Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2020/01330

 

2020 04 20 184/ШШ2020/01330

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 хороо, 4 хороолол, ард аюуш гудамж, 10 байр, тоотод оршин суух Ботарун овгийн *******ийн ******* /РД:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 16 хороо, өнөр хороолол, 24 байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/

11 880 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь Ч.Пагамтай 2014 оны 02 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 30 000 000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр 2014 оны 02 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 65 880 000 төгрөг төлж, мөнгийг Ч.Пагамын дансанд хийж байсан байдаг.

Хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар Э.******* нь Ч.*******ас зээлсэн үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 9 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, төгрөг нийт 54 000 000 төгрөг төлөх ёстой байснаас Ч.******* нь Э.*******гаас үндэслэлгүйгээр 11 880 000 төгрөг илүү авсан байна. Иймд Ч.*******ас 11 880 000 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 030 төгрөгийн хамтаар гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие Ч.*******д холбогдуулан түүнээс 11 880 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Миний бие Ч.*******тай 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөл бүхий гэрээг байгуулж 30 000 000 төгрөг зээлдэж авсан байдаг. Ч.******* нь энэ гэрээний төлбөр гэж надаас 2014 оны 02 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 65 880 000 төгрөг авсан байдаг. Ээж Ж.******* 2017 оны 06 сарын 06-ны өдөр Ч.******* бид хоёрын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх үедээ Ч.******* үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 11 880 000 төгрөг илүү авч хохироосныг олж мэдсэн болно.

Ийм учраас илүү төлсөн дээрхи мөнгөө Ч.*******ас гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл хариуцагч Ч.******* нь надтай байгуулсан 2014 оны 02 сарын 27-ны өдрийн гэрээг 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан, энэ гэрээний дагуу хүү, үндсэн зээлд тооцож 65 880 000 төгрөг авсан одоо 3 500 000 төгрөг дутуу гэх тайлбар гаргаж үүнийгээ нотлохын тулд шүүхэд 2015 оны 01 дүгээр сард надтай байгуулсан гэх 30 000 000 төгрөгийн дүнтэй 5 хувийн хүүг 1 жил төлөх, гэрээний хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги төлөх нөхцөл бүхий зээлийн гэрээ гэх баримтыг гаргаж өгсөн байна. Уг гэрээнд зээлдэгч гэсэн хэсэгт миний нэрийг оруулж миний гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан байна. Ч.******* нь энэхүү хуурамч гэрээг ашиглан надаас 11 880 000 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тодорхой байна.

