Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/914

 

 

Т.Р-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

нарийн бичгийн дарга М.М нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн - дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Т.Р-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох - дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Т.Р, -, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /-/;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн - дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн - дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны ялын хугацаа дуусч суллагдсан;

            Шүүгдэгч Т.Р нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө - тоот хохирогч Б.М гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.М эзэмшлийн “Iphone 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Р-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Т.Р-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Р-г 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Р-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Р-н цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Р-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Т.Р гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн буруутай үйлдлээс болж уг хэргийг хийсэн. Би эцэг, эх, хоёр дүүгийн хамт амьдардаг. - тоотод оршин суудаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял авсан. Би - компанид ачигч, чөлөөт цагаараа ширээний теннисний туслах багш хийдэг. Уг хэргийг хийхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэргэлсэн байсан. Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамруулж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Р-г 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Т.Р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурорт тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Т.Р нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Сот-2” дугаар байрны 1 тоот хохирогч Б.М гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.М эзэмшлийн “Iphone 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.М “...2021 оны 4 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цаг хүртэл ... зурагт үзэж байгаад ... унтаж амраад өглөө 6 цагийн үед сэрээд 00 орж бие засах гэсэн чинь манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би буцаж том өрөөнд ороод харсан чинь унтах үедээ орныхоо хажууд тавьсан байсан “Iphone 8” загварын гар утас алга болсон байсан. Тэгээд би гаднаас хүн орж ирээд авсан байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...Би орой ажлаасаа ирэхдээ хаалгаа дотроос нь хаасан. ...” /хх 14-15/,

гэрч Г.М “...Бид хоёр 02 цагийн орчимд амарсан. М өөрийн эзэмшлийн “I phone 8” загварын гар утсаа зүүн гар талдаа тавьсан байсан. 2021 оны 4 сарын 01-ний өглөө 6 цагийн үед М сэрэхдээ гар утас алга болсон талаар мэдсэн. Бид 2 гар утсаа хайсан боловч олдоогүй. Манай хаалга онгорхой байсан. ...” /хх 25-26/,

Т.Р-н яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирлоо бүрэн төлж барагдуулсан. ...” /хх 46/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-8/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 9/, зд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Р нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Р-н 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө - тоот хохирогч Б.М гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Б.М эзэмшлийн “Iphone 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 520.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Р-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлд заасныг шүүхэд эрх хэмжээ олгосон заалт мэтээр тайлбарлаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих шаардлагагүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүхээс хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх бөгөөд хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээнд хэрэглэхгүй байхаар тусгайлан зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтад шүүгдэгч Т.Р-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг хамаарч байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж өршөөл үзүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Р-н “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, тэрээр энэ хэргтээ нийт 119 /зуун арван ес/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн - дугаартай шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөля үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн - дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Р-ДЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн сольсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овгийн Т.Р-г 8 сар 6 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Р-Дзорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Р нь 119 /зуун арван ес/ хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч Т.Р-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