Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 152/2023/00456

 

 

 

                       

                                               

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ч-ийн,

Хариуцагч: УАЗДТГарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173
төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009
төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан
хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие хариуцагч УАЗДТГарт холбогдуулан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төрийн албанд 11,3 жил ажиллаж байгаа. Гэтэл аймгийн ЗДТГрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот тушаалдаа бусад бүх албан хаагчдын нэмэгдлийг журмын дагуу нэмэгдүүлсэн боловч ганцхан миний төрийн алба хаасан хугацааны
нэмэгдлийг нэмэгдүүлэхгүй шийдвэр гаргасан байна. Засгийн газрын 2018 оны 12
дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт 10 жил /121-180 сар/ ажилласан бол 10 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Надад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлтэй учраас 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшууллыг надад олгоогүй болно. Уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00621 дугаартай тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Иймд миний бие 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны мөнгөн урамшуулал  612,024 төгрөг авах эрхтэй. Б.Ч миний бие аймгийн ЗДТГарт Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан ур чадварын нэмэгдлийг сар бүр олгохгүй байна. Миний хувьд эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Иймд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 1-12 сар, 2023 оны 1-2 сарын ур чадварын /25 хувь/ нэмэгдэлд нийт 3,894,009 төгрөг, бүгд 4,909,206 төгрөгийг УАЗДТГраас гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ч.Чимэддорж миний бие аймгийн ЗДТГрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ур чадварын нэмэгдлийг 25 хувиар авдаг байсан. Иймд эрх зүйн байдлыг дордуулж, хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. 2023 оны 3,4,5,6 дугаар сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь 193,524 төгрөг, 2023 оны 7,8,9 дүгээр сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 183,750 төгрөг, 2023 оны 3-9 дүгээр сарын ур чадварын нэмэгдэл 1,886,370 төгрөг, нийт 2,263,644 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ч нь УАЗДТГрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны Б/05 тоот тушаалаар ажлаас халагдаад, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-нд Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилогдсон. Ингэхдээ ур чадварын нэмэгдлийн 25 хувийг авч байсныг өгөхөө больсон. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад төрийн үйлчилгээний байгууллагын удирдах болон туслах албан тушаалтанд 10-25 хувийн нэмэгдлийг сар бүр олгоно гэж заасан байхад түүнийг хасаж цалин олгохоор шийдсэн нь Б.Чийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Ажилд орсны дараа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 67 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг шийтгэл оногдуулсан тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.  2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Шүүхэд маргаан үүсгээ явж байх үед 2022 оны 1, 2 дугаар улирлын урамшуулал олгосон. Сахилгын шийтгэлтэй хүнд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэснийг хүлээн зөвшөөрөөд явж байтал сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тул дээрх 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг нэмж нэхэмжилсэн. Б.Ч ажилдаа ороод ажлаа хийгээд явж байхад Г.Б 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 тоот төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тухай тушаал гаргасан. Б.Ч энэ үед төрд 11.7 жил буюу 137 сар ажилласан байсан.  Засгийн газрын 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад 11-15 жил буюу 121-180 сар ажилласан бол 10 хувиар нэмэгдүүлнэ гэж заасан. Уг тогтоолын дагуу Б.Ч төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувиар тооцуулж авах ёстой байхад түүний эрх зүйн байдлыг сөн дордуулж, 5 хувиар тооцож олгохоор шийдвэрлээд бусад төрийн үйлчилгээний албан хаагч нарт 10 хувиар бодож олгосон байсан. Иймд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэл 403,173 төгрөг, үр дүнгийн урамшуулал 2022 оны 1, 2 дугаар улирал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацаа хүртэл 3.894.009 төгрөг нэхэмжилж нийт 4.909.206 төгрөгийг нэхэмжилж байна. Би 2023 оны 10 дугаар сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2023 оны 3-9 дүгээр сарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ажиллаагүй хугацааны ур чадварын нэмэгдлийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж байна. Анх гаргасан 4.909.206 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Чийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Байгууллагын цалингийн системээс шүүж үзэхэд 2022 оны 9-12 дугаар сард төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаалын нэгдүгээр хавсралтад заасны дагуу Б.Чид төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдлийг 5 хувиар бодож сар бүрийн цалингийн тооцоолол хийж олгосон байна. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ур чадварын нэмэгдлийн тухайд хүний нөөцөөс улирлаар болон сараар хийсэн ажлын тайланг үнэлүүлж түүнийг үндэслэж олгодог. Гэтэл хүний нөөцөд Б.Чийн өгсөн ямар нэгэн тайлан болон бичгийн баримт байдаггүй. Иймд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журамд төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан. Гэтэл Б.Ч нь төрийн албан хаагчийн хувьд ажил үүргээ хангалттай сайн биелүүлдэггүй, хийсэн ажлын гүйцэтгэл, тайлангаа дээд шатны албан тушаалтанд танилцуулж, ажлын үр дүнгээ үнэлүүлж байгаагүй учраас ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болно” гэжээ.

5. Хариуцагч УАЗДТГрын дарга Г.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: “Б.Чийн гаргасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл олгуулах тухай нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ 2023 оны 3 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацааны нэмэгдэл болоод ур чадварын нэмэгдлийг нэхэмжилсэн байна. Б.Ч нь УАЗДТГрын даргын 2032 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг асуудлаар тус шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэг үүссэн бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй байна” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “2023 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж байгаа сургалтад оролцох болсон тул 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдааны ирцтэй холбоотой гаргасан саналдаа: “Хариуцагчийг төлөөлж болох мэргэжилтэн зөвхөн Э.Б биш эрх бүхий хууль зүйн хэлтсийн мэргэжилтнүүд өөр бас байгаа шүү дээ, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

8. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 67,694 төгрөг төлсөн баримт, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 621 дүгээр тогтоол, УАЗДТГрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, Д.Бд олгосон итгэмжлэл, Б.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж 40,753 төгрөг төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, УАЗДТГрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаал, Б.Чийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

9. Хариуцагчаас Ц.Зд олгосон итгэмжлэл, цагийн бүртгэл, УАЗДТГрын даргын нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрны тодорхойлолт, УАЗДТГрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, Э.Бт олгосон итгэмжлэл, УАЗДТГрын нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Чийн 2022 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг хүртэл хугацааны цалингийн карт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

10. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А.Ариунтуяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

11. Шүүхийн санаачилгаар УАЗДТГраас Б.Чийн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд эрхэлсэн ажлаа хэрхэн гүйцэтгэж байсан талаарх нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, 2022 оны 1,2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, 2021 оны 7 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2,263,644 төгрөгөөр нэмэгдүүлсэн боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2,263,644 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 4,909,206 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэсэн тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, 4,909,206 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 2023 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрийн хооронд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж байгаа сургалтад оролцох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, хавсралтаар Хууль зүй, дотоод хэргийн яам, 2023 оны 10 дугаар сарын 16, 7/5386 гэх бичгийн хуулбарыг ирүүлжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь дээрх сургалтад оролцож байгаа эсэх нь баримтаар нотлогдохгүй, тухайн сургалт нь Улаанбаатар хотод эсхүл Увс аймагт зохион байгуулагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцэх санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

4.1. Б.Ч нь 2022 оны 6 дугаар сарын байдлаар төрийн албанд 11 жил 3 сар ажилласан бөгөөд Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын дагуу албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл авах эрхтэй. Гэвч хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн цалин шинэчлэн тогтоох тухай А/52 дугаар тушаал гаргахдаа төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар тогтоосон. Иймд 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн зөрүү болох 403,173 төгрөг гаргуулах эрхтэй.

4.2. Хариуцагч УАЗДТГрын дарга нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэлтэй гэсэн үндэслэлээр 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй. Дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар магадлалаар хүчингүй болгосон. Иймд УАЗДТГрын даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/67 дугаар тушаал хүчингүй болсноор нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл хүлээгээгүй гэж үзэх тул 2022 оны 1,2 дугаар улиралд албан тушаалын сарын үндсэн цалингийн 39 хувьтай тэнцэх хэмжээний үйл ажиллагааны мөнгөн урамшуулал буюу 612,024 төгрөг авах эрхтэй.

4.3. Нэхэмжлэгч Б.Ч нь УАЗДТГрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалын дагуу албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний ур чадварын нэмэгдлийг сар бүр авч байсан. Хариуцагч УАЗДТГрын дарга нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан ба 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан УАЗДТГрын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилсон. Ийнхүү буцаан томилохдоо миний эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж, өмнө авч байсан 25 хувийн ур чадварын нэмэгдлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоогдсон тул өмнө авч байсан цалин хөлсөө авах эрхтэй. Иймд 2021 оны 7 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл 3,894,009 төгрөг гаргуулна гэв.

5. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

5.1. Нэхэмжлэгч Б.Чид 2022 оны 6 дугаар сард төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь буюу 44,797 төгрөг, 7 дугаар сард ээлжийн амралт авсан бөгөөд ажлын өдөрт ногдох 30,798 төгрөг, 8 дугаар сард ээлжийн амралт дуусгаад ажилд орсон өдөрт ногдох 11,686 төгрөг тус тус олгосон. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 хавсралтаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг баталсан. Энэхүү журмын 2 дахь хэсэгт төрийн алба хаасан хугацаанаас хамааран албан тушаалын цалингаас бодох хувь хэмжээг тогтоож өгсөн. Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2023-01-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг журамласан байна. Иймээс нэхэмжлэгчийн 2022 онд ажилласан хугацааны төрийн алба хаасан нэмэгдлийг 10 хувиар тооцоолж нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

5.2. Аймгийн ЗДТГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т “...чиг үүргийн дагуу нэгжийн төлөвлөгөө боловсруулан тухайн оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор батлуулах, 2.3-т улирал бүр төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэж тайлагнах, 2.4-т төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн ажилтнуудад журмын дагуу улирал бүр урамшуулал олгоно гэж заасан байдаг бөгөөд Б.Ч нь 2022 онд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлж, төлөвлөгөө гаргаж батлуулаагүй, 2022 оны 1,2 дугаар улирлын ажлын тайлан гаргаж өгөөгүй тул гэрээг дүгнэх боломжгүй, журамд зааснаар урамшуулал тооцогдоогүй байна.

5.3. Төрийн үйлчилгээний албан хаагчийн ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор ур чадварын нэмэгдэл олгох, ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэхээр заасан байдаг бөгөөд ажилтны ажлын үр дүн буурсан нөхцөлд ур чадварын нэмэгдлийн хэмжээг бууруулах, олгохгүй байх тухай зохицуулалттай.  Иймд Б.Ч нь удирдлагын зүгээс өгч байсан аливаа үүрэг, даалгавар, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар улирал бүр тайлагнаагүй, ажлын үр дүн буурсан тул ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч Б.Ч нь УАЗДТГрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар УАЗДТГрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн ба дээрх шийдвэрийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 152/ШШ2021/00151 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр магадлалаар тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан УАЗДТГрын Нийтлэг үйлчилгээний албаны аргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. Хариуцагч УАЗДТГраас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээж, өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоожээ.

6.2. Нэхэмжлэгч Б.Чийн 2021 оны 7 дугаар сараас 2023 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний ур чадварын нэмэгдэл нийт 3,894,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн УАЗДТГрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг шинжлэн судалбал, нэхэмжлэгч Б.Ч нь тус тушаалын дагуу тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний ур чадварын нэмэгдлийг сар бүр авч байжээ. Гэвч хариуцагч УАЗДТГрын дарга Г.Б 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг цуцалж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг сэргээсэн боловч нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнээс ур чадварын нэмэгдэл 25 хувийг хасах шийдвэр гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт “хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй, 61.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ. Талууд харилцан тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно” гэж тус тус заажээ. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан “... ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ” гэдгийг ажилтны хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд өмнө байгуулсан гэрээний нөхцөлөөр сэргэж, ажилтны гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх буюу өмнөх нөхцөлөөс дордуулаагүй байхыг ойлгоно. Гэвч хариуцагч УАЗДТГар нь нэхэмжлэгч Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сэргээхдээ түүний өмнө авч байсан цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний ур чадварын нэмэгдлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байх тул ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь УАЗДТГрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаалын дагуу авч байсан ур чадварын 25 хувийн нэмэгдлийг хариуцагч УАЗДТГраас нэхэмжлэх эрхтэй байна. Гэхдээ хэрэгт авагдсан УАЗДТГрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А/52 дугаар тушаалыг шинжлэн судалбал, хариуцагчийн зүгээс дээрх тушаалаар аймгийн ЗДТГрын ажилтнуудын цалин хөлсийг шинэчлэн тогтоосон байх бөгөөд тус тушаалаар зөвхөн нэхэмжлэгч Б.Чид ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэсэн бус тус байгууллагын төрийн үйлчилгээний бусад ажилтнуудад мөн ур чадварын нэмэгдэл олгохгүй байхаар шийдвэрлэж, тус тушаалыг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэртээ заажээ. Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох журам”-ын 2 дахь заалтад “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын төсвийн шууд захирагч шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хариуцагч УАЗДТГрын дарга нь төсвийн шууд захирагч болохын хувьд тухайн байгууллагын төрийн үйлчилгээний ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж, бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байх тул УАЗДТГрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А/52 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Ч нь 2021 оны 7 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны бус харин 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний ур чадварын нэмэгдлийг хариуцагч УАЗДТГраас гаргуулах эрхтэй байна. Нэхэмжлэгч Б.Чийн албан тушаалын сарын үндсэн цалин 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл хугацаанд 895,945 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан УАЗДТГрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А/52 дугаар тушаалаар тус тус тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийн албан тушаалын сарын үндсэн цалинг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 784,647 төгрөг гэж тодорхойлж, тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн 25 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг 196,161.75 төгрөгөөр тооцож нийт 2,550,093 төгрөг нэхэмжилсэн бол 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны албан тушаалын сарын үндсэн цалинг 895,945 төгрөг гэж тодорхойлон, дээрх хугацааны 25 хувийн ур чадварын нэмэгдэл 1,343,916 төгрөг тус тус нэхэмжилжээ. Иймд 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Б.Чид олговол зохих ур чадварын нэмэгдлийн хэмжээг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээнд буюу нэг сарын 25 хувийн ур чадварын нэмэгдлийг 196,161.75 төгрөг гэж үзэж, 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарыг дуустал 11 сарын хугацаанд ногдох ур чадварын нэмэгдэл 2,157,779.25 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