Миний бие Ч.*******тай 2015 оны 01 дүгээр сард зээлийн гэрээ байгуулж буюу урьд байгуулсан гэрээг сунгаж байсан удаа байхгүй, 2015 оны 01 дүгээр сард байгуулсан гэх гэрээнд байгаа гарын үсэг нь минийх биш, би ийм гарын үсэг зурж байгаагүй гэдгээ шүүхэд илэрхийлж байна. Ч.******* нь иргэн Э.******* надтай байгуулсан гэх 2015 оны 01 сарын 01-ний өдрийн хуурамч гэрээ нь хууль зөрчсөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зах суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар уг хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* нь Ч.*******тай 2014 оны 02 дугаар сарын 24-нд 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр 30 000 000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч энэхүү зээлийн гэрээгээр 2014 оны 2 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 65 880 000 төгрөг төлж, Ч.Пагмын дансанд хийж байсан. Хууль болон гэрээнд зааснаар хүү 9 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, үндсэн зээл 30 000 000 нийт 54 000 000 төгрөг төлөх байснаас 65 880 000 төгрөг төлсөн тул илүү төлсөн 11 880 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Нэмэгдүүлсэн шаардлагаар Ч.*******, Э.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрт Ч.******* нь нийт 65 880 000 төгрөг авсан. Гэрээг нотариатаар гэрчлүүлэх гэж байхдаа Ч.******* үндэслэлгүйгээр хөрөнгөжиж 11 880 000 төгрөг илүү авсныг мэдсэн. Ийм учраас илүү төлсөн 11 880 000 төгрөгийг Ч.*******ас гаргуулхаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч 2016 оны 02 дугаар сарын 27-ны гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01 хүртэл сунгасан гэсэн гэрээний дагуу 64 900 000 төгрөг авсан, одоо 3 500 000 төгрөг дутуу гэх тайлбар гаргаж, хугацаа сунгасан гэрээ гаргаж өгсөн. Уг гэрээнд миний гарын үсгийг хуурамчаар зурсан байгаа нь Ч.******* хуурамч гэрээ ашиглан надаас 11 880 000 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь үнэн байна. Урьд байгуулсан гэрээг сунгасан зүйл байхгүй, гэрээн дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш, хууль зөрчсөн, хууль бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Э.******* нь миний хүргэн байгаа юм, анх хүргэнээ Ч.*******тай уулзуулаад 2014 оны 02 дугаар сарын 6-нд 28 500 000 төгрөгийг Ч.******* эгч Э.*******гийн дансанд хийсэн байдаг. 02 дугаар сарын 27-нд та хоёр зээлийн гэрээ хий гэж байж гэрээгээ байгуулсан. Тэр үеэс хойш би мөнгө төгрөгийн харилцаанд нь оролцоогүй. Бид хоёр олон жилийн найз нөхөд, биенийгээ мэддэг. 2016 оны 10 дугаар сараас эхлээд мөнгөө эрчимтэй нэхэж эхэлсэн. Тэр үед Э.******* мөнгийг нь гүйцээж өгсөн. Сүүлд нь надтай яриад 2 дугаар сарын 20-нд дуудахад нь очиход гэртээ уриад хоол унд хийж өгсөн, тэр үеийнхээ яриаг утсаар бичсэн юм шиг байна. Ямар ч барьцаагүй өгсөн мөнгийг үнэнчээр төлж байсан, үнэнчээр дуусгасан. Нэхэмжлэл гаргасан шалтгаан нь бид хоорондоо тохиролцож чадаагүй. Хүргэн өөрөө хөөцөлдөх зав чөлөөгүй, анхнаасаа би энэ хоёр хүнийг танилцуулсан учраас ингээд шүүхэд хандаад явж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Э.*******гийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Э.******* нь хадам ээж Ж.*******аар дамжуулан мөнгө зээлдүүлээч гэж гуйгаад бид хоорондоо ярилцаж тохиролцоод 2014 оны 02 сарын 27-ны өдөр мөнгө дансаар Э.*******д өгөөд гэрээ хийж, нотариатаар батлуулсан юм. Уг гэрээнд 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр авч өгнө гэж тохироод гэрээ байгуулсан юм. Тэгээд сар бүр Э.******* нь Ч.******* миний дансанд сарын хүүгээ төлөөд явж байтал 6 сарын гэрээний хугацаа дууссан юм. Гэрээндээ үндсэн мөнгөө өгөөгүй тул дахин гэрээ сунгах нь зөв юм гэж нотариатч надад зөвлөөд нотариатчаас хувь хүний зээлийн гэрээний маягт аваад бөглөөд гэрээгээ 2015 оны 01 сараас 2016 оны 01 сар хүртэл 1 жилээр сунгасан юм. Би энэ гэрээний сунгалт хийсэн маягтыг бөглөөд Ж.*******ад хүргэнээрээ гарын үсэг зуруулаад өгөөрэй гээд өгсөн. Тэгээд би мартсан байснаа санаад Ж.*******аас нөгөө гэрээ сунгах юм болсон бэ гэж шаардахад Ж.******* одоо зуруулаад өгнө гээд Э.*******гаар гарын үсэг зуруулаад надад өгсөн. Би Ж.*******аас хүргэн чинь юу гэж байна гэхэд бас юун гэрээ вэ гээд зураад өглөө гэж надад яриад өгсөн.

Ингээд би тооцоо хийж үзэхэд гэрээний хугацаанд 2014 оны 6 сарын хүүнд 9 000 000 төгрөг, 2015 оны 01 сараас 2016 оны 01 сар хүртэл 12 сарын хүүнд 14 400 000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 15 сарын алдангид 15 000 000 төгрөг,үндсэн мөнгө 30 000 000 /хүүд бүгд 23 400 000 + алданги 15 000 000 + үндсэн мөнгө 30 000 000/ бүгд 68 400 000 төгрөг авах ёстойгоос миний авсан мөнгө дансаар 64 900 000 төгрөг байна. Иймд харин миний бие 3 500 000 төгрөг дутуу авсан /68 400 000 - 64 900 000/ гэж үзэж байгаа тул Ж.*******, Э.*******гийн нэхэмжилсэн 11 800 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: миний бие Э.*******гийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж авлаа. Уг нэмэгдүүлсэн шаардлагад шинээр гаргаж өгөх тайлбар, нотлох баримт, хүсэлт байхгүй. Хуульд заасан хариу тайлбар өгөх хугацаа авах шаардлага байхгүй учраас хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* нь 6 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгээд 6 сар нь өнгөрөөд хүүгээ төлөөд явж байсан. Би үндсэн мөнгөнөөс өгөх үү гэхээр болоогүй гэдэг байсан. Энэ хүн өөрийнхөө хэрэгцээнд тэр мөнгийг 3 жил хэрэглэсэн, би хүнийг хохироогоогүй гэж бодож байтал 3 жилийн дараа энэ асуудал гарч ирсэн. Би тийм хуультай байдаг гэж бодоогүй, би дунд нь нотариатын хүнээс асуугаад гэрээ дууссан, хүүгээ өгөөд байгаа гэхэд та гэрээгээ сунгачих гэж хэлээд надад маягт өгсөн. Би тэр маягтыг аваад Ж.*******ад өгөөд гэрээ сунгачих гэсэн, Ж.******* надад сунгачихлаа гэсэн. Сүүлд нь гэрээ ч биш, гарын үсэг нь ч биш боллоо.

