Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

                              

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Г.Золзаяа,

шүүгдэгч Д.Отгонмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сутай овогт Дашпунцагийн Отгонмөнхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010267 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сутай овогт Дашпунцагийн Отгонмөнх, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1983 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, Гурван толгой ХХК-д ковшийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 03-14 насны 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан- Овоогийн 31 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЩ83112375.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Отгонмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 31 дүгээр гудамжны 22 тоотод байх гэртээ эхнэр Б.Отгонсүрэнтэй гэртээ оройтож ирлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь баруун эгэм ясны далд хугарал, тархи доргилт, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Отгонмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим бэр дүү Урантогосын хамт гэрээсээ гараад Оюунгэрэл гэх таньдаг хүний гэрт нь очсон. Тэр үед манай нөхөр гэртээ хүүхдүүдээ хараад үлдсэн. Тэр өдөр би очсон айлдаа нам ялсан гээд 0.5 литрийн хоёр архийг 23 цаг хүртэл юм хум ярьж уусан. Тэгтэл Отгонмөнх над руу байн байн залгаад хурдан гэр орондоо ирээч ээ, байгаа газар дээр чинь очоод ална шүү гээд байхаар нь би утсаа авахгүй байж байгаад нэг их удалгүй Отгонгэрэлийн гэрээс Урантогостой харих гэж явтал найз Одсүрэн манайд очиж явж таараад бид гурав манай гэр рүү очсон. Тэгээд очсон чинь эхлээд бид гуравт нэг нэг аяга цай хийж өгчихөөд өөрөө байшингийнхаа хажуу талд суучихаад над руу том том дуугараад Оюунаа гэдэг архичинтай нийллээ, тэр авгайг чинь ална энэ тэр гээд байхаар нь цай ууж байсан аягаа түүн рүү шидсэн. Тэгсэн чинь л босож ирээд баруун хацар руу алгадаж ор руу унагаасан. Тэгээд босоод ирсэн чинь гараараа хоолой шахаад боогоод байхаар нь би зөрүүлээд подволкноос нь заамдаад зуураад автал намайг үсдээд толгойны зүүн талын орой руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би босож ирээд зууралдаад автал намайг баруун талын эгэм рүү гараараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд аймар өвдөөд янгинаад, гар руу чинэрч өвдөөд байхаар нь босоод дүүгийнх рүүгээ орно гэтэл явуулахгүй байсан ба би уйлаад гэрээсээ хөөгөөд нилээн хүчтэй орилсон чинь намайг хорихоо больсон ба...дүүгийнхээ...гэр рүү нь ороод цагдаа дуудсан. Зодоон болох үед манайд манай хүүхдүүд болон найз Одсүрэн бид нар байсан. Урантогос гэр лүүгээ орсон байсан. Дүү Отгонжаргал намайг зодож байхад гэрт орж ирсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

...надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие зүгээр эдгэрсэн. Бид хоёр хамт явж эмчилгээ энэ тэр хийлгэсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

2. Насанд хүрээгүй гэрч О.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: ...тэр өдөр би гэртээ аав, дүү нартайгаа хамт гэртээ байж байсан чинь ээж нам ялсан гээд найзуудтайгаа уулзах гээд явсан байсан. Тэгээд аав, дүү бид нар байж байтал цагийг нь мэдэхгүй байна, ээж нилээн орой халамцуу байдалтай найз Одсүрэн, эгч Урантогосын хамт гурвуулаа ирээд Урантогос эгчийн гэрт орчихоод хэсэг байж байгаад Одсүрэн эгч, ээж хоёр гэрт орж ирсэн. Тэгээд аав ээжид цай хийж өгөөд зуухны урд талд тамхи татаад сууж байтал ээж аягаа аав руу шидсэн боловч оноогүй. Тэгээд ээж хувинд бөөлжиж байгаад бөөлжистэй хувингаа аав руу шидчихсэн чинь аав уурлаад 2 удаа хацар руу нь алгадахаар нь би айгаад доошоо Отгонжаргал эгчийн гэрт ороод...Отгонжаргал эгчид аав ээжийг зодоод байна, та ороодохооч гэж хэлсэн...би буцаад гэртээ ороход ээж зөрөөд гарч явсан  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

3. Гэрч Б.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 19 цагийн орчим гэртээ ирээд эгч Отгонсүрэнгийн гэр лүү хүүхдүүдээ авахаар ортол тэднийд эгч байхгүй, нөхөр Отгонмөнх нь хүүхдүүдээ харж байсан. Эгчийг асуухад гадуур ажилтай явж байгаа гэж хэлсэн. ...нилээн орой цагийг нь мэдэхгүй байна, гэртээ байж байтал эгч Отгонсүрэн, Урантогс, Одсүрэн найзтайгаа ирж байсан. Гэртээ ороод байж байтал 10 гаруй минутын дараа дунд хүү нь болох Баттулга манай гэрт орж ирээд та манай гэрт орооч, аав ээжийг зодоод алах гээд байна гэхээр нь би яаж зодоод байгаа юм гэтэл хоолойг нь боогоод, толгойг нь газар мөргүүлээд байна гэж хэлэхэд нь би цуг гэр рүү нь орсон юм. Тэгээд орсон чинь орон дээр 2 гарыг нь толгой дээр нь барьчихсан дээр нь гараад суучихсан байсан ба би архи уугаагүй байх чинь өөрөөсөө болж зодууллаа гэж хэлсэн, би боль гээд очиж салгасан...чинь болиод өөрөө зуухныхаа хажуу талд очиж суусан ба эгч утсаа аваад цагдаа дуудлаа гэсэн чинь утсыг нь булааж аваад цагдаа дуудуулахгүй гээд байсан ба эгч орон дээр суугаад үлдсэн ба би гэртээ орсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

