Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00944

 

  Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00774 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкны нэхэмжлэлтэй надад холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан боловч хуульд нийсэн гэх хариу өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохион байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дуудлага худалдаанд нэхэмжлэгч Хас банк оролцон улмаар дуудлага худалдааны ялагч болсон нь хууль зөрчсөн, илэрхий ашиг сонирхолын зөрчилтэй ажиллагаа болсон. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Банк энэ дуудлага худалдаанд өөрөө оролцох эрхгүй. Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр тогтоосон журам болон Банкны тухай хууль тогтоомж, түүнийг дагалдах дүрэм журмууд, Банкны олон улсын стандарт, банкны ёс зүйн дүрмийг тус тус зөрчин, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр захирамжаар Б.Т-ээс 56 014 481 төгрөгийг гаргуулж Хас банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16290967 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж тус газрын 2016 оны 3/33852 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Т-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр 31 тоот хаягт байрлах орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Тананцэцэгт үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэхэд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  3/37973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3/2687 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн саналаа ирүүлээгүй тул тухайн үеийн мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр  томилж, 62 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/7519 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгчийн гар утасруу залгаж, төлбөр төлөгчийн оршин суугаа хаягаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Б.Т-ийн өмчлөлийн дээрх орон сууц 45 400 000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 138/075 дугаар тогтоолоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Т нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 42 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай авсан. 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3471 тоот захирамжаар хариуцагчаас зээлийн төлбөрт 60 414 251 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 460 022 төгрөгийг гаргуулж Хас банканд олгох, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206001118 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр 31 тоот 59 мкв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 3238 дугаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарч мөн өдрийн 288 дугаар гүйцэтгэх хуудас гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 62 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2018 оны 5 дугаар сард явуулсан анхны албадан дуудлага худалдаанд орж барьцаа хөрөнгийг худалдаж авсан. Өмнө нь мөн жилийн хугацаанд үйл ажиллагаа хойшилсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаад 2017 оны 4 сард түдгэлзэж байсан. Бүтэн жилийн дараа 2018 оны 3 дугаар сард дээд шүүхийн тогтоол гарч дахиж ажиллагаа явагдаж 2018 оны 5 дугаар сард албадан дуудлага худалдаа явагдсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 4 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй. Хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оролцож барьцаа хөрөнгийг худалдаж авсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 197 дугаар зүйлийн 197.11, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах орон сууцыг дуудлага худалдааны ялагч Хас банк ХХК-д шилжүүлээгүй, нэхэмжлэгч одоо амьдарч байгаа талаар зохигчид тайлбарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлажээ.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03471 дугаар шүүгчийн захирамжаар /хх10-11, 40-41/ төлбөр төлөгч Б.Т 60 414 258 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний дотор Хас банк ХХК-д бүрэн төлж барагдуулах эвлэрлийг баталсан байх бөгөөд хариуцагч НШШГГ  нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 3248 дугаар шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж /хх42/, уг захирамжийн дагуу бичигдсэн мөн өдрийн 288 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх39/, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16290967 дугаар тогтоолоор /хх51/ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Нэхэмжлэгч Б.Т нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001118 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 138/01 дугаар тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг ээж н.Жавзандуламд хариуцуулсан, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 138/01 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан /хх54, 58/, төлбөр төлөгч нар уг ажиллагааны талаар маргаагүй.

Хураагдсан эд хөрөнгийн өмчлөгч нар болох Б.Т, Б.Асралт, Д.Жавзандулам А.Энхболд нарт 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/36973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2687 дугаартай албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох тухай мэдэгдлийг хүргүүлж /хх60, 61, 64/, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дотор үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй байна.

Иймд талуудыг эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзэх бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасанд нийцсэн байна. Мөн шинжээч орон сууцны зах зээлийн үнийг 62 000 000 төгрөгөөр тодорхойлохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Төлбөрт хураагдсан орон сууцыг үнэлгээчний тогтоосон 62 000 000 төгрөгийн 70 хувь болох 43 400 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосон тухай төлбөр төлөгч Б.Тананцэцэгт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/5514 дугаар албан тоотоор /хх72/  мэдэгдсэнийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч хүлээн авчээ.

Мөн 2 өрөө орон сууцыг худалдах албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай 3/7 дугаартай тогтоол 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гарсан талаар төлбөр төлөгчид  2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/7864 дүгээр албан тоотоор /хх80/, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт болохыг 4/7419 дугаар албан тоотоор тус тус мэдэгдсэн,/хх84/ энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд Ч.Ууганбаяр нь 44 900 000 төгрөгийн, Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч 45 400 000 төгрөгийн үнийн саналыг тус тус гаргажээ. Энэ тухай нэхэмжлэгч Б.Т-т 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан /хх92/, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар хоёр оролцогч оролцсон талаарх болон дуудлага худалдаагаар түүний орон сууц худалдан борлогдсон, 14 хоногийн дотор төлбөр төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид орон сууцыг шилжүүлэх талаарх тэмдэглэлд нэхэмжлэгч Б.Т гарын үсэг зурж, “ойлголоо, ямар ч байсан дүү зохицуулах байх” гэжээ. /хх93/.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаанд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч өмчлөгчийн хэн аль нь оролцох эрхтэй, мөн хуулийн 197 дугаар зүйлийн 197.11 дэх заалтаар нээлттэй дуудлага худалдаанд ямарч этгээд оролцож болохыг зөвшөөрсөн байна. Иймд төлбөр авагч Хас банк ХХК 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаанд оролцсон нь хууль зөрчихгүй бөгөөд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.17 дахь хэсэгт зааснаар дэнчингийн төлбөрт 4 340 000 төгрөгийг төлсөн байна.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдаа зохион байгуулсан ажиллагаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 197 дугаар зүйлийн 197.11, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО

                                  ШҮҮГЧИД                                             Ш.ОЮУНХАНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