6 сарын хугацаандаа хүү болон үндсэн мөнгөө өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан, би гуйж өгөөгүй, 6 сар болоод л мөнгөө авах байсан. Ямар албадаад мөнгө өгсөн биш, 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Өөрийнхөө боломжоор хүү, үндсэн мөнгөө өгч байсан. Өөрөө боломжоороо миний мөнгийг хэрэглээд үлдсэн мөнгөө өгөөд асуудал дууссан. Жилийн гэрээ сүүлд сунгасан, би гэрээ сунгасан гэж үзэж байгаа учир төлөхгүй гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Эрдэнхалиу илүү төлсөн 11 880 000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ч.******* хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ... зээл ..., хүү, алданги илүү төлсөн, ... хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн, ... тул 11 880 000 төгрөг гаргуулна, зээлийн гэрээ сунгаж байгаагүй, ... гарын үсэг зураагүй ... тул гэрээ хүчин төгөлдөр бус ... гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж ... миний бие ... шинээр зээлийн гэрээ байгуулсан тул ... 11 800 000 төгрөг төлөх үндэслэлгүй, ... гэж тайлбар гаргажээ.

Нэг. 11 880 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэгч Ч.******* 30 000 000 төгрөг зээлүүлэх, зээлдэгч Э.******* гэрээнд заасан хугацаанд мөнгө эргүүлэн төлөх нөхцөлөөр зээлийн гэрээ /хх-7/ байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэсэн зохицуулаттай нийцэж байх бөгөөд мөнгө зээлсэн, зээлдүүлсэн тухай маргахгүй байна. Талууд зээлийн хүү тооцох шаардлагыг хангасан гэрээг бичгээр байгуулсан, гэрээний 3-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тоооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж зааснаар хариуцагч Ч.******* зээл, хүү, алданги шаардах эрхтэй, нэхэмжлэгч Э.******* зээл, хүү, алданги төлөх үүрэгтэй байх ба үндсэн зээл, хүү, алданги төлсөн эсэх нь бус илүү мөнгө төлсөн гэсэн нь маргааны үндэс болжээ.

Нэхэмжлэгч Э.******* зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 54 000 000 төгрөг төлөхөөс 65 880 000 төгрөг буюу 11 880 000 төгрөг илүү төлсөн /хх-9/, хариуцагч Ч.******* үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 23 400 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 68 400 000 төгрөг авахаас 64 900 000 төгрөг авсан /хх-16/, үндсэн зээл 30 000 000 төгрөг, 2014 оны хүү 16 000 000, 2015 оны хүү 14 400 000, 2016 оны хүү 4 505 000, бүгд хүү 34 905 000 нийт 64 905 000 төгрөг авсан /хх-21/ гэж тус тус тайлбар гаргажээ. Мөн нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт 65 880 000 төгрөг бус 65 338 000 төгрөгийг хариуцагчид төлсөн үүнээс илүү төлсөн 11 380 000 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Зээлийн хүү гэдэг нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ гэж үзэж болох ба алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анз, харин зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүнг ойлгоно. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Э.******* үндсэн зээл 30 000 000 төгрөг, сарын 5 хувийн хүү 1 500 000 төгрөг, зээлийн хугацаа буюу 6 сарын хүү 9 000 000 /1 500 000 х 6 = 9 000 000/ төгрөг нийт 39 000 000 төгрөгийг Ч.*******д төлөх үүрэг хүлээсэн боловч зээл, зээлийн хүүг гэрээний хугацаанд биелүүлэлгүй хугацаа хэтрүүлж 2014-2017 оны 01 дүгээр сарын хооронд төлж барагдуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигч нарын зээл төлсөн, авсан болохоо нотолсон Ч.Пагмын Голомт банкны дансны хуулга /хх-22-26/, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулгаас /хх-27/ тооцож үзэхэд зээлдэгч нь 2014 онд 14 500 000 төгрөг, 2015 онд 35 900 000 төгрөг, 2016 онд 5 905 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 7 300 000 төгрөг нийт 63 605 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх үндэстэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссан, энэ хугацаанд зээлдэгч Э.******* зээлийн гэрээний үүрэгт 2014 оны 02, 04, 05, 06, 07 дугаар сард нийт 7 000 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн байх ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 2 000 000 төгрөг нийт 32 000 000 төгрөг болжээ.

