл өгөх тухай зохицуулалт” нь ажил олгогчийн шийдвэрийн талаар ажилтанд үнэн бодитой мэдээлэл өгөх, тухайн шийдвэрийн улмаас ажилтанд учирч болох сөрөг үр дагаварыг бууруулах, ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр гарсны дараагийн үе шатанд бэлтгэх хугацаа олгох зорилготой ба энэ тохиолдолд ажил олгогч нь нэхэмжлэгч Ш.Бөд түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэл өгөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй зүйл, заалтаар мэдэгдэл өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. Иймд дээрх мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийн зорилгод нийцэхгүй байх тул ажил олгогчийг нэхэмжлэгч Ш.Бөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй.

6.5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “жолоочийн орон тоо хасагдсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ тохиолдолд УА ЗДТГрын бүтцээс жолоочийн орон тоо хасагдаагүй, гагцхүү УА Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоож, жолоочийн орон тоо цөөрсөн үйл баримт тогтоогдож байна. Иймд орон тоо хасагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Ш.Б нь тус газрын эзэмшилд байсан ачааны машиныг жолооддог байсан, тус автобус эвдэрсэн тул нэхэмжлэгч нь сүүлийн 2 жилийн хугацаанд ажил хийгээгүй, барих машингүй болсон тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан гэх тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч Ш.Бийг ачааны машины жолоочоор томилсон гэх үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн “миний бие анх ажилд томилогдохдоо автобусны жолоочоор томилогдоогүй, зөвхөн жолооч гэх ажлын байранд томилогдсон, жолооч нарт тээврийн хэрэгслийг хуваарилан эзэмшүүлсэн шийдвэр байхгүй” гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй. Иймд энэ тохиолдолд тус байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн, ажиллагаагүй болсон, өөр байгууллагын эзэмшилд балансаас балансад шилжүүлсэн зэрэг нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй.

6.6. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс УА ЗДТГрын бүтэц, орон тоо шинэчлэгдэж, жолоочийн орон тоо цөөрсөн учраас жолооч нарын дунд сонгон шалгаруулалт явуулах гэсэн боловч нэхэмжлэгч Ш.Б эсэргүүцсэн тул жолооч нараас өөрсдөөс нь саналыг нь авсан гэх тайлбар гаргаж, жолооч нарын санал гэх гар бичвэрүүдийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд тус газарт ажиллаж байгаа жолооч нараас ямар болзол, шалгуурт үндэслэн нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь тодорхойгүй байна. УАЗДТГ нь улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллага болохын хувьд үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны үндсэн болон тусгай зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөх учиртай. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд УАЗДТГ нь бүтэц, орон тооны өөрчлөлтийн улмаас орон тоо цөөрсөн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа тодорхой болзол, шалгуурт үндэслэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ш.Бийн тухайд түүний төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан 5 гар бичвэрийн тухайд нэр хаяг тодорхойгүй, хэзээ, хэрхэн бэхжүүлэгдсэн болох нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

6.7. Хариуцагчийн зүгээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлан, хуулийн хэрэгжилтийг хангах тухай Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн Албаны Зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүдэд үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар аймгийн ЗДТГрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосноор жолоочийн орон тоо цөөрсөн тул нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. Төрийн байгууллага хууль тогтоомжийн биелэлтийг хангаж, шатлан захирах ёсыг баримтлан дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй боловч төсвийн үрэлгэн байдлыг багасгах, хэмнэлт хийх, үр ашиггүй худалдан авалт хийхгүй байх тухай зөвлөмж, чиглэл нь ажилтны хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдах үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тодруулбал, төрийн байгууллага өөрийн дотоод зохион байгуулалт, бүтцийг шинэчлэн тогтоож, орон тоо хасагдаж, цөөрсөн тохиолдолд ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй боловч ийнхүү ажилтны хөдөлмөрлэх эрхэд халдсан шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх ёстой. Гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгч Ш.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай УА ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаал нь дээрх шаардлагад нийцээгүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас УА ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч УАЗДТГт холбогдох, тус газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах болон 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд дараах ялгаатай үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. Тодруулбал, УА Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тус хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуацагч УА ЗДТГрын дарга 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар дээрх маргаан бүхий 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаал эрх зүйн үр дагаваргүй болсон нь тогтоогдсон. Харин УА ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай ажилтан Ш.Бийн гомдлын тухайд УА Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос ажилтны гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тухай тэмдэглэл үйлджээ. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол ажилтны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бол Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос маргааныг хянан шийдвэрлэж, тус шийдвэрийг ажил олгогчийн зүгээс биелүүлээгүй тохиолдолд ажилтны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх хэсэгт заасан гомдлыг шүүхэд гаргах тухай ялгамжтай эрх зүйн үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ш.Б нь УА Улаангом сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос түүний гомдлын дагуу УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тус хорооны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад шүүхэд хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй тухай гомдол бус УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх үндэслэлээр УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УА ЗДТГраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 дүгээр дансанд оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

ИХШХШтХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116 , 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ИХШХШТХуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлан УА ЗДТГрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Бийг өмнө эрхэлж байсан УА ЗДТГрын жолоочийн ажлын байранд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх УА ЗДТГрын даргын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Б нь шүүхээс эрх зүйн маргааны хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УА ЗДТГраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 дүгээр дансанд оруулсугай.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор УА эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Я.УРНАА

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 08 дугаар тал