6.3. Нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд төрийн албан хаасан хугацааны нэмэгдэл 10 хувийн зөрүү 403,173 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд, хэрэгт авагдсан УАЗДТГрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн А/52 тоот тушаалаар аймгийн ЗДТГрын ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоосон байх бөгөөд тус тушаалын хоёрдугаар хавсралтаар тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны ажилтнуудын сарын үндсэн цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож, Б.Чид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 5 хувь олгохоор шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас үзвэл 2008 оны 11 дүгээр сараас нэхэмжлэгч Б.Чийн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын Их Хурал түүний цалин хөлснөөс суутган төлж байжээ. Улмаар 2013 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монгол Улсын Их Хурал, 2016 оны 7 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд УАЗДТГар нэхэмжлэгчийн цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлж байжээ. Төрийн албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохтой холбоотой харилцааг Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын дагуу зохицуулах ба тус журмын 3 дахь заалтад төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаанд дараах хугацааг оруулж тооцно: “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан албан тушаалд ажилласан хугацаа” гэж заажээ. Хэдийгээр хэрэгт Б.Чийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нотлох тушаалын баримт авагдаагүй боловч түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн нэхэмжлэгчийг дээрх хугацаанд Монгол Улсын Их Хурал, УАЗДТГар зэрэг төрийн байгууллагуудад ажиллаж, 2022 оны 6 дугаар сарын байдлаар нийт 134 сар буюу 11 жил 2 сар төрийн алба хаасан гэж үзэх үндэслэлтэй. Иймд тэрээр УАЗДТГрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар тушаал гарах үеийн байдлаар Засгийн газрын 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2 дахь заалтад заасны дагуу төрийн албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа тул албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг сар бүр авах эрхтэй байжээ (Засгийн газрын 2022 оны 491 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалтаар). Гэвч хариуцагч УАЗДТГрын дарга нь Засгийн Газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 5 дахь заалтад “Төрийн алба хаасан хугацааг байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж буюу ажилтан тодорхойлж, тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн тушаалаар энэ журмын 2-т заасны дагуу нэмэгдэл олгох хувийг тогтооно” гэж заасны дагуу төсвийн шууд захирагч болохын хувьд тухайн байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг шинэчлэн тогтоохдоо нэхэмжлэгч Б.Чийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоогоогүй ба албан тушаалын сарын үндсэн цалингийн 5 хувиар тогтоож, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.

6.4. Нэхэмжлэгч Б.Ч нь 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшууллыг албан тушаалын сарын үндсэн цалингийн 39 хувиар тооцож, нийт 612,024 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Ч нь гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулаагүй, гүйцэтгэлийг тайлагнаагүй гэж маргаж байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь сахилгын шийтгэл хүлээсэн үндэслэлээр надад 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулах, тайлагнах асуудал нь төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай зохицуулалт бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралгүй гэж тайлбарлаж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох харилцааг Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу зохицуулах бөгөөд тус журмын 2.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно”, 2.5.Энэ журмын  2.4-т зааснаас бусад төрийн албан хаагчид үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн олгоно” гэж заажээ. Журмын дээрх зохицуулалтаас үзвэл, төрийн үйлчилгээний албан хаагчид улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох эсэхийг түүний хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн тус журмын 2.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээний дотор төсвийн шууд захирагч олгох зохицуулалттай байна. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааг үнэлж, дүгнэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч УАЗДТГрын дарга нь тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд болохын хувьд нэхэмжлэгч Б.Чийн ажлын гүйцэтгэлийг үнэлж, дүгнэх бүрэн эрхтэй бөгөөд ажлын гүйцэтгэлийг хангалтгүй гэж үзсэн тохиолдолд урамшуулал олгохоос татгалзах, гүйцэтгэсэн ажлын үр дүнд тохирсон урамшуулал олгох шийдвэр гаргах эрхтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 1,2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд аливаа хэлбэрээр нэхэмжлэгчийн улирлын ажлын үр дүнг үнэлж, дүгнэхгүйгээр нэхэмжлэгчид улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан ажил олгогчийн эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Гэхдээ хариуцагч УАЗДТГрын дарга нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааг үнэлж, дүгнээгүй байх нь түүнд улирлын үйл ажиллагааны мөнгөн урамшууллыг албан тушаалын сарын үндсэн цалингийн 39 хувиар тооцож олгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.  

6.5. Гэрч. А.Ариунтуяагийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзвэл, тэрээр 2022 оны 5 дугаар сард УАЗДТГарт мэргэжилтнээр томилогдсон, удирдлагын зүгээс өдөр тутам өгсөн үүрэг даалгаварыг Б.Ч хэрхэн биелүүлж байсан талаар мэдэх зүйлгүй, 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны тайланг бичмэл байдлаар өгөөгүй гэх мэдүүлэг өгчээ. Гэрч А.Ариунтуяагийн мэдүүлэг нь Б.Чийн нэхэмжлэлтэй, УАЗДТГарт холбогдох, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173
төгрөг, үр дүнгийн урамшуулал 612,024 төгрөг, ур чадварын нэмэгдэл 3,894,009
төгрөг, нийт 4,909,206 төгрөг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй.

6.6. Хариуцагч УАЗДТГраас тус газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/52 дугаар тушаалын хуулбарыг хавсралтуудын хамт, Б.Чийн 2022 оны 9 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд УАЗДТГрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан үеийн цалингийн баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулан шүүхэд нотлох баримтаар өгчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан тул УАЗДТГар нь хэргийн оролцогчийн хувьд өөрт байгаа бичмэл нотлох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхдөө эхээр нь, эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай хуулийн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч УАЗДТГар нь өөрийн санаачилгаар шүүхэд бичмэл нотлох баримт гаргаж өгөхдөө тухайн байгууллагын хуулбарын үнэн тэмдэгээр баталгаажуулсан байх тул дээрх бичмэл нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно. Харин шүүхийн санаачилгаар УАЗДТГраас нотлох баримтаар гаргуулсан Б.Чийн 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд эрхэлсэн ажлаа хэрхэн гүйцэтгэж байсан талаарх нотлох баримт буюу тус газрын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/369 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримтын тухайд, УАЗДТГар нь хэргийн оролцогчийн хувьд бус шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн баримт тул өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь нотлох баримтын шаардлагыг хангана.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Чид 2022 оны 6 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны ур чадварын нэмэгдэл 2,157,779.25 төгрөгийг хариуцагч УАЗДТГраас гаргуулж олгох үндэслэлтэй ба нэхэмжлэлийн шаардлагаас ур чадварын нэмэгдэл 1,736,230 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин 2022 оны 1,2 дугаар улиралд албан тушаалын сарын үндсэн цалингийн 39 хувьтай тэнцэх хэмжээний улирлын үйл ажиллагааны үр дүнгийн мөнгөн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч УАЗДТГарт нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 1,2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнд урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,694 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 40,753 төгрөгийг тус тус төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Чид олгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УАЗДТГраас улсын тэмдэгтийн хураамж 55,925 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 403,173 төгрөг, ур чадварын нэмэгдэл 2,157,779 төгрөгийг тус тус хариуцагч УАЗДТГраас гаргуулан нэхэмжлэгч Б.Чид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ур чадварын нэмэгдэл 1,736,230 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Чийн 2022 оны 1, 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэхийг хариуцагч УАЗДТГарт үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,447 төгрөгийг төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Чид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч УАЗДТГраас 55,925 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

           

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Я.УРНАА