4. Гэрч П.Урантогосын мөрдөн байцаалтад өгсөн: ...эгчийн хамт айлд архи уугаад сууж байхад нөхөр нь чамайг ирэхээр чинь ална гээд байсан. Тэгээд архиа ууж дуусгаад 23 цагийн үед тухайн айлаас гараад гэрийн гадаа ирж хаалгаараа ороход хадам эгчийн нөхөр нь гэртээ байсан ба...би гэр рүүгээ орсон. Тэгээд гэртээ ороод унтах гээд байж байтал хадам эгч Отгонсүрэн уйлчихсан байдалтай баруун гараа доош унжуулчихсан, хүүхдүүдээ тэврээд орж ирэхээр нь би юу болсон юм бэ гэхэд Отгонмөнх намайг зодсон гээд байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1719 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Баруун хацрын төвгөрт 4*4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, эгэмэнд 8 тоо хэлбэрийн боолттой, зүүн бугалганы дотор дунд хэсэгт 1.2*1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

ГССҮТ-н 2017 оны 01 дүгээр сарын 17-ны үзлэг рентгенд: Онош баруун эгэмний далд хугарал, тархи доргилт, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ:

1. Б.Отгонсүрэнгийн биед баруун эгэм ясны далд хугарал, тархи доргилт, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд, хэрэг учрал болсон гэх үед үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх баруун эгэм ясны хугарал нь  гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт, баруун хацрын төвгөрийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22 дахь тал),

 

6. Шүүгдэгч Д.Отгонмөнхийн мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн:  ...2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай эхнэр Отгонсүрэн хороо явчихаад ирье гээд дүү Урантогостой хамт 14 цаг өнгөрч байхад гарч явсан ба би хүүхдүүд болох 12 настай Баттулга, 5 настай Отгонзаяа, 1.2 сартай Гантулга нарыг хараад гэртээ үлдсэн. Ингээд цаг нилээн орой болоод 20 цаг өнгөрч байхад эхнэр рүүгээ залгатал одоо ингээд очлоо гэчихээд бас алга болчихсон юм. Тэгээд бүр орой 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн ба ирэхдээ Одко гээд найзтайгаа хамт ирсэн ба Урантогос нь гэр рүүгээ орсон байсан. Тэгээд орж уучлалт гуйхаар нь цай хийж өгчихөөд тамхи татаад сууж байсан чинь өөрөө бага зэрэг халамцуу байсан ба эхэлж хэрүүл өдөөд танайхан, манайхан гэх зэргээр юм ярьж байснаа эхлээд бөөлжлөө гээд хувин дотор бөөлжчихөөд хөөе муу Бонгын шээсээ гэж аймар муухай дуудаад над руу барьж байсан аягаа шидсэн ба би аяганаас нь бултчихсан чинь над руу бөөлжистэй хувингаа аваад шидчихсэн юм. Тэгэхээр нь гэнэт миний уур хүрээд босож очоод баруун, зүүн гараараа хоёр хацар руу нь ээлжлээд чанга, хүчтэй алгадсан. Тэгээд босож ирээд надтай зууралдаад цамцнаас зуураад хоолой шахаад байсан ба дээр доороо ороод нилээн ноцолдож байгаад тавихгүй болохоор нь оймстой хөлөөрөө баруун талын эгэм рүү нь хүчтэй жийгээд тавиулчихсан юм. Тэгээд би салгачихаад гадна гарч тамхи татчихаад ороод иртэл Отгонсүрэн зөрөөд гараад явсан ба би уучлаарай гээд тэврээд автал намайг түлхчихээд дүү Урантогосын гэрт орсон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29, 30-32 дахь тал),

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хавтаст хэргийн 5, 6), хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 46), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 52-61), гэрлэлтийн баталгааны хуулбар (хавтаст хэргийн 45), хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 40-44),

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 48), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 51) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Отгонмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 31 дүгээр гудамжны 22 тоотод гэртээ хувийн таарамжгүй харьцаа буюу эхнэр Б.Отгонсүрэнг оройтож ирлээ гэж маргалдахад эхнэр Б.Отгонсүрэн нь нөхөр Д.Отгонмөнх рүү аяга болон бөөлжистэй хувин шидэсэний улмаас Д.Отгонмөнх нь эхнэрээ зодож бие махбодид нь баруун эгэм ясны далд хугарал, тархи доргилт, баруун хацрын төвгөрт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчээс үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн болон хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Отгонмөнхөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Д.Отгонмөнхийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Отгонмөнхөд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан шүүгдэгч Д.Отгонмөнхөд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Отгонмөнх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Отгонсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.