Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2015/01243

 

2015.12.04                    №1243

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2015/01084/И
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, 
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******,*******,*******, 2а байр         51 тоотод оршин суух *******-ийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай            19 дүгээр сургуульд холбогдох 
Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “ ... Миний бие 2014 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг Нийгмийн Ухааны багш мэргэжлээр төгсч улмаар 2014 оны 09 дүгээр сард *******     “Нийгмийн ажилтан”-аар ажилд орсон. Ажиллаад 1 жил болж, сургуулийн  2 сарын амралт эхэлсэн. Амралт дуусч 8 дугаар сард ажилдаа эргээд орох гэсэн боловч ажлаас халсан тушаал гаргасан байсан. Би ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй, ажиллаж байх хугацаандаа миний бие ямар нэгэн сахилгын арга хэмжээ, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мэргэжил ур чадварын хувьд намайг ажилдаа тэнцэхгүй учраас ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Учир нь энэ хугацаанд миний ажлыг нэг ч удаа шалгаж байгаагүй, энэ талаар надад мэдэгдэж байгаагүй. Хавтаст хэрэгт   2014-2015 оны хичээлийн жилийн ажлыг дүгнэсэн үнэлгээний хуудас нь хуурамч гэж үзэж байна. Учир нь энэ үнэлгээг гаргасан Д.Батдэлгэр багшаас асуухад би тийм үнэлгээ гаргаагүй гэж хэлж байсан. Сургуулийн захиргаа надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй, зуны амралт дуусаад ажилдаа орохоор иртэл халсан байсан. Иймд намайг ажлаас халсан сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,554,327 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэн ******* нь анх 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуулийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39/1 тоот тушаалаар халагдсан тул гэнэт халагдсаны мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 39/1 тоот тушаалыг сургуулийн захиргааны тушаалуудаас шүүж үзэхэд 39/1 тоот тушаал гаргаагүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн ******* нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 19-р сургуулийн захиргааны 15 тоот тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Иргэн *******г гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 19-р сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 19 тоот тушаалаар нийгмийн ажилтнаар авч ажиллуулсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Сургуулийн захиргаа *******д сард 578,000 төгрөгөөр      2014 оны 09 дүгээр сараас 2014 оны 12 дугаар  сарын 22-ныг хүртэл 3 сар 21 хоног ажиллуулж сургуулийн захиргааны ажил дүгнэх хяналтын комиссын гишүүд, багш ажилтнуудын ажлын тайлан, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан 172/592 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу ажлын комиссын 7 гишүүний дүгнэлтээр *******,,,,, нартай шинэ хичээлийн жилд хөдөлмөрийн гэрээ хийхгүй болохыг албан ёсоор хамт олны өмнө мэдэгдсэн. 5-6 багш ажилтан мэргэжил ур чадварын хувьд эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй дүгнэлт гарч захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Иргэн ******* нь ажлын дадлага туршлагагүй, хичээлийг оромдон чанаргүй заах, сурагчдаар ном хуулуулах, ажилдаа хайнга ханддаг, идэвхи зүтгэлгүй, сургуулийн удирдах ажилтан, хяналтын комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан. Дээрх дутагдлын улмаас ажлын шаардлага хангахгүй, ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Иргэн ******* нь дутагдлаа хүлээн зөвшөөрч би залуу хүн хөдөлмөрийн гараагаа танай сургуулиас эхэлсэн би цалингүй ч гэсэн цагийн багшаар хавар хүртэл   2015 оны 06 дугаар сар хүртэл ажиллуулж өгөөч гэж удаа дараа гуйж хүсэлт гаргаж байсан. Удирдах ажилтан, нар хугацаа зааж ажиллуулж өгч, залуу хүнд итгэл үзүүлье гэсэн хүсэлт гаргаж байсан. Ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй 5-6 багш, ажилтан нар ч хүсэлт гаргаж 2015 оны 6-р сар хүртэл ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Сургуулийн захирал ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, журмын дагуу ажлаа үнэлүүлж 70 хувиас дээш үнэлгээ аваагүй, хангалтгүй үнэлгээ авбал 2015 оны 06 дугаар сард хичээлийн шинэ жил дуусахад шинээр хөдөлмөрийн гэрээ хийх боломжгүй шүү гэдгийг анхааруулж, өөрөө зөвшөөрч      6-р сар хүртэл ажиллахаар болсон байна. Дээрх хүмүүсийн хүсэлтийг зөвшөөрч 6-р сар хүртэл ажиллуулахаар харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлөгдөх нь бид цаашид ажил хийхэд, сургууль албан байгууллага авахгүй учир Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тушаал гаргуулахаар харилцан тохиролцсоны дагуу 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 15 тоот тушаалаар чөлөөлөгдсөн байна. Нийгмийн ажилтан ******* нь 2015 оны 6 дугаар сард ажлын тайлан гаргаж өгөөгүй, ажлаа ч дүгнүүлээгүй ажил хаяж яваад тойрох хуудас авч, тойрохоо 2015 оны      6 дугаар сард тооцоо хийвэл зохих 6 хүмүүстэй тооцоо хийж тооцоогүй гэсэн гарын үсэг зуруулж 2015 оны 08 дугаар сар хүртэл 2 сарын цалинг авч авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ... 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэсний дагуу цалинг тооцон 2 сараар олгосон нь ажил олгогчийн эрх юм. Иргэн ******* нь 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн хагас, бүтэн жилийн ажил дүгнэх хяналтын комиссын гишүүдийн дүгнэлтээр мэргэжил, ур чадварын хувьд ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажлаас чөлөөлөхөөс өмнө, ажил олгогчтой өөрийн хүсэлтээр харилцан тохиролцсон, тойрох хуудас авч тойрохоо зуруулж цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын тооцоог 2 сараар илүү авч тооцоо дуусгасан нь ажил олгогч байгууллагын тойрох хуудас, санхүүгийн баримтуудаар нотлогдож байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон гэнэт халагдсаны тэтгэмж авах хуулийн үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
    Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад                        
ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр анх шүүхэд ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэн ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг шаарджээ. 
    Нэхэмжлэгч нь ******* нь тус сургуулийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ажилд авах тухай тушаалаар нийгмийн ажилтны ажил, албан тушаалд түр хугацаагаар томилогдсон талаар түүний ажилд томилогдсон тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байх бөгөөд түүнийг мөн сургуулийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. 
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... миний хувьд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай хүсэлт, өргөдөл өгөөгүй гэтэл ажилтны санаачилгаар халах тухай хуулийн заалтыг үндэслэж ажлаас халсанд гомдолтой байна, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил, гаргалгүй ажиллаж байгаад зуны амралт дуусаад ажилдаа орох гэтэл ажлаас халсан байсан, ... миний ажлыг сургуулиас албан ёсны комисс гарч нэг ч удаа үнэлж, дүгнээгүй, энэ талаар хэрэгт байгаа баримтуудыг хуурамч гэж үзэж байна ... “ гэж, хариуцагчийн төлөөлөгч, сургуулийн захирал ******* “ .... ******* ажилдаа ямар нэгэн идэвхи зүтгэл гаргадаггүй, заах арга барилгүй, хичээлийг оромдож заадаг байсан учир түүнд энэ талаар амаар олон удаа сануулж хэлж байсан, багш ажилтны ур чадварыг дүгнэх комиссын шалгалтаар тэрээр удаа дараа хангалтгүй үнэлгээ авч байсан тул шинэ хичээлийн жил дуусахад хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэдгийг хэлж байсан, ... залуу хүн дараа нь өөр ажилд ороход нь тус нэмэртэй юм гэж бодоод өөрийнх нь хүсэлтээр халах хуулийн заалтыг баримталж тушаалаа гаргасан ... “ гэж тус тус маргажээ. 
Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
    Хариуцагч тал нэхэмжлэгч *******г ажлаас чөлөөлөх болсон үндэслэлээ мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг буюу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн заалтыг баримталжээ. 
Ажилтныг ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна ажилтныг чухам ямар үндэслэлээр ажлаас халсан, чөлөөлсөн болохыг тодорхой заасан байхыг шаарддаг бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан, чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ёстой. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ажилтан санаачилсан, ажил олгогч санаачилсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтныг ажлаас чөлөөлөх, халах үндэслэлийг тусгасан. Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байрыг орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.” гэж заасан ба ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий хүсэлт нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан, ажил олгогчийн зүй бус нөлөөлөл, шахалт, шаардлагад автаагүй байх учиртай. Нэхэмжлэгч ******* нь ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтээ хууль, Байгууллагын дотоод журам /3.11/-д заасны дагуу сургуулийн захиргаанд бичгээр мэдэгдээгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй байна. 
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд *******г ажлаа үнэлүүлээгүй, ажилдаа тэнцээгүй хангалтгүй үнэлгээ авсан тул үнэлгээний комиссын дүгнэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргав гэж тэмдэглэгдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хэрэгт байхгүй байна. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар болон,, нарын мэдүүлэгээр тус сургуульд мэргэжил, ур чадварын үнэлгээ тогтоолгох 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс байдаг талаар дурдсан боловч хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудсанд авагдсан үнэлгээний хуудсанд комиссын гишүүд оролцоогүй, тэдний нэр, гарын үсэг зурагдаагүй зөвхөн хувь этгээд дангаараа гаргасныг комиссын гишүүдийн шийдвэр гэж үзэх боломжгүй юм.
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй талаар хуулийн заалтыг хариуцагч байгууллага биелүүлээгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд *******г 6 сард амрахдаа ажлаас гарах тойрох хуудсаа зуруулсан гэж байгаа боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тойрох хуудсыг зөвхөн ажлаас халах, чөлөөлөгдөх үед бус тухайн хичээлийн жил дуусч зуны амралт эхлэх үед нийт багш ажилтнуудаар зуруулж авдаг болох тогтоогдож байна.  
Нөгөө талаар хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 23.2.3-д шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулахаар заасан бөгөөд туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байхаар тусгасан. Хариуцагч нь хуулийн дээрх заалтыг зөрчиж *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн улмаас ажилтан ажил олгогчийн өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээсэн, ямар ажил хариуцсан зэрэг нь тодорхой бус байна. Байгууллагын дотоод журмын 7.2-т ажил үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ажлаас чөлөөлөхөөр заасан боловч энэ нөхцөл байдал үүссэнийг хариуцагч бүрэн нотолж чадаагүй байна.  
Ийнхүү шүүх нэхэмжлэлийг хангаж *******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалинг 510,109 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэлд дурдсан 1,554,327 төгрөгийн хэмжээгээр хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+39,819 төгрөг/ нийт 110,019 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1., 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Манлайбаатарын Дархан-Уул аймгийн *******ийн нийгмийн ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,554,327 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн *******иас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт зааснаар *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Дархан-Уул аймгийн *******иас тэмдэгтийн хураамж нийт 110,019 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлогод тушаасугай.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш        14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ЛХАГВАСҮРЭН