Зээл эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоногийг тооцож үзэхэд 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс зээл бүрэн төлж барагдуулсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 878 хоног болж байх ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 32 000 000 төгрөгийн 0,5 хувийн алданги 160 000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 878 хоногоор тооцоход 140 480 000 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 32 000 000 төгрөгийн 50 хувь нь 16 000 000 төгрөг байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч буюу зээлдэгч нь зээл, хүү, алданги 48 000 000 төгрөгийг /32 000 000 + 16 000 000/ хариуцагч буюу зээлдүүлэгчид төлөх ёстой байжээ.

Шүүх илүү төлсөн 11 388 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх тул Голомт банкны дансны хуулга, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагчид 63 605 000 төгрөг төлсөн байгааг үндэслэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ч.*******ас 9 605 000 төгрөг /63 605 000 - 54 000 000/ гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэлээ.

Тодруулбал хариуцагч 9 605 000 төгрөгийг нэхэмжлэгчийн зардлаар олж авч, эд хөрөнгө нь нэмэгдсэн нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх тул 11 388 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 9 605 000 төгрөгийг хангаж, үлдэх 1 775 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаараа 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг /хх-19/ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлээ ... гэрээнд гарын үсэг зураагүй, хуурамч гэж тайлбарласныг хариуцагч ... гэрээ сунгаж байгуулсан гэж маргажээ. Аливаа гэрээний талууд тохиролцож гэрээний хугацааг сунгах эрхтэй. Хугацааг сунгахдаа үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгасан байхыг хууль шаарддаг боловч талууд хожим нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээний хугацааг сунгасан, энэ талаар зохигч маргахгүй бол шүүх гэрээг сунгасан гэж үзэх бөгөөд хугацаа сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссаны дараа нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээ сунгахаар тохиролцож, гэрээгээ сунгасан тухай маргаагүй бол гэрээг сунгаж 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс шинээр хугацааг тооцно. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр /хх-19/ 30 000 000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлэх, зээлдэгч заасан хугацаанд мөнгө эргүүлэн төлөх үүрэг хүлээж, энэхүү гэрээ нь өмнөх гэрээний хугацаа дууссан тул үргэлжлүүлэн сунгасан гэрээ гэж нэмэлт нөхцөл заажээ. Нэхэмжлэгч Э.******* тус гэрээнд зурсан гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн эсэхийг тогтоохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1510 дугаар дүгнэлтэд /хх-52/ Шинжилгээнд ирүүлсэн 2014 он 10 сар 01 өдөр гэсэн огноотой, Зээлийн гэрээ гэсэн баримтын баруун доод хэсэгт Зээлдэгч: гэсний дор, ******* гэсний ард зурагдсан гарын үсэг нь Э.*******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлийг зохицуулсан бөгөөд 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Зохигч Э.******* зээлийн гэрээг сунгаагүй, гэрээнд зурсан гарын үсэг хуурамч гэж маргасан, түүний гарын үсэг бус болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрээг өмнөх зээлийн гэрээний хугацаа дууссан 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс бус 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээний хугацааг тооцсон болох үйл баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэстэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ /хх-7, 17/ нь нийслэлийн Архивын газрын Хуулбар үнэн дардас дарагдсан бөгөөд Архивын газар нь хэргийн оролцогчид хамаарахгүй тул тухайн баримтыг бичмэл нотлох баримтаар үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Эрдэнхалиугийн 11 380 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 9 605 000 төгрөг гаргуулж, үлдэх 1 1775 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн 11 880 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 205 030 төгрөг, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 275 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 9 605 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 168 630 төгрөг, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг нийт 238 830 төгрөгийг хариуцагч Ч.*******ас гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ч.*******ас 9 605 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 775 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ас 238 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР