Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/913

 

                         

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Д.Март,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ганболд даргалж шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн - дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Март нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-д холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            З овгийн Ц.Б, -, ам бүл 1, - оршин суух бүртгэлтэй, /-/;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн - дугаартай шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

            Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр - тоотод хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх дүүргийн прокурорын газраас: Ц.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 208 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б нь хохирогчид 11.534.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-н нэхэмжилсэн 200.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Ч.Э нь тэтгэлэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хүний алтан амь хохироосондоо маш ихээр харамсаж, гэмшиж байна. Би өвчний улмаас группд байдаг өөрийн хүү болон өндөр настай эцэг, эхийгээ асран халамжлан хамт амьдардаг. Эцэг Б.Ц нь 75 настай, ходоодны хорт хавдрын улмаас ходоодоо тайруулсан бөгөөд одоо биеийн байдал муу, байнгын эмчийн болон хүний асаргаанд байх шаардлагатай байдаг. Эх Д.Т нь 73 настай, чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөний улмаас эмчийн хяналтад байдаг. Хүү Б.Б нь вакцины хүндрэлээс үүдсэн тархины цус харвах өвчинд нэрвэгдэж тахир дутуу болж группд орсон. Миний бие 2014 оноос чихрийн шижин өвчтэй болсон бөгөөд биеийн байдал хүнд байдаг. Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс Цагдан хорих - дүгээр хорих ангид хоригдсон ба 7 сарын хугацаанд чихрийн шижин өвчний улмаас 5 ширхэг эрүүл шүд унасан. Одоо дахин 6 ширхэг хөдөлсөн тул тус хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчийн хяналтад байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухамсарлан харамсаж байна. Миний биеийн байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, дэглэмийг нээлттэй дэглэмээр сольж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Д.Март давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаатай буюу хохирогчийн зүй бус үйлдлээс тухайн гэмт хэрэг гарсан болох нь гэрч болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ц.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэж байгаа хэдий ч ямар хариуцлагыг хөнгөрүүлж, ямар хариуцлагыг хүндрүүлж яагаад хаалттай хорих байгууллагад эдлүүлж байгаа нь тодорхойгүй байна. Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн. Баримтаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ц.Б нь чихрийн шижин өвчтэй эмчийн хяналтад байдаг болох нь хавтас хэрэгт авагдсан. Хоригдож байх хугацаанд 5 шүд нь унасан. Бусад шүд хөдөлсөн байдалтай байгаа. Мөн хүү нь группэд, эцэг эх нь өндөр настай зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн хор уршиг учирсан хохирол бусад зүйлийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулсан. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоолд дурдаагүй гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн биш биш өмнө ял шийтгэл эдэлж байсан. Эмнэлгийн тусламж үзүүлсэн учруулсан хохирлыг төлсөн гэж байгаа боловч энэ хэргийн хохирол нь хүний амь нас. Харин хор уршиг гэдэг бол өөр ойлголт. Хүний амь нас эргэн төлөгддөг хохирлыг барагдуулдаг хэрэг биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гэж үзэж байна. Эмнэлгийн туслалцаа авах эрүүл мэндийн хувийн байдал нь тусдаа эрх зүй болон хууль тогтоомжоор зохицуулагдсан асуудал байгаа тул ял шийтгэлийн байдал нөлөөлөх үндэслэл болохгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-н өмгөөлөгч Б.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б нь гэмшиж байгаа болон өвчин хүндэрсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр миний нөхрийн эх өвчтэй эмнэлгийн асаргаанд байдаг. Хүн алчхаад би өвчтэй гэж хэлж болох уу. Тэгвэл өвчтэй хүн бүр хүн алж болох юм уу. Ц.Б нь маш олон жил хар тамхи хэрэглэсэн. Энэ хар тамхинаас болж шүд нь унаж байгаа юм уу. Сахарын өвчнөөс болж шүд нь унаж байгаа эсэхийг мэдэхгүй. Миний бага насны 2 хүүхэд одоо болтол аавыгаа асууж байна. Хүн амины хэрэг үйлдчихээд өгсөн ялыг дуугаа авахгүй би өвчтэй миний ар гэр өвчтэй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэ шалтгаанаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Ялыг битгий хөнгөрүүлж өгөөрэй. ...” гэв.

            Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн хор уршиг учирсан хохирол бусад зүйлийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал нийлж байгаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоолд дурдаагүй гэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа биш өмнө ял шийтгэл эдэлж байсан. Эмнэлгийн тусламж үзүүлсэн учруулсан хохирлыг төлсөн гэж байгаа боловч энэ хэргийн хохирол нь хүний амь нас. Харин хор уршиг гэдэг бол өөр ойлголт. Хүний амь нас эргэн төлөгддөг хохирлыг барагдуулдаг хэрэг биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гэж үзэж байна. Эмнэлгийн туслалцаа авах эрүүл мэндийн хувийн байдал нь тусдаа эрх зүй болон хууль тогтоомжоор зохицуулагдсан асуудал байгаа тул ял шийтгэлийн байдал нөлөөлөх үндэслэл болохгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр - тоотод хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цаг 30 минутын орчимд манай талийгаач нөхөр Б ... 13 цаг 35 минутын орчимд фейсбүүк мессенжерээр залгаж 1 минут ч хүрээгүй шахуу ярьсан. Тухайн үед Б-тэй ярихад -ийн гадаа буюу “Д гэрийн гадаа байна, архи уучихсан байна, чи ирээд автомашин барьчих уу” гэж асуухаар нь би “хоёр хүүхдээ цоожилж гараад дэмий байх автомашинаа тавиад такси бариад хүрээд ир” гэтэл “би хүн амьтан дуудаад үзье болохгүй бол автомашинаа тавиад харилаа” гээд яриа өндөрлөсөн. Тухайн үед өөр ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үед манай талийгаач нөхрийн байгаа байдал нь бол нилээн согтуу байгаа бололтой санагдсан. Би дуу хоолойгоор нь тэгж дүгнэсэн. Ингээд 14 цаг 37 минутад над руу Б өөрөө залгасан байсныг нь би сонсоогүй тул аваагүй байсан. Би тэр дуудлагыг нь хараад 15 цаг өнгөрч байхад эргүүлээд залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагаас дуудахад нь болсон хэргийн талаар мэдсэн. ...” /1хх 49-50/,

гэрч Б.А “...Миний бие найз Б аавын - ХХК-д туслах ажилтанаар ажилдаг юм. ...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн үед гаднаас 2 залуу Б-тай уулзахаар ирсэн. Ингээд тухайн 2 залуутай танилцахад нүдний шилтэй залууг нь Д, нөгөө залууг нь Б гэж өөрсдийгөө танилцуулсан. Д, Б нар ирэхдээ 0.5 литрийн хар экс нэртэй архи авчирсан ба ... нөгөө 3 архиа ууж дуусгаад намайг дэлгүүр рүү архинд яваад ир гэхээр нь би гараад дэлгүүрээс 0.75 литрийн экс нэртэй 1 шил архи авчирсан. Тэрийг мөн адил нөгөө 3 хувааж уугаад ... архи талдаа ороод иртэл Б “явъя” гээд босоод гарахад Д босоод хамтдаа гарсан ба Б “гаргаж өгөөд ороод ирье” гэж хэлээд араас нь гарсан. ...Тэгээд би ... хартал ... Б Б-н цээжин дээр нь цохих шиг болсон, ...Б энгэрээ гараараа оролдоод “энд яачихваа” гэж хэлж байсан. ...Б күртикээ тайлаад хартал зүүн эгэм дээр нь байх зүсэгдсэн жоохон цус гарч байсан. Ингээд Б намайг “түргэн дууд” гэхээр нь би утсаа гаргаж ирээд яаралтай тусламж дуудахад Б Бг орон дээр хэвтүүлээд зүүн эгэм дээр нь гараараа дараад байж байсан ба цус бага зэрэг гарч байсан. Ингээд удалгүй яаралтай тусламжийн машин ирээд эмч Б-г үзээд шууд авч явна гэж хэлээд дамнуурганд хэвтүүлээд яаралтай тусламжийн машинаар аваад явсан. ...Цонхоор харахад байшингийн урд талд Б, Б-н зүүн эгэм дээр нэг удаа цохих шиг л болсон. Тэгээд ... гарахад Б-г, Б түшсэн байдалтай явж байсан. ...Хутга хаанаас авсныг мэдэхгүй байна. ...Машины хажууд Б, Б нарын зогсож байсан газар шар иштэй хутга байхаар нь яваад очтол Д “наадахаа хаяхгүй бол болохгүй шүү” гэхээр нь би хутгыг аваад хашааны баруун талаар давуулж шидсэн. Хутга хаанаас авсныг мэдэхгүй. ...Гэрт байсан хүнс, ахуйн хэрэглээний хутга байгаа юм. ...Өдөр 13 цагийн үед хоол хийхдээ хэрэглээд гал тогооны түмбүүшигний дээр ил тавьсан байсан. ...Би талийгаач Б-г эргэж орж ирээд гарахдаа хутга авсан болов уу гэж бодож байна. ...” /1хх 51-56/,

гэрч Х.Д-н “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9 цаг 30 минутын орчимд манай найз Б над руу ... залгаад ... “гадаа чинь ирчихлээ, гараад ир” гэхээр нь би гарч уулзаад ... бид хоёр манай гэрийн хажууд байрлах - хүнсний дэлгүүрээс 4 шил “Tiger” пиво худалдаж аваад ... хувааж ууцгаасан. ...Тэгээд Б ... Б гээд хүнтэй ... “Б ах хаана, хэнтэй байгаа юм, би эндээс нэг юм аваад очих уу, яах юм” гэж яриад Б нь “тэгвэл тэгээ” гээд зөвшөөрсөн тул ... Налайх руу хамт явцгаасан. Замдаа бид хоёр Чулуун овооны “Sansar” супер маркет орж 2 лааз Алтанговь пиво, 1 шил 0.5 литрийн Экс нэртэй архи, 1 хайрцаг “Кастер”, 1 хайрцаг “Mevius” тамхи худалдаж авсан. Тэгээд 13 цагийн үед Налайхад ирээд Б гэх залуугийн байгаа газар нь очсон. ...Б, А гэх хүний хамтаар хоёулаа байсан. Тэгээд бид хоёрын авчирсан 1 шил 0.5 литрийн Экс архийг Б, Б бид гурав хувааж ууцгаасан. ...Би согтоод тасрахаас өмнө бол ямар нэгэн маргаан зодоон огт болоогүй, тасарснаас хойш юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд автомашин дотор сэрээд тэгээд эрүүлжүүлэхэд сэрсэн. ...” /1хх 58-59/,

гэрч Ц.Б-н “...Манай компани өвөл хүйтрэхээр үйл ажиллагаагаа зогсоочихдог. ...Би 2021 оны 01 дүгээр сарын 2 билүү 3-ны хавьцаа компанийнхаа туслах ажилтан болох А гэх залуутай цуг “Лантмон” ХХК дээрээ ирээд Атай хамт харуулын байрыг нь дулаалж 3 хоноод А-г ганцааранг нь компанийнхаа харуул хамгаалалтыг хариуцуулж үлдээгээд өөрөө Улаанбаатар хот руу ажил хөөцөлдөхөөр орсон. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн ах болох Б руу утсаар холбогдож “та хэд хоног “Лантмон” ХХК-г хараад өгөөч, одоохондоо албан ёсны харуул манаагүй байгаа юм аа, албан ёсоор хүн томилогдоод очтол нь хараад өгөөч” гээд гуйхад манай ах Б зөвшөөрсөн. ...А-г, Б ахтай хамт үлдээгээд өөрөө ганцаараа Улаанбаатар хот руу буцсан. ...Манай ах сүүлд хар тамхины асуудлаас болж 2 жил шоронд ял эдэлж байгаад 2020 оны 11 дүгээр сарын үед суллагдсан болохоор ах Б-н найз нөхөд, нийлдэг хүмүүсийнх талаар мэдэх зүйл байхгүй. Аийн хувьд манай компанийн туслах ажилтан учир нийлж нөхөрлөдөг найз нөхдийг нь мэдэхгүй. ...” /1хх 61-62/,

гэрч Д.Ж “...17 цаг 28 минутад хүлээн авах дээр байж байхад Цэргийн ангийн урд хүн хутгалуулсан гэх дуудлага мэдээлэл ирэхээр нь дуудлага өгсөн хүний утасны дугаарыг аваад шууд дуудлагадаа гарсан. ...Гэр хороолол дунд бараан өнгийн хувцастай хүн даллаж, ... нэг жижиг байшинд ороход ... орон дээр дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн дээшээ харчихсан ухаангүй байдалтай, цээж хэсэг нь цусаар бохирлогдсон байхаар нь амин үзүүлэлт буюу даралтыг нь үзэхэд тэг зааж, ухаангүй байхаар нь цээжин дээр шахалт хийхэд амьсгал авч байхаар нь машинаас дамнуурга авчруулаад хөнжлөөр нь ороогоод машиндаа оруулж эрүүл мэндийн төв явж байх замдаа амьсгал хураасан. ...Байшин дотор орох үед орон дээр дээгүүрээ цээж нүцгэн, цээжин хэсэг нь цусаар бохирлогдсон байдалтай хажуу талд нь буюу байшингийн хоймор хэсэгт нүүрэндээ өөрчлөлтэй нэг эрэгтэй хүн байсан. Бид хоёрыг даллаж хаяг зааж өгсөн хүн миний араас орж ирсэн. ...Хашаанд ... жижиг суудлын авто ... машины арын суудал дээр нэг эрэгтэй хүн сууж харагдсан. ...Тухайн хашаа, байшинд тэдгээр хүмүүсээс өөр хүн байгаагүй. ...Цээжин хэсэгт буюу зүүн эгэмний доод зүүн суганы харалдаа шархтай байсан. Тэгээд цээжин хэсгийн зүүн хэсэгт овойсон байдалтай байхаар нь зүрхэн дээр шахалт хийхэд тухайн газраас цус гарч байсан. ...” /1хх 67-68/,

Ц.Б-н яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 сарын 14-ний өдөр 13 цагийн үед манай танил хуурай дүү Б ... залгаж “нэг шил юм аваад очъё уух уу” гэхээр нь би өөрийн байгаа газраа дуудсан. Удалгүй 16 цагийн орчимд Б, Д гэх залуугийн хамтаар ирцгээсэн. Тэр хоёр ирэхдээ уусан байдалтай, Б халамцуу байдалтай, Д эрүүл байгаа бололтой автомашин жолоодож ирсэн. Б ирэхдээ 1 шил 0.5 экс архи, 1 лааз “Алтанговь” пиво авчирсан. Б, Д бид 3 уг архи, пивыг хувааж ууж дуусгаад, дахиад архи авч уухаар А-г дэлгүүр рүү архинд гүйлгээд 0.75 хэмжээтэй 1 шил экс архи авчруулж ууцгаасан. ...Би Б, Д хоёрыг одоо “та 2 явцгаа” гэж хэлэхэд Д эхлээд байшингаас гарсан. Би гаргаж өгөхөөр араас нь гарсан. ...Б баруун гартаа хутга барьчихсан над руу ойртоод “Ахаа яагаад байгаа юм бэ, пизда ална шүү” гэхээр нь би Б.Б-н хутгагүй гараас сандраад бугалга хэсгээс нь баруун гараараа бариад авсан. Тэгээд хутгатай гарыг нь барьж авах гэтэл гараа савлуулаад гар нь баригдахгүй байхаар нь зүүн гараараа түүний хутгатай гар руу цохитол хутга газар унасан. Тэгээд би түүнийг тавиад тонгойж хутгыг авах хооронд миний дээгүүр Б түлхэх юм уу, цохих үйлдэл хийх шиг болсон. Тэгэхээр би босож ирээд, Б.Б-н цээжин хэсэгт нь 1 удаа хутгалсан. Тэгээд би Б-г хутгалснаа мэдээд шууд байшин авч ороод түргэн дуудуулж тэр хооронд өөрөө Б.Б-н цээжин дээрх шархан дээр нь дараад хиймэл амьсгал хийх гэж оролдож байхад эмч орж ирсэн. ...Манай амьдарч байсан байшинд байсан хоол хийхэд ашигладаг шар иштэй хутгыг Б барьж гарч ирсэн. Хутгыг яг авахыг хараагүй. Хутга гал тогоонд байсан. ...” /1хх 192-194/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 53 дугаартай “...Ц.Б-н биед баруун шуу, баруун зүүн сарвуунд зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 70-71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4 дугаартай “...Талийгаач нь цээжний зүүн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас зүүн уушгины 8 дугаар сегмент болон зүрхний зүүн ховдлын ханын нэвт хатгагдаж хурц цус алдаж, зүүн уушги унаж, цээжний зүүн хөндийд цус хуралдаж нас баржээ. Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн талд 2, 3 дугаар хавирганы завсар хөндлөн байрлалтай ир тал нь 21 цагийн чиглэлд, мөр тал мөр 15 цагийн чиглэлд 2x1 см хатгагдсан зүсэгдсэн шарх, зүүн уушгины 3 дугаар сегментийн нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины уналт, үнхэлцэг хальсанд шарх, үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдалт, зүрхний зүүн ховдлын хананд хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсан даруйдаа нас барсан байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 5.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн давсаг шээсгүй байсан тул мансууруулах бодис илрүүлэх шинжилгээ хийгдээгүй болно. Талийгаачид эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Талийгаачид эмнэлэгт яаралтай тусламж үзүүлсэн эсэх эмнэлгийн бичиг байхгүй байх тул эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” /1хх 77-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 723 дугаартай “...Ц.Б-н өмсөж явсан гэх гялгар өнгийн хантааз дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. ...” /1хх 87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 634 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Х.Д, Ц.Б, Б.А нарын биеэс хураан авсан гэх хумсны дээжүүд шинжилгээнд тэнцэнэ. Х.Д, Ц.Б, Б.А нарын биеэс хураан авсан гэх хумсны дээжүүд дээр үс, арьсны ул мөр илрээгүй. Ц.Б, Б.А нарын биеэс хураан авсан гэх хумснууд дээр цус илрээгүй, Х.Д-н биеэс хураан авсан гэх зүүн гарын эрхий, долоовор хурууны хумснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийг харьяаллыг тогтоох боломжгүй. ...” /1хх 92-93/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 635 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.Д 2021/01/15” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. “Ц.Б 2021-01-15”, “А 2021.01.15” гэж хаягласан 2 ширхэг шээсний дээжээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. ...” /1хх 106-107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн - дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Ц Б”, “Б.А” гэж хаягласан цусанд спирт илрээгүй. “Х Д” гэж хаягласан цусанд 1.2 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 112-113/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 306 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад зүсэгдэлт гарсан байна. Зүсэгдэлт хувцаснуудын урд тап, зүүн энгэрт гарсан байна. Зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Хэзээ гарсан болохыг тогтоох боломжгүй байна. ...” /1хх 144-145/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 722 дугаартай “...Хар өнгийн жинсэн өмд, хар өнгийн нимгэн өмд, бор өнгийн гутал, хөх өнгийн дотоож дээр хүний цус илэрсэн. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай байна. Цагаан өнгийн оймс дээр цус биологийн гаралтай тул мөр илрээгүй. ...” /1хх 157-158/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын 71 дугаартай “...Ц.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх-167-168/ гэсэн дүгнэлтүүд,

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-7, 9-13/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-21/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-26/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 28-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30, 34, 38, 41/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 31-39/, яаралтай тусламжийн тасагт 103-т ирүүлсэн дуудлагын бүртгэлийн хуулбар /2хх 41/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /2хх 44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Бг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Бгаас “...Миний биеийн байдал болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан дэглэмийг нээлттэй дэглэмээр сольж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгч Д.Мартаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч Ц.Б-н үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх талаар гаргасан прокурорын санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заасныг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Март нарын “нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Март нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